Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 115/2016/0010/з |
Дугаар | 221/МА2016/0394 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0394
2016 оны 6 сарын 20 өдөр | Дугаар 221/МА2016/0394 | Улаанбаатар хот |
Дорноговь аймгийн Ардчилсан нам,
нэр дэвшигч И.******* нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг, З.Алтанцэцэг, хариуцагч Б.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2016/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч И.*******гийн гаргасан давж заалдах гомдлоор, Дорноговь аймгийн Ардчилсан нам, нэр дэвшигч И.******* нарын нэхэмжлэлтэй, тус аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан нам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Сонгуулийн хорооны тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна… 1.Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасны дагуу И.******* нь Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Энхмэндэд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн болох нь Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хүлээн авч бүртгэх бүртгэлийн 19 дугаарт бүртгэгдсэн тэмдэглэлээр нотлогдож байна. 2.Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийг үндэслэн гэсэн нь хуульд байхгүй зүйл заалтыг хэрэглэсэн байна. Иймээс Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, И.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Эрдэнэ сумын 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр сонгуулийн хуульд заасны дагуу өөрийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд өгч өргөдөл гомдлын бүртгэлд бүртгүүлэн өөрийн гарын үсгээ зурж хүлээлгэн өгсөн. Хуульд заасан “сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-нээс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх” гэсэн шаардлагыг биелүүлсэн байхад намайг аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй гэж бүртгэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй шийдвэр болсон. Иймээс Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, намайг нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: ...И.******* нь 2016 оны 03 дугаар сарын 31-нд гаргасан өргөдлөө 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг дарга Ч.Энхмэндтэй уулзаж, харилцан ярилцаад өргөдлөө өөрөө буцаан авснаар Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан эрхээ эдэлсэн болох нь тогтоогддог. Өргөдөл гаргагч гаргасан өргөдлөөсөө татгалзаж, буцаан авсан бол өргөдөл гаргаагүйтэй ижил байх төдийгүй буцаан авсан өргөдлөө И.******* нь өөр дээрээ байлгаж байгаад нотариатаар батлуулан, нэр дэвшигчийн баримт бичигт ирүүлсэн нь хуурамч материал бүрдүүлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй.
Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.9-д заасны дагуу И.*******г бүртгэхээс татгалзсан шийдвэр гарган аймгийн Ардчилсан намд хүргүүлсэн. Аймгийн Сонгуулийн хороо хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаа тогтоолоор баталгаажуулж, тогтоолоо хэлбэржүүлэх явцад техникийн алдаа гарган Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь заалтыг 158.2 гэж хэлбэржүүлсэн байх тул залруулж болох захиргааны акт гэж үзэн, аймгийн Ардчилсан намд залруулсан тогтоолыг хүргүүлээд байна… И.*******г нэр дэвшигчийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, шийдвэрээ гаргасан гэжээ.
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2016/0009 дүгээр шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дорноговь аймгийн Ардчилсан нам, тус намаас нэр дэвшигч И.******* нарын тус аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, И.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч И.******* давж заалдах гомдолдоо: Миний хувьд 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 20 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтанд 2016 оны 03 дугаар сарын 31-нд өгч, өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт бүртгүүлэн, өөрийн гарын үсгээ зурж хүлээлгэн өгсөн бөгөөд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан.
Би өөрийн гараар бичиж гарган өгсөн өргөдлөө өөрийнхөө хүсэлтээр татан аваагүй. Энэ нь миний Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд бичиж гарган өгсөн нотломж тайлбар, байгууллагын өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргээс тодорхой харагдана. 2016 оны 04 дүгээр сарын 01-нд Засаг дарга Ч.Энхмэндэд өргөдлөө танилцуулахад намайг бодож байгаад хариу хэлээрэй гэсэн үгийг хэлж байсан. Дахин 2016 оны 04 дүгээр сарын 04-нд Засаг дарга Ч.Энхмэнд дээр ороход надтай нэлээд удаан хугацаагаар харилцан ярилцсан. Би өргөдлөө авъя гэж хэлээгүй байхад Засаг дарга Ч.Энхмэнд миний өргөдлийг надад өгсөн. Миний гаргасан өргөдлийг Засаг дарга шийдвэрлэхгүй, надад өгөхөөр нь аваад гарсан. Анхнаасаа л миний гаргасан өргөдлийг хүлээж авахдаа шийдвэрлэхгүй удааж, өгсөн өргөдлийг надад буцаан өгсөн. Миний зүгээс гаргасан өргөдлөө шийдвэрлүүлэхээр шат шатанд нь хандаж байсан болохоос биш гаргасан өргөдлөөсөө татгалзаж, татан авсан зүйлгүй.
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Энхмэнд нь 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл миний өргөдлийг шийдвэрлэлгүй, миний гаргасан өргөдлийг надад буцаан өгөөд үүнийгээ Иргэдээс төрийн байгууллага болон албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авах хуудсанд тэмдэглэхдээ “өөрийн хүсэлтээр өргөдлөө буцаав” гэж нэг талын давуу эрхээр тэмдэглэн бичсэн байдаг нь миний хүсэлт, тусгагдсан баримт бичиг байхгүй, надад танилцуулагдсан зүйлгүй, надад мэдэгдэлгүй ийм тэмдэглэл бичиж байгаа нь он сарын зөрүүтэй байдлаас нь ч тодорхой харагдана. Иймээс шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх маргааны үйл баримт, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.
Дорноговь аймгийн Ардчилсан намаас 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр, тус намаас орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч иргэн И.*******гээс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийн бүртгэлээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, И.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Дорноговь аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 157 дугаар зүйлийн 157.9, 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд тус аймгийн Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн И.*******гийн материалыг нягтлан шалгаад мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтыг хангаагүй гэх үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ.
Нэхэмжлэгчээс “Сонгуулийн хороо нь хуульд байхгүй заалтыг хэрэглэсэн” гэж маргаж байгаа боловч хариуцагчаас “тогтоолоо хэлбэржүүлэх явцад техникийн алдаа гарган Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь заалтыг 158.2 гэж алдаа гаргасан тул залруулж болох захиргааны акт гэж үзэн аймгийн Ардчилсан намд залруулсан тогтоолыг хүргүүлсэн” гэж тайлбарлаж байгааг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан И.*******гийн аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “Нотломж”, 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 19 дүгээр “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хүлээн авах хуудас”, тус аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Энхмэндийн тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч И.******* нь тус аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон учир үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлтийг Эрдэнэ сумын Засаг даргад гаргасан атлаа 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр уг хүсэлтээ өөрөө буцааж авсан болох нь тогтоогдож байна.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэжээ.
Хэдийгээр Дорноговь аймгийн Ардчилсан намаас орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуульд И.*******г нэр дэвшигчээр бүртгүүлэхээр шийдвэрлэж, аймгийн Сонгуулийн хороонд саналаа хүргүүлсэн байх боловч уг нэр дэвшигч И.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан үүргээ биелүүлэхээс өөрөө татгалзсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл дээрх баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд тэрээр орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшихгүй, ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй юм.
Тиймээс Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийн бүртгэлээс татгалзах тухай” 07 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй байх тул тус аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
Тиймээс “Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийн бүртгэлээс татгалзах тухай” 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” шаардлага бүхий И.*******гийн нэхэмжлэлийг Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6-д “Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авахгүй” гэж зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч И.*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2016/0009 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, И.*******г нэр дэвшигчээр бүртгэхийг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах” шаардлага бүхий Дорноговь аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8, Сонгуулийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.3, 113.6 дахь хэсгийг баримтлан Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг Дорноговь аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэгч И.*******гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И.*******гээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР