| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0170/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/208 |
| Огноо | 2023-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/208
2023 03 22 2023/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Ч.Б,
хохирогч Д.О,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2311000000011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ж овогт Ч.Б
Монгол Улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Кино зураглаач, дурсамж холбоонд зурагчин ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 178 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 12 дугаар сарын сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 0000 тоотод хамтран амьдрагч Д.Оын эрх, эрх чөлөөнд халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед зүүн баруун чихний дэлбэнгийн гүзээнд, доод уруулын дотор салстад шарх, баруун чамархай, хацар, дух, уруулын дотор салстад, зүүн ташаанд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 12 дугаар сарын сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 0000 тоотод хамтран амьдрагч Д.Отай гэр бүлийн маргаан, хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож түүний биед зүүн баруун чихний дэлбэнгийн гүзээнд, доод уруулын дотор салстад шарх, баруун чамархай, хацар, дух, уруулын дотор салстад, зүүн ташаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Ч.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өөрийнхөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
- хохирогч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 8-119 тоотод өөрийн нөхөр болон 7-9 насны хоёр хүүхэд болон 23 настай хүү цуг амьдардаг юм. Сүүлийн 4-5 хоног манай нөхөр Б Согоотын 0000 тоотод байх манай нөхрийн нэр дээр байдаг хашаа байшинд манай нөхөр сүүлийн архи согтууруулах ундааны зүйл ганцаараа уугаад байгаад байгаа юм. ... Өнөөдөр би гэртээ 2 бага хүүхдийн хамт байж байтал нөхөр Б гаднаас ганцаараа халаасандаа архи хийсэн байдалтай орж ирээд, 13 цагийн үед орж ирээд, манай нөхөр охин Хулантай цуг дэлгүүр орохоор гарч яваад, буцаж орж ирээд, би хойшоо явж унтлаа гэж гарч явчхаад, удалгүй буцаж ирээд хаалга хүчтэй нүдээд байхаар нь нээтэл Б согтуу байдалтай, хөл дээрээ тогтож чадахгүй байдалтай орж ирээд, та муу хоёр намайг дээрэлхэж байна гээд миний дагавар хүү 23 настай О.Буянтогтохыг гараа цохиж унагаагаад, миний зүүн шанаа руу цохиход би угаалтуур мөргөж унаад, тэгтэл намайг үсдэж чирээд дрож руу аваачаад, түлхэж унагаагаад миний хэвлийн хэсэг рүү өшиглөөд, дээр гарч суугаад, нүүр лүү 2 гараараа ээлжилж цохиод, байсан ба миний үс арзайж нүүрний урдуур ороод байсан ба гараа сунгаж байгаад ширээн дээрээс гарт баригдсан нэг юмаар толгой руу нь цохисон . Тэгтэл миний цохисон юм маань алга болчихсон . Юу байсныг мэдэхгүй байна. Тэгээд дахиад гараараа тэмтэрч байгаад дахин нэг удаа өмнөх цохисон юмаараа цохисон. Тэгтэл Бийн толгойноос цус гараад, над дээр дуслаад байсан. Тэгээд би арайхийж босож ирээд, дээрээс нь биеэрээ дараад, куртикээр нь толгойг нь ороогоод охин Хулангаараа цагдаа дуудуулаад, цагдаа ирэх хүртэл хэвтээд байж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-12 дугаар тал/,
- насанд хүрээгүй гэрч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хариулт: Би 08 цагт хичээлдээ явахад ээж хүргэж өгөөд, хичээлээ тарахад мөн ээж маань намайг ирж авдаг. Би гэртээ дүү ээж аавтайгаа хамт амьдардаг. Тэр өдөр хичээлээ тараад ээж намайг ирж аваад, гэртээ хариад байж байсан чинь манай аав Б согтуу орж ирээд, уурлаад, агсам тавиад, ээжийг загнаад, манай ээжийн гэдэс рүү нь бас толгой, мөр лүү нь гараараа цохиод байсан. Тэгээд ээж намайг цагдаа дуудаарай гэхээр нь би ээжийн утсаар цагдаагийн 102 дугаар луу залгаад, манай аав архи уугаад ээжийг зодоод байна гээд хэлсэн. Тэгээд цагдаа нар ирээд болиулсан юм. Би цагдаагийн байгууллагын утсыг мэднэ. Тийм болохоор залгасан. Тухайн үед манай гэрт манай дүү Анар , аав , ээж нар байсан юм. Бука агаа тухайн үед гэртээ байгаагүй. Бука гэж Буянтогтох ахыг товчилж дууддаг юм. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дүгээр тал/,
- эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан талаарх мэдээлэл, баримтууд /хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,
- иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдын №16544 дугаартай 2022 оны 12 сарын 20-ны өдрийн "...Д.Оын баруун чихний дэлбэн гүзээнд, доод уруулын салстад шарх, баруун чамархай, хацар, дух, уруулын баруун дотор салстад, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. Дээрх гэмтэл нь нэг хоногийн дотор үүссэн байна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Шүүгдэгч Ч.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 0000 тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий албан ёсны баталгаагүй ч эхнэр болох хохирогч Д.Оын биед халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож шууд санаатайгаар хохирогчын эрүүл мэндийн аюулгүй байдалд нь халдаж бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан нийгэмд аюултай гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 800 нэгжээр торгох ялаар шийтгэж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч Ч.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нь хохирогч Ч.Бийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 257.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ч.Баас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь саналыг харгалзан 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Ч.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ч.Бийг торгуулийн ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Баас 257.000 /хоёр зуун тавин долоон мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ