| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0196/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/211 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/211
2023 03 22 2023/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч М.Т,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2311000000123 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт М.Т
Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой. компьютерын ухаан мэргэжилтэй, Оюу Толгойд Ханбогд нисэх буудлын тоног төхөөрөмжийн инженерээр ажилладаг гэх, ам бүл 3, Өвөө эмээгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 0000 тоотод өөрийн хамтран амьдрагч Д.Ог зодож эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн хацар, нүдний гадна булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, шуу, бугуй, зүүн бугалга, тохойд шинэ цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч М.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 0000 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч Д.Ог зодож бие махбодод нь тархины доргилт, зүүн хацар, нүдний гадна булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, шуу, бугуй, зүүн бугалга, тохойд шинэ цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч М.Ты мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Отэй 2021 оноос хойш хамтран амьдарч байна. Дундаасаа 1 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний орой би гэртээ байсан ба тухайн үед хүү бид гурав хамт байсан юм. За тэгээд өглөө 09 цагийн орчимд О хүүхэд өвдсөн байхад уурлаад, эмнэлэгт авч үзүүлсэнгүй гээд байсан ба би “чи өөрөө зохицуулчхаач дээ” гээд маргалдтал намайг танай гэрийнхэн Увсын пизда гэх зэргээр доромжлоод байсан ба намайг маажаад байхаар нь би хоёр гарыг барьж байгаад унагаагаад, гараас нь барьж байгаад нүүр рүү нь гараараа хоёр удаа алгадсан. Тэгээд тухайн үедээ уг нь дахин маргалдахаа болиод, эмнэлэгт хамт очин хүүгээ үзүүлчхээд би цаашаа машинтайгаа ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар тал/,
- хохирогч Д.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр өглөөний 10 цагийн үедээ гэртээ байхдаа манай бага хүү Дашням ханиалгаад бие нь өвдөөд байсан ба би хамтран амьдрагч Тд хандаад ...хоёулаа хүүгээ эмнэлэгт үзүүлээд ирье, тэгээд чи цаашаагаа ажил руугаа явчихгүй юу... гэж гуйтал Т учир нь ойлгогдохгүй байдлаар, чи өөрөө яваад үзүүлэхгүй юу гэснээ над руу уурлаад босож ирээд, миний хоёр гараас татаж унагаагаад, миний дээр гараад толгой руу хоёр гараараа алгадаж цохисон. Тэгээд намайг дуугай бол гээд миний амыг таглаад байсан. Гэхдээ би ухаан алдсан асуудал байхгүй. Тэр үед намайг өөдөөс нь хэрэлдээд байхаар нь чимээгүй бай гээд ам дарсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 1325 дугаартай шинжээчийн “...Д.Огийн биед тархи доргилт, зүүн хацар, нүдний гадна булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалга, тохой, шуу, бугуй, зүүн бугалга, тохойд шинэ цус хуралт, хоёр бугалга, баруун шуу, зүүн гуянд хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, шинэ гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой, хуучин гэмтэл нь 2023.01.09-ны өдрөөс 72 цагаас дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Шүүгдэгч М.Т 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Чингэлтэй дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын 0000 тоот гэртээ хамтран амьдрагч Д.Отэй маргалдаж, хохирогч Д.Ог толгой руу нь цохиж, хоёр гарнаас нь татаж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учрахад зориуд хүргэсэн нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч М.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан М.Тд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Д.Огийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч М.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тыг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Тыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ