| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0031/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/35 |
| Огноо | 2023-03-13 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,
Хохирогч Т.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр,
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307000000046 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/68 дугаартай захирамжаар ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, *******,ьд ажилтай, ам бүл 2, аавын хамт ,, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Н.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *******,ийн ажилчдын өрөөнд согтуурсан үедээ Т.*******тай тухайн үед үүссэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Т.*******ын мэдүүлэг /хх-9/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Т.ы мэдүүлэг /хх-14-16/, гэрч Ё.ы мэдүүлэг /хх-19-20/, гэрч С.ын мэдүүлэг /хх-22-23/, Гэмтэл согог үндэсний төвөөс ирүүлсэн 249 дугаартай өвчний түүх, компьютер томографын шинжилгээний дүгнэлт /хх-34-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-43-46/, эрүүл мэндийн даатгалын сангаас ирүүлсэн 4/555 дугаартай албан бичиг, төлбөрийн баримт /хх-91-93/, иргэний нэхэмжлэгч Ж.ын мэдүүлэг /хх-95-96/, шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийсэн баримтууд /хх-/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-/, дансны хуулга, зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэрч С.ын мэдүүлэг /хх-22-23/, яллагдагчаар өгсөн Н.*******ын мэдүүлэг /хх-65-66/, ял шалгах хуудас /хх-66/, Герман Монголын хамтарсан ашигт малтмалийн захирлын тушаал /хх-70/, Т.*******ын гаргасан хүсэлт /хх-102/, Н.*******ын прокурорт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-103/, хохирлыг төлөхөө илэрхийлсэн баримт /хх-104/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-105-/, хорооны Засаг даргын тодорхойлолт, Хаан банкны дансны хуулга, ажлын газрын тодорхойлолт, зээлийн гэрээ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Энэ хүнд их санаа зовж байна. Ямар ч байсан ажлын байран дээр цуг байгаа болохоор хуучин найз нөхдийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх бодолтой байгаа. Бид хоёрт зөрчилдсөн зүйлгүй, зүйлчлэл дээр маргахгүй гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Т.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 01 дүгээр сарын 04-нд орой 17 цагийн үед 1 литрийн вискиг уух санааг би гаргасан. Тэгээд Сайнаатай цуг бид хоёр нийлж сургуулийнхаа подвалд уусан. Тэгээд бид хоёр ажлын өрөөндөө ороод нэмж пиво авчирч уугаад муудаад тэгээд сайн санахгүй байгаа. Нэг ухаан ороход миний толгой руу юмаар цохиод би унасан. Тэгээд нэг ухаан ороход манай дүү, эхнэртэйгээ ирсэн байсан. Гэр лүүгээ орох гээд 3 давхарт явж байтал амьсгалж чадахгүй болоод дүүгээрээ үүрүүлээд Налайхын эмнэлэгт хүргэгдэж ирсэн байгаа...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Н.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.******* нь Налайх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол-Германы хамтарсан ашигт матлмал,ийн ажилчдын өрөөнд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.*******тай маргалдан, зодож түүний биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чихний дэлбэн, шагаа, хүзүүний зүүн хэсэг, эгэмийг хамарсан, цээж, зүүн дал, өвдөг шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар Н.*******ын өгсөн: “...Т.*******ыг аваад ын өрөөнөөс гараад өрөө рүүгээ дагуулж ороод түүнийг буйдан дээр суулгачхаад өөрөө компьютерынхоо ард сууж байтал Т.******* сууж байснаа шалан дээр бөөлжөөд эхэлсэн, тэгэхээр нь би түүнийг ариун цэврийн өрөө рүү оруулах санаатай өргөж босгох гээд өндийлгөтөл намайг шууд заамдаж аваал буйдан дээр унагаагаад нүүр рүү 4-5 удаа цохихоор нь би өөрөөсөө холдуулах гээд цээж рүү нь хөлөөрөө жийсэн чинь саваад газар уначихаар нь би түүнд цохиулсан уурандаа нүүр рүү нь гараараа 1-2 удаа цохисон чинь Т.******* надаас зуураад миний дээр гарчихсан намайг цохиж байхад өрөөний гаднаас нэг хүүхдийн “энд хүмүүс зодолдоод байна” гэх чимээ гарахад Т.******* миний дээрээс босоод буцаад буйдан дээр суучихсан. Тэгээд харуулд гарч байсан ах Т.*******ыг орж ирээд өрөөнөөс аваад гарсан...” гэх мэдүүлэг /хх-63-65/,
2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Т.*******ын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******ын өрөөнд 1 литрийн виский хувааж уугаад тасарчихсан, тэрнээс цааш юу болсон талаар мэдэхгүй байна. миний санаж байгаагаар хэн нэг нь миний толгой руу хүчтэй цохих шиг болсон дараа нь харуул намайг аваад дүүг маань дуудаж хүлээлгэж өгсөн. Өөр зүйл бол үнэхээр санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-9-11/
3. Мөрдөн байцаалтад гэрчээр Т.ы өгсөн: “...өчигдөр орой 21 цаг 50 минутын үед Герман-Монгол сургуулийн харуул гэх хүн над руу залгаад ах чинь энд зодуулчихсан байна, ганцаараа явж чадахааргүй байна, чи ирээд авчих гэж хэлэхээр нь би ахыгаа очиж аваад гэртээ харьсан. Удалгүй Т.******* ах бие муу байна гэхээр нь эмнэлэгт очиж үзүүлэхэд бие нь битүү шарх, хөх няц болчихсон тархи толгой нь хавдчихсан байсан. Тэгээ Очироо ахын биед таталт өгөхөд эмч нар гэмтлийн эмнэлэг рүү яв гээд түргэний машинаар яваад шууд эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Намайг анх сургууль дээр нь очиход “Сайнаа намайг зүгээр байхад зодчихлоо, чи Сайнааг олоодох гэж хэлэхэд нь би маргааш болъё одоо хэрэгггүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-14-16/
4. Мөрдөн байцаалтад гэрчээр С.ын өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд сургуулийн ажилчдын өрөөнд эрэгтэй хүмүүсийн чанга орилолдсон дуу чимээ гарахаар нь очтол Т.*******, Н.******* хоёр архи уучихсан байдалтай байсан.Т.******* “чи яагаад бид нар заал авч байхад дэмжиж ирээгүй юм” гээд над руу агсрах гээд байхаар нь би өрөөндөө орсон. Гэтэл араас дагаж орж ирээд “танай нөхөр чинь юу хийдэг юм, хэр байна” гэх зэргээр хувийн шинжтэй асуулт асуугаад өрөөнөөс гарахгүй байхаар нь би Н.*******т очиж Т.*******ыг ав гэж хэлсэн. Тэгээд Т.******* миний араас дагаад өрөөнөөс гарсан. Тэгээд би буцаж өрөөндөө ороод хаалгаа дотроос нь түгжсэн. Удалгүй 10 минут орчмын дараа хаалга хүчтэй угзарч 2 удаа татсан. Би Т.*******ыг л байх гэж бодсон. Тэгээд би айгаад удалгүй гэр рүү гээ харих гээд гартал Т.*******, Н.******* хоёрын байсан өрөөнөөс зодоон болоод байгаа бололтой дуу чимээ гарч байхаар нь айгаад шууд л явчихсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23/,
5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1294 дугаар “...Т.*******ын биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чихний дэлбэн, шагаа, хүзүүний зүүн хэсэг, эгэмийг хамарсан, цээж, зүүн дал, өвдөг шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насан аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
/хх-46-48/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-66/,
7. *******,ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/03 дугаар “Н.*******ыг ажилд авч ажиллуулах тухай” тушаал,
/хх-70-74/
8. Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд,
/хх-86-90/
9. Эрүүл мэндийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04/555 дугаар албан бичиг, хавсралт,
/хх-92-93/
10. Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас
/хх-98/,
11. Н.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, цалингийн тодорхойлолт, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, зээлийн гэрээ
/хх-130-168/
12. Шүүгдэгч Н.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-75-83/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан, хэрэгт цугларсан хохирогч *******, гэрчээр өгсөн , , нарын мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 249 дугаартай өвчтөний түүх, компьютер томографын шинжилгээний дүгнэлт, шинжээчийн 1294 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн орчим Налайх дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Герман Монголын хамтарсан ашигт малтмалийн өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, харилцан зодолдож, улмаар Н.******* нь *******ын цээж хэсэг рүү нь хөлөөрөө жийж, нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь учрах үед аюултай хүнд гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдсэн сэдэлт санаа, зорилгын хувьд тогтоохдоо гэмт этгээдийн үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг харж тогтоодог. Үүнээсээ үүдээд *******ын биед халдаад байгаа үйлдлийг санаатай гэж үзэж байна. Учир нь ******* эхлээд хохирогчийг жийж өөрөөсөө холдуулаад тэгээд дараа нь дээрээс нь биед нь олон тооны гэмтэл учруулаад байгаа үйлдэл хийсэн нь санаатай гэж үзэж байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар санаатай халдсан үйлдэл байхыг хуульчилсан. Шүүгдэгч Н.******* нь *******ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан нь нотлогдсон гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчоос учирсан хор уршигт 2.587.668 төгрөгийг нэхэмжилсэн, шүүгдэгчээс 3.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Энэ нь баримтаар авагдсан байна. Хохирогч нь цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Иргэний нэхэмжлэгч аас хохирогч *******ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн 2.668.450 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Энэ мөнгөн дүн төлөгдөөгүй байгаа. Иймд шүүгдэгчээс 2.668.450 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх дүгнэлт, ” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад ч, шүүхийн шатанд ч миний үйлчлүүлэгч өөрийнх нь үйлдлээс болж хохирогчид хүнд гэмтэл учирсан гэдэгтэй маргахгүй байгаа. *******ын энэ үйлдлээс улбаалж *******ын хавирга хугарч, хүнд гэмтэл учирсан гэх үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэдэг дээр өмгөөлөгчийн хувьд маргаж байгаа. Бусдаар шүүгдэгчийн хувьд маргахгүй байгаа. Миний хувьд санаатай биш, болгоомжгүйгээр энэ гэмтлийг учруулсан юм биш үү гэж дүгнэж байгаа. Мөн хохирогчийн зүй бус буюу шүүгдэгчийг дээрээс нь толгой түрүү рүү цохисон үйлдэл үүнд хамаатай. Өөрт учирсан аюулыг зайлуулахын тулд өөрөөсөө холдуулсан ийм нөхцөл байдал байгаа. Улсын яллагчийн уншсан дүгнэлтээр жийж холдуулчхаад дээрээс нь очиж цохиж байгаа нь санаатай үйлдэл гэж байна. Энэхүү гэмтэл ямар үйлдлийн улмаас учирсан юм бэ гэдгийг харгалзан үзэх ёстой. Холдуулсан үйлдлээс болж гэмтэл учраад байгаа юм уу, эсхүл холдуулсан үйлдлийн дараа гэмтэл учруулаад байгаа юм уу гэсэн нөхцөл байдал харагдана. Шинжээчийн дүгнэлтээр бол хавирга хугарснаас болж хүнд гэмтэл учирсан гэж байгаа. Хавирга хохирогчийн цээж рүү жийснээс болж хугарсан байгаа. Яах гэж цээж рүү нь жийсэн гэхээр өөрт тулгарсан аюулыг зайлуулахын тулд жийгээд байна. Үүн дээр хүнд гэмтэл учирна гэдгийг урьдчилан мэдэх боломжтой байсан өөрөөр хэлэх юм бол өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан байх ийм нөхцөл байдал тодорхойлогдож байгаа. Хохирол хор уршиг учрахыг урьдчилан мэдэх боломжтой байсан, өөрт учирсан аюулыг холдуулсан. Ямар нэгэн байдлаар өшиглөөд юм уу, унасан байхад нь дээрээс нь гүйж очоод , хажууд нь очоод жийгээд энэ гэмтлийг учруулсан бол би зүйлчлэлийг зөв гэж үзэж байгаа. Бусад асуудлын хувьд шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй. Өөрийн үйлдлээс болж гэмтэл учирсан дээр маргахгүй. Иймд зүйчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Шүүхээс хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Н.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Т.*******ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Т.*******ын биед зүүн 7 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, зүүн нүдний зовхи, хамар, зүүн чихний дэлбэн, шагаа, хүзүүний зүүн хэсэг, эгэмийг хамарсан, цээж, зүүн дал, өвдөг шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 018 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгч Н.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******ын биед хүнд хохирол учирсан ба шүүгдэгч хохирол төлбөрт 3,500,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь “...хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул хохирогчид төлөх төлбөргүй болно.
Харин Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,668,450 төгрөгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлж шүүх хуралдааны 5 хоногийн завсарлага авч, уг төлбөрөөс 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,668,450 төгрөгийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбартаа:
Улсын яллагч: “...Шүүгдэгч Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцуулъя. Шүүгдэгч Н.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.******* нь эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг үйлдсэн зүйлчлэл дээр маргасан боловч шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж зөвшөөрсөн гэдгээ өмнөх хурал дээр илэрхийлж байсан. Хор уршигтай холбоотойгоор хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, хохирогчоос цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. хохирогч цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцуулж, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой байсан 2.668.450 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг төлсөн 1.668.450 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэхүү төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлгэхийг тус тус дурдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж байгаа тул улсын яллагчийн байр суурьтай ижил байр суурьтай байна. Хохирогчид төлөх ёстой байсан хохирол төлбөрийг илүү хэмжээгээр төлсөн байгаа. Мөн иргэний нэхэмжлэгчид тодорхой хэмжээний мөнгөн дүнг төлчихсөн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлээд бичгээр хүсэлтээ гаргасан. Мөн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгөх бүрдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан ийм нөхцөл байдлууд байгаа. Ийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг шүүх хэрэглэх боломжтой байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэгт ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломж байгаа. Энэ нөхцөл байдлын харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэж хуульд тус тус заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгүүлж *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, цалингийн тодорхойлолт, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, зээлийн гэрээ /хх-130-168/ зэргийг харгалзан “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэх үндэслэлээр Н.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин мөрдөгч хэн нэг хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэж хуульд заасан.
Өөрөөр хэлбэл мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5, 31.11 дүгээр зүйлийн 1.1-д “Баривчлагдсан сэжигтэн өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй”, мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.
Гэтэл шүүгдэгч Н.*******ын сонгон авсан өмгөөлөгч Ц.Энхбаяр нь үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хуульд заасан арга хэрэгслийг ашиглан хамгаалж, шаардагдах хууль зүйн туслалцаа үзүүлэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үйлчлүүлэгчид хуулиар олгосон эрхийг зөрчсөн буюу зөрчихөд хүргэж байгаа аливаа илрэлийг таслан зогсоох үүрэгтэй боловч 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Н.*******аас сэжигтнээр мэдүүлэг авахын оронд гэрчээр мэдүүлэг авах ажиллагаанд оролцсон хүний эрхийг хангахгүй байгаа нь цаашид анхаарах, дахин давтахгүй байхыг тэмдэглэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Шүүгдэгч энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ирүүлсэн ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ыг 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.*******аас 1,668,450 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ