| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0139/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/153 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/153
2023 03 02 2023/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Т.Э,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат,
улсын яллагч Л.Содбаяр нарыг оролцуулан эрүүгийн 2211021440033 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ө ургийн овогт Т.Э
Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хотын, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спорт цогцолбор” барилгын хажуу талын гудамжинд хохирогч Д.Ттай “машин зурлаа” гэх шалтгаар маргалдаж, улмаар биед нь гараараа цохиж хохирогчийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спорт цогцолбор” барилгын хажуу талын гудамжинд хохирогч Д.Ттай “машин зурлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар биед нь гараараа цохиж хохирогчийн бие махбодод нь баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна би нэг удаа гараараа толгой руу нь цохитол тэр хүний хөмсөгнөөс нь цус гараад байсан тэгээд тэр хүн цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
- хохирогч Д.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би .. өнөө өглөө 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд байх би ус аваад тэргэн дээр усаа тавиад явж байтал замыг машин таглаад тавьсны улмаас хажуугаар нь гарч чадахгүй байхаар нь машинаа холдуулаач гэтэл машин асахгүй байгаа юм гэхээр нь би хажуугаар нь өнгөртөл машины дугуйг нь зурчих шиг болсон Тэгтэл тэр залуу уурлаад машин зурлаа гэхээр нь би тэгвэл чи машинаа холдуулчих гээд маргаан эхэлсэн тэгээд бид хоёр барьцалдаж аваад тэр миний нүүр лүү гараараа 3 удаа цохисон. Маргалдаж байхад байгаагүй дараа нь өөр хүн ирсэн. Миний баруун хөмсөг сэтэрсэн байна гэсэн..., ...нийт 240,000 төгрөгийн зардал гарсан, би гаргуулж авмаар байна, би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал, 15 дугаар тал/,
- гэрч А.Үын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дахиж залгаад би хүнтэй маргалдаад цохичихсон чинь нөгөө хүн цагдаа дуудчихлаа гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,
- шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 15889 дугаартай “1 .Д.Тын биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд шарх, хамрын нуруунд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо,1. Шинэ гэмтлүүд байна, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, б.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Ш¿¿ãäýã÷ Т.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Спорт цогцолбор” барилгын хажуу талын гудамжинд хохирогч Д.Ттай “машин зурлаа” гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдсаж цохисоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэмт буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Т.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Т.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар
Хохирогч Д.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед 240.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь 140.000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн зүгээс Эрүүл мэндийн даатгалын санд 349.000 төгрөг төлсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Тын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Эыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Эыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ