| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0201/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/223 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Нарангуа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/223
2023 03 27 2023/ШЦТ/223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Х.Нарангуа,
өсвөр насны шүүгдэгч М.Т,
өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал,
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 23110000145 дугаартай хэргийг хаалттай хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт М.Т
Монгол улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эмэгтэй, 17 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эскю” нэртэй бааранд зөөгчөөр ажилдаг гэх, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналтгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таурын” гэх нэршилтэй барилгын 18 давхарт хохирогч М.Мыг өөрийг нь доромж үгээр хэллээ гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Өсвөр насны шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таурын” гэх нэршилтэй барилгын 18 давхарт хохирогч М.Мыг өөрийг нь доромж үгээр хэллээ гэх шалтгаанаар маргалдан улмаар зодож бие махбодод нь духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- өсвөр насны шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-өсвөр насны шүүгдэгч М.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... тэгэхээр нь миний уур хүрээд нөгөө эмэгтэйн үснээс нь зулгаагаад зууралдаж эхэлсэн тэгсэн манай ажлын хүмүүс бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр тал/,
-хохирогч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 01
дүгээр сарын 14-ний өдөр 22 цагийн найз Отгонзаяагийн гэрт буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Натурт ногоон төгөл хотхоны хажуу талын байранд очоод бид хоёр 3 ширхэг пиво уусан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 15-ны шөнийн 03 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Пийс таурын 18 давхарт шинээр үйл ажиллагаа явуулж байгаа шөнийн цэнгээний газар очсон. Тухайн газар ажилладаг Билэг-Эрдэнээс зээлүүлсэн мөнгөө авах гэж очсон. Тэгээд би тухайн газар ороод тек хэсэг нь 1 ширхэг пиво аваад ганцаараа уугаад сууж байсан Энхжин буюу /Т/ гэх охин намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би нөгөө охинд ...чи намайг мөрлөчихлөө уучлалт гуйхгүй юм уу... гэсэн чинь нөгөө охин надаас уучлалт гуйсан. Тэгсэн цаанаас дахиад нэг найзыгаа дуудаад надаас ...чи хаана ажилладаг вэ... гэж асуухаар нь би ...миний хаана ажилладгаар яах гэж байгаа юм... гэсэн нөгөө охин ...би “Эскю” шөнийн цэнгээний газарт ажилладаг... гэж хэлээд намайг ...чи энд яах гэж яваа юм, энд “Эскю” болон энд ажилладаг хүмүүс цугларч нээлтэй хийж байна... гэж хэлсэн. Тэгэхээр нь Билгээ гэх хүнтэй хувийн асуудлаар уулзах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн нөгөө охин надруу дайраад цээж хэсэг рүү нэг удаа түлхсэн, тэгэхээр нь би зөрүүлээд өөрийн гар утсаа шидсэн. Тэгээд Энхжин гэх охинтой нэгнийхээ үснээс зулгаацаад тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
- гэрч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Эскю” нэртэй шөнийн цэнгээний газар хамгаалагчаар ажиллаад 1 жилийн хугацаа болж байна. Тэгээд манай 13 хороололд байдаг салбар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Пийс таурын 18 давхарт нүүж ирсэн. Тэгээд манай ажлын хүмүүс шинээр нээгдсэн газрын нээлтийн арга хэмжээтэй байсан. Манай ажлын газрынхан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Намайг ширээн дээр сууж байхад манай ажлын газрын нэг охин ирээд бүжгийн талбай дээр бөөн зодоон болоод байна гэхээр нь яваад очтол манай “Эскю” нэртэй шөнийн цэнгээний газарт ажилладаг Энхжин нэг танихгүй охинтой нэгнийхээ үснээс зулгаасан байдалтай байсан. Нөгөө танихгүй охин та нар шиг биеэ үнэлж мөнгө олдоггүй шүү гэсэн чинь Энхжин болон тэнд байсан охидууд уурлаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар тал/,
- гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Эскю” нэртэй шөнийн цэнгээний газарт зөөгч ажилтай бөгөөд намайг ажлын газрын хүмүүс Намуухан гэж дууддаг Харин Т гэх охиныг Энхжин гэж дууддаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Пийс таурын 18 давхарт манай байгууллагын нээлтийн үйл ажиллагаа болоод тухайн газар манай байгууллагын ажилчид байсан бөгөөд өөр нэгэн үйлчлүүлэгч байхгүй байсан. Би тухайн үед баруун гар гэмтэлтэй байсан бөгөөд оёдол тавиулаад боолттой байсан. Т болон нэг танихгүй эмэгтэй хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаасан байдалтай хоорондоо зууралдаад байж байсан. Тэгсэн тухайн газрын хамгаалагч нар ирээд тэр хоёрыг салгасан..., ...Ттай маргалдсан хүний биед гэмтэл учирсан бол Т гэмтэл учруулсан байх, тухайн хүн Таас өөр хүнтэй зодоон хийгээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дугаар сарын 19-ний өдрийн 1553 дугаартай шинжээчийн дүгнэлт “ ...Т.Мын биед духанд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хүзүүнд цус хуралт, эрүүнд зулгаралт, баруун бугалганд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд өсвөр насны ш¿¿ãäýã÷ М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнө 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Пийс таур” гэх нэршилтэй барилгын 18 давхарт хохирогч Т.Мыг өөрийг нь доромж үгээр хэллээ гэж шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Иймд өсвөр насны шүүгдэгч М.Тт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, насанд хүрээгүй эмэгтэй болох хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн улмаас хохирогч Т.Мад нийт 150.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон ба өсвөр насны шүүгдэгч М.Т нь бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Өсвөр насны шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон ямар нэг иргэний бичиг баримт хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Б овогт М.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч М.Тыг Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар ç¿éëèéí 1 дэх заалтад заасан ялаас чөлөөлсүгэй.
3. Өсвөр насны шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
5. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ