| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/1002/З |
| Дугаар | 221/МА2025/0129 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0129
Ц.Э*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Т.Энхмаа
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******
Нэхэмжлэгч: Ц.Э*******
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/376 дугаар тушаалыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0836 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 128/2023/1002/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.Э*******аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/376 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0836 дугаар шийдвэрээр:
“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” А/376 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Ц.Э*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрхийг хангах, тэгш байдлыг хангах нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим юм. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д “захиргааны байгууллагын гадагш чиглэсэн шийдвэрийн талаар зохицуулж байгаа бөгөөд ямар нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тухайн гаргах шийдвэрээр хөндөхөөр байвал уг этгээдэд захиргааны холбогдох үйл ажиллагааны талаар заавал урьдчилан мэдэгдэх, тэдний саналыг авах, сонсох ажиллагаа явуулж, шийдвэр гаргах үүргийг захиргаа хүлээнэ,” энэхүү зарчим нь эрхийг хангахад чухал төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож нотлох баримтыг цуглуулах, 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг хэрэгжүүлэхэд чухал юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам /хуучнаар/ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг хийгээгүй. Хариуцагч хариу тайлбартаа Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа сонсох ажиллагааг хийсэн тухай дурьдаад шүүхээс сонсох ажиллагааг хэрхэн хийсэн талаар нотлох баримт гаргуулахад 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 678 дугаар албан бичгээр 37 иргэн, аж ахуйн нэгжид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим www.met.gov.mn хаягаар дамжуулан сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн талаар бичгээр хариу ирүүлсэн. Хавтаст хэрэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны фейсбүүк хуудаст нийтэлсэн баримтыг ирүүлсэн ба тус баримтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтлэгдсэн ямар нэгэн холбоос байгаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т "...тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасан ба Захиргааны ерөнхий хуулийн онолын тайлбарт “...сонин, сэтгүүл, радио, телевиз, вебед суурилсан мэдээний үйлчилгээ зэргийг хамааруулж үзнэ” мөн “...сонсох ажиллагааны оролцогчдын оршин суудаг хороонд хүрдэггүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар тараасан бол сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэнд тооцохгүй"-г тодорхой тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн хувьд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Фейсбүүк хуудас байдаг гэдгийг шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас олж мэдсэн учир сонсох ажиллагааны мэдэгдлийг ирүүлээгүй захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцоог хангаагүй гэж үзэж байгаа билээ.
3.2.Маргаан бүхий актад үндэслэл болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан 11 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг шүүхээс нотлох баримтаар гаргуулахад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулах, ажиллах журам батлах тухай” А/255 тушаалыг ирүүлсэн. Тус тушаалд зөвлөлийн бүрэлдэхүүн, зөвлөлийн ажиллах журам, хурлын шийдвэрийн тэмдэглэлийн загварыг хавсралтуудаар баталж Зөвлөл холбогдох хууль болон Засгийн газрын шийдвэр, сайдын тушаал, шийдвэрийг удирдлага болгон ажиллахаар журамд тусгажээ.
Зөвлөлийн ажиллах журмын 2.14.3-т “Зөвлөл Захиргааны ерөнхий хуульд зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон баримт бүрдүүлэх үүрэгтэй байгаа бөгөөд хурлын тэмдэглэлийг тушаалд батлагдсан загвараар хөтөлж Зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлын 3 хоногийн дотор Зөвлөлийн даргаар хянуулж хуралд оролцсон бүх гишүүдээр гарын үсэг зуруулж баталгаажуулах”, 2.23-т “Хурлаас гарсан шийдвэр, санал, дүгнэлт, тэмдэглэлийг архивт жил бүр хүлээлгэн өгнө” гэж тодорхой заасан учир Зөвлөл газар ашиглах эрхийг хүчингүй болгохдоо захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим болох "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх..." зарчмыг хэрэгжүүлэн ажилласан эсэхэд эргэлзсэн, тухайн баримтыг хариуцагчаас маргаан бүхий акт гарсныг мэдсэн даруй үзэж танилцах талаар хувийн хүсэлт гаргахад байхгүй, боломжгүй гэсэн учир өмгөөлөгчийн зүгээс шүүхээр дамжуулан гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн.
Маргаан бүхий актыг гаргахад Зөвлөл бодит нөхцөл байдлыг тогтоосон ямар баримтад үндэслэн шийдвэр гаргасан нь тодорхойгүй, тухайн хурлын хуралдааны тэмдэглэл байхгүй гэж шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн төлөөлөгч тайлбар хэлсэн. Баримт байхгүй гэдэг тайлбарыг төлөөлөгчөөс шүүх хуралдаанд амаар гаргуулах бус албан бичгээр хариуцагчаас албан ёсоор авч хэргийг шийдвэрлэх талаар гаргасан миний хүсэлтийг хүлээн аваагүй. Шүүх захиргааны байгууллагын үйл ажиллагааг зөвтгөж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.3.Маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заалт бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтыг дурьдсан байдаг.
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчид гаргаж өгсөн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, шүүхийн журмаар гаргуулан авсан актын газрын төлбөр ногдуулалт зөрүүтэй буюу газрын төлбөр төлсөн байдлыг хүснэгтээр үзүүлсэн хэсэгт нэхэмжлэгчид өмнө гаргаж өгөөгүй 2019-2021 оны төлбөр тооцсон. Тус газрын систем дэх гэрээний бүртгэл хэсэгт гэрээ байгуулсан огноо нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гэж бүртгэгдсэн нь хувийн хэрэг дэх буюу хавтаст хэрэгт байгаа гэрээний огноо, дугаараас зөрүүтэй байгаа болно.
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичигт "1781111264 нэгж талбарын дугаартай газар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр бүртгэгдсэнийг үндэслэн Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3-т заасны дагуу 2019-2023 оны ногдуулалт хийгдэн, нэхэмжлэл үүсгэж 2021, 2022 онд төлөлт хийгдсэнийг хавсралтаар хүргүүлэв" гэжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37.1-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр "гэрээний үндсэн дээр" ашиглуулж болно” Газрын тухай хуулийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан.
Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба Газрын төлбөрийн тухай хуулийн 9.1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно”, 9.3-т “Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ” гэсэн заалтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг үндэслэн Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэж 2019-2023 оны төлбөрийн ногдуулалт хийсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.
Учир нь 2019 оны А/382 дугаар шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр газар ашиглуулах, гэрээ байгуулж тухайн гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг үүсэхээр хуульд зохицуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр гарсан хугацаанаас төлбөрийг нөхөн тооцох зохицуулалт хуульд байхгүй байна. Нэхэмжлэгчид гарган өгсөн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2021-2023 онд ногдуулалт хийсэн баримт нь хуульд нийцсэн үндэслэлтэй баримт юм.
Мөн хавтаст хэрэгт буй хувийн хэрэг дэх гурвалсан гэрээнээс зөрүүтэй, өөр огноо, дугаараар бүртгэсэн буюу нэхэмжлэгчийн байгуулаагүй гэрээний огноогоор Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэсэн гэрээг Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нотлох баримтаар гаргуулах зайлшгүй шаардлагатай.
Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуультай холбоотойгоор газар ашиглах гэрээг байгуулахад хүндрэл учирч 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/008 дугаар гэрээ байгуулсан. Гэрээний 2.4 дэх заалтад газар ашиглах хугацааг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 07 сарын 26-ны өдөр гэж гэрчилгээний хугацааг оруулсан хэдий ч Гэрээний 1.5 дахь заалтад “Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйл, 9 дүгээр зүйлд тус тус зааснаар тооцно” гэдгийг оруулж өгсөн нь гэрээ байгуулж улсын бүртгэлийн нэгдсэн санд мэдээлэл бүртгэгдсэнээр төлбөр тооцох үндэслэлтэй гэдгийг баталгаажуулсан.
Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны төлбөрийг урьдчилан болон улирлаар төлөх хугацаандаа төлөөгүй тохиолдолд Гэрээний 5.5 дахь заалтад ...хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги төлөөд үүргээ биелүүлэх боломжтой учир төлбөрийн үүргээ биелүүлээгүй, хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлгүй юм.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “…хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй…” үндэслэлийг хариуцагчийн зүгээс Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол”-ын 1.10 "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэсэнтэй холбож тайлбарласан.
Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 7 дугаар сард шийдвэр гарснаас хойш гурвалсан гэрээгээ байгуулахаар идэвхитэй явсан хэдий ч 2019 оны 12 дугаар сараас цар тахал урд хөршид гарсан мэдээлэл, 2020 оны 1 дүгээр сараас газраар болон агаараар зорчих хөдөлгөөнийг хааж иргэд айдас түгшүүртэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатны байгууллагууд авч хэрэгжүүлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдан хэрэгжиж Засгийн газрын тогтоолоор хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг урт болон богино хугацаагаар тогтоож эхэлсэн. Гурвалсан гэрээг 2021 оны 1 дүгээр сард байгуулсан хэдий ч газар ашиглах байдал хөл хорио, хилээр нэвтрэх, орох гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хүнд цаг үед давхцсан газар ашиглах боломжгүй болсон ба энэ нь нийтэд илэрхий нөхцөл байдал билээ. Хууль 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хэрэгжсэн хэдий ч цар тахлын нөхцөл байдлын үед мөрдөж байсан хөл хориог зогсоосон, хил нээсэн хугацаанд Япон Улсаас цөөн тооны жуулчдад майхан барьж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тухайн үед хийж байсан гэрээг компаниас эх хувиар авч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5. 40.1.6 дахь заалтыг гол үндэслэл болгосныг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд захиргааны байгууллагын үйл ажиллагаанд баримтлах "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтлаагүй, шүүх захиргааны байгууллагаас маргаан бүхий актын үндэслэл болгосон баримтыг бүрэн гаргуулан хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0836 дугаар шийдвэрийг хүчингүй болгож захиргааны байгууллагаас зөрүүтэй болон дутуу гаргуулсан баримтыг шаардаж хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах шаардлагагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээв.
1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/382 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн нутагт, Богдхан уулын дархан цаазат газрын Ж*******ын аманд 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосноос хойш маргаан бүхий тушаал гарах хүртэл 4 жил гаруйн хугацаанд нэхэмжлэгч Ц.Э******* газраа зориулалтын дагуу ашиглаагүй, хуульд заасан газрын төлбөрийг бүрэн төлөөгүй болох нь хэрэг авагдсан баримтаар хангалттай тогтоогджээ.
Тухайлбал 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан газар ашиглах гурвалсан гэрээнд дээрх газрын 1 жилийн төлбөрт 28.208.460 төгрөг төлөхөөр, газар ашиглах хугацааг Сайдын тушаал гарсан өдрөөс тооцохоор тохиролцсон, гэтэл хэргийн 13, 56, 159 дүгээр талд тус тус авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаас үзэхэд 2019 оны 8-12 дугаар сарын болон 2020 оны төлбөр 40.031.900 төгрөг, 2023 онд 1-7 дугаар сарын төлбөр 15.431.570 төгрөг, нийт 55.463.470 төгрөг төлөөгүй, 2021-2022 онд газрын төлбөр төлсөн, харин газар ашиглах эрхийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүчингүй болгосноос хойш төлбөр төлөх үүрэггүй.
Нэхэмжлэгчээс анх олгосноос бус харин гурвалсан гэрээ байгуулсан үеэс газрын төлбөрийг төлөх ёстой гэж маргах боловч Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, …газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж зааснаас үзэхэд газар ашиглах эрх үүссэн үеэс эхлэн төлбөр төлөх үүрэг үүснэ.
Харин уг хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т “Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно” гэж заасан нь, мөн Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10-176/965 дугаар албан бичигт “Газрын кадастрын нэгдсэн системд Ц.Э*******ын ашиглах эрх бүхий нэгж талбарын 1781111264 дугаартай газар 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр бүртгэгдсэн…” гэсэн нь нэхэмжлэгч уг өдрөөс эхлэн газрын төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэх үндэслэл болохгүй.
Учир нь хуулийн дээрх заалт газрын төлбөр тооцох, ногдуулахтай холбоотой зохицуулалтад хамааралтай болохоос бус төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаатай холбон тайлбарлагдахгүй.
Түүнчлэн 2023 оны 1-7 дугаар сарын газрын төлбөрийг төлөөгүй нь давж заалдах гомдлын “…гэрээ байгуулснаар төлбөр төлөх үүрэг үүснэ…” гэх үндэслэлийг үгүйсгэх факт болно.
2.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 04/4411 дүгээр албан бичгээр ирүүлсэн агаарын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газарт аялал жуулчлалын зориулалттай ямар ч барилга байгууламж баригдаагүй, газраа бусдаас тусгаарлаж хашаалаагүй, ямар ч эзэмшил үүсгээгүй, мөн 2021, 2022, 2023 онд өөрийн ашиглах эрх бүхий газартаа жуулчид, амьтан ургамал судлаачид түр байрлах зориулалтаар майхан, ор “Э*******” ХХК-иас түрээслэсэн гэх 3 гэрээ нь нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаж байсныг нотлох хангалттай баримт болохгүй.
Учир нь түрээсийн төлбөр төлсөн, жуулчид, амьтан судлаачид байрлаж байсан талаарх ямар ч баримт байхгүй, монгол гэр, урц, майхан барьж аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж байсан гэх боловч үүнийг зөвхөн дээрх гэрээгээр нотлох боломжгүй.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7/-д байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгөөр “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” үйл ажиллагаа явуулж болно гэж заасан, Сайдын 2019 оны А/382 дугаар тушаал болон газар ашиглах 0171281 тоот гэрчилгээнд зориулалтыг “аялагч түр буудаллах, отоглох, зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж заасан, гэтэл нэхэмжлэгчийн тухайд газраа энэ зориулалтаар ашигласан гэж үзэхээргүй байна.
3.Давж заалдах гомдлын бусад үндэслэлийн тухайд:
-Маргаан бүхий тушаалд холбогдох хуулиас гадна Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан 11 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг үндэслэсэн, уг хурлаар нэхэмжлэгч Ц.Э*******ын газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-гаар хүчингүй болгохыг 100 хувь дэмжсэн, харин тайлбар хэсэгт “хариу тайлбар өгөөгүй” гэж тэмдэглэсэн байх бөгөөд үүнээс өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 736 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлого, зохицуулалтын газарт хандаж нэр бүхий иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг уламжилсанд нэхэмжлэгч Ц.Э*******ын хувьд “хариу тайлбар өгөөгүй” гэсэн үндэслэлээр цуцлах жагсаалтад оруулжээ.
Дээрхээс дүгнэхэд зөвхөн хянан шийдвэрлэх Зөвлөл ч биш, хамгаалалтын захиргаа, цаашлаад хариуцагчаас Ц.Э*******ын газар ашиглах эрхийг цуцлах хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзсэн энэ тохиолдолд зөвхөн Зөвлөлийг бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж буруутгах боломжгүй, түүнчлэн Зөвлөлөөс хуралдааны тэмдэглэл гаргасан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй.
-Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 678 тоот албан бичгээр 21 иргэн, аж ахуйн нэгжид сонсох ажиллагааны мэдэгдлийг цахим хуудсаар дамжуулан хийсэн нь нотлогдож байх тул мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж хариуцагчийг буруутгахгүй, түүнчлэн нарийвчилсан хуулиар эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд шийдвэр гаргахын өмнө заавал биечлэн мэдэгдэх үүргийг хариуцагчид хүлээлгээгүй, мөн мэдэгдэх сонсох ажиллагааг хэрхэн хийснээс үл хамаарч бодит нөхцөл байдал өөрчлөгдөхөөргүй байна.
Харин шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэхдээ зөвхөн Газрын тухай хуулиас гадна нарийвчилсан харилцааг зохицуулсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, уг хуулийн холбогдох зүйл, заалтыг хамтад нь хэрэглэх шаардлагатай болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2024/0836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН