| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2019/00324/И |
| Дугаар | 338 |
| Огноо | 2019-07-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 338
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Б.Ууганцэцэг, Х.Өлзийсайхан нарт холбогдох “Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 14.338.909.38 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сүхбаатар сум, Цагаан-Эрэг 2 дугаар баг, 2 дугаар хэсэг, 18 дугаар байрны 15 тоотод оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ХААН” банкны Сэлэнгэ салбарт зээлийн багц хариуцсан мэргэжилтэн ажилтай
Монголжин овгийн Батцэнгэлийн Түвшинжаргал
регистрийн дугаар: МЮ- 85091271
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгон, 3 дугаар баг, 62 дугаар өртөө, Замчдын 26 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг, Цагаан эрэг 2 дугаар хэсэг, 27 дугаар байр, 24 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, сургуулийн өмнөх насны хүүхдийн багш, арга зүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн ажилгүй
Бургууд овгийн Хорлоогийн Өлзийсайхан
регистрийн дугаар:МЖ - 72021008
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, Дулаанхаан тосгон, 3 дугаар баг, 62 дугаар өртөө, Замчдын 26 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг, Цагаан эрэг 2 дугаар хэсэг, 27 дугаар байр, 24 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгт хөгжмийн багш ажилтай
Иргэд овгийн Бүрэнхүүгийн Ууганцэцэг
регистрийн дугаар: МЖ - 94073000
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: “ХААН” банкны Сэлэнгэ салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэлийн утга: Зээлдэгч Б.Ууганцэцэг нь тус банкны Дулаанхаан тооцооны төвөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201742930028 тоот зээлийн гэрээ
байгуулж 12.300.000 / арван хоер сая гурван зуун мянган / төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ201642850155 тоот зээлийн гэрээ байгуулж 859.800 /найман зуун тавин есөн мянга найман зуун/ төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зориулалтаар авсан.
Зээлдэгч Б.Ууганцэцэг нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг, Цагаан эрэг 2 дугаар хэсэг, 27 дугаар байр, 24 тоотод оршин суудаг бүртгэлтэй хамтран үүрэг гүйцэтгэгчээр ээж Х.Өлзийсайхан нь гэрээ байгуулж орсон. Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд хаяг дээрээ амьдардаг.
Зээлдэгч нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 525 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн.
Иймд банк зээлийн гэрээний 9 дугаар зүйлийн 9.5 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд:
1. 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: Цалингийн зээл:
Үндсэн зээлийн үлдэгдэл-10.622.774.75 төгрөг,
Зээлийн хүүгийн төлбөр-3.146.669.61 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт- 199.894.43 төгрөг нийт 13.969.338.79 төгрөг,
2. Хэрэглээний лизингийн зээл:
Үндсэн зээлийн үлдэгдэл-293.469.23 төгрөг
Зээлийн хүүгийн төлбөр-65.444.44 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт-10.656.92 төгрөг нийт 369.570.59 төгрөг, нийт 14.338.909.38 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Зээлдэгч Б.Ууганцэцэг нь “ХААН” банкны Дулаанхаан тооцооны төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ201642850155 тоот зээлийн гэрээ байгуулж 859.800 /найман зуун тавин есөн мянга найман зуун/ төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зориулалтаар авсан байснаас одоо үлдэгдэл үндсэн зээл 293.46923 төгрөг, зээлийн хүү 65.44444 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.65692 төгрөг бүгд 369.57059 төгрөгийг төлөөгүй байгаа юм.
Мөн тус салбараас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201742930028 тоот зээлийн гэрээ байгуулж 12.300.000 /арван хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авснаас одоо үлдэгдэл үндсэн зээл 10.622.774.75 төгрөг, зээлийн хүү 3.146.669.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.894.97 төгрөг бүгд 13.969.338.79 төгрөг нийт 14.338.909.38 төгрөгийг төлөөгүй байгаа юм.
Банкны зүгээс зээлдэгч Б.Ууганцэцэг, болон хамтран хариуцагч нарт зээл төлөх талаар мэдэгдэж байсан боловч ажилгүй байгаа, зээл төлөх болмжгүй байгаа гэсэн асуудал яригддаг байсан. Одоо бол лизингийн зээлийн гэрээний хугацаа дууссан байгаа тул уг гэрээг цуцлах асуудал яригдахгүй, харин 2017 оны цалингийн зээлийн гэрээ 4 жил буюу 48 сарын хугацаатай байгууллагдсан тул уг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хоёр зээлийн нийт төлөгдөөгүй үлдэгдэл болох 14.338.909.38 төгрөгийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулж өгнө үү!
Мөн хариуцагч нар нь зээлийн төлбөрийг ямар журмаар, яаж төлөх талаар манай банктай харилцан тохиролцож шийдвэрлэх боломжтой... гэв.
Хариуцагч: Х.Өлзийсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Манай охин Б.Ууганцэцэгийн зээлийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр би орсон юм. Ер нь бол бидний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрч чадахгүй гэсэн тул гэрээг цуцалвал “зээлийн үлдэгдлийг нэг дор төл” гээд шүүхийн шийдвэрээс ирэх болов уу? Энэ дээр л жаахан айж байна.
Тэрнээс бол одоо тогтвортой ажилтай болсон тул зээлээ төлж чадна. Нэхэмжилсэн мөнгийг “алдангитай нь цуг төлье” гэсэн бодолтой байна, өмнөх саруудад Б.Ууганцэцэг нь хүүхэд хараад гэртэй байдаг байсан, одоо Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажилд орсон тул 9 дүгээр сараас зээлээ төлөх боломжтой болох юм. Тэр үеэс төлөгдөөгүй байсан мөнгөө жилийн хугацаанд багтааж төлье” гэсэн хүсэлтэй байна... гэв.
Хариуцагч:Б.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэв.
Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
“ХААН” банкны Сэлэнгэ салбараас Б.Ууганцэцэг, Х.Өлзийсайхан нарт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 14.338.909.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Зээлдэгч Б.Ууганцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өлзийсайхан нар нь “ХААН” банкны “Дулаанхаан “ тооцооны төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ201642850155 тоот зээлийн гэрээгээр 859.800 /найман зуун тавин есөн мянга найман зуун/ төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний лизингийн зориулалтаар зээл авснаас төлөгдөөгүй үлдсэн 293.469.23 төгрөг, зээлийн хүү 65.444.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.656.92 төгрөг бүгд 369.570.59 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201742930028 тоот зээлийн гэрээгээр 12.300.000 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авснаас төлөгдөөгүй үндсэн зээл 10.622.774.75 төгрөг, зээлийн хүү 3.146.669.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 199.894.43 төгрөг бүгд 13.969.338.79 төгрөг, бүгд 14.338.909.38 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүн дээр маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
Зээлдэгч нар нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201742930028 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар “...Гэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эвлэрч чадахгүй гэсэн тул гэрээг цуцалвал “зээлийн үлдэгдлийг нэг дор төл” гээд шүүхийн шийдвэрээс ирэх болов уу? Энэ дээр л жаахан айж байна...” гэх тайлбараас өөрөөр ямар нэгэн тайлбар, татгалзал гаргаагүй байх тул дээрх гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 14.338.909.38 төгрөг гаргуулан “ХААН” банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй байна.
Харин зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ201642850155 тоот лизингийн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байх тул уг гэрээг цуцлах шаардлагагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229.645 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 229.645 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 ,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлүүдэд зааснаар “ХААН”банкны Дулаанхаан салбар, зээлдэгч Б.Ууганцэцэг, Х.Өлзийсайхан нарын хооронд байгуулсан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ201742930028 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалсугай.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан зээлдэгч Б.Ууганцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Өлзийсайхан нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бүгд 14.338.909.38 төгрөгийг гаргуулан “ХААН” банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “ХААН” банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 229.645 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 229.645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ