| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0172/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/209 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/209
2023 03 22 2023/ШЦТ/209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч П.А,
хохирогч М.О,
нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат нарыг оролцуулан нарыг оролцуулан эрүүгийн 2311000000056 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт П.А
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Апу” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 8, эхнэр, хүүхэд, бэр, ач хүү нарын хамт, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.А нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 0000 тоот дахь гэртээ эхнэр М.Отэй маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч П.А нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 0000 тоот дахь гэртээ өөрийн эхнэр хохирогч М.Отэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хувийн маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодод нь зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн нөхөр болох А болон 4 хүүхэд, бэр, ач хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 0000 тоотод амьдардаг юм... би нөхөр хүүхдүүдийн хамт хоолоо идчихээд 20 цагийн үед нөхөртэйгөө хамт 1 шил 0.5 литрийн экс нэртэй архийг хуваан уусан... тухайн үед нөхөртэйгөө архиа хувааж уучхаад дээр үеийн асуудлаас болоод хоорондоо маргалдаад 22 цагийн үед миний толгойны зулай хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон... миний зүүн нүд юм харахгүй байхаар нь айгаад түргэн дуудсан...”, “...манай нөхрөөс өөр хүн миний биед халдсан эсвэл би өөрөө унаж бэртсэн зүйл байхгүй... одоо бодоод байхад миний толгойн зүүн тал руу цохиж байсан юм байна лээ. Тэр үедээ их хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-14 дүгээр тал/,
- компьютерт томографын шинжилгээ /хавтаст хэргийн 47 дугаар тал/,
- шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн дүгнэлтэд дээрх гэмтлүүдийг хуучин гэж тусгаагүй. Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
- шинжээч эмчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1231 дугаартай дүгнэлт: “...М.Оийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний алим, дээд доод зовхинд цус хуралт, зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд ш¿¿ãäýã÷ П.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 0000 тоот дахь өөрин гэртээ хохирогч М.Отэй архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байх явцдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан, улмаар шууд санаатайгаар цохиж хохирогчийн эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүгдэгч П.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирогч гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулах нь тохирно гэж үзэн орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Хохирогч М.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч П.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар болон ямар нэг иргэний бичиг баримт хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Аыг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.Аыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ