Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/173

 

 

  2023         03          09                                  2023/ШЦТ/173

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч А.Ц,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,

улсын яллагч Ц.Майбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2211021130023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: С овгийн А.Ц

Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, найз залуугийн хамт, Урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч А.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 22:18 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Өнө баарны зогсоолд тавьсан Тоёота Приус-11 загварын 02-66 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээс хохирогч Д.Анхбаярын Самсунг А-23 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч А.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Өнө” гэх нэршилтэй үйлчилгээний төвийн гадна тээврийн хэрэгслийн зогсоолд байсан “Тоёота Приус-11” загварын 02-66 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээс хохирогч Д.Анхбаярын өмчлөлийн “Самсунг А-23” загварын гар утсыг хулгайлсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Д.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний шөнө 22 цагийн үед өөрийн танил эмэгтэй болох Цгийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд байх Өнө баарны гадаа очсон бөгөөд би тухайн буудал руу нь өрөө асуух гээд орчоод гараад иртэл машин дотор цэнэглээд тавьсан байсан миний А23 загварын гар утсыг Ц гэгч нь аваад алга болсон байсан. ...Тэрнээс хойш Ц гэгч рүү фейсбүүк чат руу чам бичтэл намайг блок хийсэн байсан. ...Ц гэгчээс би тухайн приус 11 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч айсан бөгөөд түүний дансны дугаар нь надад байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний газрын “...Самсунг А23 маркийн гар утас нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 450,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх эд зүйлийн үнэлгээ /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,

- Өнө баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

 - шүүгдэгч А.Цгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

 - ял шалгасан хуудас /хавтаст хэргийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч А.Ц нь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд сууж байхдаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар эд зүйлийг өөртөө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар уг үйлдлийг хийж хохирогчийн өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байна.

Тиймээс шүүгдэгч А.Цгийн  2022 оны 11 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “Өнө” гэх нэршилтэй үйлчилгээний төвийн автомашины зогсоолд байсан “Тоёота Приус-11” загварын 02-66 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа хохирогч Д.Анхбаярын өмчлөлийн “Самсунг А-23” загварын гар утсыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан, Улсын яллагчаас түүнийг дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч А.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүнийг нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ат нь 450.000 төгрөгийг  хохирол учирсан ба шүүгдэгч А.Ц нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул  хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.

  

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч С овогт А.Цг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан А.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ