Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Б.Энхбаясгалан,

Иргэний нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 70 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Салгуд овогт Сундуйжавын Батцэнгэлд холбогдох эрүүгийн 2207000000057 дугаартай хэргийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЗ/210 дугаартай захирамжаар прокурорт буцаасан хэргийг

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурор Д.Цэцэг-Эрдэний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 30 дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дахин 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Гандирс СӨХ-д 110 дугаар байрны жижүүр ажилтай, ам бүл 1, Налайх дүүрэг 2 дугаар хороо, 4-41 тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар,

Монгол Улсын дээд шүүхийн 114 дүгээр тогтоол, Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 5 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн.

 

Салгуд овогт Сундуйжавын Батцэнгэл /РД:УО86092056/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Батцэнгэл нь Налайх дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр байрны гадаах авто машины зогсоол дээрээс 2022 оны 02 дугаар сарын 06-ны шөнө иргэн Б.Энхбаясгалангийн “Suzuki Jimmy” маркийн 95-58 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Батцэнгэл нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэр өдөр хотоос аавындаа ирсэн цагаан сарын дараа. Тэгэхэд Баясаа ах ирчихсэн байсан. Би машинаа өгчих найзтайгаа хамт Тэрэлж орчхоод ирье гэхэд Баясаа яах юм бэ миний дүү гэсэн. Орой болоод гэртээ орж ирэхэд аав, Баясаа ах хоёр унтчихсан байсан. Цагаан сарын дараа газар шорооны ажлаар хөдөө айлд очиж уулзах шаардлагатай байсан. Очиж уулзах гэсэн чинь байхгүй буцаж явж байхдаа жалга таарахаар нь тоормосоо гишгэх гэж байгаад андуураад хаазаа гишгээд мөргөчихсөн. Тухайн үедээ айж сандраад машиныг нь орхиод явчихсан...” гэв.

Хохирогч Б.Энхбаясгалан нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний машиныг хулгайлж унасан гэж бодож байгаа. Өөрөө миний машиныг унаад явчхаад ирье гэж хэлж байсан. Би юу гэж машинаа өгч явуулах билээ жолооны үнэмлэхгүй хүнд. Цоо шинэ авсан машин одоо сэлбэгт байгаа. Гомдолтой байгаа. Юу болсон талаараа утсаар залгаад хэлчихгүй тэр чигтээ холбоогүй болсон. Маргааш нь өөрөө машинаа хайж олсон...” гэв.

Иргэний нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт: Уг нь бол гомдолтой байна. Гэхдээ төлбөр мөнгөө барагдуулах юм бол гомдол санал байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч болон иргэний нэхэмжлэгч Б.Энхбаясгалангийн мэдүүлэг /хх-11, 77, 114/, гэрч, иргэний нэхэмжлэгч Х,Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-15, 117/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-5/, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Х.Оюун-Эрдэнээс гаргаж өгсөн 1 минут 58 секундийн бичлэг бүхий 1 ширхэг сиди, нэт капитал компаний 22/21 дугаартай албан бичиг, гэрч Б.Амаржаргалын мэдүүлэг /хх-83,119/, Сонгино Хайрхан мобайл компани болон Б.Энхбаясгалан нарын 414200371 дугаартай зээлийн гэрээ, холбогдох баримтууд  /хх-68-73/, мастер үнэлгээ компаний 31013 дугаартай үнэлгээний тайлан, төлбөрийн баримт /хх-16-18/, шүүгдэгчийн ял шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-36/, С.Батцэнгэлийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-42,157/, гэмт хэргийн улмаас учирсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилсэн төлбөрийн баримтууд /хх-78,120,122/, шүүгдэгч С.Батцэнгэлийн нийгмийн даатгал төлдөг эсэх лавлагаа, ажлын газрын тодорхойлолт, шинээр гаргаж өгсөн хохирлын баримт, иргэний нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хохирлын баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд С.Батцэнгэлд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч С.Батцэнгэл нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хороо, 4 дүгээр байрны авто машины зогсоолоос иргэн Б.Энхбаясгалангийн эзэмшлийн “Suzuki Jimmy” маркийн 95-58 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явж иргэн Х.Оюун-Эрдэний эзэмшлийн Налайх дүүргийн 8 дугаар хороо, Тайжийн 21-3 тоотод байрлах цементэн хашааг мөргөж, тээврийн хэрэгсэл болон цементэн хашаанд хохирол учруулж зугтаасан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Энхбаясгалангийн өгсөн: “би 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн “Suzuki Jimmy” маркийн 95-58 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад Налайх дүүргийн 2 дугаар хороо 4 дүгээр байранд хуурай ах Сундуйжавынд очиж хоносон...маргааш өглөө нь босоод машиныхаа түлхүүрийг хайгаад олоогүй. Гэтэл С.Батцэнгэл миний машиныг унаж яваад юм мөргүүлээд журмын хашаанд хийлгэсэн байсан...” гэх мэдүүлэг,

/хх-11/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр  Х.Оюун-Эрдэний өгсөн: “...манай хашааны 2 хэсэг нь машинд мөргүүлж эвдэрсэн. Уг хашааг засуулсан 820,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

/хх-117/

3. Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 31013/ДД№22462374 дугаар Авто машин тенхикийн үнэлгээний тайлан,

/хх-17-18/

4. Ино марк мастер ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22/02/093 дугаар Ослын улмаас үүссэн гэмтлийн дүгнэлт,

/хх-21-22/,

5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /шийтгэх тогтоолын хуулбар/

/хх-36-55/,

6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 43 дугаар тал/         

7. Шүүгдэгч С.Батцэнгэлийн хувийн байдлыг тогтоосон баримтууд

/хх-57-64, 66/

8. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар

/хх-65/

9. Хохирогчоос гаргаж өгсөн зээлийн гэрээний хуулбар, хохирол төлбөртэй холбоотой баримт,

/хх-68-73, 78, 120, 172-176/

10. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЗ/210 дугаар Хэргийг прокурорт буцаах тухай захирамж, /хх-178-181/

11. Иргэний нэхэмжлэгчээс хохирол төлбөртэй холбоотой гаргаж өгсөн баримт

/хх-122/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч С.Батцэнгэл нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч...хэрэгт цугларсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн үнэлгээний газрын тайлан зэрэг баримтуудаар С.Батцэнгэл нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Б.Энхбаясгалангийн эзэмшлийн Сузуки Жими маркийн 9558 улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх үйл баримт тогтоогдож байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж байна. Хохирогч Б.Энхбаясгалан 4.135.950 төгрөгийн баримт гаргаж өгснөөс шүүх хуралдааны шинжлэн судлагдсаны үндсэн дээр 1.800.000 төгрөгийн хроппны засварын үнийн дүнг хасаж үлдэгдэл 2.335.950 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Ч.Оюун-Эрдэнэ хашаа засварласан 820.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүгдэгчээс уг 820.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Тиймээс шүүгдэгч С.Батцэнгэлийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Шүүгдэгч С.Батцэнгэлийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхбаясгалангийн эд хөрөнгөд 2,200,950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэний эд хөрөнгөд 850,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шүүх хуралдааны явцад “...хохирол төлбөрт мөнгө аваагүй, гомдолтой байна...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзэв.

Харин тос, масло сольсон 7,000 төгрөг, хропп солиулсан 1,800,000 төгрөгийг шүүх шийдвэрлэх боломжгүй тул хохирогч баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Улсын яллагч шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...шүүгдэгчийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч С.Батцэнгэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувьд эрхэлсэн тодорхой ажилтай, тогтсон орлоготой буюу Хэнтий аймгийн Батноров суманд туслах малчин хийдэг цалин хөлсөө тогтмол авдаг гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж оргон зайлсан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож цагдан хоригдсон байгаа. Уг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Батцэнгэл нь хохирогч Б.Энхбаясгаланд 2,200,950 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Оюун-Эрдэнэд 820,000 төгрөг. Нийтдээ бусдад төлөх төлбөр 3,020,950 төгрөгийн төлөх төлбөртэй. Шүүгдэгч С.Батцэнгэл нь өнөөдрийг хүртэл 24 хоног цагдан хоригдсон бөгөөд баривчлагдсан хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны бичлэг бүхий сидиг хэргийн хамт хадгалуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн цагдан хоригдсон 24 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх буюу 15,000 төгрөгөөр тооцож нийт 360,000 төгрөгийг оногдуулах ялаас хасаж тооцуулах саналтай байна...” гэв.

 

Шүүхээс Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйгаагүй, хохирол, хор уршигт хандаж буй хандлага нь төлөөгүй,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч С.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд С.Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруутайд тооцож түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

шүүгдэгч С.Батцэнгэл нь энэ   хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан 1 ширхэг сиди, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон 24 хоногтой, бусдад төлөх 3,020,950 төгрөгийн төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Салгуд овогт Сундуйжавын Батцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батцэнгэлийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батцэнгэлд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 24 хоногийг хасаж нийт 108 цаг нийтэд тустай ажил хийх ялаар тус тус тогтоосугай

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Батцэнгэлээс 2,200,950 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхбаясгаланд, 820,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Оюун-Эрдэнэд тус тус олгож, хохирол төлбөрөөс 1,807,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Батцэнгэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ