Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 297

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны   шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Р.Нямаагийн нэхэмжлэлтэй, Б.Мөнхбатад холбогдох  “Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд  саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх”, Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй Р.Нямаад холбогдох “Эрх шилжүүлсэн итгэмжлэлийг хүчингүй болгуулах” сөрөг нэхэмжлэлтэй, Р.Нямаагийн Б.Мөнхбатад холбогдуулан “Орон сууц худалдан авах тухай 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг   хянан хэлэлцэв.

         Шүүх  хуралдаанд:

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, “Баян хүрээ” хотхоны 9 дүгээр байр,  89 тоотод оршин суух, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт  байдаг гэх

                                              Боржигон овгийн Рэндоржийн  Нямаа 

                                              регистрийн дугаар:УХ-51092063

 

         Нэхэмжлэгч Р.Нямаагийн өмгөөлөгч А.Отгонбаяр

         Хариуцагч Б.Мөнхбатын  өмгөөлөгчГ.Амартүвшин

         Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинтуул нар  оролцов.

                                            

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Нямаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

            Нэхэмжлэлийн шаардлага: “Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх”

         ...Б.Мөнхбат гэх иргэнээс өөрийн хүүгийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг,  172 тоот хашаа байшин газрыг барьцаалж анх 5 сая төгрөг зээлж авсан бөгөөд улмаар уг зээлийн хүү алданги бүгд мөнгийг төлж барагдуулсан юм.

           Ингээд үүргийн гүйцэтгэлийг бүрэн төлж барагдуулсан тул Б.Мөнхбат нь үүнийг батлан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, холбогдох нотолгоо  итгэмжлэл мөн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, холбогдох эрх шилжүүлэхэд шаардлагатай итгэмжлэл зэргийг  хийж өгсөн юм. Ингээд уг газар үл хөдлөх эд хөрөнгөө хүүгийн нэр дээр шилжүүлж авах гэтэл 2019 оны 03 дугаар сард ч юм уу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн  хэлтэст хүсэлт  тавьж уг хөрөнгөнд хязгаарлалт тавьсан байна гэсэн.

        Иймд иргэн миний өмчлөх эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд анхаарч өгнө үү. Иргэн Б.Мөнхбат нь чухам ямар учраас миний өмчлөх эрхэд саад болж байгааг ойлгохгүй байна. Энэхүү үйлдлийг таслан зогсоож өгнө үү!... гэжээ.

 

        Нэхэмжлэгч Р.Нямаа 2019 оны 06 дугаар сарын 27-нд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

     ...Иргэн Р.Нямаа би тус шүүхэд хандан Б.Мөнхбатад холбогдуулан “ ...Миний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх” талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхээр тухайлбал: Орон сууц худалдан авах”тухай 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Учир нь энэ гэрээ ямар нэгэн  хууль зүйн үр дагавар гаргах зорилгогүй, би бусдад байраа худалдаагүй, хариуцагч Б.Мөнхбат нь манай байрыг худалдан аваагүй, бидний хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаагүй, мөнгө төгрөг өгч, авалцсан асуудал ч байхгүй юм.  Харин Б.Мөнхбатын ятгалга гуйлтаар зээлийн гэрээг халхавчлан, дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд хүчин төгөлдөр хэлцлийн төрөл юм.

        Б.Мөнхбат нь тухайн үед 5 сая төгрөгийн зээлийг “Зээлийн гэрээний дагуу надад олгоод маргааш нь “би таны орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийе, энэ гэрээ зөвхөн над дээр байж байх юм, Би таны орон байрыг өөрийн нэр дээр болгох ямар ч асуудал байхгүй, надад итгэж болно, Худалдах, худалдан авах хийчихье” гээд байсан. Та 5 сая төгрөгөө төлөөд л эргүүлээд өөрийн нэр дээр шилжүүлээд авахад ямар ч асуудалгүй шүү дээ” гэж надад  итгүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

 

         Нэхэмжлэгч Р.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       ...2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай гэр бүлийн хүн нас бараад мөнгөний хэрэгцээ гараад хүү Н.Ариунболдын хашаа байшинг барьцаанд тавих гээд итгэмжлэл хийлгэж авсан. Базарсүрэнгийн Мөнхбат гэдэг хүн “банк чөлөөлнө, бэлэн мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байхаар нь хаяг болон утсаар нь холбогдоод хүүгийнхээ хашаа байшингийн зургийг авч явуулаад 5.000.000 төгрөг зээлэхээр болж ярьж тохирсон. Тэгээд Б.Мөнхбат нь “...танд яаралтай мөнгө хэрэг болоод байгаа бол “худалдах-худалдан авах” гэрээ хийхэд мөнгө маш хурдан бүтнэ. Таны хашаа байшингийн бичиг баримт надад байж байг, мөнгөө өгч дуусаад хашаа байшингийн бичиг баримтыг эргүүлээд аваарай” гэж хэлсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн нотариатаар орж батлуулаад Улаанбаатар хот орж машин дотор сууж байхдаа мөнгөө надад бэлэн өгсөн. Намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад манай бэр над руу утастаж  Б.Мөнхбат гэх хүн манай гэрт баахан хүмүүстэй ирээд  “... энэ хашаа байшинг өөрийн нэр дээрээ болгосон, одоо хашаа байшинг суллаж өг, эсвэл мөнгө төгрөг өг тэгэхгүй бол зарна...”  гээд байна гэж хэлсэн. Тэр үед би Б.Мөнхбаттай утсаар ярихад “...та 15.000.000 төгрөг өг, тэгэхгүй бол зарна шүү”  гэж хэлсэн. Би утсаар гуйсан тэгэхэд “... 10.000.000 төгрөг өг, эсвэл яаралтай 6.000.000 төгрөгийн миний банкны мөнгийг төл. Дараа нь үлдэгдэл мөнгийг бага багаар өгөөрэй” гэж хэлсэн. Охинтойгоо ярьж байгаад тэтгэврийн зээл аваад банкны мөнгийг нь хаасан. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлийн мөнгийг нь өгөхдөө эхнэрийнх нь хажууд “... чи бид хоёрын асуудал дууссан биз дээ” гээд нотариат руу орсон. Б.Мөнхбат хашаа байшингийн бичиг баримтыг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хийе, тэгэхгүй бол татварт их мөнгө төлдөг” гэж хэлээд “Бэлэглэлийн гэрээ” хийсэн. Тэгээд шилжүүлсэн хашаа байшингийн бичиг баримтын эх хувийг надад өгсөн. Тэгээд “Би танд одоо итгэмжлэл хийгээд өгье,  та авч очоод хашаа байшингаа  хүүгийнхээ нэр дээр шилжүүлж аваарай...”  гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэд ирж бичиг баримтыг шилжүүлсэн. Үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ авахад бэлэн болсон гээд бичиг баримтуудыг хүү болон бэрдээ өгөөд явсан...Гэтэл үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх гэхэд Б.Мөнхбат нь ямар нэгэн хөдөлгөөн хийж болохгүй гэсэн хүсэлт гаргаж өгөөд явсан байсан. Ингээд Б.Мөнхбатын олгосон итгэмжлэлээр хашаа байшингаа шилжүүлж авах боломжгүй болсон.   Б.Мөнхбат бид хоёрын хооронд ямар ч хашаа байшин худалдах, худалдан авах асуудал байгаагүй...Иймд хашаа байшингаа өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэсэн гэсэн эрхийг минь зөрчиж байгаад гомдолтой байна... гэв.  

 

          Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 3 дугаар хороо, 32 дугаар байрны 23 тоотод оршин суух, Хонин хотгойд овгийн Базарсүрэнгийн Мөнхбат /регистрийн дугаар:МЭ-72091018/ шүүхэд гарсан сөрөг нэхэмжлэлдээ: 

         Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Анх миний бие 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нямдаваа овогтой Ариунболдтой  Сэлэнгэ амйгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 172 тоот хаягтай амины орон сууцыг  15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээг хийсэн ба тухайн үед гэрээнд зааснаар 10.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд гэрээнд заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгож авсан. Одоо дээрх хөрөнгүүдийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь миний бие байгаа юм. Тухайн үед надад үл хөдлөх хөрөнгөө зарахдаа “хэсэг хугацаанд орон сууцандаа амьдарч байя, харин боломжтой болвол мөнгө нэмээд буцаагаад худалдаж авна, боломжгүй бол бид нар чөлөөлнө” гэж хэлсэн. Тэрнээс биш бидний хооронд зээлийн гэрээ огт хийгдээгүй юм.

          Шүүхэд нэхэмжлэл гаргасан Р.Нямаа надтай 2018 оны 01 дүгээр сард уулзаж, орон сууцыг авах хүн байна, зарсан мөнгөн дээрээ мөнгө нэмж өгье” гэхээр нь зөвшөөрөөд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл хийсэн. Гэтэл итгэмжлэл хийснээс хойш бараг өдий хүртэл хугацаа өнгөрөх гэж байхад худалдсан, шилжүүлсэн юм байхгүй учраас миний бие түүнд олгосон 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1152 бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсгийн 172 тоотод байрлах хувийн орон сууцыг эрх шилжүүлэхтэй холбогдсон итгэмжлэл, мөн өдрийн 1153 дугаартай дээрхи үл хөдлөх хөрөнгөтэй хамааралтай 1239 мкв газрын эрхийг шилжүүлэх итгэмжлэлийг тус тус хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 

          Хариуцагч: Б.Мөнхбат /регистрийн дугаар МЭ-72091018/ 2019 оны 05 дугаар сарын 13-нд  шүүхэд гарсан тайлбартаа:  

       ...Миний бие Б.Мөнхбат нь нэхэмжлэгч Р.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна... гэжээ. 

   

        Иргэний хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

  

            Р.Нямаа нь хариуцагч Б.Мөнхбатад холбогдуулан “Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд  саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх”  гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Б.Мөнхбат нь “Р.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...”  гэж маргаж,  Р.Нямаад холбогдуулан “2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1152, 1153 дугаартай итгэмжлэлүүдийг хүчингүйд тооцуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

        Р.Нямаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай гэр бүлийн хүн нас бараад мөнгөний хэрэгцээ Базарсүрэнгийн Мөнхбат гэдэг хүн “банк чөлөөлнө, бэлэн мөнгө зээлүүлнэ” гэсэн зар байхаар нь хаяг болон утсаар нь холбогдоод хүү Н.Ариунболдын хашаа байшинг барьцаанд тавих гээд итгэмжлэл хийлгэж,  Б.Мөнхбаттай дахин утсаар нь холбогдоод  хүүгийнхээ хашаа байшингийн зургийг авч явуулаад 5.000.000 төгрөг зээлэхээр болж... Б.Мөнхбат нь “...танд яаралтай мөнгө хэрэг болоод байгаа бол “Худалдах-худалдан авах” гэрээ хийхэд мөнгө маш хурдан бүтнэ...” гэснээр “Худалдах худалдан авах гэрээ байгуулан 5000.000 төгрөгийн зээл авсан. Түүнээс биш  орон байраа худалдаагүй...”  гэжээ.   

       Хариуцагч Б.Мөнхбат нь Р.Нямаагийн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч “... Миний бие Б.Мөнхбат нь нэхэмжлэгч Р.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна” гэсэн тайлбар ирүүлсэн ба сөрөг нэхэмжлэл гаргаж түүндээ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой “...Анх миний бие 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Нямдаваа овогтой Ариунболдтой  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 172 тоот хаягтай амины орон сууцыг  15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээг хийсэн ба тухайн үед гэрээнд зааснаар 10.000.000 төгрөгийг өгсөн... тухайн үед надад үл хөдлөх хөрөнгөө зарахдаа “хэсэг хугацаанд орон сууцандаа амьдарч байя, харин боломжтой болвол мөнгө нэмээд буцаагаад худалдаж авна, боломжгүй бол бид нар чөлөөлнө” гэж хэлсэн. Тэрнээс биш бидний хооронд зээлийн гэрээ огт хийгдээгүй юм..” гэсэн тайлбар гаргасан боловч “Орон сууц худалдах, худалдан авах гэрээнд “худалдагч  Н.Ариунболд-ыг Р.Нямаа” гарын үсэг зурсан байдал, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан төлбөрт 10.000.000 төгрөг өгсөн гэх боловч төлбөрт мөнгө өгсөн гэх баримт ирүүлээгүйн дээр шүүх хуралдаанд  хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбатын нэр дээрхи 5022606781 дугаартай данснаас  2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 6.000.000 төгрөг зарлагадсан гэх хуулга гаргаж, уг мөнгийг байрны төлбөрт өгсөн гэж байгаа боловч хуулгын агуулга гэх хэсэгт “МЭ72091018” гэх регистр  тэмдэглэгдсэн, тайлбартаа “тухайн үед нь 10.000.000 төгрөг өгсөн” гэж байгаа  боловч өөрийнх нь данснаас авч өгсөн гэх 6.000.000 төгрөг нь гэрээ хийсэн өдрөөс хойш 4 хоногийн дараа банкнаас шилжүүлсэн нь  үл хөдлөх хөрөнгө худалдан авахад урьчилгаа болгон өгсөн гэж  үзэх үндэслэл болохгүй байна. 

         Харин Р.Нямаагийн шүүх хуралдаанд гаргасан “...Намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад манай бэр над руу утастаж  Б.Мөнхбат гэх хүн манай гэрт баахан хүмүүстэй ирээд  “... энэ хашаа байшинг өөрийн нэр дээрээ болгосон, одоо хашаа байшинг суллаж өг, эсвэл мөнгө төгрөг өг тэгэхгүй бол зарна...”  гээд байна гэж хэлсэн. Тэр үед би Б.Мөнхбаттай утсаар ярихад “...та 15.000.000 төгрөг өг, тэгэхгүй бол зарна шүү”  гэж хэлсэн. Би утсаар гуйсан тэгэхэд “... 10.000.000 төгрөг өг, эсвэл яаралтай 6.000.000 төгрөгийн миний банкны мөнгийг төл. Дараа нь үлдэгдэл мөнгийг бага багаар өгөөрэй” гэж хэлсэн...”   гэх мэдүүлэг тухайн үед Б.Мөнхбат нь орон сууц худалдан авсан гэх үйл баримттай тохирохгүй,  нэхэмжлэгч нь Б.Мөнхбатад  хашаа байшингаа  худалдсан  бол Б.Мөнхбат төлбөр төлөх байтал Р.Нямаа нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ажилчны 32-23 тоот гэх Б.Мөнхбаттай нэг хаягтай Ёндонгийн Оюунчимэг буюу Б.Мөнхбатын эхнэрийн  ХААН банкан дахь  5085062814 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 16-нд “Нямаа байр” гэх утгаар 6.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 05-нд мөн дансанд 1.500.000 төгрөг,  2018 оны 07 дугаар сарын 18-нд Б.Мөнхбатын ХААН банкан дахь 5022606781 тоот дансанд 1.950.000 төгрөг шилжүүлэн тус тус шилжүүлсэн баримтууд нь Б.Мөнхбатын “...15.000.000 төгрөг өг, тэгэхгүй бол зарна шүү”  гэж хэлсэн. Би утсаар гуйсан тэгэхэд “... 10.000.000 төгрөг өг, эсвэл яаралтай 6.000.000 төгрөгийн миний банкны мөнгийг төл. Дараа нь үлдэгдэл мөнгийг бага багаар өгөөрэй” гэсэн мэдүүлгийг нотолсон  байна.

         Мөн Б.Мөнхбат нь 2018 оны 07 дугаар сарын 18-нд өөрийн ХААН банкин дахь 5022606781 тоот дансанд Р.Нямаагаас 1.950.000 төгрөг шилжүүлэн авснаар тухайн өдөр Р.Нямаад  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 172 тоот хаят байрлах 000575523 дугаартай, 1239 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын эрх шилжүүлэх,  мөн хаягт байрлал бүхий  000217180 дугаартай, Ү-1317000385 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж гэрчилгээ олгосон 56 мкв талбай бүхий хувийн орон сууц зэргийг бусдад худалдах, бэлэглэх, бэлэглэлийн гэрээ байгуулахыг... зөвшөөрч итгэмжлэл олгосон  нь  Р.Нямаад  дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг жинхэнэ эзэн болох Н.Ариунболдод буцаан өгөхийг зөвшөөрсөн,   дээрхи  итгэмжлэлүүдийн дагуу Р.Нямаа, Н.Ариунболд нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 30-нд “Газар эзэмших эрх шилжүүлэх”  “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх” гэрээ зэргийг тус тус байгуулсан нь дээрхи үл хөдлөх хөрөнгүүдийг “Худалдах, худалдан авах гэрээ”- байгуулсан боловч уг гэрээний дагуу хөрөнгүүдийг худалдаж аваагүй болохыг, мөн дээрхи гэрээ нь иргэдийн хооронд амаар байгуулсан зээлийн гэрээг халхавчилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг  нотолж   байна.

         Иймд Н.Ариунболдыг төлөөлөн Р.Нямаа, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөх бус хэлцэлд тооцон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2-р хэсэг, 172 тоот хаят байрлах  000575523 дугаартай, 1239 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах  000217180 дугаартай, Ү-1317000385 дугаарт бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж гэрчилгээ олгосон 56 мкв талбай бүхий хувийн орон сууцыг Н.Ариунболдын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нямаагийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй Р.Нямаад холбогдох дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэн авах үйлдэл хийхийг зөвшөөрсөн “2018 оны 7 дугаар арын 18-ны өдрийн 1152, 1153 дугаартай итгэмжлэлүүдийг хүчингүйд тооцуулахаар” гаргасан  сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

      Хариуцагч Б.Мөнхбатад шүүх хуралдааны товыг боломжит хугацаа буюу 2019 оны 07 дугаар сарын 9-нд мэдэгдэхэд “...намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй...” гэсэн байх тул Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг оролцуулахгйүгээр хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага  болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний   хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Р.Нямаа, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсугай.

2. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 172 тоот хаягт байрлах  000575523 дугаартай, 1239 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах  000217180 дугаартай, Ү-1317000385 дугаарт бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж гэрчилгээ олгосон 56 мкв талбай бүхий хувийн орон сууцыг Н.Ариунболдын нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 70.200 төгрөг,  хариуцагч Б.Мөнхбатын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын 3 өдрийн дотор Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.5-д зааснаар  мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн  ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа өнгөрснөөс  7 хоногийн  дотор баталгаат шуудангаар хүргүүлэн,  мөн   хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан   авсанд   тооцсугай.

8. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн  120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй

             

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ