Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 303

 

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 1 дүгээр хэсэг 074 тоотод оршин суух, эрэгтэй, одоо Дархан нэхий ХК-ний Түүхий эдийн цехэд арьс бэлтгэгч ажилтай Сонгоол овогт *******ийн Гантулгын /*******/ нэхэмжлэлтэй:

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 2 дүгээр хэсэг 205 тоотод оршин суух, эмэгтэй, Сант амралтын газарт гэрийн үйлчлэгч ажилтай Боржигон овогт *******ын *******т /******* / холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.******* бид хоёр 2016 онд танилцан 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү ******* төрсөн. Б.******* нь 2018 оны дундуураас хойш хүүдээ тавих анхаарал халамж нь муудсан. Тухайн үед надаас өөр хүнтэй болсон байсан. Хүү маань бид хоёрын дунд ирж очоод явдаг байсан. Надад хүүхэд авчирч өгөх болгонд ямар нэг байдлаар өвчин туссан ирдэг. Тухайлбал: ханиад хатгаа гэх мэт. Хүү маань над дээр байхад хүүгээ авч яваад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр халуун тогоонд буцалж байсан зүйлд түлчихээд надаас нуугаад 4-5 хоносон байсан. Тухайн үед хүүгий минь амь насанд аюул учрах боломжтой байсан. Энд нэгдсэн эмнэлэгт хэд хоног хэвтэж байгаад яаралтайгаар Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгийн сэхээний тасагт хэвтэн хагалгаанд орсон. Б.******* нь хүүхэддээ хандах хандлага, анхаарал халамж муу тавьдаг, хүүхдийнхээ амьдрах нөхцөлд анхаардаггүй, өсгөн хүмүүжүүлэх тал дээр учир дутагдалтай байдаг. Тэгээд ч Б.******* нь одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа учраас би хүүгээ хойд эцгийн царай харуулмааргүй байна. Цаашид миний хүү байнгын эмчилгээ хийлгэн, арьс нөхөх хагалгаанд орох учраас миний асрамжинд хүү *******ийг өгч хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү.

Бид хоёр хүүгээ нэг нас хүртэл нь хамтран амьдарч байсан. Би амьдралынхаа төлөө ажил голохгүй хийдэг байсан. Сэлэнгэ аймагт Алтан тариа ХХК-нд 9 жил ажилласан. Б.******* надаас байнга л мөнгө төгрөг нэхэж, хардаж дарамталдаг байсан.

Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд хүүгээ аавд нь өгөхгүй гэж бодож байна. Би одоо хамтран амьдрагчтай болсон, цаашид хүүгээ тэжээн тэтгэх чадвартай болсон гэж үзэж байгаа. Би хүүхдээ албаар түлсэн зүйл байхгүй, Өөрийн санамсар болгоомжгүйгээсээ болсон. Тухайн үед О.*******д хэлэх гэсэн боловч би өөрөө маш их айсан, утсаар ярих боломж байгаагүй учраас 4 хоногийн дараа эгчид нь хэлсэн. Хүүгээ халуун тогоонд түлчихээд хүйтэн усанд дүрээд тэгээд түргэн дуудаж эмнэлэгт хэвтсэн. Хүүгээ О.Гантулгын асрамжинд өгмөөргүй байна. Хүүг минь ээж шиг нь асарч, харж чадахгүй гэж бодож байна. О.******* өөрөө ажилтай учраас хүүг минь харах боломжгүй одоо харж байгаа эгч нь харна ш дээ. Хүүхдээ өөр дээрээ авмаар байна. Миний хувьд тусдаа гараагүй, эгч, дүүтэйгээ хамт амьдардаг. Намайг ажилд явсан хойгуур манай эгч хүүхдийг минь харах боломжтой. Хэрвээ надад хүүг минь өгөхөөр шийдвэр гарвал би Сэлэнгэ аймагтаа ирээд амьдарч хүүхдээ харна. Хүүг минь миний асрамжинд үлдээж өгнө үү.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б.******* нарын хүүхдийн асран хамгаалагч тогтоох шинжээчийн ерөнхий дүгнэлтээс:

...О.*******, Б.******* нарт Эцэг, эх асран хамгаалагчийн сэтгэл зүй, зан төлөв, хувийн байдал, эцэг, эх хүүхэддээ хандах хандлага,хүмүүжлийн арга барил тестийн судалгаа, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хийж *******өд ажиглалтын ажиллагаа хийгдсэний үндсэн дээр дараах тайлбар, дүгнэлтийг шинжээчийн баг гаргаж байна.

Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Б.******* нарт гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ хйихэд аль аль тал нь хүүхэд амьдрах, хөгжих таатай орчин бүрдээгүй, эмх цэгцгүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үзүүлэхээр бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй байна. *******ийн эрүүл мэндийн байдал муу, нуруу болон бөгс, хөл хэсгээр битүү түлэгдсэн 20 хувийн /Б-3/ түлэгдэлтэй байна.

Б.*******ийн зүгээс хүүхдийн эрүүл мэндийг ийм байдалд хүргэсэн нь хүүхдэдээ хандах хандлага, хараа хяналт сул дутмаг, эцэг эхийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, ойлголт дутмаг байгаа нь тодорхой байна.

О.Гантулгын зүгээс хүүхдэдээ хараа хяналт, хайр халамж, санхүүгийн дэмжлэгийг хангаж анхаарал тавьдаг. О.******* нь Дархан хотод ажиллаж ******* хүүгийн эмчилгээний өндөр зардал, шаардагдах хэрэгцээний мөнгийг олж байгаа учраас одоогоор нагац эгч Д.Алтанчимэг, нөхөр Д.Жаргалсайхан нарын хараа хяналтад гэрт нь амьдарч байна.

******* нь 2 настай тест авах насанд хүрээгүй учраас ажиглалтын аргаар судалгааг авсан болно.

******* нь аавдаа ээнэгшин дассан, аавтайгаа дотно харилцаатай. Авга эгч Д.Алтанчимэг, нөхөр Д.Жаргалсайхан нарт хандах хандлага эерэг байгаа нь ажиглагдсан.

Судлуулагчийн *******ийн ажиглалтын үр дүнгээс үзвэл гэр бүлийн гишүүд дундаас аав болон авга эгчтэй харилцах харилцааны эерэг үзүүлэлттэй нь харагдаж байна.

О.*******, Б.******* нар нь тусдаа байснаас хойш ******* нь ээжтэйгээ байсан боловч хараа хяналт сул байснаас хүүхэд түлэгдэж, эрүүл мэндээр хохирсон.

Тиймээс аавтайгаа амьдарч буй нөхцөл байдал нь хүүхдийн эрүүл мэнд, анхааралд сайнаар нөлөөлж, ******* нь аав О.*******, авга эгч Д.Алтанчимэг нарт ээнэгшин дассан байна.

...Шинжээчдийн баг шинжээчдийн үйл ажиллагааны явцад гарсан асуулга, шүүхийн журмаар гэр бүл цуцлахад хүүхдийн асран хамгаалагч тогтоох нэгдсэн арга зүй, нөхцөл байдлын үнэлгээ, баримт судалгааны үзүүлэлт, хүүхдийг ажиглалтын аргын судалгаанаас үзэхэд аав илүү анхаарал халамж давуу байгаа учир хүүхдийг аавын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залучуудын хөгжлийн газар-н 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 190 дугаартай Илтгэх хуудас-аас:

...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхоны 6-1-74т тоотод орши н суугч О.Гантулгын гэрт 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт очиж нөхцөл байдлын үнэлгээ, эцэг эх асран хамгалагчдын сэтгэл зүй, зан үйлийн хандлага, харилцааны төлөв байдлын оношлогоо хйиж ажилласан.

Шинжээчийн багийг гэрт нь очиход ******* хүү эцэг О.*******тай хамт байсан. Хүүгийн эцэг ярихдаа: хариуцагч Б.*******тэй хамт амьдраад 3 жил болсон. Сүүлийн нэг жил тусдаа амьдарч байгаа бөгөөд шалтгаан нь хүүхдийн эх Б.******* нь хамтран амьдарчтай болсон тухай ярьж байлаа.

Б.******* нь 2019 оны 02 дугаар сараас хойш хүүтэйгээ уулзаагүй хамгийн сүүлд 2019 оны 06 дугаар сарын 01-нйи өдөр утсаар ярьсан.

Хүүгийн эцэг О.******* дархан-Уул аймгийн Нэхий үйлдвэрт арьс бэлтгэгч хийдэг бөгөөд дарханд сарын 120.000 төгрөгөөр байр түрээслэн амьдарч байна.

О.Гантулгын өрхийн сарын орлого 1,350,000 төгрөг, үүнээс 600.000 төгрөгийн зээл төлдөг. Амьдрах орчин нөхцөл хашаа байшинд, амьдарч буй газрын эрүүл ахуйн нөхцөл цэвэр.

Хүүхдийн мэдээлэл: Хүү ******* нь 2 настай, эрүүл мэндийн байдлын хувьд бөгсөн бие нь түлэгдэлтэй, эмчилгээ асаргаа сувилгаа нэн шаардлагатай байлаа. Хүүхдийн мөнгийг эх нь авдаг тухай ярьсан. Хүүг авга эгч болох н.Пүрэвхүү нь хардаг. Хүүхэд багаасаа хөхөөрөө хооллоогүй төрөөд угжсан гэв.

Хүүхдийн зүгээс эцэг эхдээ хандах хандлага, сэтгэл зүйн байдлыг оношлоход насны хувьд бага байгаа нь оношлогоо хийх боломжгүй байсан.

Мөн хүүхдийн төрсөн эх болох Б.*******тэй маш олон удаа утасдаж холбогдсон боловч Улаанбаатар хотод ажилтай байна гээд оношлогоо хйих боломж нөхцлийг бүрдүүлж өгөөгүй хүндрэлтэй байсан.

Шинжээчийн багийн зүгээс эцэг эх хоёулангаас нь оношлогоо авч байж заавал харьцуулсан дүгнэлтийг шүүхэд гаргаж өгөх юм.

Иймд хариуцагч Б.*******ийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу дүгнэлт гаргах ажиллагааг хаав.

Зөвлөмж: Хүүхдийн эрхий тухай хуулийн 5.3 дахь хэсэгт Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх... хэмээн заасан байдаг.

Иймд хариуцагч Б.******* хүүхэдтэйгээ уулзах, нэхэмжлэгч О.Гантулгын зүгээс хүүхдийг ээжтэй нь уулзуулдаг байх. Хүүхдийн сэтгэл зүйг дэмжиж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, байнгын холбоотой байлгаж, хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнд, хөгжилд нь тогтмол дэмжлэг үзүүлж, эцэг эхийн үүргээ биелүүлж хариуцлагатай хандахыг зөвлөж байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

 

ҮНДЭСЛЭХ нь:

О.Гантулгын нэхэмжлэлтэй Б.*******т холбогдуулан гаргасан Хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2016 онд танилцан хамтран амьдарч 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүү ******* төрсөн, мөн захиргааны журмаар эцэг тогтоолгосон болох хэрэгт авагдсан №4301000116 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 46/002511 дугаартай Эцэг тогтоосон тухай лавлагаа, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Хариуцагч Б.******* нь 2018 онд өөр хүнтэй хамтран амьдарч хүү Г. Сөрөлт нь эцэг эхийн дунд ирж очин явснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эх Б.*******ийн асрамжинд байх хугацаанд ахуйн осол буюу халуун тогоонд буцалж буй зүйлд түлэгдэн хагалгаанд орон эмчилгээ хийлгэснээр эцэг О.Гантулгын асрамжинд очсон байна.

Нэхэмжлэгч О.******* болон түүний өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү ******* нь эцэг эхийнхээ хэний асрамжинд өсч хүмүүжих бүрэн боломжтой эсэх талаар Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ыг шинжээчээр 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 290 дугаартай захирамжаар томилон 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай дүгнэлт гаргасан боловч хариуцагч Б.******* эс зөвшөөрч дахин бүрэлдхүүнтэй шинжээч томилуулахаар шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүсэлт гарган шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч бүрэлдхүүнтэй шинжээчээр Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ыг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 524 дугаартай шүүгчийн захирамжаар томилсон бөгөөд тус газар нь эцэг эх хоёулангаас нь оношлогоо авч харьцуулсан дүгнэлт гаргах гэсэн боловч Б.******* инь Улаанбаатар хотод ажилтай байна гэдэг үндэслэлээр очоогүй, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр дээрх хүсэлтээсээ татаглзсан болохыг дурьдаж, Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх дүгнэлтийг хариуцагч нь эс зөвшөөрч байгаа хэдий ч мэргэжлийн эрх бүхий хүмүүс дүгнэлт гаргасан бөгөөд тэдгээр нь зохигчдын амьдарч буй гэр орон, хүүхдийн амьдрах тав тухтай орчин болон хүүхдийн хэнд нь илүү ээнэгшин дассан байдлыг оношлон гаргасан болно.

Иймд Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар-ын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд ...******* нь аавдаа ээнэгшин дассан, аавтайгаа дотно харилцаатай. Авга эгч Д.Алтанчимэг, нөхөр Д.Жаргалсайхан нарт хандах хандлага эерэг байгаа нь ажиглагдсан. Судлуулагчийн *******ийн ажиглалтын үр дүнгээс үзвэл гэр бүлийн гишүүд дундаас аав болон авга эгчтэй харилцах харилцааны эерэг үзүүлэлттэй нь харагдаж байна. О.*******, Б.******* нар нь тусдаа байснаас хойш ******* нь ээжтэйгээ байсан боловч хараа хяналт сул байснаас хүүхэд түлэгдэж, эрүүл мэндээр хохирсон. Тиймээс аавтайгаа амьдарч буй нөхцөл байдал нь хүүхдийн эрүүл мэнд, анхааралд сайнаар нөлөөлж, ******* нь аав О.*******, авга эгч Д.Алтанчимэг нарт ээнэгшин дассан байна.

...Шинжээчдийн баг шинжээчдийн үйл ажиллагааны явцад гарсан асуулга, шүүхийн журмаар гэр бүл цуцлахад хүүхдийн асран хамгаалагч тогтоох нэгдсэн арга зүй, нөхцөл байдлын үнэлгээ, баримт судалгааны үзүүлэлт, хүүхдийг ажиглалтын аргын судалгаанаас үзэхэд аав илүү анхаарал халамж давуу байгаа учир хүүхдийг аавын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэсэн байх тул 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү *******ийг эцэг О.Гантулгын асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Зохигчид нь хэдийгээр гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд... тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү *******ийг эцэг О.Гантулгын асрамжинд үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА