Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1115

 

                                                       

 

 

 

 

 

   2019       11             05                                            2019/ДШМ/1115                                                               

 

Г.Эд холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Х.Гантулга, Б.Зулбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмон,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/1375 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Х.Гантулга, Б.Зулбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Эд холбогдох эрүүгийн 1806066830407 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Э нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд Гантөмөрийн Ууганцэцэгийг нүүрэн тус газар нь цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Галбадрахын Э-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эыг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Эд оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эын цагдан хоригдсон 197 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Эаас 3.263.690 /гурван сая хоёр зуун жаран гурван мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Боржигон овогт Цэдэвийн Цолмон /РД:УШ60090807/-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдолдоо: “...талийгаачийн амь насыг бүрэлгээгүй. Тухайн үед нотлох баримтуудыг гаргаж ирсэн боловч хэлэлцээгүй. 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн эрүүгийн төлөөлөгч нар эрүүдэн шүүж мэдүүлэг тулган авч гарын үсэг зуруулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиа ноцтой зөрчсөн. Шүүх ажиллагаан дээр шинжээч эмч нарын дүгнэлтийг нарийн задалж хэлэлцээгүй. Тухайн үеийн хэрэг гарсан газрын протоколыг нарийн авч үзээгүй. Хэрэг гарснаас хойш 6 сарын дараа хохирогчийн ээжийн мэдүүлгийг үндэслэж яллаж байгаад гомдолтой байна. Э- миний бичиг үсэг мэдэхгүйг далимдуулан хуурч мэхлэн гарын үсэг зуруулсан. Мөн хэргийн материалыг дутуу танилцуулсан. Иймд дээрх зүйлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн тогтоолыг дахин сайн хянаж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгч туслана уу. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Х.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийн гол гэрчийг иргэн А.Цог-Эрдэнэ, М.Булгантамир нар гэж үзэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай ноцтой зөрчилдөж байна. Талийгаач нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр тархиндаа гэмтэл авч, 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гавал тархины гэмтлийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байдаг. Хэрэг учрал болсон энэ үеэс хойш 6 сар гаруйн дараагаар буюу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Г.Э, А.Цог-Эрдэнэ, М.Булгантамир нарыг Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн байцаах байгууллагын алба хаагч нар гэрчээр дуудаж, улмаар шүүхийн зөвшөөрөлгүйгээр саатуулан, цагдаагийн газрын албан өрөөнд паарнаас гавлан хонуулж, бие, сэтгэлзүйн дарамтад байлгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчин, маргааш өглөө нь буюу 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 10 цаг 38 минутад Г.Э, 14 цаг 43 минутад А.Цог- Эрдэнэ, М.Булгантамир нараас гэрчээр байцаалт авсан байдаг. Гэрчүүд 6-7 сар гаруй хугацааны өмнө болсон үйл баримтын талаар мэдүүлэг өгсөн тул сар, өдрийг тодорхой санахгүй, улсын баяр наадам, төрсөн өдөр зэрэг тэмдэглэлт өдрүүдээр баримжаалан мэдүүлгээ өгцгөөсөн нь мэдүүлгээс нь харагддаг. Гэрч М.Булгантамирын мэдүүлсэн мэдүүлгийн агуулгаас үзэхэд Г.Э, А.Цог-Эрдэнэ, М.Булгантамир, Г.Ууганцэцэг нар 2018 оны 7 дугаар сарын 20-ны орчимд уулзаж, хамт архи ууцгаасан гэх гэрч А.Цог-Эрдэнэ, М.Булгантамир нарын мөрдөн байцаалтад 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дахин гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдэд дурдсан сар, өдөр нь хэргийн бодит байдалтай илүүтэй нийцэхээр байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Ийнхүү хэрэгт хамааралгүй гэрчүүдийг хэргийн голлох гэрчүүд мэтээр үзэж, улмаар яллах талын нотлох баримтад тэдний мэдүүлгийг ашигласан гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Г.Эын 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хэргээ хүлээн мэдүүлсэн гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-123-125/ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №1787 дугаартай дүгнэлтийн “...талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй...” /151-153/ гэх дүгнэлт, шинжээч эмч Ц.Бямбадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...микроскофоор харж эр бэлгийн эс байгаа эсэхийг үзэхэд эр бэлгийн эс илрээгүй.., ...хэргийн материалтай танилцлаа, орчин нөхцөл гэдгээс биш нас бараад 6-8 цаг болсон бэлгийн харьцаанд орсон эмэгтэй хүний цогцосноос авсан арчдас наалдацыг зөв хэсгээс авсан тохиолдолд эр бэлгийн эс илрэх боломжтой...” /хх-105-107-2хх/ гэсэн мэдүүлэг зэрэгтэй огт тохирдоггүй, харин ч шүүгдэгчийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үгүйсгэж байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн 2019/ШЦТ/1375 дугаартай шийтгэх тогтоолд энэ талаар огт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол” шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх нэг нөхцлийг бүрдүүлж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3-т заасан "шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг" дангаараа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Түүнчлэн хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь талийгаачийг 2018 оны 8 дугаар сарын 11-нд бусдад зодуулж, тархиндаа гэмтэл авснаас 8 дугаар сарын 12-ны өдөр нас барсан гэх үйл баримтыг тогтоосон, энэ үйл баримтаар хүн амины гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэдгийг л нотлон тогтоосон баримтууд байдаг. Харин шүүгдэгч Г.Эыг дээрх гэмт хэргийг ямар сэдэлт, зорилгоор, хэзээ, хаана, яаж үйлдсэнийг тогтоосон баримт байдаггүй. Энэ талаар ч анхан шатны шүүх “Шүүгдэгч Г.Э нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Гантөмөрийн Ууганцэцэгийг нүүрэн тус газар нь цохиж алсан” гэсэн ерөнхий байдлаар дүгнэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/”, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-д “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг нотолбол зохих байдлуудыг нотлоогүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаг хугацааны болоод бусад хүчин зүйлийн нөлөөгөөр хэрэгт нэмэлтээр хийх ажиллагаа багатай болсон, ажиллагаанаас гарах үр дүн муу байхыг үгүйсгэхгүй гэж үздэг ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх гэм буруугүйд тооцох зарчмыг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэжээ.

Шүүгдэгч Г.Эын өмгөөлөгч Б.Зулбаяр давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмон хохирогчоор өгсөн /хх-55/ “...2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэрээс гарч явсан байсан тэгээд 09,10,11-ний өдрүүдэд гэртээ ирж хоноогүй, холбоогүй алга болчихсон... гэх мэдүүлэг, хохирогчоор дахин мэдүүлэг өгсөн /хх-59/ “...Хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 10-ны 5 дахь өдөр өглөө 09 цагийн үед бид хоёр гэрээсээ гараад Элбэг дүүрэн дэлгүүр өнгөрөөд дараагийн дэлгүүрийн ойролцоо салсан” гэх мэдүүлэг, мөн шүүх хуралдааны явцад хохирогчоос шүүхэд өгсөн Ууганцэцэг нь гэрээс гарахдаа өөр өнгийн хувцастай гарсан гэх мэдүүлгүүдээр хохирогч нь гэрээс гарахдаа хэрэг явдал гарсан гэх өдрөөс өөр өдөр гарч, өөр бусад хүмүүстэй уулзаж, улмаар өмсөж явсан хувцсаа сольсон байж болзошгүй нөхцөл байдлууд тогтоогддог. Мөн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ундармаагийн мэдүүлгээр хохирогч анх гэмтэл авах үедээ өөрийгөө хянах чадвартай гэртээ харих, бусдаас тусламж авах зэргээр үйлдэл хийх чадвартай байсан болох нь тогтоогддог.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар гэрч Цог-Эрдэнэ, Булгантамир, шүүгдэгч Г.Эыг нарыг анх 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дуудаж аваачиж ямар нэгэн саатуулах үндэслэлгүйгээр цагдаагийн газарт сандал дээр суулган хонуулж маргааш буюу нь 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр байцаасан болох нь тов тодорхой байдаг. Ингэж мэдүүлэг авахдаа дээрх хүмүүсийн 2018 оны 7 дугаар сард уулзсан үйл баримтыг мөн оны 8 дугаар сарын 10-ны өдөр буюу хохирогчийг нас барсан өдөр болгож тулгаж байцаалт авсан үйл баримт нь дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмж мөрдөн шалгаж ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай охин 2018 оны 08 дугаар сарын 9-ний өдөр гэрээсээ гарсан. 11-ний орой энэ хэд уулзсан. Э- манай охиныг гэрээс нь ирж авсан. Би тэр өдөр ажилтай байсан. Надтай цуг гараад дэлгүүрээс тамхи авч өгөөд эргээд гэр лүүгээ орсон. Э- урьд нь манай охинтой нийлдэг байсан.  Манай охиныг өнгөрөхөөс өмнө 6 сарын сүүлээр машинтай гэрийн гадаа ирээд охинд маань пиво авч өгөөд өөрөө архи уусан гэсэн. Манай урд талын гудамжаар машинтайгаа явахыг нь би өөрөө харсан. Манай охин 7 дугаар сарын 10-нд эмнэлэгт хэвтэж гараад 7 дугаар сарын 18, 19, 20-нд гэртээ байсан.Би гомдолтой байна. Миний охины 2 хүүхэд нь өнчин хоцорсон. Нэг нь тархи, толгой муутай гэв.

 Прокурор Д.Ариунжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тухайн гэмт хэрэг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гарсан. Шүүгдэгч Э-, М.Цог-Эрдэнэ, А.Булгантамир нараас 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Хууль сануулж авсан мэдүүлэгт бүгд тодорхой болсон үйл явдлыг дэлгэрэнгүй ярьсан байдаг. Хэдийгээр хэрэг гараад 5, 6 сар өнгөрсөн боловч гэрч нар нь наадмын дараа, миний төрсөн өдрөөс хойш гэж хэлж байгаад мэдүүлгээ өгсөн байдаг. Шүүгдэгч Г.Э өөрөө мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар дэлгэрэнгүй тодорхой ярьсан байдаг. Гэрч нар нь дахиж мэдүүлэг өгмөөр байна,  өмгөөлөгч нар нь энэ хүмүүсийг гэрчээр дахиж мэдүүлэг өгүүлмээр байна гэсэн байдал нь хэргийг завааруулах гэж үзсэн юм болов уу. Биеийн байцаалт өгөхдөө би тусгай дунд боловсролтой гэж өгчихөөд яагаад хэрэг шалгах явцад бага боловсролтой болоод байгаа нь өмгөөлөгч авснаас хойш тийм асуудал гарсан юм болов уу гэж үзэж байна. Эрүүдэн шүүж тулган мэдүүлэг авсан тухай өмгөөлөгч нар ярьж байна. Энэ талаар мөрдөгчийг шалгуулахад ийм асуудал байхгүй гэдэг нь тогтоогдсон байгаа. Хавтас хэрэгт авагдсан анхны мэдүүлэг өгсөн гэрч Цог-Эрдэнэ, Булгантамир нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтүүдэд тухайн гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, хэн үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой байгаа. Тухайн гэмт хэргийн үйлдэл нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганц худгийн задгайд  2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр болсон гэдэг нь тодорхой байгаа. Харин 7 дугаар сарын 20-ны өдөр архи авч өгсөн баримтуудаар тэр хэд архи авч уусан нь тогтоогдсон гэж байна. Тухайн баримтаар 2018 оны 7 дугаар сарын 20-нд тэд нар цуг байсан юм уу, байгаагүй юм уу. Үнэхээр тэр хэд нийлээд архи авч уусан эсэхийг тогтоох боломжгүй. Зүгээр нэг баримт анхан шатны шүүхэд гаргаж өгсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтүүдэд цохилтын улмаас тархинд доргилт үүсээд ийм, ийм гэмтлүүд гарах боломжтой гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн №1787 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ундармаагийг мэдүүлэг, шинжээч эмч Бямбажавын нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Цог-Эрдэнэ, Булгантамирын мэдүүлэг зэргээр тухайн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Г.Эыг 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганц худгийн задгайд Г.Ууганцэцэгийг нүүрэн тус газар нь цохиж алсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Гэтэл хэрэгт харилцан зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийн аль нэгийг нь авахдаа нөгөөг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүйн гадна, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэснийг буруу гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлыг гагцхүү хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нотолдоггүй бөгөөд шүүх хуралдааны явцад уг байдлыг нотолдог.

Ингэхдээ шүүхээс шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судалж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаа хамаардаг.

Дээрх байдлыг нягт нямбай хянасны үндсэн дээр шүүхээс гэмт хэргийг сэргээн

дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн, бодиттой тогтоож, энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

Шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй дараах нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

1. гэрч М.Булгантамир “...тухайн өдөр нь 2018 оны 8 дугаар сарын үед байсан санагдаж байна. Ямар ч байсан урин дулаан цаг байсан юм. ...Цог-Эрдэнэ ахын гэр нь ганц худгийн задгай гэдэг газар байдаг. Бид хоёрыг байж байхад үеэл ах Э- өөрийнхөө цайвардуу өнгийн Хюандай Верна маркийн автомашинд үл таних 30-35 орчим насны туранхай эмэгтэй хүн суулгачихсан ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд Э- ахын машинаар Цог-Эрдэнэ ахын гэрээс хойшоо яваад гэр хорооллын гудамжинд нэг ширхэг том савтай пиво уусан. ...тэр эмэгтэй өөрийгөө Ууганцэцэг гэж танилцуулж байсан. ...Э- нөгөө хүүхнээ автомашиндаа суулгаад яваад өгсөн...” /1хх 66-67/, “... бид нарын уулзсан өдөр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө юм байна лээ. Би 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр жолооны эрхээ хасуулсан юм.  2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Э- ахтай уулзаагүй. ...” /2хх 99-100/,  “...зөвхөн он сар зөрүүтэй, бусад нь үнэн зөв. ...би наадмын дараа гэж хэлээгүй. Наадмын үеэр гэж хэлсэн. ... 2018 оны 7 дугаар сарын 20-нд уулзаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн...” /2хх 245/,

гэрч А.Цог-Эрдэнэ “... би он, сарыг сайн санахгүй байна. Улсын баяр наадам болон миний төрсөн өдөр өнгөрсөн байсан гэхээр 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хойш эхнэр Цэрэннадмид дадлагын ажил хийхээр Архангай аймаг руу явсан үед намайг гэртээ ганцаараа байхад Булгантамир ирээд бид 2 пиво уугаад байж байтал Э- ах өөрийн Верна аксент машинтай ирсэн. Ирэхдээ машиндаа дээрх зураг дээрх эмэгтэйтэй хамт ирсэн. ...” /1хх 128-129/, “... дахин мэдүүлэг өгөх болсон шалтгаан нь 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн үйл явдлын талаар би мэдүүлэгтээ өгсөн байхад 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үйл явдалтай холбосон байна...” /2хх 96-97/, “...Тухайн талийгаачтай уулзсан өдөр 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уулзсан. Харин 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр уулзсан гэж бичсэн байдаг. ...би 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ахынхаа байшинд засвар хийж байсан. ...2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хаана уулзаж архи уусан газраа зааж өг гэсэн...” /2хх 239/ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх байдлыг харьцуулан дүгнэж үзвэл гэрч нар өмнөх мэдүүлэгтээ дурдсан үйл явдлын сар, өдрийг зөрүүтэй мэдүүсэн байх бөгөөд тэдгээрийн аль мэдүүлэг үнэн зөв болохыг лавлан тодруулж, чухам ямар шалтгааны улмаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүхий л арга хэрэгслийг ашиглан тогтоож, тэдгээрийн зөрүүг арилгах.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 11787 дугаартай “Талийгаачид  2018.08.11-ний 19 цаг 35 минутад цогцосны гадна үзлэг хийхэд нас бараад 6-8 цаг болсон байх боломжтой байжээ. ...” гэсэн дүгнэлт гарчээ.  

Гэтэл гэрч М.Цэрэнжаргал “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э- ах төрсөн том ах Нямжаргалын Шархадны “Да хүрээ” захын хойно гэр хороололд байх хашаа байшингийн байшинд засвар хийж байсан. Нямжаргал нь эхнэр, хүүхдийн хамт 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Цахир сум руу амралтаар явсан үед Э- байшинд нь эхнэр, хүүхэдтэйгээ, Цог-Эрдэнэ хэсэг ажилласан, Ганзориг гэж хуурай дүүтэйгээ хамт засвар хийсэн. ...” /1хх 131-133/,

гэрч А.Нямжаргалын “...Би Архангай аймаг руу эхнэр, хүүхдийн хамт амрахаар 2018 оны 8 дугаар сарын 05-ны өдөр явснаас хойш манай гэрт Э-, Цог-Эрдэнэ нар манай байшингийн шал цутгасан. ...” /1хх 137-139/,

гэрч Н.Ганзоригийн “...мөрдөгчийн Э- 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хаана байсан талаар мэдэж байгаа зүйл байна уу...” гэсэн асуултад “...мэдэж байгаа, Шар хаданд гүйдэг хаалга хийлгэхээр намайг дуудаж би очиж хаалгыг нь хийх гэтэл хаалганы трубаг салгаж чадаагүй. Тэр өдрөө тэндээ хоносон. Орой нь Буяа гэж ах 1 шил Болор архи авч ирээд хувааж уусан. ...өглөө нь Буяа гэж ах 10-11 цагийн үед явсан, би ч явж Э- ах ганцаараа үлдсэн. ...Э- ахын охины төрсөн өдөр болох гэж байгаа. Тэрнээс өмнө ажил хийж байгаа гэж надад хэлж байсан. ... Машинаа унаж гараагүй. Тухайн өдөр Шархадны байшинд нь Буяа ах нэг эмэгтэйтэй, Э- ах бид дөрвүүлээ хоносон. ...” /1хх 141-143/,

гэрч Б.Эрдэнэчимэгийн “...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шархаданд ахындаа байсан. 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр манай эгчийн бэр гуйлга болоод 2018 оны 8 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Шархаданд би хүүхдүүдээ аваад Э-тай хамт 2 хоносон. 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Э- машинтайгаа бид нарыг гэрт хүргэж өгөөд буцаад Шархаданд очиж Нямжаргал ахын байшинд хоносон. Тухайн өдөр намайг явах үед Ганзориг гэж дүү нь ирж байсан. ...” /1хх 145-147/,

гэрч Г.Энхжаргалын “...2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Нямжаргалын гэрт Э- хөлөө гэмтээсэн гэж очиж авч байсан...” /1хх 135/,

гэрч Б.Буянжаргалын “...2018 оны 8 дугаар сард засвар хийж байсан. Хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 2018 оны 8 дугаар сарын 09, 10-ны өдрүүдийн аль нэг нь байгаа. Би цалингаа аваад Э- дээр очиж хоносон. ...” /2хх 92-94/ гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

Эдгээр мэдүүлэгт 2018 оны 8 дугаар сарын 10, 11-ний өдрүүд буюу хохирогчийн нас барсан өдөр шүүгдэгч Г.Эыг хаана байсныг тодруулан мэдүүлсэн байхад үүнийг няцаасан баримт хэрэгт алга.

Иймээс нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг үнэн эсэхийг дахин сайтар нягтлах шаардлагатай.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.Эын 1 дүгээр хавтаст хэргийн 122-126 дугаар хуудсанд авагдсан “...2018 оны 08 дугаар сарын эхээр би өөрийн дугаараас Ууганцэцэгийн утас руу өдөр 13 цагаас хойш залгаж гараад ирэх үү, пиво уух уу гэж асуухад Ууганцэцэг гэрээсээ гараад ирсэн.  ... Тэгээд архи, пиво ууж дуусчихаад доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрийн гадаа очоод Цог-Эрдэнэ, Булгантамир хоёрыг үлдээгээд нар жаргах үеэр /харанхуй болж байсан/  Ууганцэцэг бид хоёр доошоо уруудаад Цог-Эрдэнийн гэрээс урд зүгийн Жамсран уулын зүүн талд машинтайгаа очиж зогсоод 2 удаа секс хийсэн /бэлгийн харьцаанд орсон/. Тухайн үед харанхуй болсон байсан. Бэлгийн харьцаанд ороод дууссаны дараа Ууганцэцэг дахиад уулзаж байя гэж хэлэхээр нь би “яах юм, хэрэггүй байх” гэхэд Ууганцэцэг “эхнэрт чинь надтай унтсаныг чинь хэлнэ” гэхээр нь би машинаас буугаад “би чамтай дахиж уулзахгүй за” гэхэд тэгвэл яахав дээ эхнэрт чинь хэлнэ гэж хэлсэн. Ууганцэцэг машинаас буучихсан жолоочийн эсрэг талын жолоочийн эсрэг талын харалдаа багажны хажууд хойд тоормосны гэрэлний харалдаа зогсож байхад нь зүүн гараараа нүүр лүү нь 3 удаа цохисон...” гэх мэдүүлгийг үнэлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Г.Эаас гэрчээр мэдүүлэг авч, улмаар анхан шатны шүүх уг мэдүүлгийг үнэлж, түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцсон нь хууль зөрчсөн байна.

Тодруулбал, мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”,

Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн (g)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

Ийнхүү мөрдөгч гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхээр хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан үйлдлийг яллагдагчийн эрхийг ноцтой зөрчиж, “мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн”-д тооцох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Эыг гэрчээр байцаасан байцаалт, мэдүүлгийг нотлох баримтад үнэлэх хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/1375 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ