Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 7

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

Улсын яллагч А.Дэлгэрмөнх,

Хохирогч Ц.Хишигмаа, 

Шүүгдэгч Г.Тулга, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:  0200/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Ганболдын Тулгад холбогдох эрүүгийн 201625022429 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, яллагдагчийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, цахим комьютер тоглоомын газар ажиллуулдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 34-р гудамжны 60 тоотод оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигон овогт Ганболдын Тулга, РД: ХН86032195

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Тулга нь 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо “Инпиар” нэртэй цахим тоглоомын газарт админаар ажилладаг эгч Ц.Хишигмаатай гэр бүлийн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдаж улмаар гар хөл орчим нь цохиж бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Тулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Хэрэг бүртгэлтийн шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

Шүүгдэгч Г.Тулга нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 7 хороо Эрхүүгийн гудамж 10 А байранд “Инпиар” цахим тоглоомын газар руу өглөө 10 цагийн орчимд эгч Хишигмаа руу яриад ажил хэр явагдаж байгаа талаар асуухад цэвэрлэгээ хийгээгүй байна ажиллах болломжгүй гэсэн. Тэгээд би ажил дээр очоод эгч Хишигмаатай цэвэрлэгээний асуудлаас болж маргалдаад энэ асуудлаас үүдээд ам зөрсөн. Тэр өдөр би өөрөө цэвэрлэгээгээ хийгээд эгч Хишигмаад таньтай ажиллах боломжгүй гэдгээ хэлэхэд Хишигмаа эгч 2 өдөр ажиллана гэж хэлээд 2 өдрөө дараалан ажиллаад 2.000.000 төгрөг зээлсэн байсан тэрийгээ аваад явсан. Тэгээд Хишигмаа эгч явсан өдрийнхөө маргааш дахиж ирэхээр нь таньтай ажиллах боломжгүй гэдгээ хэлсэн. Хишигмаа эгч үгүй би чамаас олон сая төгрөг авна гэж үндэслэлгүй зүйл ярьж надаас их хэмжээний мөнгө нэхэж хэрүүл үүсгэж хэрүүл маргаан хурцдаж намайг хэл амаар доромжлон дайрч тэрнээс үүдээд би маш их бухимдаж уурлаж та нараас болж би олон сая төгрөгний өрөнд ороод байна ажил удахгүй хаагдах гээд байна гэдэг асуудал хэлэхэд Хишигмаа эгч огт тоогоогүй хэрүүлээ үргэлжлүүлсээр байсан. Энэ үед бухимдахдаа би өөрийн өмч хөрөнгө болох хөргөгчний хаалга, ширээний тавцан, компьютерийн дэлгэц, хаалганы шил зэргийг эвдэж хэмхэлсэн. Энэ үед Хишигмаа болон миний дүү Зоригтбаатар, Хишигмаагийн дүү Жаргалсайхан нар хамт байсан. Энэ хүмүүст ямар нэг байдлаар гар хүрч зодсон зүйл байхгүй. Манай дүү миний хоёр гарнаас бариад зогсож байсан. Хишигмаа эгч миний баруун гарнаас 2 гараараа бариад юмаа эвдэж байхийн оронд сайн уйлж орил гэж хэлж байсан. Би тэр хүнийг цохиж зодож, хувцас хунарыг нь урсан хохирол учруулсан зүйл байхгүй. Тэгээд би гарч яваад түрээслэж байсан байр буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 64 байрны 20 тоот гэртээ очоод их бухимдсан байсан учраас бага хэмжээний цагаан архи хэрэглэсэн. Ингээд оройн 17 цагийн орчимд дүү Зоригтбаатар руу залгаад ажлаа ажиллуулсан талаар асуухад ажиллуулаагүй гэсэн хариу өгсөн. Энэ үед нь би эмээ Хумбагарыг дуудаж ярилцаж ойлголцое гэсэн үүднээс ажил  дээр очиж Хишгээ эгч болон эмээ нартай уулзаж ярилцах гэсэн боловч Хишигмаа эгч уурлаж миний толгой руу цохих зэргээр үйлдэл гаргасан. Тэгсэн дүү Зоригтбаатар Хишгээ эгчийг гаргаж явуулсан ... Текний араас Хишигмаа эгчийг гар гэж хэлэхдээ баруун гараараа баруун гарны булчин орчим барьж байгаад чангааж улмаар Хишигмаа эгч эсэргүүцэн зууралдаж гаргасан байгаа. Тэгэхдээ баруун гарны бугалга орчим хөхөрсөн няцарсан гэмтлийг учруулсан байх боломжтой ...” гэсэн мэдүүлэг. /хх 26-31 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Хишигмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Г.Тулга манай төрсөн эгчийн хүүхэд юм. Би Г.Тулгыг бага байхаас нь гэртээ авчраад өсгөж тэжээсэн. Цахим тоглоомын газар нээж, хашаа байшин барихад нь мөнгөөр тусалж байсан. Намайг 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас буухад үйлчлэгч байхгүй байхаар нь 1-р давхраас 4-р давхар хүртэл цэвэрлэгээ хийчихээд Зоригтбаатарт хүлээлгэж өгөөд буусан. Тэгээд 2016 оны 09  дүгээр сарын 19-ний 9 цаг 30 минутын үед ажил дээрээ ирэхэд 1-р давхраас 4-р давхар хүртэл цэвэрлэгээ хийгээгүй бохир байхаар нь Зоригтбаатарт “яагаад цэвэрлэгээ хийгээгүй юм бэ” гэхэд “нөгөө хэд чинь гэр барина гээд ирээгүй, Жаргалсайхан бид хоёр хоолтой, хоолгүй хоёр өдөр хогоо хамчихаад ажиллуулж байна” гэж хэлсэн. Тэгтэл Г.Тулга над руу залгаад “та цэвэрлэгээ хийчих” гэж хэлэхээр нь “чи эхнэрээ ажиллуулж байгаа юм бол ажиллуулсан шиг ажиллуул”  гэж хэлсэн. Тэгээд Зоригтбаатарт “хоёулаа ядаж хогоо хамъя” гэхэд “ажилтай” гэхээр нь “за за би хогнуудаа хамчихъя” гэж хэлээд сууж байтал Г.Тулга орж ирээд “ажиллаж чадахгүй юм бол зайл” гээд уурлахаар нь би “хүнээс 2.000.000 төгрөг зээлж өгсөн, тэр 2.000.000 төгрөгөө авч өгчихөөд зайлна” гэхэд над руу 2 өдрийн орлогоо шидээд “2.000.000 төгрөгөө аваад зайл” гэж хэлэхээр нь “олон жил та нарт тусалж ажиллачихаад нохой шиг хөөгдөөд гарах уу” гэж хэлээд уурласан. Би “үлдэгдэл цалин 15.000.000 төгрөгөө авна” гэж хэлээд текний ард сууж байтал намайг заамдаад гаргахдаа миний өмсөж байсан хувцасыг урсан. Мөн дараа нь 1-р эгнээний ширээн дээр сууж байхад намайг зайл гээд чирээд хөлний ар тал руу өшиглөсөн. Энэ хэд гараад явахаар нь хаалгаа түгжээд үлдсэн. Тэгтэл 16 цагийн үед камераар хартал ээж ирж байхаар нь хаалгаа онгойлготол Зоригтбаатар, Тулга, ээж гурав орж ирсэн. Би юм ярих гэтэл Г.Тулга “чи юу ч битгий ярь зайл” гээд намайг чирээд дрил авч шидсэн. Миний баруун талын бугалга, хөл хөхөрсөн. Гэхдээ эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Савхин куртикны хохирлыг төлсөн. Одоо сэтгэл санааны хохирол, ээжийн тэтгэврийн зээл, миний ажлын хөлс зэрэг нийт  10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд гомдолтой байна…” гэв.

Хохирогч Ц.Хишигмаа нь хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 4-н объектын өрөөгөө цэвэрлээд буугаад явсан маргааш буюу 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр нь намайг ажил дээр очиход бүх өрөө муухай болсон байхаар нь яагаад цэвэрлэгээ хийгээгүй байгаа юм бэ? гэсэн чинь Тулга Хишгээ эгчээ та цэвэрлэгээ хийчих гэхээр нь би чи цэвэрлэгч авсан байсан тэр хүнээрээ ажлыг нь хийлгэхгүй  юу гэж хэлсэн тэгсэн тэр өдрөө Тулга ирснээ би хэнийгээ ажиллуулахаа мэднэ, хэнийг зайлуулах ажиллуулахаа мэднэ гэж хэлээд над руу уурлаж зайл гэж хөөгөөд тэр өдрөө маргаан гарч тэгвэл би 15.000.000 төгрөгөө 15 өдөр ажиллаж байгаад гаргаж авна гэж хэлээд маргаан болж байгаад би ажиллаад буугаад явсан. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ирсэн чинь Тулга намайг зайл гээд хөөгөөд байхаар нь би яагаад намайг хөөх болов , би яахаараа хөөгдөх ёстой юм бэ? ээж, эмээ нарыг нь дууд тэгээд учраа олж байгаад би гарна гэж хэлсэн чинь Тулга гараад явсан. Манай дүү Жаргалсайхан буугаад явсан. Тулга урд хөлсөлж байсан байр руугаа яваад Зоригтбаатар үлдсэн. Тэгээд Зоригтбаатар утсаар ярих гээд гарч яваад эргэж орж ирэхдээ ах архи ууж байна гэнээ гэхээр нь би хэнтэй хаана ууж байгаа юм гэж асуусан чинь найзуудын хамтаар ууж байна гэж хэлсэн. Тэгээд оройн 16 цаг өнгөрч байхад Тулга, дүү Зоригтбаатар, ээж Хумбагар нартай хамт ирээд ээж юу болоод байгаа юм гэхээр нь би Тулга намайг зайл гээд байна би ер нь яагаад хөөгдөж байгаагаа мэдэхгүй байна гэсэн чинь Тулга чи зүгээр зайл гэсэн тэгээд хэрүүл болоод би Тулгатай маргалдаж чи яахаараа намайг хөөдөг юм бэ? би авах юмаа аваад гарна. Би 25 наснаасаа эхлээд та нарыг гэж явсаар байгаад өдий хүрсэн гэж хэлээд Тулга бид 2 текны ард ноцолдоод зууралдаж байхад дүү Зоригтбаатар нь салгахад миний гуя руу дрил, бахь авч шидсэн тэгээд дахиад нэг давхрын зааланд компьютерийн хажууд намайг барьж аваад хана руу түлхэж куртикнаас татаж чангаагаад байсан тэр үед ээж боль гэж хэлээд дүү Зоригтбаатар нь ирж салгаад холдуулсан. Тэгээд би зугтаагаад ариун цэврийн өрөө рүү орсон чинь ээж ирснээ чи миний хүү хэдэн цааснаас болоод алуулах юм байна арын хаалга байдаг юм бол чи гараад яв гэж хэлсэн. Тэгээд би Зоригтбаатарыг миний утсыг аваад ир гэсэн чинь ажлын утас аваад ирэхээр нь би үгүй миний утас гэсэн чинь та юу ч гэсэн наадах утсаа аваад гар гэсэн тэгсэн Зоригтбаатар ахыг барьж дийлэхгүй байна гэхээр нь би гараад гүйсэн тэндээсээ 13 дээр очиж дүү Жаргалсайхантай уулзаж тэндээсээ гэрлүүгээ харьсан...” гэсэн мэдүүлэг. /хх 9-12 дугаар хуудас/,

 

Гэрч П.Хумбагар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Ажлаа хийж байхад Сүхбаатар дүүрэгт цахим тоглоомын газар ажиллуулдаг зээ хүү Тулга над руу яриад эмээ та хүрээд ир гэж хэлэхээр нь би такси бариад очсон чинь охин Хишигмаа, зээ Тулга, түүний дүү Зоригтбаатар нар байсан. Тэгээд зээ Тулга архи уусан согтуу байсан. Хишигмаа руу дайраад уурлаж уцаарлаад та нарыг бүгдийн ална тална гэж хэлээд агсам тавиад тоглоомын газарт байсан компьютер, эд хогшилоо эвдэж хэмхчиж, охин Хишигмааг цохиж зайл гэж хэлээд угзарч татаад унагаад байсан. Тэгэхээр нь би Зоригтбаатарыг ахыгаа барьж бай гэж хэлээд охин Хишигмааг гараад явах боломжтой бол гараад биеэ хамгаал гээд ариун цэврийн өрөө рүү оруулаад тэр хооронд Тулгыг дүү Зоригтбаатар барьж байх үед нь  гаргасан. Тэгээд би эргэж орж ирээд Тулгыг унт гэж хэлээд цэвэрлэгчээр ажилладаг Басхүүгээр хагарсан шил, эд зүйлийг гаргаж хаяуулж цэвэрлүүлсэн. Тэгээд би гэртээ очоод маргааш нь охин Хишигмаатай уулзахад баруун талын гар хөх эрээн болсон, өмсөж явсан савхин куртикийг нь урсан байсныг харсан. Тэгээд охин Хишигмаа Тулгыг эрүүл болсон байх гэж бодоод цахим тоглоомын газарт очиж уулзах үед Тулга дахиад охин руу дайрч цаасны хутга бариад дайраад байсан гэдгийг охиноос сонссон. Тухайн хэрэг гардаг өдөр би очиж өөрийн нүдээр үзээгүй бол Тулгыг Хишигмааг цохиж зодсон гэж хэлвэл би итгэхгүй байсан. Тулга охин руу дайрч эгчийгээ цохиж зодсонд гайхаж байна…” гэсэн мэдүүлэг /хх 13-15 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Зоригтбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг: “…2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд цахим тоглоомын газарт ажил дээрээ сууж байхад манайд админ хийдэг эгч Хишигмаа ирээд ах Тулгатай утсаар яриад Хишигмаа эгчийг цэвэрлэгээ хийчих гэж хэлсэн тэгсэн Хишигмаа эгч өмнөх өдөр цэвэрлэгээ хийсэн өнөөдөр би хийж чадахгүй гэж хэлсэн ах утсаа таслаад удаагүй гаднаас ороод ирсэн. Тэгээд эгч Хишигмааг ах Тулга цэвэрлэгээ хийчихэд яадаг юм бэ? гээд загинаж эхэлсэн эгч Хишигмаа би 2 өдөр дараалан цэвэрлэгээ хийхгүй эхнэрээ авч ирж цэвэрлэгээ хийлгэ гэж хэлээд маргалдсан.  Тэгэхэд Тулга ах аятайхан ажиллаж чадахгүй бол явцгаа гэж хэлэхэд эгч Хишигмаа би мөнгөө авах ёстой 15 сая төгрөг өг гэж хэлээд өөрийн суусан өдөр болон өмнөх өдрийн орлоготой нийлүүлээд нийт 2.000.000 төгрөг аваад явангуут нь ах Тулга дахиад битгий ирээрэй гэж хэлсэн. Хишигмаа эгч яваад нөгөөдөр нь ирснээ одоо ажлаа хийе гэж хэлээд суухад нь Тулга яах гэж ирсэн юм бэ? гэж хэлээд асуухад нь Хишигмаа эгч ажлаа хийх гэж ирлээ гэж хэлэхэд нь Тулга ах би өчигдөр хэлдэгээ хэлсэн аятайхан ажилвал ажил гэж гэхэд Хишигмаа би 15 өдөр ажиллаж байгаад 15.000.000 төгрөгөө аваад гарна гэж хэлсэн чинь Тулга ах би энэ газрыг ажиллуулахаа болилоо гээд тэнд байсан эд хогшилоо хагалж шидэж байсан тэгээд Тулга ах Хишигмаа эгчийг зайл гэж хэлээд зууралдаад текний араас 2 гарнаас нь татаж чангааж гаргасан тэр үед нь би тэр хоёрыг салгаж Тулга ахыг барьж Хишигмаа эгчид гар хүргээгүй. Тэр хоёр нэг нэгнийгээ хөөж туугаад байхаар нь би Тулга ахыг эхнэртэй нь цуг явуулаад арай гайгүй намжаад байж байтал ах Тулга залгаад хүрээд ир гэхээр нь яваад очсон тэгээд ажил хэр байна? үйл ажиллагаа явагдаж байгаа юу гэж асуухад нь Хишигмаа эгч ажил хийлгэхгүй мөнгөө авч байгаад сална гээд байна гээд болохгүй байна гэж хэлсэн чинь Тулга ах, надтай хамт ажил руугаа эргэж очихоор болж тэр үедээ эмээ Хумбагарыг дуудаад уулзахаар болоод дөрвүүлээ уулзаад сууж байсан чинь Тулга ахыг юм яриулахгүй Хишигмаа эгч урдуур нь орж яриад тэр хоёр маргалдаад байсан. Би Тулга ахыг цааш нь буланд зогсоогоод тайвшруулсан Хишигмаа эгч ариун цэврийн өрөө рүү ороод мөнгөө авмаар байна гээд орилоод зогсоод байхаар нь би гаргаад явуулсан чинь Хишигмаа эгч би өдөр болгон чиний амьдралыг ийм байдалтай болгоно гээд байсан. Эмээ Тулга ахыг тайвшруулаад яриад үлдсэн. Хишигмааг текний араас гарахгүй гэхэд нь чирч гаргасан. Тэгэхэд зууралдсан…” гэсэн мэдүүлгээр /хх 16-18 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹: 13111“...Дүгнэлт

  1. Хишигмаагийн биед баруун бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 20 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: …

Энэтхэг савхин куртик – 1 ширхэг – 140.000 төгрөг…” гэжээ /хх 55/

           

гэрч П.Хумбагар, Г.Зоригтбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх 49-51/, хохирогч Ц.Хишигмаа гэрч Г.Зоригтбаатар нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /52-54/, Асран хамгаалагч тогтоох тухай захирамжын хуулбар /хх 7/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх 36-39/, шүүгдэгч Г.Тулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41 дүгээр хуудас/, мөрдөн байцаагчийн тэмдэглэл /хх 21/, хорооны тодорхойлолт /хх 22 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 67/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Тулга нь согтуурсан үед 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт байрлах өөрийн эрхлэн ажиллуулдаг “Инпиар” нэртэй цахим тоглоомын газарт админаар ажилладаг нагац эгч Ц.Хишигмааг “ажиллаж буй газрын цэвэрлэгээний асуудлаас болж хэрүүл маргаан үүсгэлээ, мөнгө төгрөг нэхэж зүй бус харьцлаа” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас тус цахим тоглоомын газраас гаргах зорилгоор хохирогч Ц.Хишигмаагийн биед хүч хэрэглэн чирч явахдаа бие махбодид нь баруун бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Хишигмаа, гэрч П.Хумбагар, Г.Зоригтбаатар нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №13111 тоот акт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Г.Тулга нь цахим тоглоомын үйлчилгээ эрхэлж, тус газарт түүний нагац эгч хохирогч Ц.Хишигмаа ажилладаг ба хохирогч нь шүүгдэгчийг насанд хүрээгүй байхад нь асран тэтгэж амьдарч байсан бөгөөд тэрээр /хохирогч Ц.Хишигмаа/ өөрийг нь үл тоож, харж хандахгүй байна гэж гоморхож ажлын байранд цэвэрлэгээ хийхгүй талаар маргаан үүсгэн мөнгө нэхэх зэргээр уур бухимдлаа зүй бусаар илэрхийлснээс шүүгдэгч түүний бие махбодид хүч хэрэглэн хөнгөн гэмтэл санаатай учруулжээ.

 Иймд шүүгдэгч Г.Тулгыг “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн биед учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй талаар гэмтлийн зэрэг тогтоох журамд тусгагдсан тул энэ байдлыг дахин тогтоолгохын тулд бүрэлдэхүүнтэй шинжээч томилох, шүүгдэгч хохирогчийг цохиогүй, энэ гэмтлийг санаатай учруулаагүй тул хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэнд буцааж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь хохирогч Ц.Хишигмаагийн бие махбодид учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь хууль, журамд заасан үндэслэл журмыг зөрчөөгүйгээс гадна шүүгдэгч хохирогчийн баруун гарын бугалгаас хүчтэй барьж чангааж, чирэх зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас хохирогчийн бие махбодид гэмтэл учрах боломжтойг мэдэж, ухамсарлаж байгаа атлаа хохирогчид тэрхүү хор уршиг учруулахыг хүсч санаатай үйлдсэн болох нь шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдсон тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүгдэгч Г.Тулга нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 276 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдалд тооцогдох хугацаа дууссан тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

 Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож харин анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзав.

Шүүгдэгч Г.Тулга нь хохирогч Ц.Хишигмаагийн куртикний төлбөрт 140.000 төгрөг төлсөн байх ба хохирогч нь сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч түүнийг нотолсон баримтгүйгээс гадна уг зардлыг хэрхэн яаж гаргуулах талаар хуульд тодорхой зохицуулсан зүйлгүй тул энэхүү нэхэмжлэлийг хангахгүй орхилоо.        

 

Харин хохирогч Ц.Хишигмаа шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас үүссэн гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Тулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                        ТОГТООХ нь:  

 

            1. Боржигон овогт Ганболдын Тулга-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Г.Тулгыг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.920.000 /нэг сая есөн зуун хорин мянган/ /192.000*10/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Тулга нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ц.Хишигмаагийн нэхэмжилсэн 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Тулгад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН