Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2025/0040

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            “Т*******” ХК-ийн нэхэмжлэлтэй

                                     захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Т*******” ХК

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “О*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0840 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0383/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Т*******” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “О*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг сунгаж гэрчилгээг шилжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх сунгахыг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтыг албанд даалгах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0840 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 39.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т*******” ХК-иас Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан  ““О*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...анхан шатны шүүх болон Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албыг байлцуулан шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн. Ингээд анхан шатны шүүх хуралдаан болж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг” хэрэгжүүлээгүй анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан.

Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь "О*******" ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон талаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ямар нэг шийдвэр гаргаагүй атлаа газар эзэмших эрхийг цуцалсан, сунгах, шилжүүлэх боломжгүй гэж байгаа нь "О*******" ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалагч “Т*******” ХК-ийн барьцааны эрхээ хэрэгжүүлэх тус газрыг шилжүүлэн авч чадахгүй төрийн байгууллагын хүнд суртал, ойлгомжгүй байдлаас болон газар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд банкны өмчлөлд шилжсэн боловч газар нь банкны эзэмшилд шилжээгүйгээс худалдан борлуулж чадахгүй, жилээс жилд элэгдэл хорогдолд орж, чанар байдал дордож, тоногдож зээлийн төлбөрийг төлүүлэх боломжгүй болсон.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.2-т "Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т "Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 39.1.1-т газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Т*******ны шилжүүлэн авахаар шаардаж буй газруудын эзэмших эрх дуусгавар болсон болох нь тогтоогдож байна" гэсэн нь шүүх Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий газрын эрхийг цуцалсан барьцаалагч Т******* болон барьцаалуулагчид амаар болон бичгээр мэдэгдээгүй, энэ талаар хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгөөгүй, "О*******" ХХК-ийн газар эзэмших эрхийн хүсэлт, түүнд хавсаргасан баримт болон газрын төлбөр төлсөн талаарх баримт, “Т*******” ХК болон "О*******” ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээний дагуу "О*******" ХХК-ийн эзэмшлийн 2 газрын гэрчилгээнд барьцааны бүртгэл хийгдсэн эсэх, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон талаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас холбогдох баримтууд нотлох баримтууд гаргуулаагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д "Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан маргаан бүхий газрыг хуульд заасан журмын дагуу баримт материалын бүрдэл бүрэн газрын төлбөр болон дуудлага худалдааны анхны үнийг төлсөн тохиолдолд шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй талаараа удаа дараа илэрхийлсэн, нэхэмжлэгч талаас эвлэрэн хэлэлцэх санал гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч газартай холбоотой төлбөрүүдийг төлөх боломжгүй болсон" гэдэгт анхан шатны шүүх маргааны үйл баримтын хүрээнд хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба хариуцагч талын эвлэрэн хэлэлцэх боломжтой гэсэн тайлбарт холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийг шийдвэрлэхээс өмнө хариуцагч талын эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан, гагцхүү маргаан бүхий газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 2 газрын нийтдээ 54.544.160 төгрөгийг энэ онд төсөвт суугаагүй учир төлөх боломжгүй ч хариуцагч талтай 2025 оны 1 дүгээр улиралд төлж барагдуулахаар эвлэрэлд тусган шийдвэрлүүлэх боломжтой байсныг шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь анхан шатны шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.1-д "Иймд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүйтэй холбоотойгоор маргаан бүхий газруудыг эзэмших эрх хуульд заасны дагуу дуусгавар болсон байхад шүүх газрыг шилжүүлэх боломжтой гэж дүгнэх эрхгүй" гэсэнд маргаан бүхий газруудын эзэмших эрх хуульд заасны дагуу дуусгавар болоогүй юм. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-т зааснаар газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ 30 хоногийн дотор гаргасан эсэх, эзэмших эрх дууссан тул хугацааг сунгах, шилжүүлэхгүй, газар эзэмших эрхийг цуцалсан талаар амаар болон бичгээр захиргааны акт гаргаагүйд гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулаагүй, шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримт, нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэлгүйгээр зөвхөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох талаарх заалтыг үндэслэл болгосон нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцсэнгүй.

Учир нь нэхэмжлэгчийн хувьд 2 нэгж талбарын дугаар бүхий тус тусдаа байршилтай газрын эзэмшигч биш барьцаалагч, харин уг газрын эзэмшигч болох “Ойгон нуур энерги” ХХК-ийн Т*******наас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох энэхүү газар эзэмших эрхээр нь хангуулах тухай шүүгчийн захирамж гарч, улмаар хүчин төгөлдөр захирамжийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдах үед одоогийн маргаан үүссэн, гэтэл шүүхээс “…Т*******” ХК-ийн шилжүүлэн авахаар шаардаж буй газруудын эзэмших эрх дуусгавар болсон…” гэж дүгнэн, барьцаалагчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж буй нь хангалтгүй.

Тэр тусмаа хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүхийн шийдвэрт заасан “эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон” гэсэн үндэслэлээр татгалзаагүй, харин дуудлага худалдааны анхны үнэ болон газрын төлбөрийг төлөх шаардлагатай гэсэн хариуцагчийн татгалзлын талаарх нэхэмжлэгчийн байр суурьтай холбоотой нотлох баримтыг хангалттай цуглуулаагүй, тодруулаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад бүрэн дүгнэлт өгөх нөхцөл бүрдээгүй байна.

2.Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 140 дүгээр захирамжаар анх “Ойгон нуур энерги” ХХК-д нэгж талбарын 2 дугаар бүхий 5000 мкв, 25991 мкв газрыг тус тус төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 жилийн хугацаатай олгосноос хойш газрын төлбөр огт төлөөгүй, мөн анх олгохдоо дуудлага худалдааны анхны үнэ төлүүлээгүйтэй холбогдуулан “Т*******” ХК-ийн хүсэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээг нэр бүхий иргэнд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийн тулд дээрх төлбөрийг төлөхийг тус тус шаардсан нь Газрын тухай хуульд нийцсэн боловч барьцаалагч “Т*******” ХК-иас шаардсан төлбөрийг төлөх эсэх талаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “…нэхэмжлэгч талаас эвлэрэн хэлэлцэх санал гаргаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан боловч газартай холбоотой төлбөрүүдийг төлөх боломжгүй болсон учир хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан зэрэг нөхцөл байдал байх хэдий ч шүүх хэрэг маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлэх учиртай…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд газрын дуудлага худалдааны анхны үнэ 54.5 сая төгрөгийг банкны энэ оны төсөвт суугаагүй учраас төлөх боломжгүй, хариуцагч талтай 2025 оны 1 дүгээр улиралд төлж барагдуулахаар эвлэрэлд тусган шийдвэрлүүлэх боломжтой байсан талаараа дурдсан төдийгүй энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд ч илэрхийлж байсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтэд хавсаргасан байх баримтад “албан татвар, хураамж төлсөн тухай баримт”-ыг шаардсан, харин нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөр, дуудлага худалдааны анхны үнийг төлөх ёсгүй гэж маргаагүй энэ тохиолдолд шүүхээс уг төлбөрийг хэрхэн төлж барагдуулах нөхцөл байдлыг тодруулах ажиллагааг хийх атал эсрэгээрээ талуудын маргаагүй асуудлаар буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсон эсэхэд илүүтэй ач холбогдол өгч хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг хангалттай хэрэгжүүлээгүй, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д зааснаар газар эзэмшигч нь “газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах” эрхтэй, 35.3.6-д зааснаар “энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх” үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана”, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй” гэх зэргээр барьцаалагчийн эрхийг хуулиар хамгаалсан байгааг хэргийг дахин шийдвэрлэхдээ анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 840 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, нэхэмжлэгч “Т*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******ын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

 

                        ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН