Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/72

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,улсын яллагч Т.Өсөхболд,шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2336000000034 дугаартай, 178/2023/0069/Э/ индекстэй хэргийг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ХХК-д тогооч ажилтай, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* аймгийн ******* сумын 5 дугаар /*******/ багт оршин суух,  ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПВ*******

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.*******  нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” баарны гаднаас Б.гийн гээгдүүлсэн Samsung А52 загварын гар утсыг олж авч,бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж өөрөө ашиглан завшсаны улмаас хохирогч Б.д 734300 төгрөгний хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/

2.Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр найзуудтайгаа Итгэл бааранд сууж байгаад гэр лүүгээ явах гээд карманд байсан утсаа үзэхэд алга байсан. Тэгээд камер шалгах гэхэд баарны камер нь ажиллахгүй байсан.Гар утсаа олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан.Би тухайн утсыг 2021 оны 09  дүгээр сард Мобикомоос 999,000 төгрөгөөр худалдаж авч байсан.Samsung А52 маркийн гар утас байсан... гэх мэдүүлэг / хэргийн 7-р хуудас/

3.Гар үнэлсэн тухай... Samsung-А52 маркийн утас-734300 төгрөг... гэх шинжээчийн үнэлгээ / хэргийн 15-р хуудас/

4.Эд зүйлд / гар утсанд/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 17-18-р хуудас/

5.Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* сумаас ирээд найзуудтайгаа хамт Итгэл бааранд сууж байгаад 23 цагийн үед баарнаас гарахаар явж байтал миний урд талд явж байсан хүнээс гар утас нь унасан.Би нөгөө хүнд “ утсаа унагаачихлаа” гээд хэлэхэд миний дууг сонсолгүй яваад өгсөн.Тухайн утсыг тэр шөнө нь асаалттай байлгаж байгаад маргааш нь Бугаан гол зах дээр авчирч кодыг нь тайлуулаад өөрийнхөө сим картыг хийж ашигласан.2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр цагдаагийн газраас над руу яриад ирж мэдүүлэг өг гэсэн.Миний хувьд хуулийн мэдлэг дутуугаас болоод ийм асуудал гаргасанд гэмшиж байна... гэх мэдүүлэг / хэргийн 41-42-р хуудас/

6.Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хэргийн 44-р хуудас/зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

2.Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдал:

2.1. Шүүгдэгч М.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Итгэл бааранд найзуудынхаа хамт сууж байгаа тэндээс гарахдаа урд талд нь явж байсан хүн Samsung-А52 маркийн гар утсаа унагаасныг авч, эзэнд нь болон зохих байгууллагад мэгдэлгүйгээр өөрийн сим картыг хийж ашигласан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Гээгдэл эд хөрөнгө гэж өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйлийг ойлгоно. Хохирогч Б.гийн Samsung-А52 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

Завших гэдэг нь гээгдэл эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгийн адил ашигласан, хэрэглэсэн, бусдад худалдан борлуулсан, барьцаанд тавьсан зэргээр хууль бус эзэмшил тогтоосон шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдлийг ойлгоно.

 Шүүгдэгч М.*******  Samsung-А52  загварын гар утсанд өөрийн 95837708 дугаарын сим картыг хийж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хууль бусаар ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гээгдэл эд хөрөнгийг ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэх уг гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангажээ.

2.3. Вендо ХХК-ийн ХЦ22-215 дугаартай дүгнэлтээр хохирогчийн Samsung-А52 загварын  гар утас 734,300 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогджээ. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 734,300 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан бага хэмжээнээс дээш хэмжээний хохиролд хамаарч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэх шинжийг хангагдаж байна.

2.4. Шүүгдэгч М.******* нь уг гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа ашиглаж хууль бус эзэмшил тогтоосон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.

 2.5. Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

 

1. Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

 Шүүгдэгч М.*******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 35-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 32-р хуудас), иргэний үнэмлэхний лавлагаа/ хэргийн 28-р хуудас/ ******* аймгийн ******* сумын Улаан толгой багийн Засаг даргын тодорхойлолт / хэргийн 33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.******* нь нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, ******* ХХК-д тогооч ажилтай гэж мэдүүлэх боловч ажил эрхэлдэг талаар баримт ирээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Энэхүү гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас өөрийн эзэмшилд шилжүүлсний дараа бусдад зарах, шилжүүлэх, өөрийн өмч адил хууль бус эзэмшил тогтоох зэрэг аргаар завшсанаар төгсдөг. Өөрөөр хэлбэл гээгдэл эд хөрөнгө олсны дараа гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэл бий болдог тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Тодруулбал шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн”,  “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 3.Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд буюу сар бүр 200,000 төгрөг төлүүлэхээр хэсэгчлэн тогтоох,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүйг тус тус дурдаж,шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх гэх санал, дүгнэлт,

Шүүгдэгч М.******* шүүхийн хэлэлцүүлэгт өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Миний хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргасан.

 3.1. Шүүхээс: шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын 600,000 төгрөгийг  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг   шүүгдэгч М.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

 3.2. Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6-36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан  зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 03/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг   шүүгдэгч М.*******т мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн 2336000000034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС