Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0841

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: АА ХХК

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Г

Гомдлын шаардлага: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах улсын байцаагч Д.Гийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 0006619 дугаартай шийтгэлийг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, хариуцагч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч АА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдлын тайлбартаа: ...АА ХХК нь Нийслэлийн Хан-Уул 4-р хорооны нутаг дэвсгэрт "Дээдсийн өргөө" орон сууцны хотхоны барилга угсралтын Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Барилга бүтээн байгуулалтын ажлын явцад нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах зорилгоор ногоон байгууламж болон авто замыг шинээр барьж гүйцэтгэсэн. Гэтэл Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Г нь зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Манай компани уг бүтээн байгуулалтын ажлыг 2021 оны 05 сарын 17-ны өдөр "Гашууны гол ХХК-тай "Барилгын автозамын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж уг ажил нь гэрээнд заасны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эхлүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т "Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасан байх тул манай компанийн гаргасан зөрчил нь 2021 оны 05-р сарын 19-ний өдөр үйлдэгдсэнд тооцно. Монгол Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байтал Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч манай компанийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн Д.Гийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 0006619 дугаартай шийтгэлийг хүчингүй болгож , зөрчлийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн, шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Г нь " Алтан жолоо трейд " ХХК - иас 2021 оны 08 дугаар сарын төлөвлөлтийн талбай руу 941м.кв-аар нэвтэрч орсон нь геодезийн хэмжилтийн зургаар 03 - ны өдрийн 480 тоот албан бичгээр ирүүлсэн " АА " ХХК нь манай нотлогдож байгаа тул зөрчлийг шалгаж хуулийн дагуу арга хэмжээ авах тухай " гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 01/127 дугаар удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "АА" ХХК, "Алтан хороо трейд ХХК-ийн газар эзэмшил, ашиглалт, барилга байгууламжийн төлөвлөлтийн Байдалд Газрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр газар дээр нь "АА" ХХК-ийн төслийн удирдагч 3.Төгөлдөр, Алтан жолоо трейд ХХК-ийн Барилга хариуцсан захирал Б.Болд, хуулийн зөвлөх Л.Энхжаргал нарыг байлцуулан геодезийн тусгай зөвшөөрөлтэй "Геомастер" ХХК-иар хэмжилт хийлгэж, үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналтаар Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 1780910282 дугаар нэгж талбартай иргэн Ё.Цэвэгмид, 1780910289 дугаартай нэгж талбартай иргэн Б.Баярмагнай, 1780910287 нэгж талбаруудтай 2100м.кв газрыг үндэслэн Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталж олгосон 2021.01.20-ны өдрийн ГБМЗХ2019/24-009 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө болон барилгын хөгжлийн төвөөс 2020.05.28-ны өдрийн 898/2020 дугаартай магадлал хийж батлагдсан үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө, мөн "АА" ХХК нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Яармаг орчмын ГХДТ-2020-01 багцын "Е" хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан талбайн хэмжээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, "Алтан жолоо трейд" ХХК-ийн эзэмшил газар руу 724.32 м.кв орсон зөрчил нь "АА 3 ХХК-ийн Дээдсийн өргөө хотхоны 1А , 1Б байрнуудын орон сууцны гадна зам талбайн гүйцэтгэлийн зураг дээрх давхцал зургаар тогтоогдсон.

Иймд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн тул Нийслэлийн Прокурорын газарт зөрчлийг бүртгүүлж, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулахад "АА" ХХК-ийн захирал Э.Лхагвасүрэн нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, мэдүүлэг, шийтгэлийн хуудас, даалгаврыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

Xop. "АА" ХХК нь иргэн Н.Нармандахтай "Ногоон байгууламжийн ажил гүйцэтгэх" 2020.04.01-ний өдрийн 03/2020 дугаар гэрээг байгуулсан байна. Тус гэрээнд 2020.04.01-ний өдрөөс 2023.03.31-ний өдрийг дуустал хугацаатай гэрээ байгуулсан, "АА" ХХК нь "Гашууны гол" ХХК-тай "Барилгын авто зам тохижилтын ажил гүйцэтгэх" 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 21/47 дугаартай гэрээг байгуулсан байна. Тус гэрээнд "Дээдсийн өргөө хотхоны асфальтбетон хучилттай зам талбайн ажил, явган хүний зам, авто замын хашлага хийж гүйцэтгэх, эхлэх хугацаа 2021.07.08-ны өдрөөс 2021.07.25-ны өдөр хийж гүйцэтгэхээр тусгагдсан ба гадна тохижилт хийсэн актыг 2021.07.26-ны өдөр үйлдэж, 2021.07.01 , 2021.07.09 1021.07.26 өдрүүдэд хийгдсэн ажлын фото зургуудаар баталгаажуулсан, мөн бусдын эзэмшил газар луу оруулан авто зам зогсоол, ногоон байгууламж барьсан зөрчил нь арилаагүй үргэлжилж байсан нь хяналт шалгалтын явцад нотлох баримтаар тогтоогдсон тул зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно" заалтад хамаарахгүй, харин 2.4 дүгээр зүйлийн 2 дахь "Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно" гэсэн гэж үзэж байна . Иймд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан хүсэлтэд дурдагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан заалтад хамаарахгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

АА ХХК нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах улсын байцаагч Д.Гийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 0006619 дугаартай шийтгэлийг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахаар гомдол гаргажээ.

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, гомдол гаргагч болон хариуцагчийн тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр АА ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах улсын байцаагч Д.Гийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0006619 дугаар шийтгэлийн хуудсаар АА ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлйн 1.3-т заасан зөрчил гаргасан гэж үзэж 5.000 нэгжээр буюу 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Андын зам констракшин ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 39.9 га талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Энэхүү ажлын явцад Дээдсийн Өргөө орон сууцны А,Б блокны барилга угсралтын ерөнхий гүйцэтгэлийн ажлыг хийж, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, ногоон байгууламж, авто зогсоол шинээр барьж гүйцэтгэсэн. Уг асуудал дээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Г нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан зөрчлийг үйлдсэн гэж 5 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Гэтэл манай компанийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж зааснаар 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Гашууны гол ХХК нь уг ажлыг эхлүүлж, хийж гүйцэтгэснээр зөрчил үйлдэгдээд төгссөн гэж үзэж байна. Мөн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Их Хурлаар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т энэ хуулийн 10.1-д зааснаас бусад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байх ба Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн шийтгэлийн хуудас нь үндэслэлгүй байна... гэж маргажээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Андын зам констракшин ХХК болон Гашууны гол ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр барилгын авто замын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, 5 дугаар сарын 19-ний өдрөөс ажил эхэлнэ гэж тусгасан байх ба 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр гэрээг дахин шинэчилсэн байдаг. Үүнээс үүдэн ажил эхлэх гэрээний дагуу Барилгын тухай хуулиар тухайн ажил заасан хугацаанд хийгдсэн хийгдээгүй гэх асуудал гарч ирж байна. Мөн тус гэрээнд 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Андын зам констракшин ХХК нь газрын шороог тэгшилсэн гэх ил далд ажлын акт үйлдэж, үүнээс хойш 7 дугаар сарын 26-ны өдөр асфальтан зам, талбайн бүтээн байгуулалтыг хийсэн ил далд ажлын акт үйлдсэн байдаг. Иймд тухайн ажил нь 5 дугаар сарын 19-ний өдөр бус 7 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн гэж харж байгаа ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн бол өршөөл үзүүлнэ гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч тал нь 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр газар шорооны ажил хийж эхэлсэн учраас өршөөл үзүүлэх боломжгүй юм... гэж маргажээ.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1-т ...Зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно гэж заасны дагуу манай компанийн зөрчил нь 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэнд тооцно гэж маргасан боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбаруудаас үзэхэд энэ нотлогдохгүй байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуулийн үйлчлэлд дараах хүн, хуулийн этгээд хамаарна, 3.1.3-т 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн, 12 дугаар зүйлийн 12.1 Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах тухай шийтгэх хуудас зэргээр тогтоогдсон байна гэж тус тус заажээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах улсын байцаагч Д.Гийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0006619 дугаар шийтгэлийн хуудаст хамаарах зөрчил нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй, өөрөөр хэлбэл дээр дурдсан хуулийн заалтаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байх шаардлагад нийцээгүй бөгөөд хуульд заасан хугацаанаас хойш тогтоогдсон байх тул АА ХХК-ийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д. Ганчимэгт холбогдуулан гаргасан  гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 12 дугаар зүйлийн 12.1-тзаасныг тус тус баримтлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ахлах улсын байцаагч Д.Гийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 0006619 дугаартай шийтгэлийг хүчингүй болгож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах

шаардлага бүхий АА ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч болон хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ