Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/912

 

 

 

 

  

 

 

    2022         11           22                                         2022/ШЦТ/912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

            улсын яллагч Ц.Майбаяр,

шинжээч Ж.Уртнасан,

гэрч Б.Г,

хохирогч Т.М, түүний өмгөөлөгч Б.Дагважанцан,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Н.Дд холбогдох эрүүгийн 2011018031546 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г овгийн Н.Д, 1980 оны 1 дүгээр сарын 10-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Монгол консерватив намын дарга, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, МНтаур барилгын гадна үе дамжин ирсэн “Си” нэртэй чулууг 20 сая төгрөгөөр худалдан авна гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж, зохиомол байдлын зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Маас 13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Си” чулууг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр сонгуульд оролцох эрхийг авсан. Б.Г гэх Говь-Алтайн залуутай танилцсан ба сонгуульд хамтран ажиллахаар болоод явж байтал “Си” гэх чулууг аваад зүү их сайн гэсэн. Улмаар Ч.М гэх залуутай танилцуулж, 3 чулуу байгаа талаар хэлсэн. Тус чулууг аавд минь гурван үе дамжиж ирсэн маш үнэтэй, ховор эрдэнэсийн чулуу, ажил бүтээдэг гэж ярьж байсан. 1 чулууг аваад зүүж үзэхэд бие эвгүйрхээд байсан тул Ч.Мтай уулзаж “энэ чулуу таарахгүй байна, зүүхээр ядраад байна” гэх яриа сонгуулийн штаб дээр болсон. Гэтэл сүүнд хийгээд хонуулбал гайгүй болно гэсэн. Б.Г, Ч.М нар танил байсан. 6 дугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах үеэр Ч.М нотариат орж гэрээгээ байгуулъя гэсэн ба нотариат гарал үүсэл тодорхойгүй учир гэрээ байгуулах боломжгүй гэхээр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Наадмын өмнө цувуулаад өгөх талаар хуваарь гаргасан. Тухайн хугацаанд өгч чадаагүй буюу тохирсон хугацаа өнгөрсөн. Улмаар Чингэлтэй дүүргээс дуудаж мэдүүлгүүд авч эхэлсэн, боломжтой байсан учраас хэлсэн үнээр нь авна гэж тохиролцсон. Эрүүгийн гэмт хэрэг гэж яллаж байгаа учир тайлбар хэлж байна. Иргэний хэргийн асуудлаар эвлэрлийн гэрээ байгуулах боломжтой байсан. Анхнаасаа иргэний гэрээ байгуулаад, үнээ тохиролцоод чулуугаа өгч авалцсан. Гол нь миний санхүүжилт өгөх хүн маань надад бүтэхээ болилоо гэсэн учраас ярьсан мөнгөө хугацаандаа өгч чадаагүй. Чулууг буцааж өгье гэдэг талаар би хэд хэд хэлсэн. Одоо чулууг гээсэн болохоор чулуугаа ч өгч чадаагүй, мөнгийг өгөөгүй өнөөдрийг хүргэсэн. Гэхдээ би Ч.Мд мөнгийг өгнө, одоохондоо боломж муу байна гэдгээ үнэн учраа хэлсэн. Одоо харин үнэлгээнд эргэлзэж байна. 20,000,000 төгрөг гэдэг бол маш өндөр үнэ байна. Чулууны үнэлгээ 13,800,000 төгрөг гарч, уг үнэлгээтэй танилцаад мөрдөн байцаалтын шатанд гарын үсэг зурсан. Шүүхийн шатанд бодит үнэлгээг хийлгэх бололцоо байвал хийлгэж болох эсэх? Төрөөс сонгуулийн ерөнхий хороо санхүүжилт өгөөд байдаг зүйл байдаггүй. Тухайн нэр дэвшигч хандивын журмаар мөнгө босгох гэдэг ур чадварын асуудал байдаг. 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тоот дугаартай тогтоол гарсан байдаг. Гэрч Б.Г болон хохирогч Ч.Мын хэлж байгаагаар бид нар хэн нэгэн хэн нэгнээ хуурах залилах сэдэл зорилгогүй байсан. Хэн ямар зорилгоор юунд хэрэглэх гэж байгаагаа үнэнээр нь хэлээд, хоорондоо үнээ тохиролцоод, нотариатаар орж гэрээ байгуулсан байхад энэ нь гэмт хэрэг биш гэж үзэж байна. Хэрэг үүссэн анх танилцахад ямар байсан, чулуу өгөхөд ямар байсан талаар хэлж байна. Иймд иргэний хэрэг учир намайг цагаатгаж өгнө үү, би чулууны үнийг бол төлөх болно...” гэв.

Хохирогч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Н.Дгийн ярьсанчлан тухайн Си гэх чулууг ярьж тохиролцоод авсан. Анх түүнийг Б.Г гэж танил маань авчирч танилцуулаад сонгуульд нэр дэвшиж байгаа, нөгөө чулуугаа зарах уу гэж ирж машин дотор уулзаж байсан. Уг чулуу нь надад ааваас минь өвлөж ирсэн чулуу байгаа юм. Н.Дтай үнээ тохиролцоод нотариат орж гэрээ байгуулсан. Н.Д чулууг зүүгээд бие эвгүйрхээд байна гэхэд нь ламаас асуухад мөнгөн аягтай усанд хийгээд хонуул болохгүй бол буцаа гэж хэлсэн. Н.Дтай сонгуулийн сурталчилгаа хаагддаг өдөр утсаар ярьж байгаад уулзсан ба чулууг зүүгээд явж байсан, хонуулснаас хойш зүгээр болсон наймаагаа тохирсноороо хийнэ шүү гэсэн. Тэгээд Улсын Их Хурлын сонгуулийн дараа Иргэдийн хурлын төлөөлөгчдийн сонгууль гэж байгаа учраас би авна, нутаг явчхаад ирээд тооцоо хийх яриа Н.Дтай болоод өнгөрсөн. Тухайн үед самбарууд буулгаж байгаа тул завгүй гээд бага хугацаанд уулзаад явсан ба утсаа хаагаад алга болохоор нь Чингэлтэй дүүрэгт өргөдөл гаргаж 2021 оны 5 дугаар сард бид уулзахад 15,000,000 төгрөгийг 7 хоногийн дотор өгөх, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулаад хуваарь гаргаад төлөх талаар хэлээд алга болсон. Чулууг 13,800,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээг 300,000 төгрөгөөр хийсэн. Одоо энэ үнийг нэхэмжилж байна. Н.Д нь мөнгө өгье гэсэн санаа огт байдаггүй...” гэв.

Гэрч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Си” гэх чулууны талаар Ч.М хэлэхдээ дэлхийн том одуудын зүүдэг чулуу байна, энэ чулууг зүүвэл ажил үйлс бүтдэг талаар хэлсэн. Би нэг чулууг авсан боловч мөнгийг нь ч өгч чадахгүй, хаях юм байна гээд авах аа больж, буцааж өгсөн. Хэрэглэдэг хүн байвал хэлж өгье гээд Н.Дд муу муухай барцад арилгадаг чулуу байна гэж хэлээд тэр хоёрыг уулзуулсан. Тэгээд тэр хоёр уулзаад үнээ тохиролцоод, нотариат орно гээд л явсан. Чулууны үнэ төлөх мөнгөний талаар Н.Д намаас орж ирж байгаа мөнгө, дэмжиж тусална гэдэг хүмүүс буюу хандив мөнгө орж ирэхээр төлнө гэж хэлсэн. Тэрээр олны танил нутаг орны манлайлал болсон хүн. Надад Н.Д нэг компанийн захиралд хууртагдаж алдагдалд орсон талаар хэлж байсан. Ч.Мын мөнгөө өгөхгүй байгаа асуудалд Н.Дтай холбогдож асуухад тохирсон үнийн дүнтэй чулуу биш байна...7,000,000-10,000,000 төгрөгийн үнэтэй байдаг юм байна гэж хэлж байсан. Би Ч.Мд үнийг нь бага зэрэг буулгаад Н.Дтай яриад үзэх талаар мөн хэлж байсан, Н.Дг анхнаас үнэн учир, зорилгоо хэлээд, үнээ тохиролцоод гэрээ байгуулаад чулуугаа авсан гэдгийг мэдэж байна. Хуурч, залилсан зүйл байгаа гэж бодохгүй байна...” гэв.

Шинжээч Ж.Уртнасан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч тогтоол өгсөн. Тогтоолд “Си” гэдэг чулууг 20,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналтай өгсөн ба үүний дагуу судалсан. Судалгааг үнэт эдлэлийн дэлгүүр, үнэт чулуулгийн газар, Геологийн төв лаборатори зэрэг газруудаар явж хийсэн. “Си” чулууны талаар анх мэдээлэлгүй байсан. Мэдэхийн тулд мэргэжлийн хүмүүсээс ямар учиртай чулуу талаар асуусан. “Гандантэгчэнлин хийд”-н лам нар, Төвдөд сургууль төгсөж ирсэн хүмүүсээс асуухад “…шашны зан үйлийн холбогдолтой маш их өндөр температурт халааж байгаад шахдаг ямар нэгэн эрдэс хүний биед нөлөөлөхөөр хоолойдоо зүүдэг. Бамбай булчирхай хоолойн ангинад хэрэглэдэг болов уу...” гэж тайлбарласан. Урт цагааны урдуур байдаг дэлгүүр, “Мөнгөн завьяа” орчмын дэлгүүр, “Арт хаус” эртний эдлэлийн дэлгүүр зэрэг газруудаар орж асуусан. “Арт хаус” эртний эдлэлийн дэлгүүрт орж тухайн чулуу байгаа талаар асуухад аав ээжээс авсан 2 настай байхад зүүж өгсөн гэж үзүүлснийг авах гэж байгаа хүн шиг ярьж байгаад үнийг асуухад 6,000,000 төгрөгөөр өгөх талаар хэлдэг. Зургийг нь аваад наймаа хийх замаар судалж үзсэн. “Мөнгөн завьяа” болон урт цагааны урдуур Хятад улсаас орж ирсэн хиймэл нь 500,000-1,000,000 төгрөгийн үнэтэй байсан. Төвөдөөс Энэтхэгээр дамжаад, эсхүл Энэтхэгээс Төвөдөөр дамжин орж ирдэг байх. “Арт хаус” эртний эдлэлийн дэлгүүрт чулууны 6,000,000 төгрөгийн үнийг суурь үнэ болгосон. Сангийн сайдын 2013 оны 6 дугаар сарын 27-ны 40 дүгээр тогтоол байдаг. Үнэт эдлэл ховор үзмэрийг үнэлж нөхөн орлуулах, зах зээлийн үнэд ойролцоо үнийг гаргах аргачлалыг тогтоосон аргачлал байдаг. Сайдын аргачлалаар заалтад зааснаар зэрэглэлийн 20 хувь, 10 хувь зэргээр өсгөөд, хагас үнэт чулуу, ховор нарийн хийцтэй юу, ховорт тооцогдох уу гэдгээр хувийг өсгөхөөр 13,800,000 төгрөгийн зэх зээлийн үнэ ойролцоо гарч ирсэн. Мөн англи, орос хэл дээр байдаг сайтуудаас “Си” гэдэг чулууг судалж үзэхэд, 4000 долларын үнэтэй гарч ирдэг. Тухайн үеийн ханшаар доллар нэгжээр 12,200,000 төгрөгийн үнэ гарч ирсэн. Ч.Мын хэлдгээр 4 үе дамжиж ирсэн гэж хэлдэг. “Арт хаус” эртний эдлэлийн дэлгүүрийн настай хүний хэлдгээр 120 жил болсон гэж ойлгосон. Ч.Мын “Си” гэх чулуу тэрнээс өмнө ирсэн байх гэж бодон Сангийн яамны аргачлал, зах зээлийн сайтад байгаа үнийг харьцуулан үзэхэд “Си” гэх чулууг дээрхээр үнэлэх боломжтой гэж үнэлэн тогтоосон. 4 үе дамжиж ирснийг нотолж чадахгүй. Зүүж байсныг үндэслэвэл дээр үе эртний эдлэлийн үнэт үзмэр гэж ойлгон тус үнэ хүрсэн. 20,000,000 төгрөгийн үнэтэй гэдгийг баталж чадахгүй. 13,800,000 төгрөгийн үнэлгээг баталж чадна. Энэ чулуу үнэт чулуунд орохгүй. Миний ойлгож байгаагаар эрдэсэжсэн чулуу. Үнэлгээний ажлын хөлсөнд 300,000 төгрөг авсан ба төлөгдсөн” гэв.

            Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг болон яллах, цагаатгах талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Тухайлбал:

            - хохирогч Ч.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г надаас “чи нөгөө чулуугаа зарах хэвээрээ юу” гэж асуухад нь би “хэвээрээ” гэж хэлсэн. Удалгүй Г өөрийн найз буюу Говь-Алтайн залуу гэх Дтай танилцуулаад бид гурав Баянзүрх дүүрэгт байрлах КристалТаун хотхоны гадаа машин дотор уулзсан. Би тэр үед Дд 3 чулуу үзүүлээд, тэрээр улбар шар өнгөтэй нэг чулууг нь 20 сая төгрөгөөр худалдаж авъя, одоогоор мөнгө бэлэн биш байна, сонгуулийн өмнө мөнгөө бэлдчихээд уулзъя, сонгуулийн санхүүжилт орж ирээгүйн улмаас би худалдаж авах мөнгө байхгүй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. ...2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Д над руу залгаад уулзъя гэж хэлэхээр нь ...Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МНтаур барилгын өмнө Сахихтун эвслийн нээлт болж байсан бөгөөд тэрээр зураг авхуулж дуусгаад надаас миний улбар шар өнгөтэй Э2Е буюу Монголчуудын нэршлээр “Си” чулууг “2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр би чулууны мөнгө болох 20,000,000 сая төгрөгийг өгнө” гэж хэлээд авсан. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзахад тэрээр мөнгө орж ирээгүй байна, сая хэдэн төгрөг орж ирсэн боловч сонгуулийн үйл ажиллагаанд ашигласан, 0000 УНУ улсын дугаартай Делика машин авсан мөнгөгүй болчихлоо, би чиний мөнгийг дараа өгье гээд хойшлуулаад байсан. ...чи ямар ч байсан 2020 оны 06 дугаар сарын 23-ныг хүртэл хүлээчих, одоо том санхүүжилт орж ирэх ёстой, тэр болтол хүлээ гэхээр нь би зөвшөөрсөн. ...Надаас чулуу аваад хэд хоногийн дараа уулзахад тэрээр чулуу надад таарахгүй байна, учир нь зүүхээр би ядраад байх юм гэхээр нь, би лам хүнээс утсаар асуухад лам хэлэхдээ” чулуугаа усанд билүү, сүүнд хийгээд нар сарны гэрэлд хонуулаад зүүгээрэй” гэхээр нь би Н.Дд энэ талаар хэлсэн. Ингээд Д хэд хоногийн дараа уулзаад энэ чулуу надад маш сайхан таарч байна чамд мөнгийг нь өгнө өө гэж хэлээд тэрнээс хойш алга болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр тал/,

-гэрч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед Д яг одоо мөнгө байхгүй авах болоогүй, сонгуулийн санхүүжилт орохоор мөнгөтэй болно гэж хэлсэн. Тэгээд дараа нь Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших үнэмлэхийг гардаж авдаг өдөр бид гурав дахин Тэнгис кинотеатрын гадаа талбай дээр уулзсан. Энэ өдөр тэр хоёр Д Маас “Си” гэх чулууг 20,000,000 сая төгрөгөөр худалдан авахаар болоод яриа хөөрөө үүсэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-35 дугаар тал/,

- гэрч Т.Ан мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч.М 2004 (ойролцоогоор) онд надад 3 ширхэг Си чулуу үзүүлж байсан бөгөөд өвөөгөөс уламжлагдан ирсэн гэж хэлсэн. Тухайн үед би түүнд хандаж “чи хэрэв зарахаар бол надад өгнө шүү” гэж хэлсэн. Улмаар 2020 онд М надад “нөгөө чулуугаа зарлаа, чи худалдаж авах юм уу” гэж асуусан. Би түүнд “тэгье” гэж хэлээд бид хоёр дээрх гурван чулууг нийт 65 сая төгрөгийн үнийн дүнд авахаар тохиролцсон. Дээрх Р21 буюу Монголчуудын нэршлээр СИ гэх чулуу нь Төвд улсаас гаралтай бөгөөд хоёр замаар олддог. Нэг дэх нь уулнаас, нэг нь намагтай газраас олддог гэж би дуулсан. Урд зүгийн улсад дээрх чулуу үнэтэй, хүнд ээлтэй, ховор эртний байгалийн гаралтай чулуу гэж үздэг. ...Монгол улсад элбэг байхгүй бөгөөд үнэ ханш тодорхойгүй, хувь хүмүүс өөрсдөө үнэ тохиролцож өгч авалцдаг... Би нэг чулууг нь 20-25 сая төгрөгийн үнийн дүнд тохиролцоод Маас авсан. 6 нүдтэй чулуу нь 20 сая, 9 нүдтэй чулуу нь 25 сая төгрөг. Миний зүүж байгаа чулуу бол 9 нүдтэй Си чулуу...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар тал/,

-гэрч Д.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний ээжийн аав болох Дархан Доной гэх хүнээс үлдсэн зүйл байгаа юм. 1988 онд нас барсных нь дараа 1989 онд манай ээж надад өгч байсан, үе дамжин ирсэн зүйл байгаа юм. .Манай ээжийн аав Доной гэх хүн их уран дархан хүн байсан тэр хүний авдар дотор хадгалаастай байдаг байсан. Тэгээд надад өвлөгдөж ирж байсан үнэ ханш, нэрийнх нь талаар мэдэхгүй. Дээр үед настай хүмүүс тухайн чулууны талаар ярихдаа хүзүү, бугуйнаасаа зүүгээд явахад гай барцдаас хамгаалж өвчин зовлон тусдаггүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,

- гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эдгээр чулуунууд намайг бага байхад санагдаж байна гэрийн шүүгээнд аавын хөөрөг, даалин гэх мэт эд, эдлэл хэрэглэлүүдтэй нь хамт байж байдаг байсан. Яг гарал угсааг нь яривал манай хөгшин аав буюу аавын ааваас өвлөгдөж ирсэн хэмээн ярьдаг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

- гэрч Ч.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би дээр зургийг харлаа. Эдгээр чулуунууд намайг бага байхад санагдаж байна гэрийн шүүгээнд аавын хөөрөг, даалин гэх мэт эд эдлэл хэрэглэлүүдтэй нь хамт байж байдаг байсан. Яг гарал угсааг нь яривал манай хөгшин аав буюу аавын ааваас өвлөгдөж ирсэн хэмээн ярьдаг байсан. Манайх ам бүл тавуулаа бөгөөд тухайн гурван чулууг бэлгэшээнэ аав маань их нандигнан хадгалж ирсэн байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,

- хөрөнгийн үнэлгээний төвийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 199 дугаартай “...1 ширхэг “Си” гэх чулууны зах зээлийн үнэ цэнэ 13,800,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 68-77 дугаар тал/,

- 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ч.М, Н.Д нарын хооронд байгуулсан 0436 дугаартай “Зээлийн гэрээ”-ний нотариатаар батлуулсан хуулбар /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

- Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 98-105 дугаар тал/,

- шүүгдэгч Н.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Сонгуулийн санхүүжилт орж ирнэ, тэгэхээр өгье л гэж хэлсэн. Иргэдээс орж ирсэн гэх мөнгийг санхүүжилт гэж ойлгох үгүйг бас хэлж мэдэхгүй байна. Тухайн хувь нэр дэвшигч бол сонгуулийн санхүүжилтийн мөнгийг сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулах ёстой. Санхүүжилтэд чулууг 20 сая төгрөгөөр худалдаж авах төсөв суугдаагүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шалгавал зохих зүйлийг шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж шүүх дүгнэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж яллах, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурь тус тус илэрхийлж оролцсон болно.

Анхан шатны шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн яллах, өмгөөлөх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. 

Тухайлбал прокуророос шүүгдэгч Н.Дг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, МНтаур барилгын гадна үе дамжин ирсэн “Си” нэртэй чулууг 20 сая төгрөгөөр худалдан авна гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж, зохиомол байдлын зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж иргэн Г.Маас 13.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Си” чулууг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлсэн боловч Н.Дгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байна гэж дүгнэв.

Залилах гэмт хэргийн хувьд анхнаасаа эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг буцаан өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор эд хөрөнгийг шилжүүлэн авахын тулд хохирогчийг хуурах, зохиомол байдал бий болгох, бодит байдлыг нуун төөрөгдүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл хийсний үр дүнд эд хөрөнгийг шилжүүлэн авсан байдаг.

Гэтэл Г.М нь анхнаасаа “Си” чулууг Н.Дд худалдахаар харилцан тохиролцож, 2020 оны 6 арын 2-ны өдөр уг чулууг шилжүүлэн өгөхдөө Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ц.Цэцэгмаагаар гэрчлүүлэн харилцан тохиролцсон 20.000.000 төгрөгийн “Зээлийн гэрээ”-г байгуулсан бөгөөд “Си” чулууг зээлээр буюу эд хөрөнгийг шилжүүлсний дараа төлбөрийг тодорхой хугацаанд, хэсэгчлэн төлөхийг өөрсдөө харилцан зөвшөөрч, тохиролцсон нь тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Б.Гантулгын мэдүүлэг, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 56 /Хүчин төгөлдөр бус байх хэлцэл/, 57 /Хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл/, 58 /Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл/, 59 /Хууран мэхэлж хийсэн хэлцэл/, 60 /Хүч хэрэглэж хийсэн хэлцэл/ дугаар зүйлд тус тус заасан хэлцлээс үүссэн маргаанд шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших эрхийг хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар олж авах гэсэн гэмт санаа зорилго байдаггүй тул уг хэлцлүүдээс үүссэн маргаан болгон гэмт хэрэг болохгүй. Харин дээрх хэлцлүүдээр халхавчлан шунахай сэдэлтээр хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар авсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.

Өөрөөр хэлбэл “Си” чулууг худалдах, худалдан авахаар тохиролцсоны баталгаа байдлаар зээлийн гэрээг давхар байгуулан нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд энэхүү анхнаасаа өөрсдөө ярилцаж, тохиролцон хийсэн худалдан авалтыг хуурч, зээлийн гэрээгээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдыг залилсан, залилах санаа зорилго анхнаасаа байсан гэж үзэх үндэслэлгүй, харин иргэд хоорондын харилцан тохиролцож хийсэн Иргэний эрх зүйн харилцаа юм.

Иймд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Дд холбогдох эрүүгийн 2011018031546 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Дг цагаатгаж, шүүгдэгч Н.Д нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.9, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Н.Дд холбогдох эрүүгийн 2011018031546 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.Дг цагаатгасугай. 

           2. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

          3. Шүүгдэгч Н.Д нь үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болгохыг тайлбарласугай.   

          4. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

                          

                                         ДАРГАЛАГЧ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН