Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/6

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Б.Уянга, улсын яллагч А.Анхбаяр, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч М.Мандалбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч Д.*******т холбогдох, эрүүгийн 201621000254 дугаартай, 153/2017/0004/Э/ индекстэй хэргийг шүүх 2016 оны 12 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 14 настай, ******* регистрийн дугаартай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Жаргалант сумын Прогресс дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч, ам бүл 5 , эцэг, эх, ах, эгч нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй гэх 

                                      Холбогдсон хэргийн талаар:                              

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.******* нь шууд санаатай шунахайн сэдэлттэйгээр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах Прогресс сургуулийн урд талын автомашины зогсоолд байрлуулсан ******* ХОА улсын дугаартай, Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэвтрэн түрийвч, Нокиа маркийн гар утас, цахим үнэмлэх 3 ширхэг, виза карт 1 ширхэг, бэлэн 50000 төгрөг, БНХАУ-ын мөнгөн тэмдэгт 2000 юань зэрэг эд зүйл хулгайлж, хохирогч Я.*******ад 855000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хичээл дээр сууж байтал багш намайг “хичээл дээр их ярилаа гар” гэхээр нь сургуулиас гарч явсан. Тэгээд сургуулийн дээд талын дэлгүүрт орохоор  явж байтал сургуулийн гадна автомашины зогсоол дээр байсан машины хаалга онгорхой байхаар нь уг машинд байсан цүнхнээс түрүүвч, гар утсыг  авсан. Тэгээд түрийвчнээс мөнгийг нь аваад виза карт, утасны симийг нь хаячихсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Я.*******  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед хүү Ж.Дамбарагчаагийн хамт хуримд явахаар болоод хүүгийнхээ машиныг сольж унаад хүр дүү Түмэн-Өлзийг 24 айлын гадаа буулгаад Номингийн дэлгүүр орох үед нэг эмэгтэй над руу залгасан. Та Я.******* багш мөн үү гэхээр нь мөн гэсэн чинь “таны бичиг баримт цагдаагийн алба хаагч нарын байрны гадна байсныг олж авлаа” гэхээр нь цагдаагийн алба хаагчдын байрны гадна  очиж 3 ширхэг цахим үнэмлэх, Голомт банкны виза карт,миний утасны дугаарын үүр байсныг авсан. Хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй  гэжээ. /хх 20-22-р хуудас/

Гэрч Г.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  12-13 цагийн үед Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байх цагдаагийн 24 айлын байрны дотор талын цэвэрлэгээ хийж дуусаад гадна цэвэрлэгээг хийж байтал байрны доод талд автомашины зогсоол дээр 3 ширхэг цахим үнэмлэх, 1 ширхэг виза карт, семний үүр байхаар нь үүрэн дээрхи дугаараар холбогдоод “Я.******* гэдэг хүн мөн үү? , бичиг баримтаа ирж ав” гэж хэлсэн. Удалгүй Я.*******  миний байгаа газар ирж бичиг баримтаа авахаар нь би яаж олсон тухайгаа хэлж өгсөн гэжээ. /хх-27-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 15-17-р хуудас/

Эд зүйлд үнэлгээ тогтоолгосон баримт / хх-29-р хуудас/

Гар утас болон юань үнэлсэн тухай тайлан /хх-30-31-р хуудас/

Нас тоолсон тухай тэмдэглэл / хх-46-р хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.******* сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өглөө тооны хичээл дээр багш намайг хичээл үймүүллээ гээд ангиас гаргасан.Тэгээд сургуулиас гараад дэлгүүр орж юм авч идэх гээд явж байтал автомашины зогсоол дээр ******* ХОА улсын дугаартай Приус-20 маркийн машины урдуур өнгөрч явтал уг машин түгжээгүй байхаар нь жолооч талын хаалгыг нь онгойлгоод хажуу талын суудал дээр цүнх байхаар нь цүнхийг онгойлгосон чинь хэтэвч, гар утас байхаар нь аваад хойш эргээд Цагдаагийн алба хаагч нарын  18 айлын орон сууцны хажуу талын граж барих гэж байгаа газарт хэтэвч, цахим үнэмлэх 3 ширхэг, Голомт, ХААН банкны виза карт зэргийг хаячихсан. Хэтэвчин дотор байсан 2000 юань, 50000 төгрөг байсныг авч явсан. Эмнэлгийн урд талаас такси аваад 60 айлын РС тоглоомын газарт тоглож байгаад 15 цагийн үед гэртээ очиж цайгаа уучихаад гэрээсээ буцаж гараад дахиад 60 айлын РС тоглоомын газарт тоглож байхад цагдаа нар ирээд аваад явсан гэжээ. /хх 48-49-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.******* нь автомашины зогсоолд байрлуулсан автомашинаас эд зүйл хулгайлж хохирогч Я.*******ад 855000 төгрөгний хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.*******ын мэдүүлэг, гэрч Г.*******ын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,эд зүйлд үнэлгээ тогтоолгосон баримт,гар утас болон юань үнэлсэн тухай тайлан, нас тоолсон тухай тэмдэглэл  зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Д.*******ыг  бусдын өмчинд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.  

Шүүгдэгч Д.******* нь насанд хүрээгүй буюу 14 нас 07 сар 10 хоногтой байхдаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Д.*******ын нас тоолсон баримт / хх 46-р хуудас/  төрсний бүртгэлийн лавлагаагаар / хх-63-р хуудас/, шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-65-р/ тогтоогдсон.    

Хохирогч Я.*******ад учирсан хохирлоо төлсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-14-р /  хохирогчийн мэдүүлэг /хх-22-р/ зэргээр тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч Д.*******ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.7, 55.1.9-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.******* нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, арван найман насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Насанд хүрээгүй шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдоогүй,бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг дурдаж, хохирол төлөгдсөн тул шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн бүртгэлийн дугаартай Жаргалант сумын ******* багийн ******* тоотын гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээ  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүйд тооцох нь зүйтэй.  

Шүүгдэгч нь анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон сургуулийн сурагч зэргийг харгалзан үзэж насанд хүрээгүй шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэлээ.     

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284,286, 290,294-299, 374,376,377 -д заасныг  удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ийн *******т 06 / зургаа/ сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.*******ын засрал хүмүүжилд хяналт тавьж байх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Б.*******ид хариуцуулсугай.

4. Насанд хүрээгүй шүүгдэгч нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг  тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн бүртгэлийн дугаартай Жаргалант сумын ******* багийн ******* тоотын гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээ  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгчид  урд авсан  батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС