| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2019/00369/И |
| Дугаар | 334 |
| Огноо | 2019-07-29 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 334
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар П.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Г.Бямбажаргалд холбогдох “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1995 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Салхит 3 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 107 тоотод оршин суух хаягтай, одоогоор Сүхбаатар сум, Орхон 6 дугаар баг, 2 дугаар хэсэг, 6 дугаар байрны 16 тоотод түр оршин суух, эрхэлсэн ажилгүй
Алаг морьт овгийн Пүрэвхүүгийн Эрдэнэцэцэг
регистрийн дугаар: МВ- 95102701
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: П.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...
Нэхэмжлэлийн шаардлага: Э.Азжаргал, Б.Оюун-Ухааны төрсөн эцэг нь Г.Бямбажаргал мөн болохыг тогтоолгох, Г.Бямбажаргалаас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай,
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2015 оны 10 дугаар сард Г.Бямбажаргалтай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2017 оны 03 дугаар сарын 04-нд том охин Э.Азжаргал, 2018 оны 10 дугаар сарын 27-нд бага охин Б.Оюун-Ухаан нар төрсөн. Бид өөрийн гэсэн орон гэргүй байсан тул том охин Э.Азжаргалыг миний бие өөрөөрэй овоглосон. Бид өөрийн гэсэн орон гэргүй байсан тул эцэг эхийндээ амьдарч байсан.Тэрээр том охиноо 1 нас 10 сартай, бага охиноо 2 сартайд нь архи дарс уун бид гурвыг хаяж явсан.
Би өөрийн гэсэн ажилгүй 2 хүүхдээ харж гэртээ байдаг. Хоёр хүүхдийн хэрэглээ, хоол хүнс, том охиноо цэцэрлэгт оруулах учир 2017 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн охин Э.Азжаргал, 2018 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн охин Оюу-Ухааны төрсөн эцэг нь Г.Бямбажаргал мөн болохыг тогтоож, Г.Бямбажаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү!... гэжээ.
Нэхэмжлэгч П.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би Г.Бямбажаргалтай 2015 онд танилцаад хамтран амьдарч байх хугацаандаа хоёр хүүхэдтэй болсон. 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр том охин Э.Азжаргал, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бага охин Б.Оюу-Ухаан төрсөн. Г.Бямбажаргал нь байнга архи ууж, бие махбодийн хүчирхийлэл үйлддэг байсны улмаас бид салсан. Одоо хүүхдүүд маань миний асрамжинд байгаа. Цаашид ч хүүхдүүдээ өөрийн асрамжинд үлдээнэ. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан учир хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахыг хүссэн юм. Г.Бямбажаргал нь байнга архи уудаг учир цаашид хамт амьдрах боломжгүй.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.Хоёр охинд маань хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү!...гэв.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Бүргэдэй 1 дүгээр баг, Булгын 1-ийн 12 тоотод оршин суух хаягтай, Боржигон овгийн Гансүхийн Бямбажаргал /регистрийн дугаар:РЭ- 92121915/ 2019 оны 07 дугаар сарын 22–нд шүүхэд гаргасан тайлбартаа:
...П.Эрдэнэцэцэг нь Г.Бямбажаргал надад холбогдуулан эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа. Охин Э.Азжаргал, Б.Оюу-Ухаан нар нь миний төрсөн хүүхэд мөн болно. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Хоёр охиноо насанд хүртэл нь ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй. Бид 2018 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Би энэ хугацаанд хоёр охиндоо боломжийнхоо хирээр мөнгөн тусламж өгдөг байсан. Миний хувьд бол өөр бусадтай амьдрал зохиогоогүй байгаа. Миний хувьд эхнэртэйгээ эвлэрэх хүсэлтэй явдаг ч бүрэн шийдвэрт хүрч чадаагүй байна... гэжээ.
Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Эрдэнэцэцэг нь Г.Бямбажаргалд холбогдуулан “Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид нь 2015 онд танилцан улмаар хамтран амьдарч байх хугацаанд 2017 оны 03 дугаар сарын 04-нд том охин Э.Азжаргал, 2018 оны 10 дугаар сарын 27-нд бага охин Б.Оюу-Ухаан нар төрсөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан охин Э.Азжаргал, Б.Оюу-Ухаан нарт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын бүртгэлийн ажилтны олгосон Э.Азжаргалыг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэж бүртгэлийн дугаар № 4301000097 дугаартай, Б.Оюу-Ухааныг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэж, бүртгэлийн дугаар 4301000447 дугаартай олгогдсон төрсний гэрчилгээний хуулбарууд, охидын эрүүл мэнд бойжиж байгаа талаархи “Эмнэх баг” ӨЭМТөвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч Г.Бямбажаргал нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, 2019 оны 07 дугаар сарын 22-нд шүүхэд гаргасан тайлбартаа “...Охин Э.Азжаргал, Б.Оюу-Ухаан нар нь миний төрсөн хүүхэд мөн болно. Үүнд ямар нэгэн маргаан байхгүй. Хоёр охиноо насанд хүртэл нь ээжийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгө болон хүүхдийн асрамжийн талаар маргаан байхгүй...” гэснээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иймд Г.Бямбажаргалыг 2017 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн охин Э.Азжаргал, 2018 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Оюу-Ухаан нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож, бага насны охид Э.Азжаргал, Б.Оюу-Ухаан нарыг насанд хүртэл эх П.Эрдэнэцэцэгийн асрамжинд хэвээр үлдээж, эцэг Г.Бямбажаргалаас хуульд заасны дагуу хүүхэд тус бүрт, сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар... “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг, эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, санаагаа илэрхийлэх эрхтэй” гэх, мөн Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар ... “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээнэ” гэж заасан байх тул зохигчид нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл чийрэг бойжуулах, сурч боловсрох... зэрэгт нэгэн адил үүрэг хүлээж, эрх эдлэх тул хүүхдийг хүссэн цагт нь төрсөн эцэгтэй нь уулзуулах, хүүхдийн санал бодлыг нь сонсох, эцэг, эх хэн аль нь хүүхдээ харж асрах, тэжээн тэтгэхэд нь саад болохгүй байхыг зохигчдод анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлөх үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж Сэлэнгэ аймагт тогтоогдсон хүн амын амжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар тэтгэлэг ногдуулахаар шийдвэрлэснээс улсын тэмдэгтийн хураамж 31.492 төгрөгийг тэтгэлэг төлөгч болох Г.Бямбажаргалаас гаргуулан сумын төсвийн орлого болгох нь зүйтэй.
Хариуцагч Г.Бямбажаргал нь шүүх хуралдаанд оролцохгүй талаараа “... Г.Бямбажаргал миний бие 7 дугаар сарын 26-нд урагшаа явж ажил хийхээр байгаа тул П.Эрдэнэцэцэгийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэн Г.Бямбажаргал намайг байлцуулахгүйгээр шүүх хурлыг хийж өгнө үү! “гэсэн хүсэлт гаргасан, нэхэмжлэгч талаас хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг, зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдав.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Боржигон овгийн Гансүхийн Бямбажаргалыг /регистрийн дугаар:РЭ- 92121915/ 2017 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн охин Э.Азжаргал, 2018 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Оюу-Ухаан нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар , бага насны охид Э.Азжаргал, Б.Оюу-Ухаан нарыг насанд хүртэл эх П.Эрдэнэцэцэгийн асрамжинд хэвээр үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2017 оны 03 дугаар сарын 04-нд төрсөн охин Э.Азжаргал, 2018 оны 10 дугаар сарын 27-нд төрсөн охин Б.Оюу-Ухаан нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.1-д зааснаар эцэг Гансүхийн Бямбажаргалаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдусгай
5. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулах тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр гаргуулсугай.
6. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч П.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Бямбажаргалаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Бямбажаргалаас нэг жилийн хугацаанд тогтмол төлөгдөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжид 31.492 төгрөгийг гаргуулж Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулсугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6-д зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоног дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ