Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2025/0310

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х

Нэхэмжлэгч: “Ө” ХХК

Хариуцагч: Сангийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2025/0138 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Д.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0032/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө” ХХК нь Сангийн сайдад холбогдуулан “Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2025/0138 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1, 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Давж заалдах гомдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээр гаргаж байгаа.  Гомдлын 2 дахь үндэслэлийг давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарлачихсан учраас эхний үндэслэлийнхээ тухай дэлгэрэнгүй тайлбарлаад явъя. Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалаар тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан этгээдийн жагсаалтад бүртгэх шийдвэр гараад тухайн өдрөө буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс “Ө” ХХК нь тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарласан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэгдсэн. Энэ 182 дугаар тушаалын үндэслэлээ Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн. Тус дүгнэлтийн 3.2 дахь хэсэг дээр “Ө” ХХК-г тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг Сангийн яаманд хүргүүлж байна гэж тусгасан. Энэ нь тухайн үедээ сангийн сайдад уг саналаа хүргүүлсэн болохыг туйлын тодорхой илэрхийлж байгаа. Мөн захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэгт шуурхай, тасралтгүй байх нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим гэж тусгасан. Улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойшоо 9 сарын хугацааны дараа Сангийн сайдын 182 дугаартай тушаал гарч байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан шуурхай, тасралтгүй байх зарчмыг зөрчсөн. Мөн холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байгаа. Зөрчсөн хууль тогтоомжуудын тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Тус зохицуулалт дээр санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэх шийдвэр гаргана гэж заасан. Энэ 15 хоногийн хугацааг үзэх юм бол Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гараад тухайн үедээ хүргүүлээд, үүнийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөр гэхээр 2024 оны 02 дугаар сард хуулийн зохицуулалтын дагуу тухайн тушаал нь гарах ёстой байсан. Гэтэл энэ хугацаагаа хэтрүүлээд бүхэл бүтэн 9 сарын дараа тушаал гаргаж байгаа нь өөрөө манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль зөрчсөн шийдвэр болж байна гэж үзэж байгаа.

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар улсын байцаагчийн дүгнэлтийг Сангийн яам хэзээ хүлээж авсан талаарх баримтыг гаргуулахаар шийдвэрлээд шүүх хуралдаан нэг удаа хойшилсон. Үүнтэй холбоотой баримтыг Сангийн яамнаас гаргаж өгөхдөө яг хэзээ гардаж авсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт улсын байцаагчийн дүгнэлтийг Сангийн сайд хүлээж аваад 15 хоногийн дотор тушаал нь гарсан юм гэдгийг нотлох ямар ч баримт байхгүй байхад анхан шатны шүүхээс 15 хоногийн хугацааг хэтрүүлж шийдвэр гаргасныг хаацайлсан дүгнэлт гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Хариуцагч Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/1093 дугаартай албан бичиг дээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах боломжтой 3 сарын хугацаа дуусгавар болсон тул жагсаалтад бүртгэсэн гэж дурдаад шүүхийн шийдвэрийн 14 дэх хэсэг дээр байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргах боломжоор хангасан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна гэдэг дүгнэлтийг өгсөн. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт заасан хугацаа бол гомдол гаргах хугацаа биш. Гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах боломжтой хугацаа байгаа. Өөрөөр хэлбэл гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах хугацааг өнгөртөл захиргааны байгууллага шийдвэр гаргах гаргахгүйгээр, хүлээхгүйгээр шийдвэрээ гаргадаг. Энэ талаар ямар нэгэн байдлаар хуульд зохицуулсан зохицуулалт байхгүй. Үнэхээр Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасан хугацааг оруулаад тооцсон ч гэсэн энэ хугацаа бол 3 сар, 10 хоногийн л хугацаа өнгөрөх ёстой. Тэгэхээр бүхэл бүтэн 9 сарын дараа гарч байна нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа. Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарласан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэж байгаа нь өөрөө Сангийн сайдын тушаал гарснаас хойшоо 3 жилийн хугацааг тоолох үр дагавартай. Сангийн сайд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд шийдвэр гаргаж байгаа бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан ажлын 15 хоногоос хэтрүүлэхгүйгээр шийдвэрээ гаргах ёстой. Энэ хугацаа 2024 оны 02 дугаар сард байх ёстой байсан боловч 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр буюу 9 сарын дараа тушаал гаргаж байгаа хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа. Энэ талаар өмнө нь шийдсэн буюу яг энэ манай тохиолдолтой ижилхэн кэйсийг Улсын дээд шүүхээс шийдвэрлэсэн тогтоол байгаа. Энэ нь Улсын дээд шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 0057 дугаартай тогтоол байдаг. Энэ хэргийн агуулга нь манай компанид үүссэн нөхцөл байдалтай ерөнхийдөө ижилхэн байгаа. Тухайн нэхэмжлэгч нэмээд байцаагчийн дүгнэлттэйгээ маргасан юм байна. Уг тогтоолын тогтоох хэсгийн 21, 22, 23 дугаар зүйлд улсын байцаагчийн санал гарснаас хойшоо 3 сарын дараа Сангийн сайд тушаал гаргасан нь хугацаа хэтэрсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ гэж дурдсан байдаг. Одоо манай энэ маргаан бүхий тохиолдолтой холбоод тайлбарлах юм бол Сангийн сайдын тушаал гарсан өдрөөс эхлээд 3 жилийн хугацаа тоолох үр дагавартай. Энэ тохиолдолд буюу манай тохиолдолд 2024 оны 01 дүгээр сард улсын байцаагчийн дүгнэлт гараад, эндээс 15 хоногийн хугацаа тоолбол 2024 оны 02 дугаар сараас эхлээд 3 жилийн хугацааг тоолох боломжтой. Гэтэл 9 сарын дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн хугацаа тоолж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна гээд Улсын дээд шүүхийн тогтоолын 23 дахь хэсэг дээр Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол байгаа. Дээрх нөхцөл байдлуудаас харах юм бол Сангийн сайдын 182 дугаартай тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан ажлын 15 хоногийн дотор тушаал гаргах ёстой гэсэн хугацааг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх, зорилгодоо нийцсэн байх нь захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчим байна гэсэн зарчмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт хууль буюу хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж хуульчилсныг зөрчсөн ийм тушаал байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатын шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШТ/214 дүгээр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал Ч.Чыг үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан ЭМЯ/202101*** дугаартай тендерт оролцохдоо эрх олгосон баримт бичиг болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт баригдсан 5 давхар 10 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан гэх улсын комиссын актыг хуурамчаар үйлдэж ашигласан, мөн Засаг даргын Тамгын газраас зарласан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засварын ажлын ДУАОНӨГ/202203074/***** дугаартай тендерт оролцохдоо хуурамч НӨАТ-ын баримт ашигласан болохыг тогтоож, шийтгэл оногдуулжээ.

2.2. Уг шийтгэх тогтоолыг үндэслэн Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч “Ө” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх хэсгийг үндэслэн “Ө” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх талаарх “Хяналт шалгалтын тухай” 02 дугаар дүгнэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байна.

2.3. Улмаар дээрх санал, дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ө” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаатай бүртгэжээ.

3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШТ/214 дүгээр шийтгэх тогтоолыг үндэслэн Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Хяналт шалгалтын тухай” 02 дугаар дүгнэлтийг гаргаж, Сангийн яаманд хүргүүлсэн үйлдэлтэй маргаагүй.

3.1. Харин Сангийн сайд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалаар нэхэмжлэгч “Ө” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн шийдвэр гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргасан.

3.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 56.6.1-д “энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах”, 56.8-д “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана” гэж тус тус заасан.

3.3. Гэтэл Сангийн сайд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлт, саналыг хүлээн авснаас хойш 9 сарын дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаал гаргасан нь дээр дурдсан хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн, тодруулбал хуульд санал дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор шийдвэр гаргахаар хуульчилсан байхад 9 сарын дараа шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохоос гадна хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, шуурхай тасралтгүй байх үндсэн зарчмыг зөрчсөн байна.

4. Гэтэл анхан шатны шүүх “... хуульд улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал гаргах хугацааг тодорхой тогтоож хуульчлаагүй байх бөгөөд нэхэмжлэгч “Ө” ХХК-д улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргах боломжоор хангасан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна ... худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн гаргасан маргаан бүхий Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай тушаалын нэхэмжлэгч “Ө” ХХК-д холбогдох хэсэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

4.1. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар тогтоолоор “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд “...улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаар санал гарснаас хойш 3 сарын дараа Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 180 дугаар тушаал гарсан байгаа нь хугацаа хэтэрсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчжээ” гэж дүгнэж, Сангийн сайдын 2023 оны 09 дүгээр 13-ны өдрийн 180 дугаар тушаалын “Н” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4.2. Улсын дээд шүүхийн тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг тайлбарлан хэрэглэсэнтэй анхан шатны шүүхийн дүгнэлт агуулгын хувьд зөрүүтэй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 124/ШШ2025/0138 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.5.1, 56.6, 56.6.1, 56.8, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 182 дугаар тушаалын “Ө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ