Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар  2023/ШЦТ/198

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Г.Булаг-Ундрал,

хохирогч Б.Ууганзаяа,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ноёд овогт Доноон Дд холбогдох эрүүгийн 2211 00000 1659 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ноёд ургийн овогт Доноон Д /РД: Х./,

Монгол Улсын иргэн, 1954 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 68 настай, эмэгтэй, дээд боловсролтой, философич, геологич мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 98 тоот хаягт бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 14-09 тоотод оршин суудаг,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-        т зааснаар 3 жилийн хорих ял,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн  148.3-т зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 470 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох ял,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 1096 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 200,000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан суллагдсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 4554 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж, уг ялыг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 21/433 дугаар тогтоолоор дуусгавар болгосон,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ТОСК-ын орон сууцанд оруулж өгнө гэж иргэн Б.Ууганзаяагаас урьдчилгаа гээд 5,000,000 төгрөгийг залилан авсан,

2. Д.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ариунзаяаг “Буянт-Ухаа 2 цогцолборын байранд 1 сарын дотор оруулж өгнө” гэж хуурч, түүнээс байрны урьдчилгаа гэж 3,500,000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 27 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчилгүй хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Д нь.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Д нь 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ТОСК-ын орон сууцанд оруулж өгнө гэж иргэн Б.Ууганзаяагаас урьдчилгаа гээд 5,000,000 төгрөгийг залилан авсан,

Мөн Д.Д нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ариунзаяаг “Буянт-Ухаа 2 цогцолборын байранд 1 сарын дотор оруулж өгнө” гэж хуурч, түүнээс байрны урьдчилгаа гэж 3,500,000 төгрөгийг залилан авч хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

1. Энэ нь  хохирогч Б.Ууганзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Б.Ууганзаяа нь өөрийн ажлын газрын ах болох Чинбатаас төрийн орон сууцанд оруулж өгдөг Д.Д гэх хүний талаар анх сонссон. Тэгээд би тэр хүнтэй 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ээж Болормаагийн хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын ард уулзаж байсан. Уулзаад за ингээд Чинбат ахаас таныг Төрийн орон сууцны байранд оруулж өгдөг талаар сонслоо. Одоо ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? яах вэ? ямар журмаар энэ байранд ордог юм бэ гэх мэт асуултуудыг асуусан. Гэтэл өрх толгойлсон эмэгтэй, амьжиргааны түвшин доогуур өрх айл гэх мэт боломж бололцоо муутай хүмүүсийг оруулдаг юмаа, одоохондоо бүрдүүлэх бичиг баримт гэж байхгүй. Цаад хүмүүстээ эхлээд урьдчилгаа мөнгө төгрөгөө өгөх ёстой, тэгээд тэр хүмүүс нь анкет бөглөөд тантай Төрийн орон сууц корпорацын гэрээ хийнэ. Таны гар утасны дугаар дээр бүртгэл ирэх ёстой шүү, 4 билүү 6 оронтой код ирнэ. Ирэхээр нь над руу хэлээрэй би цаад хүмүүстээ хэлнэ тэгж байж баталгаажуулдаг юм гэж надад хэлсэн байдаг. Одоо урьдчилгаа мөнгөө яаралтай байршуулчих гэрээ хэлэлцээр бүх юмаа хийсний дараа үлдэгдэл 10,000,000 төгрөгийг авна гэж ярьж байсан. Та мөнгөө өгчих би цааш нь хүмүүст өгөөд 2021 оны 10 дугаар cap гэхэд л байрандаа орчихно. Гэрээгээ байгуулаад бүх юм жин тан болчихно. За удлаа гэхэд цаад хугацаа нь он гарахаас өмнө 12 дугаар сардаа багтаана. Та шинэ он гарахад шинэ байрандаа байж байна гэх мэт үгсийг хэлж байсан. Тэгснээ надаас мөнгөө бэлнээр өгөх үү? дансаар өгөх үү? гээд асуухаар нь би дансаар өгнөө дараа нь иймээ тиймээ асуудал үүсэж магадгүй гээд өөрийн ээжийн хаан банкны 5019191351 дугаартай данснаас Доноон Д гэх хүний хаан банкны 5085125720 дугаартай данс руу шилжүүлсэн. Цаад хүмүүстээ л гэж ярьдаг бөгөөд тэр хүмүүсийнхээ нэрийг хэлж байсан удаа байхгүй. Би тухайн үедээ энэ хүнд мөнгө төгрөг өгөлцөөгүй авалцаагүй гэдэг асуудал гарч магадгүй гэж бодоод нотариат орж зээлийн гэрээ байгуулж байсан, Тэгээд түүнээс хойш байранд орох хугацаа нь болоод яасан талаар асуухад 10 дугаар сард арай амжаагүй байна шүү төсөв нь болсонгүй гэнэ, 12 дугаар сардаа буюу энэ ондоо багтаагаад оруулна. 12 дугаар сард нь ярихад ирэх оны төсөв батлах гээд ажил ихтэй байгаа гэнэ. Түр хүлээж байгаарай гээд бас л хойшлуулсан байдаг. За тэгээд он гарсны дараа 1 дүгээр сард, холбогдоход код ирнэ хүлээж бай гэсэн бөгөөд, за эгчээ би мөнгөө авъя гэхэд чи ёстой тэгж болохгүй, цааш нь чиний материалууд явчихсан байгаа буцаах боломжгүй, чи байрандаа ордгоороо ор, бүр боломжгүй мөнгө хэрэгтэй байгаа бол би өөрөөсөө чамд зээлнэ, мөнгө гаргаж өгнө гэж хэлээд л өгсөн. Тэгсэн боловч өөрөөсөө гаргаж өгсөн зүйл ч байхгүй, байранд оруулсан ч юм байхгүй. Төдийгөөс өдийг хүртэл надад худал хуурмаг үгсийг хэлж аргацааж залилан мэхэлсэн байна. Би энэ хүнд гомдолтой байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Би одоо өөрийн хохирол мөнгөөр бүрэн барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх / хавтаст хэргийн 10-14 дүгээр тал/,

Гэрч Б.Болормаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Б.Болормаа нь өөрийн төрсөн охин болох Ууганзаяа нь Төрийн орон сууцанд оруулж өгдөг гэх Д.Д гэж хүний талаар надад ярьж байсан. Тэгээд манай ажлын ах байрны урьдчилгаа гээд бас хэдэн төгрөг өгчихсөн юм байна. Би тэр ахтай хамт байранд орох гээд байна урьдчилгаа гэж 5,000,000 төгрөг хэрэгтэй юм байна гэж хэлсэн юм. Түүний дагуу Д гэх хүнтэй 2021 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр өөрийн охин болох Ууганзаяагийн хамтаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын ард уулзсан. Манай охин өөрийн ажлын газрын ахаас таныг Төрийн орон сууцны байранд оруулж өгдөг талаар сонслоо. Одоо ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? Яах вэ? яг ямар журмаар энэ байранд ордог юм бэ? гэх мэт асуултуудыг асууж байсан. Би хажуу талаас нь та тэгээд найдвартай юм уу? гэхэд би дарга цэргийг нь таньдаг юм эхний ээлжид миний амины, ойрын 10 хүн байгаа тэр хэдийг багтаагаад нэрийг нь оруулна. 2021 оны 10 дугаар сард байрандаа орчихно. Бүр удлаа гэхэд цаад талын хугацаа 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд шинэ байранд орчихсон байна. Байрандаа орохдоо харин үлдэгдэл 10,000,000 төгрөгөө өгчихөөрөө гэж хэлсэн юм. Тэгээд бид гурав тохиролцоод мөнгөө шилжүүлэх болсон бөгөөд миний хаан банкны 5019191351 дугаартай данснаас Доноон овогтой Д гэх хүний 5085125720 дугаартай данс руу 5,000,000 төгрөгийг манай охин интернэт банк ашиглан уулзах үедээ шилжүүлсэн байдаг. Утган дээр нь яг юу гэж хийсэн талаар мэдэхгүй байна. Манай охин шилжүүлсэн учир тэр талаар мэдэхгүй байна...” гэх / хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

2. Хохирогч С.Ариунзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие С.Ариунзаяа нь 2021 оны 09 дүгээр сард Австрали улсаас ирээд, тухайн үедээ амьдрах байр байхгүй байсан учир, аавын төрсөн дүүгийн нөхөр нь болох Цэдэвсүрэн гэх ах болохоор манай аавд хандаж хороонд ажилладаг гэж санагдаж байна тийм хүн байдаг байранд оруулдаг талаар мэдээллийг өгсөн байдаг. Тэр хүн нь болохоор Доноон овогтой Д гэж хүн байсан. Тэгээд манай аав намайг, чи очоод уулзчих байранд оруулчхаж юуны магад гэхээр нь утсаар нь холбогдож байгаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчимд уулзсан, тэгэхээр таныг байранд оруулж өгдөг талаар сонслоо гэтэл “өө найдвартай 1 сарын дотор гэхэд л Буянт Ухаа 2 цогцолборын байранд оруулаад өгнөө” гэсэн юм. Тэгээд "за за" гэж хэлээд тохиролцсон бөгөөд, мөнгөө дансаар шилжүүлчхээд, би тухайн үедээ энэ хүнд мөнгө төгрөг өгөлцөөгүй авалцаагүй гэдэг асуудал дараа нь гарч магадгүй гэж бодоод нотариат орж зээлийн гэрээ байгуулж байсан... 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д эгчтэй уулзаад за миний оочир хаана явж байна вэ? Та ядаж харуулаадах? Үгүй бол таны тэр ярьж тохиролцсон гэх хүмүүстэй уулзъя гэхэд, яалаа гэж тэр том хүмүүс чамтай уулзаж байдаг юм гэж хэлээд, түр хүлээж бай гэх мэтээр үргэлжлүүлээд л худлаа яриад яваад байсан юм...” гэх / хавтаст хэргийн 42-44 дугаар тал/,

Гэрч Ц.Балдангомбо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэ миний хаан банкны дансны дугаар мөн байна. 2020 оноос хойших хугацаанд ашиглаж байна. 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1,700,000 мянган төгрөгийн гүйлгээ Доноон овогтой Д гэдэг хүнээс 90779449 гэсэн утгатай хийгдсэн байна. Манайх Булган дээлийн худалдаа наймаа хийдэг юм. Хорооллын эцэст байрлах “И-Март” худалдааны төвийн 3 дугаар давхарт үйл ажиллагаагаа явуулдаг “Манжуур Булган Шуба” гэх нэршилтэй дэлгүүр байгаа. Бодвол манай дэлгүүрээс 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр худалдан авалт хийгээд төлбөрөө хийсэн байх гэж бодож байна. Уг нь 1,750,000 мянган төгрөгөөр зарагддаг юм. Гэхдээ тухайн үед хямдруулаад 1,700,000 мянган төгрөгөөр зарж борлуулсан юм шиг байна...” гэх / хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Доноон Дгийн эзэмшлийн Хаан банкны 5085125720 тоот дансны дэлгэрэнгүй хуулга / хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх / хавтаст хэргийн 31 дүгээр тал/,  

шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний буруу үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Д.Дг 2 удаагийн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох өндөр нас, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Г.Ариунзаяа нь бичгээр шүүгдэгч Д.Дгаас 3,500,000 төгрөгийг барагдуулж авсан цаашид гомдол саналгүй гэх баримт хэрэгт авагдсаныг дурдав.

Шүүгдэгч Д.Дгаас нийт 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо, Хангайн 60-3 тоотод оршин суух, Б.Ууганзаяа /РД: НБ89032204/-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ноёд ургийн овогт Доноон Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Дгаас нийт 500,000 / таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо, Хангайн 60-3 тоотод оршин суух, Б.Ууганзаяа /РД: НБ89032204/-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.АРИУНБОЛД