| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0181/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/210 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/210
2023 03 22 2023/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч О.Нандинцэцэг,
өсвөр насны шүүгдэгч Г.Х,
өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.Амгалан,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Нарангуа,
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2311000000088 дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Г.Х
Монгол улсын иргэн, 2005 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, .... дугаар сургуулийн 12б ангид сурдаг, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр .... дугаар сургуулийн 3 давхарт насанд хүрээгүй хохирогч М.Чийг “чи гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар сургуулийн 3 давхарт насанд хүрээгүй хохирогч М.Чтэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж бие махбодод нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- насанд хүрээгүй хохирогч М.Чийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах .... дугаар сургуулийн 11 а ангид сурдаг юм. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед биеийн тамирын хичээл тараад 3 давхарт 306 тоот ангидаа иртэл төрсөн дүү Төгсбаяр намайг хүлээгээд зогсож байсан. Би яасан гэтэл манай ангийн Жавхлангийн халаасанд байсан электрон тамхийг 12 дугаар ангийн Х гэдэг ах авчихсан, та аваад өгөөч гэхээр нь би 2 давхарт 126 ангийн үүдэнд очоод Хыг дуудаад та манай дүүгийн найзын электрон тамхины авчихсан байна, буцаагаад өгчхөөч гэтэл Х багшаасаа ав гээд уурлаад байсан. Би хэн багшаас авах юм гэтэл багшаасаа ав гээд уурлаад байхаар нь ...чи ямар сонин юм бэ... гэтэл ...чи намайг чи гэдэг болчихсон юм уу... гээд уурлаад намайг ийшлэе гээд 3 давхрын эрэгтэй 00-руу ороод .. чи тэгээд намайг яана гээд байгаан... гэхээр нь би зүгээр өгчхөөч гэтэл намайг Х заамдаад авахаар нь зөрүүлээд заамдахад миний хамар руу баруун гараараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,
- насанд хүрээгүй гэрч М.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн .... дугаар дунд сургуулийн 9в ангийн сурагч юм. Миний ах Ч нь тус сургуулийн 11 а ангийн сурагч байгаа юм. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би ангийнхантайгаа нойл орчхоод явж байтал сургуулийн 12 дугаар ангийн Х ах Жавхаа найзын маань электрон тамхийг авчихсан. Тэгээд буцаж гуйхаасаа айгаад, намайг ах Чэрээ хэлүүлээд авхуулаад өгөөч гэхээр нь би ах Чдээ тэр тухай очиж хэлтэл ах нь за хэлээд өгье гэсэн.Тэгээд би хичээл орж хонх дуугарсны дараа ангидаа байж байгаад 6 дугаар цагийн завсарлагаагаар дахин нойл орохоор 3 дугаар давхрын эрэгтэй нойлын үүдэнд очтол 126 ангийн нэг ах дотогш намайг оруулахгүй, хайчих гээд байгаа юм гээд байхаар нь хажуугаар нь хартал цаад нойл дотор манай хамаатны Золбоо гэх ах доошоо хараад тонгойгоод зогсож байсан. Тэгээд хамраас нь их хэмжээний цус гоожоод шалаар дуссан байсан. Тэгэхээр нь би ахыгаа авъя гээд орох гэсэн боловч үүдэнд зогсож байсан ах оруулахгүй байсан. Тэгээд би тэр ахыг түлхээд, З ахаас Храас холдуулах гээд очсон чинь нойлын цаад буланд манай төрсөн ах Чандмань-Эрдэнийг нэг ах хойноос нь тэвэрчихсэн байсныг харсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,
- насанд хүрээгүй гэрч Б.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би .... дугаар сургуулийн 11 а ангид сурдаг 2022 оны 12 дугаар сарын 14- ний өдөр 12 цагийн үед биеийн тамирын хичээл тараад дууссан байсан. Ангид хувцсаа солих гэтэл арай халуун байхаар нь 3 давхрын нойлд хувцсаа сольж байтал гаднаас хүмүүс орж ирээд мар-алдаад чанга чанга дуугараад байсан.Тэгэхээр нь би гартал манай ангийн Ч дээд ангийн Х хоёр маргалдаад заамдалцаад зогсож байсан Х нэг гараараа заамдаж байгаад нөгөө гараараа Чандмань-Эрдэнийн нүүр рүү 2-3 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
- гэрч С.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед нийгмийн хичээл орж байхад завсарлагаагаар 3 давхрын хөвгүүдийн ариун цэврийн өрөөнд хүүхдүүд зодоон болоод байна гэж хэлсний дагуу очиход тус сургуулийн 11 а ангийн хөвгүүд байсан ба хэн хэлснийг санахгүй байна танай ангийн Х Ч гэх хүүхдийг зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,
- гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр .... дугаар сургууль дээрээ байж байтал нойлд зодоон болж байна гэж манай нөгөө ангийн багш залгаад хэлэхээр нь 3 давхрын нойл ороход зодоон болоо дуусчихсан, Чийн хамар жоохон эвгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М овогтой Ч 2023 оны 01 дүгээр сард Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гэмтлийн яаралтай тусламжийн тасгаас 214.000 төгрөгийн, эмнэлгийн амбулаторийн үзлэгийн 15.000 төгрөгийн, өртөг өндөртэй оношилгоо шинжилгээнд 84.000 төгрөгийн, Амбулаторийн үзлэг тус бүр 15.000 төгрөгөөр 3 удаа нийт 45.000 төгрөг гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04/526 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх үйлчилгээний зардлыг насанд хүрээгүй яллагдагч Г.Хын хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч Н.Ааас 358.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банкны 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 769 дугаартай шинжээчийн “...М Чийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд өсвөр насны ш¿¿ãäýã÷ Г.Х нь 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... дугаар сургуулийн 3 давхарт насанд хүрээгүй хохирогч М.Чийг шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч Г.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, насанд хүрээгүй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Насанд хүрээгүй хохирогч М.Ч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Г.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон иргэний ямар нэг бичиг баримт хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч Г.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Г.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ