| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2023/0117/Э |
| Дугаар | 2023/ ШЦТ/155 |
| Огноо | 2023-03-02 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2023/ ШЦТ/155
2023 03 02 2023/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Л.Содбаяр,
шүүгдэгч Т.Э,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр,
хохирогч С.О,
гэрч Т.Э,
нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2211012351680 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овгийн Т.Э
Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.Э нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун модны задгай тоотод байх С.Оын эзэмшлийн 0000 УЕА улсын дугаартай “Тоёота Пассо” загварын тээврийн хэрэгслийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар санаатай галдан шатааж гэмтээсний улмаас С.От 7,036,680 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
А. Шүүгдэгч Т.Э нь 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуун модны” задгай тоотод байх хохирогч С.Оын эзэмшлийн 0000 УЕА улсын дугаартай “Тоёота Пассо” загварын тээврийн хэрэгслийг галдан шатааж гэмтээсний улмаас хохирогчид нийт 7,036,680 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт бичгээр авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирлоо бүрэн барагдуулсан байгаа, би гэм буруугаа ойлгож ухамсарлаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дүгээр тал/,
- хохирогч С.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хашааг эзгүй үед эргэж тойрдог Эын дүү Э гаднаас нэлээдгүй согтолттой орж ирээд “Та нар яагаад мэдэгдэхгүй ирж байгаа юм бэ” гэхээр нь би "чамтай ярихгүй, би Э ахтай чинь ярина, чи гэртээ орж унт" гэсэн чинь Э гэрлүүгээ орчихсон. Тэгээд хэсэг хугацааны дараа урд айлын танихгүй хүн цонх цохиод “гадаа машин чинь шатаад байна” гэхээр нь гараад хартал манай байшингийн зүүн урд буланд байсан миний 0000 УЕА улсын дугаартай “Тоёота пассо” загварын машин баруун талын гол хэсгээсээ эхлээд шатаад эхэлсэн байсан. Энэ асуудлаас болоод хажуу айл руу ороод Э байгаа эсэхийг асуух гэтэл байхгүй байсан...Би Э шатаасан гэж бодож байна. Яагаад гэвэл тухайн хүний ах Э гэх хүн манай дүү гэрийн шалан дээр хөнжил шатаачхаад машин руу чинь шидчихсэн гэх утгатай юм тэр орой хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дүгээр тал/,
- гэрч Т.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шөнө 00 цагийн үед ирэхэд манай гадаа галын машин болон цагдаагийн машинууд ирчихсэн байсан бөгөөд манай дүүг хайгаад хүмүүс надаас "дүү чинь хаана байна" гэж асууж байсан. Тухайн үед би гэрлүүгээ ороход пийшингийн урд талд хулдаас бага зэрэг шатчихсан. Манай орон дээр байсан цагаан өнгийн хөнжил байхгүй байсан. Тэгээд би гараад 00 орох гэж байхад жорлонгийн хажуу талд Э их хэмжээний согтолттой тасарчихсан хэвтэж байсан...Манай дүү тухайн хүмүүстэй тэр өдөр яаж харилцсан талаар мэдэхгүй байна. Манай хашаанд Э ганцаараа үлдсэн, манай хашаанд өөр хүн байгаагүй. Гэрийн хулдаас яагаад шатсан талаар мэдэхгүй байна, хүн л санаатай асаахгүй бол хулдаас шатах боломжгүй. Одоо хөнжил хаана байгааг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар тал/,
- Дамно хөрөнгийн үнэлгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ЧД2-22-808 дугаартай “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь ...нийт 7.036.680 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-31 дүгээр тал/,
- Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 211/1158 дугаартай “...Хэргийн газрын үзлэг, хэргийн газрын материалаас үзэхэд гал гарсан шалтгаан нь ил галын нөлөөгөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. /Ил гал гэдэгт асаасан лаа, асаасан тамхи, асаасан чүдэнз, галын цог, ил задгай үнс нурам, болон бусад ил задгай галыг тооцно/. Гал түймрийн голомт нь автомашины баруун талын доод хэсгээс үүсвэрлэн гарч шатах материалаар дамжин тархсан байна...Уг гал нь цахилгаан бараа, техник зэргээс үүдэн гарсан гэх шинж тэмдэг илрээгүй. Тухайн автомашины баруун талын доод хэсэгт шатах материал тавьж ил галаар асаасан байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 3690 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай дутуу шатсан зүйл, мөнгөлөг өнгийн чийгээс хамгаалах материал мэт зүйл, дутуу шатсан хөвөн даавуу тус бүр зүйлсээс шатах тослох материалын агуулга илрээгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Б. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Гэмт этгээдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “ эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үйлдсэн” гэж хуульчлан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэхдээ: гэмт этгээд нь анхнаасаа хоёроос дээш хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах сэдэлт, санаа зорилготой байх гэмт хэргийн субьектив талын шинжийг хангасан байх ба мөн санаа зорилгоос үл хамаарч тэсэрч дэлбэрэх зүйл хэрэглэх, галдан шатаах, химийн хортой бодис хэрэглэх зэрэг аргаар үйлдсэнийх нь улмаас хоёроос дээш хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хор уршиг учирсан эсэх хэргийн обьектив талын шинж хангагдсан байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзвэл зохилтой.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлан шүүх хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхэд: шүүгдэгч Т.Э нь олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах сэдэлт зорилготой байсан нь тогтоогдохгүй, түүний үйлдлийн улмаас зөвхөн хохирогч С.Оын өмчлөлийн тээврийн хэрэгсэл шатаж гэмтсэн хор уршиг учирсан, тээврийн хэрэгсэл дангаараа зуслангийн зориулалттай ил задгай газар талбайд байсан, тээврийн хэрэгслийг шатаахдаа шатах тослох материал хэрэглээгүй / Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 3690 дугаартай дүгнэлт/ зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг үндэслэн шүүгдэгчид Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн обьектив талын шинж хангадаагүй тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
В. Шүүхийн хуралдааны гэм буруугийн дүгнэлтийн үе шатанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс: “...санаатай тээврийн хэрэгслийг шатааж гэмтээгээгүй, Т.Э нь талийгаач ээжийнхээ хэрэглэж байсан хөнжлийг шатаах явцдаа гал алдсан, санаатайгаар шатаагаагүй...” гэх агуулгаар гэм буруугийн талаар санал гарган мэтгэлцсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э нь: “Би 2022 оны 07 сарын 11-ний өдөр хөдөөгөөс орж ирээд ээжийнхээ 10 гаруй жил амьдарсан Чингэлтэй дүүргийн 19-р хороонд байрлах хашаа байшинд очсон. Ээж нас барахаасаа өмнө Сэлэнгэд дүү дээр байж байгаад өнгөрсөн. Ламд үзүүлж ээжийн алтан хайрцгийг нь нээлгэхэд ээжийнхээ эд зүйлийг шатаа, тэнгэрт байгаа хүмүүс өөрийнхөө эд зүйлийг нэхдэг юм гэж хэлсэн. Би 07 сарын 11-ний өдөр хотод ахындаа ирээд 07 сарын 12-нд 5-ын даваа үзэж суухдаа 10 хуушуур, нэг шил архитай уусан. Би нээх архи уудаггүй, тэр архиндаа согтсон. Би ээжийнхээ хөнжлийг шатаая гээд бодолтой хотод орсон байсан. Би Оыг танихгүй, ямар ч өс хонзонгийн санаа байгаагүй. Би согтуудаа хөнжлийг гаргаад гадагшаа шидсэн гэж ойлгож байна. Би машин руу шидсэнээ санахгүй байна. Шөнийн 12 цагт цагдаагийн машин ирэхээр нь юу болсон юм бол гээд өөрөө очсон. Би санаатай үйлдээд, зугтаж оргон зайлаагүй. Хийсэн үйлдлээ сайн санахгүй байна” гэж мэдүүлжээ.
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шиг үйл баримт болсон нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч тухайн үед их хэмжээний согтолттой байсан ба хийсэн үйлдлээ санахгүй байгаа нь өөрийнх нь мэдүүлэг болон бусад гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн шашин болон зан үйлийн холбогдолтой үйлийг хотод ирсэн өдрөө биш, маргааш нь согтуудаа шөнийн цагаар хийсэн ба эд зүйлийг гэртээ эхэлж шатаагаад, улмаар авч гарч зориуд хохирогчийн өмчлөлийн машины баруун доод хэсэгт аваачиж тавьсан үйл баримт тогтоогдож байна. Мөн уг үйл явдал болохоос өмнө шүүгдэгч Т.Э нь хохирогч С.Отай үл ойлголцлын хоорондын харилцаа үүссэн байсныг хэн аль нь мэдүүлж байна. Тиймээс Т.Эыг санаатай шатаасан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэн өмгөөлөгчийн гаргасан дээрх санал няцаагдаж байна гэж үзэв.
Г. Шүүгдэгч Т.Эын 2022 оны 07 дугаар сарын 12-ны орой 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зуун модны” задгай тоотод байх хохирогч С.Оын эзэмшлийн 0000 УЕА улсын дугаартай “Тоёота Пассо” загварын тээврийн хэрэгслийг санаатай шатааж гэмтээсний улмаас С.От нийт 7,036,680 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Т.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл бадал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжээр торгох ял оногдуулж, уг торгох ялыг орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Оын “... хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогчид хөнгөн ял оногдуулж өгнө үү... ” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Т.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрсний дээж, чийгээс хамгаалах материал мэт зүйл 1 ширхэг, дутуу шатсан хөвөн даавуу 1 ширхэг зэрэг зүйлс нь дахин ашиглагдах боломжгүй тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Б овогт Т.Эад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Б овогт Т.Эыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эад 1500 /мянга таван зуун/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Эыг торгуулийн ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрсний дээж, чийгээс хамгаалах материал мэт зүйл 1 ширхэг, дутуу шатсан хөвөн даавуу 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ