Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2023/ ШЦТ/205

 

 

 

 

 

 

 

 

    2023         03         21                                   2023/ШЦТ/205

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

насанд хүрээгүй хохирогч У.Д,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У,

шүүгдэгч Ц.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Дуламсүрэн,

нарийн бичгийн даргаар Б.Цэрэнбат нарыг оролцуулан эрүүгийн 2203007190036 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Г овогт Ц.А

Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Блюбус ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... дугаар сургуулийн баруун талын автобусны буудлын зам дээр, “Hyundai aero city-540” маркийн 0000 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4-т жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй У.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн баруун талын автобусны буудлын тээврийн хэрэгсэл зорчих замд “ Хюндэй аэро сити-540 /Hyundai aero city-540/ ” загварын 0000 УБЗ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар зам хөндлөн гарах гэж байсан насанд хүрээгүй хохирогч У.Дыг мөргөж бие махбодод нь дух, суурь яс, зүүн нүдний дээд, дотор, доод хана, зүүн хоншоор ясны нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, хатуу хальсан дээрх голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт  зэрэг хүнд гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- шүүгдэгч Ц.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ял сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дугаар тал/,

- насанд хүрээгүй хохирогч У.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хичээлээ тараад гэртээ харьчихсан байж байгаад 2-р ангийн дүү Наранхүүг сургуулиас нь авахаар гэрээсээ 17 цагийн үед ганцаараа явган алхаж яваад ...-р сургууль орчхоод дүүгээ авчхаад түүнтэй хамт гэртээ харихаар явсан. Сургуулийн баруун талд байдаг автобусны буудлын явган хүний гарцтай хэсгээр зүүнээс баруун тийш зам хөндлөн гарах гэж явахдаа автобусанд мөргүүлсэн байсан. Бусад зүйлийг сайн санахгүй байна. Нэг сэрэхэд л гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Дүү надаас нэлээн зайтай ард явж байсан болохоор автобусанд мөргүүлээгүй. Би гарцаар гарахдаа гүйж гарсан бөгөөд автобус яг аль хэсгээр мөргөснийг мэдэхгүй байна...Гэрлэн дохиогүй гарц байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн: “У.Дын биед дух, суурь яс, зүүн нүдний дээд, дотор, доод хана, зүүн хоншоор ясны нийлмэл хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, хатуу хальсан дээрх голомтлог няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, духны шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 59-61 дүгээр тал/,

 - 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

- хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 13 дугаар тал,15 дугаар тал/,

- эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17 дугаар тал/,

- тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Н.Дашдондогийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 49 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 75 дугаар тал/,

- техникийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 999 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 68-73 дугаар тал/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.А нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэндийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган хүний гарцаар зам хүндлэн гарах гэж байсан насанд хүрээгүй зорчигчийг мөргөж бие махбодод нь хүнд гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.        

Тиймээс шүүгдэгч Ц.А нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар сургуулийн баруун талын автобусны буудлын тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн  замд “Хюндэй аэро сити-540 /Hyundai aero city-540/” загварын 0000 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4-т жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч болох насанд хүрээгүй хохирогч У.Дыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан 1 жил 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх ба Зорчих эрхийг хязгаарлах ялын зорилт, биелэлтийг хангуулах зорилгоор Ц.Аг зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихгүй байхаар хязгаарлалт тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч У.Дд учирсан хохирлыг шүүгдэгч Ц.А нь төлж барагдуулсан байх тул  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Ууганбилэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяа нь насан хүрээгүй хохирогч У.Дын эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.853.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ц.Агаас гаргуулахаар шийдвэрлэж, өөрийнх нь санал, дээрх төлбөр төлөгдөх боломжит хугацааг шүүх харгалзан 1 жилийн хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх хэргийн хамт шүүхэд ирээгүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Г овогт Ц.Аг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа сарын хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аг зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс өөр газар зорчихыг хязгаарлаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан эрх хасах ялыг, зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Агаас 1.853.000 /нэг сая найман зуун тавин гурван мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ жилийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

           

8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Энэ хэрэгт иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 2 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

           

11. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.БАТГЭРЭЛ