Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/987

 

 

 

     2022         12         15                                  2022/ШЦТ/987

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

улсын яллагч Б.Батцэцэг,

нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

хохирогч Р.О,

хохирогчийн өмгөөлөгч А.Очбадрал, М.Цэрэнбат,

гэрч Б.А, Э.Б, Н.О,

шинжээч Б.Долгормаа, Н.Амартүвшин,

шүүгдэгч Г.Г,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнд овогт Гантөмөрийн Гд холбогдох эрүүгийн 2017 2503 0773 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар ñàðûí 18-íы өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Г овогтой Г.Г

Монгол улсын иргэн, 1980 оны 12 сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн 41 настай халх, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Г нь 2017 оны 03 дугаар сарын 07- ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт иргэн Г.Г нь эхнэр Р.Отай уг зоогийн газрын түрээсийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г нь мэдүүлэхдээ: “...Би хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэн шүүгдэгчийн сандалд сууж байна. “А” нэртэй зоогийн газарт болсон үйл явдал. Уг зоогийн газар нь миний эзэмшлийн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Р.О нь 2014 оноос эхэлж тогооч, бармен байсан Ж.Б, н.Б гэх хүмүүст түрээслүүлэн ажиллуулдаг байгаад тусгай зөвшөөрөл дуусахад түрээсэлж байгаа хүмүүс нь над руу байнга утасдаж тусгай зөвшөөрөл сунгуулаад өгөөч гэж залгадаг байсан. 2016 оны 12 дугаар сард захирагчийн ажлын албанд тусгай зөвшөөрөл сунгуулах гээд хүсэлт гаргахад маргааш нь залгаж “Усан Лянхуа” компанид тусгай зөвшөөрлөө шилжүүлж байгаа юм байна гэж ярьсан. Захирагчийн ажлын албанд “Усан Лянхуа” компанид Р.Огийн эзэмшлийн компани/ тамгаа өнгөтөөр хэвлэсэн, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байсан. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр дээрх явдлаас үүдэлтэй. Би “чи ямар учраас хуурамч баримт бичиг үйлдсэн бэ, учраа олоод явж болохгүй юм уу” гэхэд намайг тусгай зөвшөөрөл сунгуулж өгөхгүй байсан гэдэг. Би сунгуулах гээд 12 дугаар сард ирсэн байхад засвар үйлчилгээ хийж байж тусгай зөвшөөрлөө сунгуулж үйл ажиллагаа явуулна гэж өмнө хэлж байсан. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө Р.Од би очиж засвар хийнэ шүү, түрээсэлж байгаа байгууллагад хэлээрэй гэж хэлж байсан. Түрээсэлж байсан хүмүүст нь “би сарын дараа очно шүү, би маргааш очно шүү бараа бүтээгдэхүүнээ дуусгаарай” гэдгийг байнга хэлж байсан. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 14 цагийн үед “А” зоогийн газар очиход бараа бүтээгдэхүүн шавхаад дууссан мөртөө ажиллаж байсан тул “би чамд хэлсээр байхад ямар учраас ажиллаад байгаа юм бэ, засвар хийх гээд хүмүүстэй ирсэн байгаа тул хаалгаа цоожил” гэхэд Ж.Байгаль нь би Р.О захирал руу ярина гээд утсаар ярьсан. Р.О нь байж байгаарай гээд хэлсэн бололтой би хүлээгээд сууж байтал 18 цагийн үед дүүгийн хүүхэд болох Гтай орж ирсэн. Намайг “чи хаадаг хэн бэ яагаад хааж байгаа юм” гээд доромжлоод байсан. Маргалдаад байж байтал гаднаас хүн орж ирэх гээд байхаар нь цоожлох гээд үүд рүү гүйхэд Р.О цоожлуулахгүй гэж араас хүрч ирээд хаалга түлхэлцэж таталцсан. Нэлээн удаан зогссон тул хөл ядраад сандал дээр суух гэтэл Р.О сандлын ар талын түшлэг хуга өшиглөсөн. Суулгахгүй болохоор наашаа татаж байгаад хөл рүү нь сандлаараа цохисон асуудал бий. Хойноос Ж.Байгаль, Я.Отгонсайхан нар орж ирж сандал янзалсан. Сандал дээрээ сууж байхад Р.О хажуу талын үсчин рүү дүүгээ дагуулан орсон. 21 цагийн үед гараад явсан. Сандал ширээ бүх юмаа янзалж засвар хийх бэлтгэл ажлаа хийн Я.О бид хоёр гэр гэртээ харьсан. Энэ бүх зүйл хяналтын камерын бичлэгтэй. Болсон үйл явдал энэ. 2017 оны 3 дугаар сарын 14, 15-ны өдөр хавьцаа Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсээс мөрдөгч утасдаж эхнэрээ зодсон байна мэдүүлэг өг гэснээр өргөдөл өгснийг нь мэдэж байсан. Мэдүүлэг өгөхдөө хяналтын камерын бичлэг байгаа гэж камерын бичлэгийг сидинд хуулж өгөн, заал бичдэг төхөөрөмжтэй цуг бүрэн хэмжээний бичлэгийг мөрдөгчид өгсөн. Яллах дүгнэлтэд Р.Огийн мэдүүлэг байх ба үүнд, намайг пиво, архи уугаад хөзөр тоглоод агсам согтуу тавьсан гэх боловч хяналтын камерын бичлэгээс ширээн дээр архи байгаагүй нь харагдана. Толгой руу цохисон, үстэж аваад хана хэд хэдэн удаа мөргүүлсэн, түлхэж унагаасан гэх бололтой ч би амьдралдаа Р.Од гар хүрч үзээгүй. 2018, 2019 онд гарч хүрч байсан удаагүй. Долоо хоногт байнга зоддог гэж мэдүүлж байх боловч амьдралдаа гар хүрч байсан удаагүй. Намайг гэр хороололд амьдардаг гутал нь цоорхой, өлсөж үхэх гээд явж байсан мэт мэдүүлгийг өгсөн боловч тийм зүйлгүй. Манай аав ээж бүрэн бүтэн хувцастай явуулдаг байсан буюу манай гэрт 2-3 жил амьдарч байсан. Р.Огийнх анх гэр хороололд амьдардаг байсан бөгөөд би усыг нь зөөж, модыг нь хагалдаг байсан. Хайртай болохоор цуг амьдраад өдий хүрсэн болохоос бус эд хөрөнгө харж амьдарсан зүйлгүй. Иймэрхүү зүйл ярьж байгаад харамсалтай байна. Р.Огийн хамгийн эхний мэдүүлэгт “үр шилжүүлэн суулгах химийн эмчилгээ хийлгэж байсан эд эрхтнүүд өвчилсөн” гэдэг. 1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан байх бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр бичиж 3 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн нэгдүгээр хэлтэст аваачиж өгсөн. Надаас болж үр шилжүүлэн суулгасан мэт ярих боловч угтаа хоорондоо ярилцан суулгасан. Эд эрхтэн нь өвдсөнөө надад хэлээгүй хэр нь дээрхээр ярьж мэдүүлэг өгсөн байна. Мөн хавтаст хэргийн 121 дүгээр талд Р.Огийн мэдүүлэг авагдсан байх ба үүнд “үр шилжүүлэн суулгаж эмчилгээнд орсноос болж тархины эс үхжилттэй болсон энэ онош удаа дараа шинжилгээнд ороод батлагдсан” гэдэг. 2016 онд уулзаж байхад дээрх асуудлыг хэлэх ёстой байсан боловч хэлээгүй. 2017 оны 5 дугаар сард мөн уулзаж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 223 дугаар талд байх 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн Р.Огийн мэдүүлэгт “тархины эсийн үхжилттэй химийн эмчилгээнд явж байгаа” гэдэг. 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хөнгөн зэргийн гэмтэл байж байгаад хүнд зэрэг гэмтэл болон сэргээгдсэн. 2021 оны 7 дугаар сард цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдүүлэг өг гэхэд сэргээгдсэнийг анх мэдсэн. Хэргийн материалтай танилцахад сиди хугарсан, бүрэн хэмжээний бичлэгтэй хард диск байхгүй болсон байсан. Ямар учраас сиди хугарсан талаар лавлахад хавтаст хэрэг нааш цааш явсаар голоороо хугардаг гэх боловч хүний гараар эмтэлсэн хугалсан байсан. Тухайн үед бичлэг надад байсан учир дахин цагдаагийн байгууллагад өгсөн. Дахин мэдүүлэхдээ Р.О “…үснээс зулгаан зоогийн газрын булангийн үүдний ханын хэсэг рүү цохин 10 удаа мөргүүлээд байсан би орилсон уйлсан олон ширхэг багц түлхүүрээр миний толгой руу олон удаа цохиж гэмтээсэн миний нүүр шүд тархи толгой биеийн бүх хэсэг рүү олон удаа цохисон...” гэж зөрүүтэй мэдүүлсэн. Сидигээ хугалсан, хард дискгүй үзэж харах зүйлгүй болсон гэж бодон өөрөөр мэдүүлэг өгсөн гэж бодож байна. Хүнийг өс хонзонгоор гүжирдэж болохгүй. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт “та 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр урьд өмнө эмнэлэгт хэвтэж эмчид үзүүлж байсан уу” гэхэд “урьд өмнө чихээ үзүүлж байсан өөр ямар нэгэн зовуурь байхгүй өмнө тархины эсийн үхжилттэй олон удаагийн шинжилгээгээр батлагдсан” гэдгээс үзвэл өмнө эмчилгээгээр явж байсан нь харагдаж байхад надад энэ талаар хэлээгүй. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Г.Г 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс өмнө таныг зодож байсан уу” гэхэд “хааяа муудалцдаг байсан гэхдээ 3 дугаар сарын 7-ны өдөр шиг ноцтой зодож гэмтэл учруулж байгаагүй” гэдэг. Би 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр гар хүрээгүй. Над руу бичгийн ширээ авч шидсэнд Р.Огийн араас түлхсэн. Үүнээс үүдэлтэй тархи доргисон байж магадгүйг хүлээн зөвшөөрнө. Хяналтын камерын бичлэгт байдаг. Хүчтэй түлхээгүй буюу араас нь түлхсэн. 2022 оны 01 дүгээр сарын 6-ны өдөр намайг үснээс зулгааж аваад хаалганы хажуу ханын ирмэг рүү толгойгоор 7-8 удаа мөргүүлсэн. Гартаа багц түлхүүрээр зүүн чамархай хэсэгт 5-6 удаа цохисон түүнээс ч их цохисон байх. Р.Огийн дээр дурдсан мэдүүлгүүд дандаа зөрүүтэй. Э.Бүжинлхам мэдрэлийн эмч “…2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр амбулаторид үзүүлсэн байна толгой байнга өвдөөд, дотор муухайраад ухаан алдаж унана зовуурилж байсан, өвчний түүхэнд 2017 оны 3 дугаар сард хүнд зодуулж байсан гэж хэлж байсан...” гэдэг. Мөрдөгч, прокурор нь сэжигтэн үнэн, эсхүл худлаа яриад байгааг илрүүлэхийг хүссэн бол аль хэдийн илрүүлэх байсан. 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Р.О Алтанбулагаар 22 цаг 46 минутад орж ирдэг. Монголд байхгүй байхад ямар учраас амбулатори картад бичээстэй байсан бэ? 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Р.Бүжинлхам эмч үзсэн гэдэг. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 2 цаг 25 минутад Монголоос гараад явсан буюу амбулатори цаг давхацсан. Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг Хууль зүйн дотоод хэргийн яамд харьяалагддаг. Тухайн эмнэлэг хэдэн онд цахимжсан талаар хүсэлт явуулахад 2017 оноос цахимд шилжсэн талаар хариуг ирүүлсэн байна. 2017-2018 онд Р.О үзүүлсэн зүйлгүй буюу 2019 оны 2 дугаар сард цахим бүртгэлээр, мөн онд 5 удаа үзүүлсэн байна гэдэг. Өмнө өвчтэй байж байгаад түүнийгээ надад наах гэж, эсхүл 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр шалтгаант холбоог холбох гэж хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж хардаж байна...” гэв.

- хохирогч Р.О нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тогооч Ж.Б утсаар “Г.Г найзтайгаа ирээд тогны утас салгаж, ширээ сандал эвдээд та нарт түрээслэхгүй би өөрөө түрээслүүлж ажиллуулна” гээд байна гэж хэлж холбогдсон. Цэцэрлэгээс нь Гыг аваад очсон ба ороод цаашаа хартал найз нартайгаа мөрийтэй тоглоод ширээн дээр хөлөө ачаад сууж байсан. Г.Г нэг удаа ч ажил хийж хөдөлмөрлөж үзээгүй. Байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, байнга мөнгө нэхэж намайг дарамталдаг. Банкны зээлтэй хэдий ч түүнийг би төлдөг. Би 1994 оноос автобусны буудлын хажуу талын түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ ажиллуулж эхэлж байсан. Г.Г тоглоод байж байх тухайн өдөр харанхуй нэг л биш байхаар нь намайг яаж ч магадгүй юм байна гэж бодоод гарах гэтэл намайг гаргахгүй гэсэн. Намайг хаалга цоожлуулахгүй байна гэж үстэж ирээд 8-9 удаа булангийн ирмэгтэй ханыг мөргүүлээд, багц олон түлхүүрээр /хаалга цоожлох гэж байсан/ толгой руу олон удаа цохиж гэмтээсэн. Сандлаар хөл гар луу цохисон. Намайг Г.Г цохиж байхад Галбадрах гараас бариад орилоод уйлсан. Энэ үед Байгальмаа ирээд “боль” гэсэн. Г.Г намайг байнга зодож сэтгэл санааны дарамтад оруулдаг бөгөөд байнга мөнгө нэхдэг. Чи хүүхэд гаргахгүй гэж байнга дарамталдаг. Г.Гийн ээж намайг “Р.Огаас сал”, “хүүхэд гаргахгүй бол Г.Гийн ахын хүүхдийг өргөж аваад гурван өрөө байр машин өг” гэж загнадаг байсан. Энэ бүх үед би дотроо шаналаад явдаг байсан. Би анх Г.Гтэй гэрлэхдээ эрүүл саруул хүн байсан бөгөөд өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг байхад намайг хайрлаж үзээгүй. Би залуу нас, амьдралаа ажиллаж амьдрахын төлөө зориулж зүтгэсээр өдийг хүрсэн. Миний хүүхэд гаргадаггүй асуудлаар байнга дарамталдаг. Ёс бусаар бэлгийн дур хүслээ хангадаг байсан. 2 чихний хагалгаанд хүртэл ороод хэд хоносон байхад газрын маргаанаас болоод хагалгаанд орсон чих рүү цохиж гэмтээсэн. Тухайн үед толгой руу түлхүүрээр цохиж, үстэж булангийн хана мөргүүлснээс улбаалж цохисон газар сорви үүссэн. Тэр цагаас хойш байнга толгой өвдөж шөнө нойргүй хонож, байнга унаж татдаг болсон. Үнэхээр их гомдолтой байна. Би өнөөдөр 50 нас хүрч байхад “хүүхэд гаргадаггүй хөгшин авгай, чамайг ална шүү ээжтэй чинь алчихна шүү” гэж байнга дарамталдаг байсан. Машиндаа байнгын хутгатай явдаг байсан ба хүнээр мөнгө өгөөд чамайг алуулна гэж байнга айлгаж сүрдүүлдэг. Миний хүүхэд гаргахгүй гэх эмзэг сэдвээр байнга барьдаг байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хэвийн хүүхэд гаргах боломжтой гэдэг байсан. Сидиг санаатайгаар гараар хугалсан гэх тухайд, 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн бичлэгийг эх хувийг авч засварлаж сидиг бичиж өгсөн буюу эх хувь биш. Тухайн бичлэгийг хасахыг нь хасаж, нэмэхийг нэмж засварлаж бичиж өгсөн сиди. Банкны зээл авах гээд зээлээ судлуулахад банкны эдийн засагчтай намайг хардаж байнга зодож дарамталдаг байсан. Г.Г надтай нийлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хөдөлмөрлөж үзээгүй. Гадаад руу явахад загасны үнэтэй хэрэгсэл авна гэж байнга дарамталдаг байсан бөгөөд зугаалж наадаад ирдэг байсан. Гадаад улс руу хүртэл байнга мөрийтэй тоглож явдаг байсан. Салсан байсан 2010, 2011 оны үед хамт байгаагүй буюу Г.Г яваад өгсөн. Залуу эмэгтэйчүүдтэй шөнийн цагаар архи ууж зугаацдаг байсныг үйлдэл дээр нь барьж авахад намайг үстэж аваад арагшаа савж унагаж байсан. Хүүхэдтэй болбол амьдрал гайгүй болох болов уу гэж бодон салсан хойноо онгоцны тасалбар аван Японд эмнэлэгт үр шилжүүлэн суулгах цаг аван Г.Гийн найзаар дамжуулан тасалбарыг нь өгүүлдэг байсан. Миний биеийн байдал байнгын өвчтэй бөгөөд бие тааруу ээж асарч байна. Маш их өвддөг. Мөрдөн шалгах, прокурор шатанд хэрэг явагдаж байх болон өнөөдрийг хүртэл бие чинь яаж байна гэж огт асуугаагүй. Эм тариа огт авчирч өгч байгаагүй...” гэв.

             - шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.А мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр мэс засал гэмтлийн амбулаторийн тусламж үйлчилгээний ажил эрхэлж байсан. Толгойн аль хэсэгт хаван байсан талаар санахгүй байна. Тухайн үеийн нөхцөл байдлыг амбулаторийн карт дээр бичсэн. Урьдчилсан байдлаар толгойны доргилт гэж онош тавьсан ба шинжилгээг давтаж үзэх, цаашид лавшруулна шинжилгээ хийлгэхээр явуулсан байна. Ил шарх гэдэг толгойны хуйхны арьс дотор ямар нэгэн зүсэгдсэн, зулгарсан шарх үүссэн эсэхийг шалгасан. Би гэмтэл мэс заслаар мэргэшсэн бөгөөд гэмтлийн шалтгаантай гэмтлийн эмч нь урьдчилсан байдлаар хүлээн авч, зөвлөгөө өгч болно. Нарийн оношилгоог мэдрэлийн эмчтэй хамтарч ажиллаж болно буюу мэдрэлийн эмчийн зөвлөгөө авч болно. Хохирогчийн биед үзлэг хийсэн гэж ойлгож болно, тэмтэрч үзсэн. Тухайн хүний зовуурь шаналгаа үндэслэлээс тэмдэглэж авсан. Үзээд хавантай байна гэвэл дарж үзэн тухайн хэсэг газар зовуурьтай байсан гэж баталгаажуулаад ирүүлсэн байна. Зөөлөн эдийн гэмтэл гэдэгт битүү шарх, дарж үзэхэд эмзэглэлтэй шарх хамаардаг. Цус хурсан бол цус хурсан талаар бичнэ...” гэв.

              - шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.О нь мэдүүлэхдээ: “...4 цагийн алдад “А” зоогийн газарт очсон. Р.О хүрч ирээд онгойлгохгүй яасан юм бэ гээд Г.Г болон Р.О нар маргалдаад байгаа бололтой байсан. Маргалдаад байхаар нь би хойшоогоо гал тогооны өрөө рүү орсон ба 10-20 минут тэндээ байсан. Чимээ гараад байхаар нь яваад очтол Р.О сэтгүүлийн тавиурыг авч чулуудан Г.Гийн сууж байсан сандлыг өшиглөсөн. Би тогоочтой яваад очсон. Та хоёр аятайхан ярь битгий хэрэлдээд бай гэж хэлээд сандлыг цэгцлээд болиулсан. Төд удалгүй салсан ба Р.О дагуулаад явж байсан хүүхдэдээ хичээл заагаад байх шиг байсан. Г.Г болон Р.О нарын хооронд зодоон цохион болоогүй. Р.О тусламж хүсэх зэргээр дуугарсан зүйлгүй. Тухайн үед бид нар хөзөр тоглоогүй, архи уугаагүй. Г.Г архи уугаагүй байсан. Р.Огийн биед гэмтэл учирсан эсхүл толгой тархинаас цус гарсан зэрэг нөхцөл байдал харагдаагүй. Би Р.Ог харсан бөгөөд зүв зүгээр дагуулж явсан хүүхдэдээ хичээл заагаад явж байгаад гарсан. Г.Г болон Р.О нар маргалдаад Р.О чангаар орилоод байсан болохоор хүүхэд айгаад орилоод байх шиг байсан. Би болсон үйл явдлын дийлэнх хэсгийг харсан. Ширүүн маргалдаж хэрэлдээд байхаар нь та хоёр аятайхан ярилц гэж хэлсэн. Тэр хоёрын хооронд маргаан болсны дараа Р.Огийн үс нь сэгсийсэн зулгаасан зэрэг байдал харагдаагүй. Р.О толгой өвдөж байна зэргээр тухайн үед зовуурь илэрхийлээгүй буюу сандал өшиглөж байсан. Тухайн үед үзэгдэх орчин гэгээтэй байсан. Маргаан 30 орчим минут маргалдсан гэж бодож байна. Г.Г байж байсан бөгөөд би дараа нь ирсэн. Цөөхөн түлхүүр хаалганаас зүүлттэй байсан. Г.Г болон Р.О нар маргалдаад байхаар нь хойшоо гал тогоонд орсон. Г.Г сандал дээр онгойлгохгүй хүн оруулахгүй гээд хаалга дараад сууж байсан. Харин Отгоо онгойлгомоор байна гэж байсан. “А” зоогийн газрын хяналтын камерын бичлэгийн бичилтийн талаар сайн хэлж мэдэхгүй байна. 4 орчим цагийн орчимд очсон. Би цагийг андуурч хэлж байхыг үгүйсгэхгүй. Би эхлээд хажууд нь байсан. Маргалдаад байхаар нь 5-10 минут гал тогоо руу орсон ба эргэж гарч ирэн дуусахад байсан. Би Р.Ог сандал өшиглөж байхыг харсан. Харин Г.Ган-Эрдэнийг Р.Ог цохисныг хараагүй. Би Р.О болон Г.Гийг 8-9 орчим жил мэднэ. 2017 онд 2 тийшээ болчих шиг болсон. Р.О болон Г.Г нарыг зодолдож байсныг мэдэхгүй. Г.Г хүн цохиж зоддог хүн биш. Найзуудаараа сууж байхдаа муушиг зэрэг тоглоом тоглох үе байдгаас бус мөрийтэй тоглоом тоглодоггүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Г.Гийг Р.Од ямар нэгэн гэмтэл учруулахыг хараагүй...” гэв.

               - шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Б.Долгормаа нь мэдүүлэхдээ: “...2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр үзлэг хийж, 3 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гарсан байна. Хэсэг газрын үзлэг гэж бие дээр ил харагдаж байгаа гэмтлүүдийг бичиж авна гэсэн үг. Мэдрэлийн үзлэгийг хийсэн. Тархины ямар нэгэн эмгэгийн үед гардаг илрэлүүдийг үзэж, тухайн шинжүүд илэрсэн байсан байна. Тухайн хүний хэлсэн зовуурийн дагуу үзлэгийг хийнэ. Тухайн хүний биед гэмтэл байгаа эсэхийг асууна. Ил харагдах гэмтэл байгаа эсэхийг шалгана. Үстэй толгойнд байгаа гэмтлийг тухайн хүн өөрөө зааж өгөхгүй бол гэмтлийг бүх биеэр хайгаад суухгүй. Толгой өвдөнө, нуруу өвдөнө. Толгойгоо би бариулсан гэсэн зовуурь хэлсэн байна. Толгойнд нь овгор зүйл байсан бол үзэж тэмдэглэх байсан. Тухайн үед сорви үүссэн, гэмтлийг хэлсэн бол харагдах байсан. Хуйханд үзлэг хийгээгүй. Намайг үзэхэд уналт таталт /эпилепси/ байхгүй байсан. Амбулаторийн картад байсан оношийг түүж бичсэн. Тархи доргилт гэмтэл учрахдаа заавал шарх үүсэх ёстой гэсэн зүйлгүй. Тухайн хүн надад анх үзүүлэхдээ ил харагдаж байгаа гэмтэл хаа байна гэж асуухад үзүүлж байгаа хүмүүс зааж өгөөд хэлнэ. Тархи доргилт гэдэг олон төрлийн шалтгаанаар үүсэж болно. Заавал толгойнд хүч үйлчилж байж тархи доргилт үүсэхгүй. Толгой руу гаднаас ямар нэгэн зүйлээр цохих, бөгсөөрөө хүчтэй унахад хүртэл тархи доргилт үүсэж болно. Мэдрэлийн гаралтай шинж тэмдгийг үзэж байж гаргадаг...” гэв.

                  - шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Амартүвшин нь мэдүүлэхдээ: “...Хүнээ дуудаж үзсэн. Мөн хавтаст хэргийн материалтай танилцсан. Тухайн хүний хэлж байгаа зовууриас шалтгаалж үзлэгийг бүрэн дүүрэн үзэх ёстой. Тухайн хүн зовууриа хэлэхээ мартаж болно. Гэмтлээ хаана байгааг сайн хэлж, мэдэхгүй байж болно. Толгой өвдөж байгаа гэсэн тохиолдолд аль талд цохисныг тодруулж асуун үзлэг хийх боломжтой. Эхний гаргасан дүгнэлтээ гаргасан шинжээч хариулсан гэж бодож байна. Миний зүгээс шинжээчийн дүгнэлтийн хүрээнд хариулна. Тархи доргилт гэмтэл үндэслэлтэй гэж гаргасан буюу тогтоогдсон байна гэж үзсэн. Мэс заслын эмч, мэдрэлийн эмчийн үзлэг зэргийг үндэслэн тархи доргилт гэж дүгнэлт гаргасан байна. Нарийн мэргэжлийн эмчийн оношийг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Батлахын тулд нарийвчлан шинжлэх шаардлагатай гэсэн зөвлөмжүүдийг бичсэн байна. Мэдрэлийн үзлэгээр тархи доргилт гэсэн онош тогтоогдсон гэдгийг үзэж дүгнэлтийг гаргасан. 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан ба дүгнэлтэд бичгийн хэлбэрээр тусгагдсан. Тархи доргилтыг тогтоодог мэдрэлийн үзлэгүүдийг хийсний дүнд гаргасан буюу мэдрэлийн үзлэг хийсэн гэсэн үг. Нүдний алимын чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрнэ зэргээр дүгнэлтэд тусгагдсан 3 шинж бий. Мөн зовуурь нь толгой өвдөнө, нуруу өвдөнө, толгойгоо бариулсан. Амбулаторийн картад тусгагдсан нарийн мэргэжлийн эмчийн үзлэг байна. Тархи доргилт байхгүй бол чичирхийлэл байхгүй. Тархи доргилтын шинж тэмдэг илэрсэн байгаа учраас эмч үзлэг хийсэн байна. Бүрэлдэхүүн шинжээч нар Р.Ог дуудаж үзсэн ба дүгнэлтийн дээд хэсэгт энэ талаар тусгасан. Нүдээр харж үзлэг хийсэн. Зулгаралтаас сорви үүсэхгүй. Шарх байж сорви тогтоно. Шарх гэмтэл байвал сорви тогтоно. Фото зургаар хэмжээг нарийн тогтоох боломжгүй. Бүрэлдэхүүн шинжээч нар гэмтлийн гаралтай тархи доргилтын улмаас зүүн чамархай дэлбэнгийн хэсэгчилсэн уналт таталт гэсэн дүгнэлт гаргасан. 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс хойш хийсэн нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчийн үзлэг болон багажийн шинжилгээгээр тогтоогдож байна. Урьд ямар нэгэн унаж татдаг өвчтэй байгаагүй гэсэн өгүүлэмжтэй байсан. 2017 оны 3 дугаар сарын 7-ны  өдөр гэмтэл авснаас хойш 5 дугаар сард уналт таталтын шинж илэрч мэдрэлийн эмчийн хяналтад байж шинжилгээ өгч явсан эдгээр шинжийг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Эдгээр оношоор гэмтлийн гаралтай зүүн чамархай дэлбэнгийн уналт таталт гэсэн онош тавигдсан. Толгой нь хаашаа цохисон талаар асуумж авсан. Зүүн тал руу машины түлхүүрээр цохиж байсан гэсний дагуу нарийвчлан зүүн чамархайн ар хэсэгт нэгийг үржих нь нойл аравны гурван сантиметр цагаан өнгийн овгор сорвитой байсан. Бүрэлдэхүүн шинжээч нар хавтаст хэргийн материалтай танилцахад 92 дугаар талд байсан фото зургийн үзүүлэлтээс үзсэн. Толгойн зүүн чамархайд тав тогтсон шарх, цус хуралт гэмтэл харагдаж байсан учир энэ сорви тухайн үед зүүн чамархайд шарх гэмтэл учирснаас сорви тогтсон байна гэж үзсэн. Хатуу мохоо зүйлд хана орно. Түлхүүр мохоо зүйлд орж болно. Тухайн үед хохирогчид нарийн багажийн шинжилгээ хийгдээгүй байсан. Зүүн чамархайн дэлбэнгийн уйланхай өөрчлөлт тогтоогдсон. Энэ нь гэмтлийн гаралтай үүсдэг. Аалзан хальсан дор цус харвалт үүссэнээс мэдрэлийн үлдэц илрэлүүд харилцан адилгүй илэрч болдог. Онолын хувьд зүүн чамархайн дэлбэнгийн уналт таталт гэсэн онцгойлсон сэдэв байдаг. Энэ тохиолдолд зан харилцаа өөрчлөгдөнө. Мөн уналтын шинж илэрнэ гэсэн бие даасан онолын сэдэв байдаг. Төрөлхийн уналт таталт, олдмол уналт таталт гэж байна. Олдмол уналт таталтыг гэмтлийн шалтгаантай гэж үзэж дүгнэлтийг гаргасан. Эмч нарын үзлэг, эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн гэмтлийн зэргийг тогтоосон. Бүрэлдэхүүн шинжээч нарыг үзэхэд таталт 7 хоногт 2-3 удаа ойр ойрхон унаж татдаг. Гэмтлийн гаралтай уналт таталт 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дүгнэлтийг гаргасан. Тухайн гэмтэлтэй уналт таталт шалтгаант холбоотой байж болно гэдэг дүгнэлтийг гаргасан. Үр шилжүүлэн суулгах, хэдэн удаа үр шилжүүлсэн суулгасан талаар эмнэлгийн бичиг баримт байхгүй байсан тул тогтоогдоогүй. Хэдэн онд хэрхэн суулгасан гэдгийг биечлэн үзэж гаргах тул шүүх хуралдаанд шууд хэлэх боломжгүй байна. 35-100 хувийн хөдөлмөрийн тогтонги алдалтыг хүнд гэмтэлд хамааруулдаг. Хэвийн байдалдаа орох эсэх нь эмчилгээний явцаас хамаарна. Гэмтлийн үлдэц, хор уршиг шалгуур шинжээр болон хөдөлмөрийн чадвар алдалтаар тогтоосон. Анхан шатны дүгнэлт буюу Б.Долгормаа эмчийн дүгнэлтээс гадна Энхбаатар шинжээчийн дүгнэлттэй танилцаж, түүнд үндэслэж бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргасан гэж ойлгож болно. Хэргийн материал болон бүх үзлэг шинжилгээнд тулгуурлаж дүгнэлтийг гаргасан. Эмчилгээ хийлгэхгүй тохиолдолд уналт таталт зогсохгүй. Унах хугацаа улам ойртоно. Унаад хажууд нь хүн байхгүй үед эрсдэлтэй нөхцөл байдал бий. Хохирогч унаснаа мэддэггүй. Уналт улам ойртож байгаа гэж хэлж байсан. Эмчилгээ хийлгэх шаардлагатай...” гэв.

 

           Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Г нь 2017 оны 03 дугаар сарын 07- ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” зоогийн газарт иргэн Г.Г нь эхнэр Р.Отай уг зоогийн газрын түрээсийн мөнгөний асуудлаас болж маргалдан улмаар толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          - хохирогч Р.Огийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би тэр өдөр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гадуур ажилтай явж байхад миний урд өмнө нь түрээсээр ажиллуулж байгаад дараа нь тогооч Б түрээслүүлсэн байсан тэгсэн чинь Байгалмаа над руу яриад Г хүмүүстэй ирээд ажиллуулахгүй гэж байна тэгээд тог тасалсан гэж яриад намайг дуудаж байсан тул би Галбадрах гэдэг хүүхдийн хамтаар оройн 18:00 цагийн үед тэр газар нь очиход тогооч Байгаль зөөгч Буянаа нар бас Г.Г нэг найзтайгаа хамт хөзөр тоглоод сууж байсан ширээн дээр нь архи пиво тавьсан байсан Г.Г нь надад агсам тавьж эхэлсэн би энэ зоогийн газраа өөрөө авна өөрөө ажиллуулна би түрээсийн мөнгөө авна гээд уурлаад хэрүүл маргаан болсон тэгээд манай гэрт байдаг хүүхэд уйлаад орилж чарлаад байсан Г.Г намайг нэлээн зодсон зоогийн газрын хаалгаа түгжиж байгаад зодоод байсан, тэгээд намайг гаргахгүй байсан, тэгж байтал Байгалмаа ирж боль гэж хэлээд салгаж байсан ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар тал/,

          - гэрч Б.Яийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр намайг унтах гээд хэвтэж байхад 22:00 цагийн үед манай охин ирсэн ирээд унтаад өгсөн тэгээд маргааш нь мартын 8-ны өдөр байсан охин Р.О нь босохгүй байхаар нь 12:00 цагийн үед чи яагаад босохгүй байгаа юм босоод цайгаа уу гэхэд миний толгой өвдөөд байна гэж байсан юм. тэгээд өдөр 00-ийн өрөө орох гээд орноосоо босоод явж байхдаа зүүн хөл нь доголоод яваад байхаар нь чи яагаад доголоод байгаа юм гэхэд Р.О өчигдөр А” ресторанд Г.Г очоод ажиллуулахгүй гээд байхаар нь яваад очиход Г.Г түлхүүр булааж аваад хаалга цоожлох гэж байгаад түлхээд унагаасан гэж байсан тэгэхэд би зодуулсан байна гэж мэдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

                  - гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би тэр хүнийг танина Р.О нь анх манай ТТАХНЭ-т 2017 оны 06 дугаар сарын 12-нд амбулаторид үзүүлсэн байна, ингээд дараа нь 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр над дээр ирээд үзүүлсэн байна толгой байнга өвдөөд дотор муухайраад ухаан алдаж унана, гэж зовуурилж байсан, өвчний түүхэндээ 2017 оны 03 дугаар сард хүнд зодуулсан гээд хэлж байсан миний 8 сарын үзлэгт үзэхээс өмнө 1 сарын өмнөөс унаж таталт өгч эхэлсэн гэж асуумжид хариулт өгч байсан би өөрөө тухайн үедээ гэмтлийн дараах толгой өвдөлт гэж онош тавьж байсан би өөрөө толгойг нь шалгая гэж шинжилгээнд илгээе гэж төлөвлөж явуулж байсан тэгээд дараагаар нь 2018 оны 10 дугаар сарын 29-нд дахин ирж үзүүлсэн байдаг, эм тариа эмчилгээ бичиж өгсөн эмчийн хяналтад байх талаар зөвлөсөн юм энэ эмчлүүлэгчийн картан дээр нь бичсэн байна, гэмтлийн улмаас уналт таталт өгөөд эмчилгээ хийлгэсэн үүнд тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд уйланхай тодорхойлогдсон байгаа энэ тархины имерайгаар гарч ирсэн тэгээд энэ нь тархинд цус харвалт үүсээд үлдэц үлдсэн байна лээ тэр үлдцийн суурин дээр таталт өгөөд байгаа ер нь бол гэмтлийн шалтгаантай хүнд зэргийн гэмтэл таталт угсраад өгсөөд байвал амьсгал зогсох аюултай амь насанд аюултай тархины эд эсүүд үхжээд байдаг мартах зэрэг өөрчлөлтүүд илэрдэг байгаа, зан төрхийн хүрээний өөрчлөлтүүд үүсдэг амархан гомддог мартамхай өөртөө арчаа султай болдог, гол онош нь гэмтлийн шалтгаантай нийлмэг хэсэгчилсэн уналттай зүүн чамархайн хэсэгт уйланхайтай дээрээс нь судасны нарийсал үүссэн байна лээ, хохирогч Р.О надад хэлэхдээ нөхөртөө зодуулсан гэж хэлж байсан, тэр үедээ нөхөр байнга зоддог гэж хэлж байсан тэгээд толгойных нь зүүн чамархайн хэсэгт олон багц түлхүүрээр цохисон гэж ярьсан түүнээс болж тархинд цус хуралт үүсэж, цус бүрэн шимэгдэхгүйгээр уйланхай үүсэж тэгээд уналт таталт өгсөн байгаа юм ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34-38 дугаар тал/,

                  - гэрч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Өөрийн үзлэг бичлэгийг харсны дүнд 2017 онд Р.Огийн үзлэгийг хийсэн байна гэж хэлсэн гэж бодож байна. Өвчний түүх дээр үзсэн он сар өдрөө тэмдэглэдэг болохоос бус нарийн цагийг тэмдэглэдэггүй бөгөөд үзсэн болоод үзлэгийн тэмдэглэл байгаа. Картад үндэслэж мэдүүлгийг өгсөн. Олон хүн үздэг учир бүх хүнийг нарийвчлан хэлж мэдэх боломжгүй. Хүний тархинд уйланхай тодорхойлогдоод ирэхэд гэмтэл авсан байна уу, даралт ихэссэн байна уу, суурь өвчин байна уу зэргээр юунаас шалтгаалсан шалтгааныг тодруулдаг. Таталт өгөөд байгаа учир таталт өгч байгаа анхдагч шалтгааныг тодруулахын тулд голомтод өөрчлөлт байгаа эсэхийг шалгах ёстой. Бодит нотолгоотой шинжилгээ компьютер томограф, эмрай эмчилгээ байдаг. Мэдрэлийн эмчийн хувьд уналт таталтын шалтгааныг олох, уналт таталтыг зогсоохын тулд үндсэн эмчилгээ авах ёстой. Миний бодлоор хэлж мэдүүлсэн байгаа бол тархинд ямар нэгэн уйланхай батлагдсан. Уйланхай байршлаас болж хаана байна, хоёрдогчоор уналт таталт үүсдэг тул таталтын эсрэг эм уух шаардлагатай. Цус хуралт үүсэн бүрэн шимэгдэхгүй болохоор уйланхай эмрайд харагддаг. Уналт таталтын эсрэг карбамазепин зөвлөсөн гэж бодож байна. Жороор бичигдэж авдаг. Мэдрэлийн эмчийн заалтаар өгнө. Өвчний түүх дээр бичсэн бичгийн хэв, гарын үсгээр Р.Ог үзсэнээ батална. Архивд 2018 оноос хойш 100 хувь хадгалагддаг. Үлдсэн нь тал нь цахимаар, тал нь цаасаар явж байсан учир бүрэн байхгүй. Өвчний түүх 20 жил хадгалалддаг бол амбулаторид тийм зүйл байхгүй. Тархины харвалт үүсдэг эрсдэлт хүчин зүйлс Р.Од өөр байхгүй. Гэмтлийн шалтгаантай. Эхлээд зовууриа асуугаад хэсэг газрын үзлэгт ямар өөрчлөлттэй байна гэдгээр бичдэг. Бодит үзлэгээр хавдсан, гэмтсэн зүйл байгаа эсэхийг үзсэний дүнд бичсэн гэж бодож байна” гэв.

                  - гэрч П.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Р Ог мэднэ манай эмнэлэгт ирж манай мэдрэлийн амбулаторид надаар үзүүлж байсан энэ хүн гэмтлийн дараах уналт таталт өвчин бусад /эпилепси/ гэдэг оноштойгоор ирж үзүүлж байсан, энэ өвчин нь ухаан алдаж унадаг, дөрвөн мөч чангарч татдаг, шүдээ зууж хэлээ хаздаг, доороо бие засдаг, шинж тэмдэг илэрнэ, уналтын дараа хэсэг орчмын идэвх ... муудаж унтаа байдалтай байдаг, 30 минутаас 1 цаг орчим болдог, хамгийн анх 2018 оны 12 дугаар сарын 20-нд манай эмнэлэгт ирж үзүүлсэн байна, энэ хүний картан дээр би өөрөө бичсэн байна, нөхөртөө зодуулаад уналт таталт өгөөд ирж байна гэж надад хэлж байсан өөрийнх нь эмчлүүлэгчийн картан дээр нь дандаа нөхөртөө зодуулсан гээд өмнөх эмч нарын зодуулсан гэж өвчний түүхэн дээр бичсэн байсан миний бичсэн бас өвчний түүхэн дээр нь байна, энэ уналт таталт өвчин нь зодуулснаас үүсэх магадлалтай өвчний түүхээр тогтоогдож байгаа, яагаад гэвэл төрөлхийн эмгэг өвчин биш, мөн харвалт өвчин тархины үрэвсэлт өвчин эмгэг байхгүй тул гэмтлийн гаралтай өвчин юм. мөн өвчний түүхийн талаар асуумж асуухад Р.О нь надад хэлэхдээ нөхөртөө зодуулсан олон удаа толгой тархи руугаа цохиулаад гэмтэл авсан гэж ярьж байсан мөн хана руу толгойгоор мөргүүлсэн, түлхүүрээр буюу олон багц түлхүүрээр толгойн арын зүүн зулай чамархай хэсэг рүү цохиж авсан гэж ярьдаг, үзэхэд үс нь халцраад сорви тогтсон байсан өөрөө надад толгойгоо үзүүлж байсан юм тэгээд толгойны зүүн талын хэсэгт, чамархайн хэсэгт уйланхай үүссэн гэж байна лээ энэ тархины имерай зурагт гарсан байдаг юм байна лээ ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40-43 дугаар тал/,

                  - гэрч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тийм ээ би энэ хүн Р.Ог үзсэн үзлэг нь энэ байна. 2017.03.10-ны өдөр үзлэгийн картад миний бичиж тэмдэглэсэн үзлэг нь байна.Үүнд Р.Од үзлэг хийхэд цээжний ар тал гуя шилбэндээ хоёр хөл нь зөөлөн эдийн гэмтэл буюу хөхөрч, няцралт, хавдар гэсэн оноштой байсан ба толгойг үзэхэд өвчин эмзэглэлтэй байсан ил шарх харагдаагүй, зовуурь нь толгой өвдөнө, хоёр хөлөөр өвдөнө гэж байсан. миний оношоор бол тархи доргилт, зөөлөн эдийн гэмтэл гэсэн байна. би 14 хоногийн акт лист өгөхөөр шийдсэн байна. Өвчний түүхийг нь асуухад нөхөртөө зодуулсан 2017.03.07-д нөхөр нь зодсон гэж хэлж байсан түүнийг нь картад нь би бичсэн байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 217-219 дүгээр тал/,

                 

                  - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4265 дугаартай шинжээч эмч Г.Энхбаатарын “...Р.Огийн биед гэмтлийн гаралтай нийлмэл хэсэгчилсэн уналт таталт, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх уйланхай, хамрын таславчийн мурийлт, нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн гаралтай хийлмэл хэсэгчилсэн уналт таталт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 75% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гэмтлийн гаралтай нийлмэл хэсэгчилсэн уналт таталт, тархины зүүн чамархайн аалзан халсан доорх уйланхай, хамрын таславчийн мурийлт, нурууны сорви бүхий гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 128-129 дүгээр тал/,

                  - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 786 дугаартай шинжээч эмч нар болох Т.Амартүвшин, Б.Баяртогтох, Б.Сэргэлэн нарын багийн гаргасан дүгнэлтэд:

                  1. 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3886 дугаартай дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4265 дүгнэлт үндэслэлтэй байна.

                  2. М.Огийн шинжилгээнд ирүүлсэн нэмэлт материал, хавтаст хэргийн материал, дүгнэлтүүдээс харахад тархи доргилт, зүүн чамархайн хуйхны сорви, зүүн гуяны цус хуралт, гэмтлийн гаралтай нийлмэл хэсэгчилсэн уналт таталт, тархины зүүн чамархайн аалзан хальсан доорх уйланхай, хамрын таславчийн мурийлт, нуруунд сорви гэмтэл өөрчлөлтүүд тогтоогдлоо.

                  3. Р.Огийн биед учирсан зүүн чамархайн дэлбэнгийн гэмтлийн гаралтай хэсэгчилсэн уналт таталт нь 2017.03.07-ны өдөр үүссэн толгойн гэмтэлтэй шалтгаант холбоотой байх боломжтой байна.

                  4. Р.О нь 2017 оны 05-н сараас хойш уналт таталт өгсөн ба 2017.03.07-нд тархи доргилт гэмтэл авах үед зүүн чамархайн аалзан хальсан доорх уйланхайт өөрчлөлт үүсэж зүүн чамархайн дэлбэнгийн гаралтай хэсэгчилсэн уналт таталт үүссэн байх боломжтой.

                  5. Үр шилжүүлэн суулгасан гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байна.

                  6. Гэмтлийн гаралтай зүүн чамархайн дэлбэнгийн хэсэгчилсэн уналт таталт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 75% нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 192-197 дугаар тал/,

-камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянах шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 3 сарын 7-ны өдөр буюу 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байх үед үйлдэгдсэн боловч прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Гд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн зүйл хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийг ёсчлон баталжээ.

Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад: “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт: “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ ...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж тус тус хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч нар гэм буруу дээр маргаж байсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.10 дугаар зүйлд “...шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ...” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгчийг Өршөөлийн хуульд хамруулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иймд Г.Гийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн өршөөлд хамруулахгүй байх гэмт хэрэгт ороогүй. Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг ялаас 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг хасаж,  түүнийг уг ялаа эдэлсэнд тооцов.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэцэгмаа нь шүүгдэгчийг “...Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 83 дугаартай тогтоолоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дэх заалт болон Улсын дээд шүүхийн дээрх тогтоол нь бидний үйлчлүүлэгч Г.Гд холбогдох хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй хэрэглэгдэх учраас хэргийг түдгэлзүүлж өгнө үү...” гэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй, уг хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ...” гэх үндэслэлд хамаарахгүйгээс гадна Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 4 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3, мөн хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдийг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “... хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 60 хоногийн хугацаагаар хойшлуулж өгнө үү...” гэх боловч шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Р.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт нийт 69.741.708 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.10 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар хүсэлт гаргаагүй бөгөөд уг гаргаж өгсөн нотлох баримтуудын зарим хэсэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тооцоолох боломжгүй, өөр хоорондоо давхацсанаас гадна уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх баримтгүй байх тул хохирлын асуудал болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-нд тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий  дүрсний бичлэг хийгдсэн байх тул  хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Г.Гийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Гд шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялаас, 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, хорих ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Хохирогч Р.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Б.ХАЛИУН