Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 248

 

Ж.Сарангуагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг нарыг оролцуулан хийж, Дорноговь аймаг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0311 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Ж.Сарангуагийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Н.Бүрэнтэгш, А.Амгаланзаяа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,15.2, 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.5, 20.9, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйл /2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнөх үеийн/-ийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.4, 135.5 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Эрхийн актгүйгээр үнэ хямдруулан борлуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/101 тоот, “Дутагдуулсан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/103 тоот, “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот акт дахь 272730 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг болон мөн акт дахь 2592268 төгрөгийн төлбөрийн 950530 төгрөгөөс бусад төлбөрт хамаарах актуудын нэхэмжлэгч Ж.Сарангуад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 3.1.6, 7 дугаар зүйлийн 7.7, 17 дугаар зүйлийн 17.1, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг буюу “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-026/102 тоот актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар тогтоосон 1361792 төгрөгийн төлбөрийн хэмжээг 96360 төгрөгөөр багасгаж, “Эрхийн актгүй, акталж устгасан тэмдэглэлгүйгээр данснаас хассан эмийн үнийг төсөвт нөхөн төлүүлэх тухай” 11-08-023/113 тоот акт дахь 1119319 төгрөгийн төлбөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэгчид хамтран хариуцуулахаар тогтоосон 1119319 төгрөгийн төлбөрийн хэмжээг 217588 төгрөгөөр багасгаж, мөн акт дахь 2592268 төгрөгийн төлбөрөөс 950530 төгрөгийн төлбөрт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0311 дүгээр магадлалаар: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ууганцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 дахь хэсэгт улсын байцаагч “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасан байна. Харин шүүхээс Ж.Сарангуаг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн эсэх талаар дүгнэсэн боловч түүний үйлдлийн улмаас тэрээр хууль бусаар орлого олсон эсэх, түүнчлэн бусдад ямар хэмжээний хохирол учруулсан болоход дүгнэлт хийлгүй, зөвхөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн нь акт тогтоож, нэхэмжлэгчийн хөрөнгийг улсын орлогод оруулах үндэслэл болох мэтээр дүгнэж, хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

2. Мөн давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ Ж.Сарангуа нь “зөвхөн анхан шатны баримт болох зарлагын баримтыг үндэслэн нягтлан бодох бүртгэлийн данснаас хассан зөрчил гаргасан нь нотлогдож байгаа” гэснээр нэхэмжлэгч Ж.Сарангуаг нь анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн санхүүгийн тайлан гаргасан талаар дүгнэсэн байх бөгөөд энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 оны/ 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно” гэж заасантай нийцсэн байдаг.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасан байхаас үзвэл анхан шатны зарлагын баримтуудыг үйлдсэн сумдын эм эргэлтийн сангийн эд хариуцагч нар болон тухайн баримтад бичигдсэн эм, эмнэлгийн хэрэгслийг зарлагын баримттай хамт тулган хүлээн авдаг байсан эм зүйч тухайн баримтын үнэн зөвийг хариуцах ёстой юм. Шүүхээс нэхэмжлэгч Ж.Сарангуагийн үйлдлийг санхүүгийн баримтыг дутуу бүрдүүлсэн зөрчил гэж үзвэл энэ нь улсын байцаагчийн акт тогтоох хууль зүйн үндэслэл болохгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгийг акт үйлдэж, улсын орлого болгох үндэслэл биш юм.

3. Хариуцагч нар дээрх захиргааны актыг гаргахдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд нягтлан бодогч Ж.Сарангуа нь байгууллагын удирдлага биш тул дээрх үндэслэл мөн үгүйсгэгдэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Сарангуа нь Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 11-08-026/101,11-08-026/102, 11-08-026/103, 11-08-023/113 дугаар актуудын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс 11-08-026/101,11-08-026/103 дугаар актуудыг хүчингүй болгож, 11-08-026/102, 11-08-023/113 дугаар актуудын төлбөрийн хэмжээг багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс зөвхөн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон “анхан шатны баримтгүй эм, эмнэлгийн хэрэгслийг данс бүртгэлээс хасч, акталсан” гэх зөрчилд холбогдуулан хяналтын гомдол гаргасан тул уг гомдлын хүрээнд хэргийг хянан үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Сарангуа нь “Эм эргэлтийн сан” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогч болон захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан бөгөөд хяналт шалгалтаар тогтоосон төлбөрийг “гол хариуцах ёстой этгээдийг зөв тогтоогоогүй, надад хамааралгүй асуудлаар төлбөр тогтоолоо, би төлөх үндэслэлгүй” гэж маргаж байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 он/ 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт зааснаар байгууллагын нягтлан бодогч нь санхүүгийн анхан шатны баримтыг шаардан гаргуулах, хүчин төгөлдөр бус баримтаар ажил гүйлгээг бүртгэхгүй байх үүрэгтэй.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд эм, эмнэлгийн хэрэгслийг устгахдаа холбогдох анхан шатны баримтыг бүрдүүлээгүйгээс ямар учраас устгах болсон, тухайлбал тодорхой эмний тухайд хүчинтэй хугацаа нь хэзээ дуусах тухай баримт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн тухайд ямар эд зүйлс нь гэмтэж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон тухай ямар нэгэн баримт байхгүй байсан тул төлбөр тогтоосон улсын байцаагчийн акт нь хуульд нийцжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д зааснаар захирал нь тогтоосон журмын дагуу анхан шатны бүртгэлийг хөтөлж, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулж, тэдгээрийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн захирлаар ажиллаж байсан хугацаа нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн “гол хариуцах хүнийг зөв тодорхойлоогүй” гэх гомдол үндэслэлгүй юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь хэсэгт зааснаар улсын байцаагч нь аж ахуй нэгж, байгууллага иргэний хууль бусаар олсон орлого эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “хууль бусаар орлого олсон” хэмээн буруутгаагүй, харин хоёр дахь нөхцөл болох байгууллагад “хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж, уг хохирлыг буруутай албан тушаалтнуудад хуваан хариуцуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар захирлын буруутай үйл ажиллагаа ...зэргээр тухайн үйлдвэрийн газарт хохирол учруулсан бол уг хохирлыг захирал өөрийн хувийн өмчийн эд хөрөнгөөр бүрэн хариуцахаар заасан.

Иймээс нэхэмжлэгч нь улсын үйлдвэрийн газарт захирал болон нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ байгууллагын дансанд бүртгэлтэй эд хөрөнгө болох эм, эмнэлгийн хэрэгслийг зохих журмын дагуу устгах ажиллагаа явуулаагүй, хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр данс бүртгэлээс хассан, анхан шатны баримтыг зохих журмын дагуу бүрдүүлээгүй, устгах эмний хугацаа дууссан эсэх, ямар тоног төхөөрөмж эвдэрч хэмхэрсэн болохыг шалгаж, баримтжуулаагүй үйлдлийн үр дагаврыг хариуцах учиртай.

Дээр дурдсанаар байгууллагын дансанд бүртгэлтэй эд хөрөнгийг холбогдох баримтгүй данснаас хассанаас, тухайн байгууллагад орох ёстой орлого хасагдсан гэж үзэж, хуулиар үүрэг хүлээсэн эрх бүхий албан тушаалтнаас хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хохирол учраагүй” гэх гомдол үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг бичиглэлийн хувьд алдаатай хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байгаа боловч энэ нь шүүхийн шийдэлд нөлөөлөх алдаа биш гэж үзсэнийг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 115/ШШ2017/0004 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 221/МА2017/0311 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                        П.СОЁЛ-ЭРДЭНЭ