Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/204

 

 

 

 

    2023         03          21                                 2023/ШЦТ/204

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч М.Н,

улсын яллагч Ц.Майбаяр,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2211018310147 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: А овогт М.Н

Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, урьд нь ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Н 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э сургуулийн спорт зааланд тоглож байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогч Г.Сын хамар хэсэгт цохиж, нүүр хэсэгт өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

А. Шүүгдэгч М.Н 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э сургуулийн спорт зааланд тоглож байхдаа хохирогч Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар  хамар хэсэгт цохиж, нүүр хэсэгт өвдөглөж хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт шарх, духанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Э сургуулийн зааланд найзууд болох Г, С, Э бас бус найзуудын хамт тоглож байхдаа зүс таних Стай мөргөлдсөн, улмаар маргалдахад Э.С нь эхлээд миний хацар луу гараараа нэг удаа цохисон ...би Сын хамар луу нь нэг удаа баруун гараараа цохиход доошоо хамраа бариад намайг тэврээд авсан. Тэгэхээр нь би нүүр болон дух хэсэг рүү 2 удаа өвдөглөсөн чинь намайг тэвэрсэн чигээрээ миний бэлэг эрхтнээс базсан ба хүүхдүүд салгасан байдаг. Ингээд С босоод ирэхэд хамар хугарчихсан байсан ба миний өмд цус болчихсон байсан. Сын хамрыг би хугалсан. Бас би дух болон нүүр лүү нь өвдөглөн түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байдаг. Би энэ үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53 дугаар тал/,

- хохирогч Г.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зааланд тоглож байхад эхлээд би Нтэй маргалдсан ба түүнийг над руу хүрээд ирэхээр нь би түлхэх гэж байгаад санамсаргүй шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон байдаг. Энэ үед найз Алдаржав баруун талын хацар луу 2 удаа цохисон тэгсэн чинь Н намайг хөөж ирээд миний хамар луу нэг удаа гараараа цохихоор би тонгойход миний нүүр лүү 2-3 удаа өвдгөлдсөн байдаг. Бас Алдаржав нь миний дагз хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Ингээд би аргаггүй эрхэнд Нийн бэлэг эрхтнээс базсан ба сагс тоглож байсан хүүхдүүд салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- гэрч М.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар 02-ны өдөр тэнгисийн ойролцоо байдаг Э их сургуулийн зааланд арван жилийн найзууд болох А, Н, Г, Э, Э, С нарын хамт зааланд сагс тоглосон юм. Тэгээд зааланд 2 баг болоод тоглож байхад С, Н хоёр сагсны алдаа хийсэн гэж хоорондоо маргалдаад С бөмбөгөө Н рүү шидээд зүүн гараараа Нийн нүүр лүү нь нэг удаа цохисон чинь Алдаржав Нийг өмөөрөөд хажуу талаас нь орж ирээд Сын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь Н цохиулсан уурандаа хажуу талаас нь орж ирээд гараа атгаж байгаад Сын хамар руу нь нэг удаа хүчтэй цохисон чинь С хамраа бариад тонгойж тэр хоёр барьцалдаад газарт унацгаасан. Тэгээд бид нар салгаад босгоход Сын хамраас цус гарсан байсан. Өөр сүртэй зодоон болоогүй Алдаржав хажуугаас орж Сыг шанаа хэсэг рүү нь цохиход Сын хамраас цус гараагүй байсан ба НиЙг хамар руу нь цохих үед Сын хамраас цус гарч гэмтсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

- гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Зааланд тоглож байхад эхлээд С, Н хоёр хоорондоо маргалдсан чинь С нь Н рүү сагсны бөмбөг шидээд (оносон үгүйг нь мэдэхгүй байна) зүүн гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон чинь дундуур нь А орж ирээд Сын зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа гараараа цохисон чинь Н хажуу талаас орж ирээд гараа саваад Сын хамрыг хүчтэй цохисон. С хамраа бариад тонгойсон чинь барьж аваад нүүр лүү өвдөглөөд газар унагаасан. Тэгсэн чинь С Нийн бэлэг эрхтнээс нь базсан чинь Н орилсон ба Сүхбат бид хоёр салгасан. Тэгээд С босоод ирэхэд хамраас нь цус гарчихсан байсан. Өөрөөр Сыг унагаачхаад дээрээс нь өшиглөөд зодож цохиод байсан сүртэй асуудал байхгүй. Н гараараа цохиод Сын хамрыг хугалчихсан юм. Харин Алдаржавыг Сын шанаа руу нь цохиход хамраас нь цус гараагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,

- гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Н. Туяагийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 13593 дугаартай “...Г.Сын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамарт шарх, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Б. Ш¿¿ãäýã÷ М.Нийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э сургуулийн спорт зааланд тоглож байхдаа хохирогч Г.Стай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хамар хэсэгт цохиж, нүүр хэсэгт өвдөглөж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэсэн нийгэмд аюултай санаатай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан М.Нт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Г.Сын “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч М.Нийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч А овогт М.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Нийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БАТГЭРЭЛ