| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0041/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/43 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 26.1.1., |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Энхманлай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Шонхцой овогт Эрдэнэбаатарын Энхманлайд холбогдох эрүүгийн 2309 00358 0087 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хот Багахангай дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, хойд аав, ээжийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр гудамжны 68 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,
Шонхцой овогт Эрдэнэбаатарын Энхманлай /РД:НЦ97110413/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Энхманлай нь 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 цаг 57 минутад хохирогч П.Ганбатын Хас банкны интернэт банк буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдсан, мөн хохирогч П.Ганбатын 1.130.000 төгрөгийг өөрийн хойд эцэг Т.Сэргэлэнгийн эзэмшлийн “ХААН” банкны 5754174337 тоот дансаар дамжуулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Энхманлай шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч Ганбат ах утсаараа таксины мөнгөө шилжүүлэх гэсэн чинь гар утсаа харахгүй байна, утас нь датагүй болчихсон байна гээд миний утсаар Хас банкны интернэт банкны апп суулгаж байгаад өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ надад хэлж байгаад ороод мөнгө шилжүүлсэн. Миний утсан дээр нэвтрэх нэр, нууц үг нь хадгалагдаад үлдчихсэн байсан. Би Ганбат ахын дансанд мөнгө байгааг мэдэж байсан, арай ч авахгүй гэж бодсон. Тэгээд шөнө нойр хүрэхгүй, шөнөжингөө бодож хэвтэж байгаад өглөө 4, 5 цагийн үед авсан. Тэр мөнгөө хүнд өгөх байсан өрөө төлөөд дуусгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч П.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны оройн 18 цагийн орчим Мягмаржав гэх найзын гэрт нь очиход Баасансүрэн, Ганхуяг, Дэлгэрсайхан, Пунцаг, гээд манай найзууд байсан бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд би нэлээн муудсан. Тэгээд би найзынхаасаа 23 цагийн орчим гараад ганцаараа Дарь эхийн хуучин эцсийн тэнд байх караоке ороод 1 цаг гаран дуулаад тэндээсээ гараад такси бариад гэртээ ирсэн. Би таксины тооцоог интернэт банкаар хийсэн таксины мөнгө 11.000 төгрөг болсон. Тэгээд өглөө босоод дэлгүүр ороод тамхи авах гэхэд үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Би дансандаа сая нэг зуун дөч гаран мянган төгрөгтэй байсан. Тэгээд Хас банкин дээр очоод 5005275235 дугаартай дансны хуулгаа авахад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 04 цаг 57 минутад Түгжийн Сэргэлэн гэх хүний данс руу 1.130.000 төгрөг шилжсэн байсан уг хүний дансны дугаар нь 5754174337 гэсэн дугаартай данс байсан.”, гэх мэдүүлэг /хх-21/,
Хохирогч П.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “...Би тухайн үед нэлээн согтчихсон байсан учраас таксиныхаа төлбөрийг интернэт банкаараа өөрөө хийж чадалгүй тухайн таксины жолооч залууд гар утсаа өгөөд тэр залуугаар хийлгүүлсэн юм. Тэгэхдээ би түүнд интернэт банкныхаа нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ хэлж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-23/,
Гэрч Т.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “...Надаас өөр хүн ашигладаггүй. Манай эхнэрийн дагавар хүүхэд болох Энхманлай нь миний 5057174337 дугаартай “ХААН” банкны виза картыг 2023 оны 01 дүгээр сарын эхээр надаас авсан яг өдрийг сайн санахгүй байна. Ямар нэгэн зорилго байхгүй тухайн өдөр надаас танд “ХААН” банкны чинь виза карт байна уу байвал надаа өгчих гэхээр нь би Энхманлайд өгөөд ажилдаа явсан.” гэх мэдүүлэг /хх-26-27/,
Шүүгдэгч Э.Энхманлайн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө нэг таньдаг хүнийхээ авто машинаар хувиараа таксинд явж байсан. Тэгсэн шөнө 00 билүү 01 цагийн үед л байх 17 дугаар сургуулийн ойролцоогоос нэг архи уучихсан согтуу байдалтай эрэгтэй хүнийг таксиндаа суулгасан. Тухайн үед тэр хүнд явъя гэж хэлж байсан. Ингээд би замдаа явж байтал тэр согтуу ах “ах нь тасарчхаж магадгүй, гайгүй байгаа дээрээ тооцоогоо хийгээд мөнгөө шилжүүлчих” гэж хэлсэн тэгж хэлээд гар утсаа гаргаж ирээд интернэт банкаараа оролдож надад “ах нь согтсон болохоор мөнгөө шилжүүлж чадахгүй байна, ахынх нь нүд эрээлжлээд байна, чи ахынхаа гар утсаар өөрийнхөө данс руу шилжүүлчих гэж хэлээд надад гар утсаа өгсөн. Тэгээд би тэр ахын гар утсаар нь интернэт нь оруулаад түүнээс нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг асуухад надад өгсөн. Тэгээд би тухайн үед таксины төлбөр болох 11.000 төгрөгийг өөрийн банкны 5087241825 тоот данс руу шилжүүлж авчхаад тэр хүнд буцаагаад нь өгсөн. Намайг тэр хүний утсаар өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлж дансанд нь 1 сая гаруй төгрөг байсан юм. Ингээд би тэр хүнийг Бэлхэд буулгаад өөрөө цаашаагаа яваад өгсөн. Ингээд би тухайн үед өөрөө өртэй, хэрэгцээ шаардлагатай, асуудалтай байсан учраас хэсэг бодож байгаад ер нь тэр ахынх интернэт банкаар нь ороод мөнгө авчихвал яадаг юм бол гэж Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, 1-68 тоот гэртээ байхдаа өөрийнхөө гар утаснаас нөгөө согтуу ахын интернэт банкийг оруулаад хойд эцэг Т.Сэргэлэнгийн дансаар 1.130.000 төгрөг шилжүүлсэн, тэгээд хойд эцэг Т.Сэргэлэнгээс виза картыг гуйж байгаад Налайх дүүрэг рүү ороод Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Налайх захын хажууд байдаг “ХААН” банкны АТМ-аас 1.125.000 төгрөгийг бэлнээр авсан юм мөнгөөрөө бусдад өртэй өрөө дараад дуусгасан. Тэгсэн намайг тэр явдлаас хойш удаагүй цагдаагаас дуудсан, ингээд бүх үнэнээ тэр цагдаад хэлээд өөрийн бурууг хүлээн зөвшөөрөөд тэр согтуу ахыг Ганбат гэдэг хүн болохыг мэдэж тэр хүнээс хууль бусаар, нууцаар данснаас нь авсан 1.130.000 төгрөгийг өөрийнхөө эд зүйлсийг зарж, барьцаанд тавьж байгаад буцааж өгч бусдад учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Тухайн үед би өөрийнхөө шуналдаа дийлдээд л их мөнгө харчхаад ийм үйлдэл хийчихсэн юм. Миний буруу. Би Ганбат гэдэг хүний данснаас хууль бусаар авсан 1.300.000 төгрөгөө буцаагаад өөрийнхөө “ХААН” банкны 5087241825 тоот данснаасаа Ганбатын данс руу 3 удаагийн гүйлгээгээр хувааж төлөөд дуусгасан. Уг гүйлгээний баримтаа гаргаж өгөх болно. Би Ганбат гэдэг хүний интернэт банкных нь нэвтрэх нэр, гүйлгээний нууц үгийг нь таксины төлбөрийг өөр лүүгээ хийхдээ цээжлээд тогтоож авчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /хх-40-41/,
Хохирогч П.Ганбатын “Хас” банкны 5005275235 дугаартай дансанд гүйлгээ хийсэн төлбөрийн баримт /хх-09/,
Хохирогч П.Ганбатын “Хас” банкны 5005275235 дугаартай дансны хуулга /хх-11/,
“ХААН” банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29/1002 дугаар албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-13-14/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-15/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, “ХААН” банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: ”... интернэт банк буюу кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар халдсан буюу Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн “ХААН” банкны 5754174337 тоот дансаар дамжуулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх шүүгдэгч Э.Энхманлайд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх
хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүх шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч П.Ганбатын гаргасан гомдол, мэдээлэл, хохирогч П.Ганбатын “Хас” банкны дансны хуулга, “ХААН” банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29/1002 дугаар албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хохирогчийн интернэт банкны эрхийг ашиглаж гэрч Т.Сэргэлэнгийн “ХААН” банкны дансанд мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Гэвч хохирогчийн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед нэлээн согтчихсон байсан учраас таксиныхаа төлбөрийг интернэт банкаараа өөрөө хийж чадалгүй тухайн таксины жолооч залууд гар утсаа өгөөд тэр залуугаар хийлгүүлсэн юм. Тэгэхдээ би түүнд интернэт банкныхаа нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгээ хэлж өгсөн.” гэх мэдүүлэг, Шүүгдэгч Э.Энхманлайн шүүхийн хэлэлцүүлэгт: “Хохирогч Ганбат ах утсаараа таксины мөнгөө шилжүүлэх гэсэн чинь гар утсаа харахгүй байна, утас нь датагүй болчихсон байна гээд миний утсаар Хас банкны интернэт банкны апп суулгаж байгаад өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ надад хэлж байгаад ороод мөнгө шилжүүлсэн. Миний утсан дээр нэвтрэх нэр, нууц үг нь хадгалагдаад үлдчихсэн байсан. Би Ганбат ахын дансанд мөнгө байгааг мэдэж байсан, арай ч авахгүй гэж бодсон. Тэгээд шөнө нойр хүрэхгүй, шөнөжингөө бодож хэвтэж байгаад өглөө 4, 5 цагийн үед авсан.” гэсэн мэдүүлгүүдээр хохирогч П.Ганбат нь таксины мөнгө 11.000 төгрөгийг өөрийн утсаар шилжүүлэх боломжгүй үедээ шүүгдэгчийн гар утсаар өөрийн “Хас” банк дахь интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг “гүйлгээ хийлгүүлэх” зорилгоор хэлж өгч нэвтрэх эрхийг зөвшөөрөн мөнгө шилжүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс хохирогч П.Ганбатын эзэмшлийн “Хас” банкны интернэт банкинд нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэж зааснаар шүүгдэгчийг яллаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, танилцсан” гэмт хэргийн шинж болох “ зөвшөөрөлгүй хандаж “ гэх үйлдэл, гэмт хэргийн субьектив шинж нь шүүгдэгчийн “хохирогчийн зөвшөөрөлтэй хандсан” гэх нөхцөл байдлыг ашиглан “хулгайлах” гэмт хэргийг үйлдэх арга болгон нэгэнт нэвтэрсэн интернэт банкнаас мөнгө шилжүүлсэн үйлдлээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Э.Энхманлай нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө П.Ганбатын зөвшөөрлөөр түүний “Хас” банкны интернэт банкинд нэвтэрч 5005275235 тоот данснаас таксины төлбөрөө авах үедээ утсанд нээлттэй хадгалагдсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан 5005275235 тоот харилцах данснаас 1.130.000 төгрөгийг өөрийн хойд эцэг болон Т.Сэргэлэнгийн эзэмшлийн “ХААН” банкны 5754174337 тоот дансаар шилжүүлэн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж хулгайлсан болох нь: шүүгдэгч Э.Энхманлайн өгсөн: “...Ганбат ах утсаараа таксины мөнгөө шилжүүлэх гэсэн чинь гар утсаа харахгүй байна, утас нь датагүй болчихсон байна гээд миний утсыг авч Хас банкны интернэт банкаар орсон. Нэвтрэх нэр, нууц үг нь хадгалагдаад үлдчихсэн байсан. Би Ганбат ахын дансанд мөнгө байгааг мэдэж байсан, арай ч авахгүй гэж бодсон. Тэгээд шөнө нойр хүрэхгүй, шөнөжингөө бодож хэвтэж байгаад өглөө 4, 5 цагийн үед авсан.” гэх мэдүүлэг, хохирогч П.Ганбатын өгсөн: “Би таксины тооцоог интернэт банкаар хийсэн таксины мөнгө 11.000 төгрөг болсон. Тэгээд өглөө босоод дэлгүүр ороод тамхи авах гэхэд үлдэгдэл хүрэлцэхгүй байсан. Би дансандаа сая нэг зуун дөч гаран мянган төгрөгтэй байсан. Тэгээд “Хас” банкин дээр очоод 5005275235 дугаартай дансны хуулгаа авахад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны шөнө 04 цаг 57 минутад Түгжийн Сэргэлэн гэх хүний данс руу 1.130.000 төгрөг шилжсэн байсан уг хүний дансны дугаар нь 5754174337 гэсэн дугаартай данс байсан.” гэх мэдүүлэг, гэрч Т.Сэргэлэнгийн өгсөн: “...Манай эхнэрийн дагавар хүүхэд болох Энхманлай нь миний 5057174337 дугаартай “ХААН” банкны виза картыг 2023 оны 01 дүгээр сарын эхээр надаас авсан яг өдрийг сайн санахгүй байна. Ямар нэгэн зорилго байхгүй тухайн өдөр надаас танд “ХААН” банкны чинь виза карт байна уу байвал надаа өгчих гэхээр нь би Энхманлайд өгөөд ажилдаа явсан.” гэх мэдүүлэг, хохирогч П.Ганбатын гаргасан гомдол, мэдээлэл, хохирогч П.Ганбатын “Хас” банкны дансны хуулга, “ХААН” банкны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 29/1002 дугаар албан бичиг, дансны дэлгэрэнгүй хуулга, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Энхманлайд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.
Шүүгдэгч Э.Энхманлайг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Шонхцой овогт Эрдэнэбаатарын Энхманлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Энхманлайд холбогдох “хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас: “Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Энхманлайд “300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” талаар эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргажээ.
Шүүх дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 ,1.2 дахь хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тухайн зүйл ангид заасан ялуудаас 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “1002” гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн СД-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД