| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2023/0110/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-04-05 |
| Зүйл хэсэг | 17.11.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч М.Даваанаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ест овогт Мандахнарангийн Даваанаранд холбогдох эрүүгийн 2221002260454 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 8-25Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ест овогт Мандахнарангийн Даваанаран /РД: ЖЭ90012976/.
Шүүгдэгч М.Даваанаран нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах нийтийн эзэмшлийн зам харилцаа болох “Дархинтын гүүр”-ээр 2022 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчимд Нордбенз маркийн 46-32 ДОР улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл жолоодон гарах үедээ болгоомжгүйгээр гэмтээсний улмаас “Дорнод авто зам ХК”-нд бага хэмжээнээс дээш буюу 12,601,639 (арван хоёр сая зургаан зуун нэг мянга зургаан зуун гучин ес) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Даваанаран шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна ...” гэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Түвшин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баян-Уул сумын 4 дүгээр баг “Дархинтын” модон гүүрийг М.Даваанаран гэх иргэн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нордбенз маркийн 46-32 ДОР улсын дугаартай том оврын ачааны машин дээр их хэмжээний мод болон модон материал тээвэрлэж яваад дээгүүр нь гарч уг модон гүүрийг эвдэж нураасан. Уг модон гүүрийг Дорнод авто зам хувьцаат компани хариуцан засвар үйлчилгээг нь хийдэг. Уг модон гүүрний хойд урд талд тэнхлэг нь дээрээ 5т-с хэтрэхгүй гэсэн тэмдэг тэмдэглэгээ тавьж байршуулсан байсан. Бид Даваанарантай хохирлын талаар гэрээ байгуулсан байгаа...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/
Гэрч А.Чулуунбаатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 08 цагийн орчимд наашаа явах замд нэг гүүрэн дээгүүр гарах үед уг модон гүүр урд хэсгээрээ доош цөмөрч нурсан. Машин толгойн хэсэг гарсны дараа чиргүүл хэсэг нь гарч амжаагүй байхад гүүр нурсан...” гэжээ. /хх-ийн 34-35 тал/
Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн толгой нь тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр заагдсан жин байдаг бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн толгой нь гэхэд өөрөө 9,2 тонн жинтэй байдаг. ... Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 5.8.1.1-т авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ чиргүүлтэй 6-н тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд 44 тонн гэж заасан байдаг...” гэжээ. /хх-ийн 38-39 тал/
Хөдөлгөөний соёл Төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Түмэнжаргалын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №11 дугаартай дүгнэлтэд: 1. Хэрэг авагдсан материал болон гэрчүүдийн мэдүүлгээс авто тээврийн улсын байцаагч Б.Билгүүн Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл нь толгой чиргүүлтэйгээ нийлээд ойролцоогоор 18-22 тонны жинтэй байдаг гэх мэдүүлгээс авч үзэхэд МША-3.10-д эд зүйлд хийсэн тэмдэглэлд ачсан ачааны нийт жин 17060 кг гэж тогтоосон байна. Эндээс үзэхэд толгой чиргүүлийн хоосон үеийн өөрийн жинг хамгийн багаар тооцож 18000 кг гэж үзвэл Норд бенз маркийн 46-32 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн толгой, чиргүүлийн бодит жин нь 18000 кг дээр ачсан ачааны нийт жин 17060 кг нэмээд бодит жин нь 36060 кг байна. Бодит жин гэж тээврийн хэрэгслийн тухайн үеийн жин буюу хоосон үеийн өөрийн жин дээр ачсан ачааны жинг нэмсэн тоог хэлдэг.
2. Норд бенз маркийн 46-32 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тухайн үед 6 тэнхлэгтэй, бодит жин нь 35030 кг байсан байна. Нэг тэнхлэгт оногдох ачаалал нь 2 тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн хувьд урд тэнхэлэгт бүх ачааллын 1/3 нь, хойд тэнхлэгт 2/3 нь оногддог. Харин 3 буюу түүнээс дээш тэнхлэгтэй тээврийн хэрэгсэлд нэг тэнхлэгт оногдох ачаалал нь тэнцүүхэн байдаг тул бодит жинг тэнхлэгийн тоонд хуваахад нэг тэнхлэгт оногдох ачаалал нь гарна. Иймд 35030 кг-ийг 6 тэнхлэгт хуваахад нэг тэнхлэгт оногдох ачаалал 5800 кг байна.
3. Тус гүүрний өмнө талд 2.12 Тэнхлэгийн ачааллын хязгаарлалт гэдэг тэмдэг байрлуулсан нь тухайн гүүрээр аль нэг тэнхлэгт оногдож буй бодит жин нь тэмдэгт зааснаар илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой гэсэн утгатай. Иймд тухайн гүүрээр гарч болох дээд хэмжээг заасан тул түүнээс дээш жинтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хориглоно.
4. Баян-Уул сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Дархинтын гүүрний тэмдэг нь Замын хөдөлгөөний дүрмийн стандартын шаардлага хангаж зөв тавигдсан байна.
5. Илрээгүй болно гэжээ. /хх-ийн 49-50 тал/
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12-22 тал/
-“BENDO” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-65 тал/
- Олон Улс, Улсын чанартай авто зам, замын байгууламжийг хариуцан ажиллах гэрээ /хх-ийн 66-68 тал/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 тал/
-Шүүгдэгч М.Даваанарангийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ест овогт Мандахнарангийн Даваанаран нь Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байрлах нийтийн эзэмшлийн зам харилцаа болох “Дархинтын гүүр”-ээр 2022 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн орчимд Норд бенз маркийн 46-32 ДОР улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл жолоодон гарах үедээ болгоомжгүйгээр тус гүүрний дээгүүр тогтоосон хязгаараас давсан ачаа тээвэрлэн зорчиж гэмтээсний улмаас “Дорнод авто зам ХК”-нд бага хэмжээнээс дээш буюу 12601,639 (арван хоёр сая зургаан зуун нэг мянга зургаан зуун гучин ес/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч М.Даваанарангийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Түвшин, гэрч А.Чулуунбаатар, Б.Билгүүн, Ж.Гансүх, Ш.Зоригтбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, “BENDO” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт, автын шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Даваанаранд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, улсын яллагчийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг нийтийн эзэмшлийн зам харилцааг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч М.Даваанаранг нийтийн эзэмшлийн зам харилцааг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Даваанаран нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч М.Даваанаран гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Даваанарангийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч байгууллага буюу “Дорнод авто зам” ХХК-нд 12601.639 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Э.Түвшинд мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчтэй хохирлын гэрээ байгуулан эвлэрсэн гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлжээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Даваанарангаас нийт 12601.639 төгрөгийг гаргуулж, “Дорнод авто зам” ХХК-Нд /РД:2011247/-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Даваанаран нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Даваанаран нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Даваанарангийн ЖЭ90012976 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ест овогт Мандахнарангийн Даваанаранг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн эзэмшлийн зам харилцааг болгоомжгүйгээр гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваанаранг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Даваанаран нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Даваанарангаас нийт 12601.639 төгрөгийг гаргуулж, “Дорнод авто зам” ХХК /РД:2011247/-д олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Даваанаран нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч М.Даваанарангийн ЖЭ90012976 дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Даваанаранд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ