Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         02          17                                 2023/ШЦТ/137

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Хулан,

 шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2211021290057 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овогт Б.Б

Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 404 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 726 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

 

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сургуулийн 0000 тоот дахь гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шалтгаангүйгээр хамтран амьдрагч У.Аийн нүүр рүү гараараа 2 удаа цохиж, газарт унагаан эрүүл мэндэд нь уруул, дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуй, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сургуулийн 0000 тоот дахь гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шалтгаангүйгээр хамтран амьдрагч У.Аийн нүүр рүү гараараа 2 удаа цохиж, газарт унагаан эрүүл мэндэд нь уруул, дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуй, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан үйл баримт нь  хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах: 

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би эдгээр гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна..." /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

- хохирогч У.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оноос хойш Баярсайханы Б гэх хүнтэй хамтран амьдарч байгаа, бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, дагавар гурван охинтой... 2022 оны 11 дүгээр сарын 19:ний өглөө 05 цагийн үед ирээд гэртээ унтаж байгаад 12 цагийн үед тэр 2 гараад явсан байсан. Тэгээд 15 цагийн үед тэр хоёр согтуу нэг шил архитай орж ирээд уугаад байж байсан би толгойгоо угаагаад байж байтал манай бага 3 настай охин уйлсан чинь Б унтаж байгаад сэрээд танай гурван шээс чинь миний охиныг зодчихлоо гээд уурлахаар нь би уурлаад чи юу гээд байгаа юм бэ гэтэл миний дээрээс дараад юмаар цохисон, би юугаар гэдгийг нь мэдээгүй. Тэгээд миний толгойноос цус гарсан, янз бүрийн юм над руу шидээд цохиод байсан...” /хавтаст хэргийн 12-15 дугаар тал/,

- шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15895 дугаартай дүгнэлт: “...У.А-н биед уруул, дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун бугуй, нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй:..” /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 0000 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч У.Аийг шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон буюу шууд санаатайгаар хохирогчын эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч У.А: “...гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Б.Быг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Б.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Быг оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.БАТГЭРЭЛ