Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2025/0283

 

 

 

 

Н.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Н.Б

Хариуцагч: НЗД

Хариуцагч: ХУДЗД

Хариуцагч: УБЕГ

Гуравдагч этгээд: С.У

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Ху дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн Г-**** дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 8026/*** дугаартай иргэнд газар эзэмшүүлэх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Ху дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, Ж.А, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О /цахим/, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2022/0600/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр:

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан  нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн Г-**** дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох  Ху дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах, 8026/*** дугаартай иргэнд газар эзэмшүүлэх гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. “...нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Бт Ху дүүргийн 12 дугаар хороо, С5 дугаар хэсгийн *** тоот хаяг 700 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн ба тус газрын байршил нь гуравдагч этгээд С.Уын газартай давхцалгүй болох нь хэрэгт авагдсан кадастрын зураг болон 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ****дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн буюу хариуцагчаас С.У газар өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж, давхцуулан олгосон гэж хуулийг буруу тайлбарлаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2.2. Мөн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9 дэх хэсэгт заасан газар эзэмшихтэй холбоотой заалтыг үндэслэл болгосон нь хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иргэнд газар өмчлүүлэхтэй холбоотой харилцаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэглэх бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.1-т “Газрын тухай хуулийн дагуу иргэний эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөөнд тусгагдсан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд уг газрыг түүнд өмчлүүлэх”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана” 20.3.4-т “хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг/ хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил заагийн тойм зураг” гэж тус тус хуульчилсан. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь 1602.8 м.кв газрыг өмчилж авах хүсэлтээ кадастрын зургийн хамт ирүүлсэн байдаг ба хүсэлтэд заасан байршилд газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн байдаг. Хуульд зааснаар хүсэлт гаргагч иргэн өөрөө өмчлөхийг хүсэж буй газрын байршил, хэмжээгээ үнэн зөв тодорхойлж, кадастрын зургаар баталгаажуулан эрх бүхий байгууллагад ирүүлэх үүрэгтэй байтал нэхэмжлэгч нь маргаан бүхий байршилд газар өмчлөх хүсэлт ирүүлээгүй атлаа тус газрыг өөрт нь өмчлүүлэх ёстой байсан гэж шүүхэд маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

2.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж хуульчилсан ба  маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Мөн тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх боломжгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

 3.1. “...нэхэмжлэлийн үндэслэл болсон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан асуудлаар тухайн үед маргаан үүсгээгүй бөгөөд холбогдох албан тушаалтан, төрийн захиргааны байгууллагад гомдол гаргаж байгаагүй байна.

3.2. нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “миний өмчлөлийн газартай давхцуулан С.Ут өмчлөх эрх олгосон” гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдагдаад байгаа газрыг бодитоор эзэмшиж, ашиглаж өөрийн өмчлөлдөө байлгаж байсан тохиолдол огт байхгүй болно. Харин гуравдагч этгээд тухайн газрыг 2003 онд хашаалж өөрийн ашиглалтад байлгаж, арчлан хамгаалж байсан бөгөөд одоог хүртэл тухайн газарт амьдарч байна. С.У нь өөрийн өмчлөлийн газар дээрээ 2 хүлэмж, 1 байшин барьсан бөгөөд тухайн хүлэмжид өргөст хэмх болон улаан лооль тарьж ургуулдаг.

3.3. Гуравдагч этгээдийг тухайн газар дээрээ амьдардаг гэдгийг мэдсээр байж газар өмчлөлийн асуудал дээр урьд өмнө нь хэн ч огт маргаж байгаагүй юм.

Түүнчлэн хэргийн материалд:

- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/***дугаартай “Хариу хүргүүлэх тухай” баримтаар “...2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд маргаан бүхий газар болох нэгж талбарын 186***303**** дугаартай газар дээр нь гуравдагч этгээд С.Уын ШЕ**** нэр дээр бүртгэлтэй байна. ...2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар регистрийн ХБ**** /нэхэмжлэгч Н.Б/ дугаараар хайлт хийхэд тус иргэн дээр бүртгэгдсэн газар байхгүй байна гэх,

- Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/****дугаартай “Хариу хүргүүлэх тухай” баримтаар “...газрын мэдээллийн сангийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдэлд бүртгэгдсэн нэгж талбарын 178**** дугаартай 700 м.кв талбай бүхий газар нь ШЕ**** /С.У/ иргэний нэр дээр бусдын эзэмшил өмчлөл, ашиглалтад олгогдсон газартай давхцалгүй бүртгэгдсэн байна” гэх,

- 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ****дугаартай “Шинжээчийн дүгнэлт” “нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн өмчлөлийн газар нь давхцалгүй байна” гэх нотлох баримтууд хуульд заасан журмын дагуу нотлох баримтаар хэргийн материалд авагдсан байхад анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар давж заалдах шатны шүүхээс захиргааны хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаан шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Н.Баас НЗД, ХУДЗД, УБЕГт тус тус холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Ху дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаар захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн Г-**** дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээ, 8026/*** дугаартай иргэнд газар эзэмшүүлэх гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, Ху дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/*** дугаар захирамжийн 1, 3 дугаар заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хэрэгжүүлэхийг хариуцагчид даалгах”-аар маргажээ.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”,

32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”,

34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”,

106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж  тус тус заажээ.

3.Анхан шатны шүүхээс маргаан бүхий актууд болох Ху дүүргийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дүгээр захирамжийн С.Ут холбогдох хэсэг, Улсын бүртгэлийн Г-**** дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгохдоо хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд зөрүүтэй байхад уг зөрүүг арилгалгүйгээр эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

 4.Тодруулбал, нэхэмжлэгчээс “....маргаан бүхий газрыг гуравдагч этгээд С.Уаас худалдаж авсан. Хариуцагчаас хээрийн судалгаа хийлгүйгээр нэхэмжлэгчийн газарт гуравдагч этгээдэд давхцуулан олгосон. “...Ху дүүргийн Газрын албаны мэргэжилтэн н.Л маргаан бүхий газрын хүмүүсийг дуудахад Н.Б миний бие эхнэр А.Мгийн хамт очиход С.У ирсэн бөгөөд тэрээр газрын албаны мэргэжилтний хажууд “Би газраа Н.Бт зарсан нь үнэн” гэж хэлэхэд нь Газрын албаны мэргэжилтэн н.Л “С.У та сайн дураараа газар өмчлөлөөсөө татгалз” гэхэд С.У “Би одоо татгалзаж чадахгүй” гэж хэлж байсан нь нотлогдоно” ...мөн С.Утай утсаар ярихад “Та нарт газраа зарсан нь үнэн, эхнэр байхгүй хойгуур өмчлөөд авчихсан байна...” гэж хэлсэн нь аудио бичлэгээр нотлогдоно...” гэж,

5.Харин хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас, “маргаан бүхий газар байршлын кадастрын зурагт эдгээр хоёр иргэний газар давхцалгүй, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд газар өмчлөх хүсэлтээ иргэн өөрөө гаргах үүрэгтэй, Ийнхүү гаргахдаа тухайн газартаа өөрөө кадастраа илгээх, хаана ямар байршилтай хэдэн метр квадрат газрыг өмчилж авмаар байгаа хүсэлтээ өөрөө гаргах үүрэгтэй. ...маргаан бүхий газарт Н.Б яг эзэмших хүсэлтээ гаргасан гэдгийг нотлох ямар ч баримт хэрэгт авагдаагүй” гэж,                                                                                                                                              

6.Гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Н.Баас 2003 онд Солонгос явах гээд газраа барьцаалж 350.000 төгрөг зээлж авсан тэрнээс худалдах, худалдан авах гэрээ хийж газраа зарсан үйлдэл байхгүй. ...Миний бие уг газрыг 2003 оноос хойш өмчилж байгаа бөгөөд 2011 онд жижиг цагаан гэрчилгээгээ хураалгаж шинэ газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Н.Б нь уг газрыг худалдаж авсан үйлдэл байсан бол улсын бүртгэлд бүртгүүлж байж миний өмчлөх эрх дуусгавар болно. Уг газрын өмчлөгчөөр иргэн миний нэр улсын бүртгэлд бүртгэлтэй байсаар байхад ямар учир шалтгааны улмаас тухайн газрыг иргэний өмчлөлд байгаа эсэхийг шалгахгүйгээр давхардуулан олгож Засаг даргын захирамж гарсныг мэдэхгүй байна”, “...Н.Бын өмчилсөн гэх Ху дүүргийн 12 дугаар хороо 5 дугаар хэсэг *** тоот хаягт байрлах газрын 2004 оны 05 дугаар сарын ***-ний өдөр хийсэн газрын байршлын кадастрын зураг нь С.Ут олгогдсон газартай ямар нэг байдлаар давхцалгүй...” гэж тус тус маргасан.  

7.Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/***дугаар албан бичгээр[1] ирүүлсэн лавлагаагаар “...2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 186***303**** дугаар бүхий 700 м.кв талбайтай газар нь иргэн С.Уын нэр дээр бүртгэгдсэн”, “газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх мэдээллээс нэгж талбарын 186***303**** дүгээр болон регистрийн ХБ**** дугаараар хайлт хийж үзэхэд тус иргэн дээр бүртгэгдсэн газар байхгүй байна. Нэгж талбарын 186***303**** дугаартай газрын кадастрын зургийг ирүүлсэн тохиолдолд солбицлын утгын байршлаар хайх боломжтой” гэжээ.  

            8.Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1/****дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаа, зурган баримтаар[2] “...2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 186***303**** дугаартай газрын байршилд 186***303*** дугаар бүхий 1602 м.кв талбайтай газар нь эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн. 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 186***303**** дугаартай газар нь 2 хуваагдан  186***303828*** болон 186***303850*** нэгж талбарын дугаартайгаар тус бүр 700 м.кв талбайтайгаар эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдсэн байна. 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн архивын мэдээлэлд дээрх 2 хуваагдсан нэгж талбар нь эзэмшигчийн мэдээлэлтэйгээр өөрчлөн бүртгэгдсэн байх бөгөөд  186***303828*** дугаартай газар нь регистрийн ШЕ**** дугаартай иргэний нэр дээр, нэгж талбарын 186***303850*** дугаартай газар нь регистрийн ШЕ**** дугаартай иргэний нэр дээр тус тус бүртгэгдсэн байна...” гэжээ.

9.Мөн  шинжээчийн дүгнэлтэд[3] “иргэн Н.Бт Нийслэлийн Засаг даргын 2004 оны **** дугаартай захирамжаар өмчлөх эрхийг Нийслэлийн Ху дүүргийн нутаг дэвсгэрт олгосон байх боловч мэдээллийн санд бүртгэгдээгүй. Харин Ху дүүргийн Газрын албаны мэргэжилтэн М.Мы 2004 оны 05 дугаар сарын ***-ний өдөр үйлдсэн кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан үзэхэд 1590 м.кв талбайтай байх бөгөөд уг мэдээллийг 2006 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн архивын мэдээлэлтэй давхцуулан үзэхэд нэгж талбарын 186***303*** дугаар бүхий 1602 м.кв талбайтайгаар *** цэцэрлэгийн нэр дээр бүртгэгдсэн газартай давхцаж байгаа бөгөөд 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 186***303*** дугаартай газар нь 2 хуваагдан нэгж талбарын 186***303828*** дугаар бүхий 700 м.кв, нэгж талбарын 186***303850*** дугаар бүхий 700 м.кв талбайгаар эзэмшигчийн мэдээлэлгүй бүртгэгдэж, 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн архивын мэдээлэлд дээрх 2 нэгж талбарын эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт орж нэгж талбарын 186***303828*** дугаартай газар нь регистрийн ШЕ**** дугаартай, нэгж талбарын 186***303850*** дугаартай газар нь регистрийн ШЕ**** дугаартай иргэний нэр дээр тус тус бүртгэгдсэн” гэж дурдсан.

10.Мөн шинжээчийн дүгнэлтэд “Ху дүүргийн Газрын албаны мэргэжилтэн М.Мы 2004 оны 05 дугаар сарын ***-ний өдөр иргэн Н.Бын нэр дээр үйлдсэн кадастрын зураг, иргэн С.Уын нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 178150**** дугаартай газрууд нь хоорондоо давхцахгүй байгаа талаар дурдсан” гэжээ.

11.Дээрх шинжээчийн дүгнэлт болон Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичгүүдээс үзэхэд, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрууд нь давхцалгүй болох нь тогтоогдсон, захирамжуудад дурдагдаж буй хаяг өөр, нэхэмжлэгч Н.Б нь гуравдагч этгээдээс маргаан бүхий газрыг худалдаж авсан болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс энэхүү хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтыг нотлох баримтад үндэслэн бүрэн тогтоолгүйгээр, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд зөрүүтэй, эргэлзээтэй байхад уг зөрүү, эргэлзээг арилгалгүйгээр эдгээр баримтад үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Бын анх газар өмчлөх хүсэлтдээ хавсарган өгсөн газрын кадастрын зургийн нэгж талбарын дугаар газрын мэдээллийн санд бүртгэлгүй, кадастрын зурагт авагдсан солбицлын утгаар нь хайхад маргаан бүхий газар /гуравдагч этгээд С.Уын/-тай давхцалгүй, харин өөр этгээдийн /н.Б, Т.Э нарын/ газартай давхцаж байгаа нь тогтоогдсон.

Харин нэхэмжлэгчийн кадастрын зургийг үйлдсэн газрын албаны мэргэжилтнээс нэхэмжлэгчийн кадастрын зурган дээр болон газрын гэрчилгээ дээрх газрын байршил нь маргаан бүхий газар буюу гуравдагч этгээд С.Уаас худалдан авсан гэх газрын байршил мөн эсэх, газрын албаны мэргэжилтэн тухайн кадастрын зургийг үйлдэхдээ алдаа гаргаж өөр газрын солбицлын утгаар нэхэмжлэгчийн кадастрын зургийн байршлыг үйлдэж өгсөн эсэхтэй  холбоотой нөхцөл байдлыг шүүхээс тогтоогоогүй, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд нь нэг байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй гэдэг үйл баримт мөн тогтоогдоогүй байна.

13.Гэтэл шүүхээс “маргаан бүхий газарт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт нэгэн адил иргэний газар эзэмших гэрчилгээний /цагаан гэрчилгээ/ дагуу газар эзэмших эрх үүссэн, ингэхдээ нэхэмжлэгчийнх 2003 оны 10 дугаар сарын 13, гуравдагч этгээдийнх 2005 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн огноотой байх тул нэхэмжлэгчид газар эзэмших эрх түрүүлж үүссэн, ...нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын А/**** дугаар захирамжаар, гуравдагч этгээдэд 2006 оны 2*** захирамжаар өмчлөх эрх үүссэн байх тул Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.9, 31 дүгээр зүйлийн 31.3 дах хэсэгт заасны дагуу гуравдагч этгээдэд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгосон нь хуульд нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь шүүхээс хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтад зөрүүтэй дүгнэлт өгсөн, харин нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөл байдалд  үндэслэн хэргийг шийдвэрлэн эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна.

14.Мөн шүүхээс шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.5-д “...Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын кадастрын зураг давхцалгүй, захирамжуудад дурдагдаж буй хаяг өөр боловч нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс 2003 онд маргаан бүхий газрыг 350,000 төгрөгөөр худалдаж авсан гэх тул шүүхээс Ху дүүргийн 12 дугаар хороо, А 2 дугаар гудамжны *** тоот хаягт хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.” гэсэн дүгнэлт хийсэн атлаа шийдвэрийн 1.9-д “...нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс 2003 онд маргаан бүхий газрыг 350,000 төгрөгөөр худалдаж авсан гэх үйл баримтад тус шүүх хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй ...” гэж  зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь мөн л шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

15.Иймд анхан шатны шүүх Ху дүүргийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/**** дугаар захирамжаар Н.Бт Ху дүүргийн 12 дугаар хороонд олгосон 700 м.кв газар нь маргаан бүхий одоо гуравдагч этгээд С.Уын өмчлөлд бүртгэлтэй Ху дүүргийн 12 дугаар хороо А 2 дугаар гудамжны *** тоот газар мөн эсэх нөхцөл байдлыг тогтоож, тодорхой дүгнэлт өгөх шаардлагатай.

            16.Мөн нэхэмжлэгч Н.Б нь гуравдагч этгээд С.Уаас маргаан бүхий газрыг худалдаж авсан гэх түүний эзэмшлийн гэрчилгээтэй газар нь бодит байдал дээр С.Уын гэрчилгээтэй газар мөн эсэх нөхцөл байдлыг гэрчүүдийн мэдүүлэг авах болон бусад хэлбэрээр тогтоох шаардлагатай байна.

            17.Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засах, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, захиргааны хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох захиргааны хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ШҮҮГЧ                                                            Э.ЛХАГВАСҮРЭН

 

   ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА

 

   ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

[1] 1-р хавтаст хэргийн 100 хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 132-140 хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 216-220 хуудас