| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхөө |
| Хэргийн индекс | 161/2019/0133/Э |
| Дугаар | 022 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Б |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 022
Н.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Н.О, Н.М нарт холбогдох эрүүгийн 1813003110047 дугаартай, 2 хавтастай хэргийг шүүгдэгч Н.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Ерлан, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч Н.О, Н.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хохирогчийн өмгөөлөгч Т.Бахыт, орчуулагч, хэлмэрч Т.Маншүк нар оролцов.
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1980 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эмэгтэй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дүгээр багт оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.О
Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дугаар багт оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Баяннуур сумын Засаг даргын Тамгын газарт төрийн сангийн төлөөлөгч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Н.М
нар нь иргэн Т.К-тай эсгий гэрийг өгч явуулахгүй гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолоор:
“1. Н.О, Н.М нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.О, Н.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О, Н.М нараас 500.250 төгрөг гаргуулан хохирогч Т.К-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.М-ийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Н.М намайг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.
1. Миний бие тухайн хэрэг гарсан өдөр хэрүүл маргаан, зодоон болсны дараа нөхөр Ну-ын хамт очсон. Үүнийг гэрч Т.Б 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн. Гэтэл намайг чухам хэзээ очсон, Т.К-ыг зодсон нь үнэн эсэх талаар холбогдох бусад гэрч нараас асууж тодруулахгүйгээр хэргийг хагас дутуу шалгасан.Энэ талаар гэрч Д.Г тодорхой мэдэж байх ёстой бөгөөд түүнээс 2 удаа гэрчийн мэдүүлэг авсан боловч асууж тодруулах ёстой асуудлуудыг бүрэн асууж тогтоогоогүй, хагас дутуу асуусан. Тухайн хэрэг гарсан газарт А.Ба, Н.Нур, Т.З, Х.Ну, Б.О, Т.Б, Н.Н, Т.Б, Х.А, Т.К, М.Б, Х.А, цагдаа Д.Г нарын олон хүн байсан. Эдгээр хүмүүсийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй байцаагаагүй, хагас дутуу асууснаас болж хэргийг нэг мөр шийдвэрлэхэд эргэлзээтэй байдал үүссэн. Гэрч Д.Г болон дээр нэр дурдсан бүх хүмүүсийг гэрчээр дахин байцааж холбогдох асуудлуудыг бүрэн тодруулж өгөхийг прокурорын хяналтын шатанд өмгөөлөгчийн зүгээс хүссэн боловч хяналт тавьж байгаа прокурор хүлээж аваагүй. Дараа нь миний бие 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дээрх асуудлаар аймгийн Ерөнхий прокурорт гомдол гаргахад гомдлыг хүлээж аваагүй аман тайлбараар буцаасан. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол гаргах эрхтэй. Гэтэл өөрөө өмнө нь тухайн асуудлаар хүсэлт гаргаагүй, шууд гомдол гаргах эрхгүй гэж үзэж гомдлыг буцаасан нь хууль бус байсан. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 6-д “хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол, дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй” гэж тодорхой зааж өгсөн. Гэтэл прокурорын хяналтын шатанд миний гомдол гаргах эрхийг шууд хязгаарлаж хэргийг тэр өдөрт нь шүүхэд шууд шилжүүлсэн. Энэ асуудлыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд би болон миний өмгөөлөгчийн зүгээс хөндөн тавьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.14-д заасны дагуу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан үндэслэлээр гомдол гаргахад шүүгч мөн хүлээж аваагүй, гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Энэ нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн.
2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд миний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хагас дутуу шалгасан, холбогдох гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй учир хэргийг прокурорт буцаах санал тавихад оролцож байгаа прокурор холбогдох гэрч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах учир буцаах шаардлагагүй гэсэн санал гаргасан. Үүний дагуу бидний зүгээс гэрч М.Б, Д.Г нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж авсан. Гэтэл шүүх хуралдаанд гэрч М.Б, Д.Г нар ирээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь миний эрх ашгийг зөрчсөн.
3. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрч Т.Ку, насанд хүрээгүй гэрч Б.Н нарын мэдүүлгээр намайг ялласан. Т.Ку нь хохирогчийн төрсөн дүүгийн эхнэр, Б.Н нь төрсөн хүүхэд. Хэрэг болсон газарт дээрх хоёр хүнээс өөр олон хүн байсан.Эдгээр олон хүн миний Т.К-ыг зодсоныг хараагүй байхад энэ хоёр хүн харсан гэдэг нь эргэлзээтэй бөгөөд хохирогчийн зааснаар мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолтой хүмүүс юм. Тийм учраас зөвхөн дээрх хоёр хүний мэдүүлэг нь намайг яллах үндэслэл болохгүй.
4. Шинжээч эмч Х.Х-тын 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн №400 тоот шинжээчийн актаар “тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын хөндийгөөс цус гарсан, нөжирсөн цустай, зүүн чихний дэлбээнд шархтай, зүүн бугалгад хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалгад хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн даланд хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн гуянд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун гуянд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хөлийн шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун шилбэний доод хэсэг болон шагайн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн талын хэвлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, дээд эрүүний нэг үүдэн шүд нь суларсан, буйланд хавдартай, цус гарсан” гэмтлүүд тогтоогдсон. Мөн шинжээч эмч Х.Х 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын хөндийгөөс цус гарсан, нөжирсөн цустай, зүүн чихний дэлбээнд шархтай, дээд эрүүний нэг үүдэн шүд нь суларсан, буйланд хавдартай, цус гарсан гэмтэл нь толгой болон хамрын тус газарт цохисон тохиолдолд үүсэх боломжтой, дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна, үснээс зулгаах үед ямар нэгэн гэмтэл учраагүй. Цээжинд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй...” гэж мэдүүлсэн.
5. Гэрч Т.Ку, насанд хүрээгүй гэрч Б.Н, хохирогч Т.К нарын мэдүүлгийн дагуу миний бие Т.К-ыг цээж руу нь 2-3 удаа цохиж зодсон, үснээс зулгаасан нь тогтоогдсон гэж үзсэн ч шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлгээр Т.К-ын толгой, цээжний хэсэгт ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Ийм байхад намайг түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль бус байна.
Иймд хэргийг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Н.М надад холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч Н.М-ийн давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Н.О, Н.М нар нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт байрлалтай өөрийн оршин сууж байсан өвлийн байшинд хурааж тавьсан эсгий гэрийг ачиж авч явах гэж байсан иргэн Т.К-тай уг эсгий гэрийг өгч явуулахгүй гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бүлэглэн зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:
1. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаартай дүгнэлтэд: “..Т.К-ын биед тархины доргилттой, хамрын нуруунд хавдартай, шархтай, хамрын хөндийгөөс цус гарсан, нөжирсөн цустай, зүүн чихний дэлбээнд шархтай, зүүн бугалгад хөх ягаан туяатай цус хуралттай, баруун бугалгад хөх ягаан туяатай цус хуралттай, зүүн даланд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун хөлний шилбэнд хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, зүүн талын хэвлийн хэсэгт хөх ягаан туяатай цус хуралттай, дээд эрүүний үүдэн 1 шүд суларсан, буйланд хавдартай, цус гарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн давтамжтайгаар үүссэн болно. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл ба 1-10 хоногт үүссэн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.К-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...цээжний хэсэгт тодорхой гэмтэл байхгүй байгаа, гэхдээ тухайн цээжинд цохиход ямар нэгэн хөхөлбөр туяатай болон цус хуралттай гэмтэл үүсэх боломжтой, гэхдээ энэ бол гэмтлийн зэрэгт тусдаа хамаарахгүй” гэх мэдүүлэг,
2. Хохирогч Т.К-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэгээд бид хоорондоо маргалдсан ба улмаар Н.О, Н.М нар нийлж зодсон. Миний зүүн талын чих тус газар нударгаар Н.О цохиж, улмаар үсийг маань зулгаасан, мөн хамар тус газар цохисон, тэр үед миний хамар шалбарсан болно...” гэх мэдүүлэг,
“...Намайг Н.О хамар руу баруун гарын нударгаар хоёр удаа цохисон. Мөн миний үсийг нэг гараар зулгааж байгаад баруун чих тус газар нударгаар 4-5 удаа цохисон юм. Н.О намайг нударгаар цохиж зодсон. Тэр үед миний хамар шалбарсан ба шалбархайн ором үүссэн юм. Ну, Н.М нар хажууд хамт байсан ба тэд ч бас намайг цохиж зодсон”, “...бодит хохирол 716.000 төгрөг гарсан. Бодит хохирлыг батлах ямар нэгэн бичиг баримт байхгүй болно. Миний нөхөр 2011 онд нас барсан 3 жил суусан. Тэгээд өөрөө төрхөмдөө нүүгээд явсан. Өөрөөр хэлбэл 2013 онд нүүгээд явсан. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байшингаас эд хөрөнгөө машин хөлсөлж ачиж авахаар очсон” гэх мэдүүлэг,
“...би тэр даруйд хэрүүл үүсэх байх гэж бодоод Г руу залгах гэтэл О гүйж ирээд миний хамар луу 2-3 удаа гараараа цохиод үснээс минь зулгаагаад хоёр талын чих рүү гараараа 2 удаа цохиход би болиоч гэж түүнийг өөрөөсөө холдуулж түлхэхэд миний гар О-ын нүдэнд хүрэх шиг болсон юм, надаас холдохдоо О миний баруун талын гуяны хэсэг рүү өшиглөсөн юм. Тэгтэл М гүйж ирээд миний зүүн талын гарны булчингийн хэсгээс гараараа барьж байгаад цээжний зүүн хэсэг рүү 2 удаа цохиод, чи муу янхан энэ гэрийг яагаад ачаад байгаа юм бэ, чи ямар цээжтэй юм бэ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
3. Гэрч Т.Кү-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: "... 10 минутын дараа эгч О, хүргэн ах З нар ирээд О гэх хүн шууд миний хадам эгчтэй хэрэлдээд үснээс нь зулгааж зодож эхэлсэн. Мөн Н хадам эгч К-ын хөл рүү өшиглөчихөөд машин дээр гараад миний нөхөр Б-ыг Н, Зангар нар боогоод унагаахаар би хадам ахын хүү А бид хоёр гараад салгаж байтал О гэх хүн гарч ирээд намайг машинаас түлхэхэд миний нөхөр ойрхон байсан тулдаа намайг барьж аваад, би зөөлөн нуруугаараа газар унасан. Би унаад босоод ирсэн чинь О гэх эмэгтэй миний нөхрийн нүүрийг маажиж байсан. Тэр хооронд эгч М нь нөхөр Ну-ын хамт ирээд О, М хоёр хадам эгчтэй хэрэлдээд хоёулаа нийлээд зодож байгаад хамраас нь О гэх эмэгтэй маажсан юм аа. Тэгээд би салгах санаатай байсан ч миний хүч хүрэхгүй байсан. Энэ хооронд жолооч Б маргаантай эд зүйл ачихгүй гэж байсан. Тэгээд Н, З сүүлд О гэх эмэгтэй буулгаж эхэлснээс хойш жолооч Б хамт буулгаад яваад өгсөн. ...Ба-ыг О, З нар бүлэглэн зодож байхад нь би Ба-ыг аллаа шүү дээ гэж хэлэхэд минь К эгч машин руу гарах гэж байтал М түүний үснээс зулгааж татаад толгойг нь доошоо дараад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон юм. Би яг К-ын хажууд зогсож байсан тул тухайн үйл явдлыг сайн харсан юм ” гэх мэдүүлэг,
4. Гэрч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...К-ын 2 дүү Ба, нэг нь ахынх нь хүүхэд, нэрийг нь мэдэхгүй байна хоёр залуу намайг боогоод унагаагаад гэрийг өгөхгүй гэж ноцолдож байхад З ирж салгасан. О, К тэр хоёр хоорондоо ноцолдож байсан, хэн хэнээ цохисныг хараагүй” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад гэрчүүдийн мэдүүлгүүд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх болон эргэлзээтэй нотлох баримт байхгүй байна.
Шүүгдэгч Н.О, Н.М нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч нарыг “Бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг зөв тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Н.М давж заалдах гомдолдоо “хэрүүл, маргаан зодоон болсны дараа нөхөр Ну-ын хамт очсон. Үүнийг гэрч Т.Б 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгт тодорхой мэдүүлсэн.” гэж дурджээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Н.М нь байсан бөгөөд хохирогч Т.К-ын биед хөнгөн гэмтэл учруулсан, Н.М-ийн давж заалдах гомдолд дурдсан байдал нь доорх гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдаж байна. Үүнд:
Насанд хүрээгүй гэрч Б.Ну-ийн: “Бид тухайн үед гэр ачиж авах гээд очсон байсан. О, М эгч нар ээжийн үснээс зулгааж зодсон” гэх мэдүүлэг,
гэрч А.Б-тын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Т.К, Н.Н, Н.О, Н.М нар хэрэлдэж байсан нь үнэн, гэхдээ бие биеэ цохисныг би хараагүй” гэх мэдүүлэг,
гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Н яваад өгсөн. 10 минутын дараа О, М, З, Н, Ну, Он, Б нар бүгд ирээд О, М хоёр эгч К руу дайраад Н, З нар машинд дээр ачиж байсан манай ах Бауыржаныг очоод хоёулаа нийлээд зодсон. Тэр үед Н.О, Н.М хоёр эгч Т.К-ыг нийлж зодож байхад Н.О гараараа эгч Т.К-ын хамар тус газар гараараа цохисон. Харин Н машинаас бууж ирээд зүүн хөлөөрөө К-ын баруун хөлийн шилбэнд өшиглөсөн. Эгч Т.К-ын хамар тус газар хумсны ором болсон газраас цус гарч, эгч Т.К-ын нүүрний баруун хацар, бас хумсны ором болсон байсан. Өөр ямар нэгэн зүйл хараагүй” гэх мэдүүлэг,
гэрч М.Ба-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...К, М, О, Н нар хоорондоо маргалдаж байсан, харин зодолдож байсныг хараагүй” гэх мэдүүлэг,
гэрч Т.Б-ын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “10 минутын дараа Н.Н ах, эгч, хүргэн ах нараа дагуулаад ирээд шууд Т.К-ын хөл рүү өшиглөчхөөд машин дээр гарч ирээд намайг шууд боосон тэр үед З ч гарч ирээд хоёулаа боосон, тэр миний эхнэр Т.Кү дүү А нар гарч ирээд намайг салгасан. ...Тэгээд бид нар бүгдээрээ машинаас буухад Н.О, Н.М нар миний эгчийг зодож эхлээд Н.О-ын гар миний эгч Т.К-ын хамар тус газар хүрээд эгчийн хамраас цус гарсан. Миний бие Н.О, Н.М нар миний эгчийг зодож эгчийн хамраас цус гарахыг харсан. Тэгээд эгч цагдаа Д.Г-ыг залгаад дуудсан.
Үгүй Н.М, цагдаа Г-аас 30 минутын дараа ирсэн.
2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн мэдүүлэгт: “Эгч Т.К-ыг тухайн үед хамар тус газар Н.О цохисон юм. Н.М цохисныг яг хараагүй болно. Н.Н машинд гарч байхад Т.К Н.Н-ыг татахад Н.Н Т.К-ыг хөл буюу шилбэ тус газарт нь өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч Т.Кү, хохирогч Т.К нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Ку мэдүүлэхдээ “ К эгч машин руу гарах гэхэд М болон О нар К эгчийг барьж авсан зууралдаад явж байсан ба М К эгчийн үснээс нь зулгаагаад толгойг нь доошоо дараад толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон, тухайн үйл явдал болж байхад би К эгчийн хажууд байсан тул сайн харсан юм.” гэжээ. Хохирогч Т.К “О болон М нар надтай зууралдаж байсан ба М миний гарнаас бариад цээж рүү минь 2, 3 удаа гараараа цохисон. Тэр үеэр М болон О миний үснээс зулгаагаад толгойг минь доошоо дараад толгой руу минь гараараа цохисон. Тухайн үед О болон М нарын хэн нь миний үснээс зулгааж, хэн нь миний толгой руу цохисон болохыг би харж чадаагүй.” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Н.М гэм буруутай болох нь нотлогджээ.
Мөн гэрч Д.Г-ын “2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 21- 22 цагийн үед надруу К гэдэг хүн залгаад манай хуучин өвөлжөөнд хэрүүл маргаан гараад байна гэж залгахаар нь 10 гаруй минутын дараа К-ын өвөлжөөнд очсон юм. Намайг К-ын өвөлжөөнд явж очиход О, З, Н, М, Н-ын эхнэр О, Ну, Б, А, Ку нар байсан. Намайг тухайн газар явж очиход К-ын хамарны дээд хэсэг нь шалбараад цус гарсан байсан.” гэсэн мэдүүлгээр гэрч Н.М, Б.О нарын “Н.М, Х.Ну, цагдаа Д.Г нар хамт ирсэн” гэх мэдүүлэг үгүйсэгдэж байна.
Давж заалдах гомдлын 2 дахь үндэслэлд “Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар “өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гомдол гаргах эрхтэй. Гэтэл өөрөө өмнө нь тухайн асуудлаар хүсэлт гаргаагүй шууд гомдол гаргах эрхгүй гэж хязгаарлаж хэргийг тэр өдөрт нь шүүхэд шилжүүлсэн. Шүүгч мөн хүлээж аваагүй хэрэгсэхгүй болгосон” гэжээ.
Хавтаст хэргийн 239 дүгээр хуудаст өмгөөлөгч Х.Бакен нь ерөнхий прокурорын орлогчид хүсэлт гаргаж, уг хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол гаргаж байжээ.
Хүсэлтийг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 03-ны 5/41 дугаартай прокурорын тогтоолоор “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч тус бүрийн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хангалттай нотлох баримтууд цугларсан, харин гэрчүүдийг дахин асуух шаардлагатай гэж өмгөөлөгч үзвэл хэрэг шүүхэд шилжисний дараа энэ талаар хүсэлтээ гаргаж оролцуулах боломжтойг дурдаж, Н.М-д эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй болжээ.
Хохирогч Т.К-ын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон 400 дугаартай шинжээчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэл, Ш.Цэцэгмаа, Г.Ханхүү нарын хамтран гаргасан 663 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Т.К-ын биед учирсан “хамрын нуруу, зүүн талын чихний дэлбэнгийн хэсгүүдийн шарх, баруун болон зүүн талын гуя, зүүн талын далны орчимын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод эрүүний зүүн талын үүдэн 1-р шүд уг хэсгээр суларсан гэмтлүүд тогтоогдсон байна. Хөнгөн зэрэгт хамаарна.” гэж дахин дүгнэлт өгсөн тул дүгнэлтийг үнэн зөв гэж үзэв.
Харин шүүгдэгч Н.О, гэрч Т.З, шүүгдэгч Н.М, гэрч Х.Ну нар нь гэр бүл буюу эхнэр нөхөр бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” үндсэн эрхийг тайлбарлаж өгөлгүйгээр мэдүүлэг авч эрхийг нь зөрчсөн тул 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Т.З, Х.Ну нараас гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Н.О, Н.М нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.О, Н.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий болжээ.
Шүүгдэгч Н.О, Н.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын төрөл, хэмжээг заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.”, 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно.” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа, түүнийг тоолох журмыг тус тус тогтоосон байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн шүүгдэгч Н.О, Н.М нарт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дууссан байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр Н.О, Н.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч Н.О, Н.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул өөрчлөлт оруулж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхилоо.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлын нэхэмжлэлийг хэлэлцэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.О, Н.М нараас 500.250 төгрөгийг хоёр хувааж гаргуулан хохирогч Т.К-нд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч шүүгдэгч Н.О, Н.М нараас тус бүр 250.125 төгрөг гаргуулж, нийт 500.250 төгрөгийг хохирогч Т.К-нд олгохоор шийтгэх тогтоолд заах нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн бүх ажиллагааг хянах явцад 167 дугаар хуудсанд гэрч Т.Зангараас мэдүүлэг авахдаа “гурав дахь удаа” мэдүүлэг авсан тэмдэглэл гэжээ. Өмнө өгсөн анхны мэдүүлэг нь хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд байх бөгөөд 2 дахь мэдүүлэг хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Н.М-ийн хувийн байдлыг тогтоосон бичиг баримт хэргийн 215 дугаар хуудсанд авагдсан байхад мэдүүлэг /41 дүгээр хуудас/ болон яллах дүгнэлтэд шүүгдэгчийн нэрийг Ме, М гэж буруу бичсэн, хэргийн 28 дугаар хуудсанд гэрч Т.Б-ын мэдүүлэг авагдсан бөгөөд асуулт, мэдүүлгийн төгсгөл байхгүй гарын үсэг зурагдаагүй, хэргийн 28 дугаар хуудаснаас 31 дүгээр хуудас хүртэл өмнө асуугдаж байсан Т.Ретхан гэдэг хүний тэмдэглэлийг нэрийг нь дарж бланкыг орлуулж мэдүүлэг авсан, хэргийн 42 дугаар хуудсанд Н.Ну-аас дахин гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэлд Н.Н-ны нэрийг Н.Нур гэж буруу бичсэн, хэргийн 24 дүгээр хуудсанд авагдсан мэдүүлгийн хариултын төгсгөл хэсэг өгүүлбэр бүтэн дуусаагүй, хэргийн 217 хуудсанд авагдсан хохирлын хүснэгт, яллах дүгнэлтэд хохирлын тооцоог гаргахдаа 116.250 төгрөгийн баримт авагдсан байхад 116.000 төгрөгөөр тооцож алдаа гаргасан байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй ч мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүйг тэмдэглэж байна.
Түүнчлэн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 5/01 дугаартай прокурорын тогтоолд дурдсанаар “2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах санал гарган хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр прокурорт ирүүлснийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан прокурорын тогтоол, мөрдөгчийн санал” нь хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2019/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Н.О, Н.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэснийг “Шүүгдэгч Н.О, Н.М нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.О, Н.М нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтын “заасныг баримтлан шүүгдэгч Н.О, Н.М нараас 500.250 төгрөг гаргуулан хохирогч Т.К-нд олгосугай” гэснийг “зааснаар шүүгдэгч Н.О, Н.М нараас тус бүр 250.125 төгрөг гаргуулж, нийт 500.250 төгрөгийг хохирогч Т.К-нд олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Д.КӨБЕШ
Д.МӨНХӨӨ