Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар   2023/ШЦТ/227

 

 

  2023        03          29                                   2023/ШЦТ/227

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Л.Содбаяр,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт БАд холбогдох эрүүгийн 2211 02045 0089 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овогт БА /РД:................................................/.

Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол гэх газарт оршин суух,

Урьд: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1246 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн товч агуулга /яллах дүгнэлтэнд дурдснаар/;

Шүүгдэгч БА нь 2022 оны 11 сарын 05-ны өдрийн 14:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Агар завъяа” нэртэй дэлгүүрт хохирогч Д.Баатарсүрэнгийн зарж байсан Орос цагаан хаш чулуун их гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг нийт 2 ширхэг хөөргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 11 сарын 26-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клоуди фони” нэртэй дэлгүүрт хохирогч Г.Отгонсүрэнгийн зарж байсан Айфоне 13 загварын гар утас 1 ширхэгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд Шүүгдэгч Баттулгын Амарболд нь 2022 оны 11 сарын 05-ны өдрийн 14:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Агар завъяа” нэртэй дэлгүүрт хохирогч Д.Баатарсүрэнгийн зарж байсан Орос цагаан хаш чулуун их гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг нийт 2 ширхэг хөөргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 11 сарын 26-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клоуди фони” нэртэй дэлгүүрт хохирогч Г.Отгонсүрэнгийн зарж байсан Айфоне 13 загварын гар утас 1 ширхэгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би хөдөө амьдардаг юм тэгээд хот руу орж ирээд  хүнээс машин авчихсан байсан. Өрөнд орчихсон байсан учир яаж ч чадалгүй хийчихсэн. Өөр хийсэн үйлдэл байхгүй. Хөөргийг нь буцааж өгсөн, утасны мөнгийг бэлнээр төлж барагдуулсан. Дахиж ийм зүйл гаргахгүй.Нэмж мэдүүлэх зүйлгүй ...“ гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Баатарсүрэнгийн “...Миний бие Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Агар завъяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн захирал ажилтай. Өнөөдөр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай “Агар завъяа” үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдагч над руу залгаад том болон дунд гарын орос цагаан хаш чулуун 2 ширхэг хөөргийг үл таних эрэгтэй хүн булааж аваад зугтчихлаа гэж ярьсан ... тухай 2 хөөрөг нь хүзүү болон мөр хэсэг дээрээ бор хальсны үлдэгдэлтэй буюу бор туяатай, их бие нь цав цагаан. Монголд ийм их биетэй хөөрөг их олон байдаггүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Хохирогч Д.Баатарсүрэнгийн дахин өгсөн “...2 ширхэг хөөргөө ямар нэгэн эвдрэл, гэмтэл, сэвгүй бүрэн бүтэн байдалтай хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

Хохирогч Г.Отгонсүрэнгийн “...2022 оны 11 дүгээр сарын эхээр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Cloudy phone” нэртэй гар утасны дэлгүүрийг нээж ажиллуулж байна. Манай дэлгүүр дээр бэр дүү болох Б.Хонгорзул нь түр сууж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16 цагийн үед үл таних 20-25 орчим насны эрэгтэй орж ирээд гар утас үзэж байтал манай лангуунд байсан Ай фоне 13 про загварын гар утсыг үзэж байгаад шууд гүйгээд гарсан байсан ... гэмт хэргийн замаар алдсан Айфоне 13 про загварын гар утас нь миний эзэмшлийн гар утас байсан ... үнэлгээний хувьд санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,

Гэрч Б.Хонгорзулын “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байран дээрээ байж байх үед гаднаас үл таних 25-28 насны хар саарал өнгийн ханцуй хэсэг болон малгайны хэсгээрээ цагаан оруулгатай куртик өмссөн эрэгтэй орж ирээд манай лангуун дээр байсан гар утас руу заагаад энэ ямар утас вэ гэж асуусан тухайн асуусан утсыг нь би хартал  Iphone 13 pro, 12 загварын утаснууд байсан ба би тухайн хүнд тайлбарлаж хэлээд ямар утас хайж байгаа талаар асууж Самсунг загварын арай үнэ хямд гар утаснууд үзүүлсэн чинь би Iphone барьж үзэх гэж байгаа юм Iphone сонирхож байна гэхээр нь би арай хямд үнэтэй Iphone 13 pro загварын гар утас үзүүлсэн чинь тухайн хүн Iphone 13 pro загварын гар утсыг гээд заагаад байсан би тухайн хүнд гар утсыг лангуунаас гаргаж ирээд үзүүлсэн тухайн хүн гар утсыг үзэж хэсэг зогсож байгаад гар утсыг аваад гараад гүйчихсэн тэгээд араас нь гараад харахад байхгүй болсон байсан ...тухайн хүн надад хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, булаасан зүйл байхгүй бөгөөд гар утас үзмээр байна гээд надаар лангуунаас гар утас гаргуулж аваад үзэж байгаад гэнэт гараад гүйчихсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

Гэрч Б.Хонгорзулын дахин өгсөн “...Айфоне 13 про загварын гар утсыг барьж үзэж байгаад гэнэт дэлгүүрийн хаалгаар гараад гүйсэн. Би араас нь гүйгээд гарахад гадаа байхгүй, алга болсон байсан учир тухайн өдөр цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргаж мэдүүлэг тайлбар өгсөн ...лангууны наана цаанаас харилцан ярилцсан учир ер нь царайг нь харж авсан ...дахин харвал танина ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,

Гэрч Х.Одбаярын “...миний бие 2015 оноос хойш Сонгинохайрхан дүүрэгт Хар хорин захын ойролцоох “Өгөөмөр” нэртэй ломбардыг ажиллуулах болсон. Баттулга овогтой Амарболд гэх иргэн манай ломбарданд Айфоне 13 про загварын гар утас 14 хоногийн хугацаатай, 7 хувийн хүүтэй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ авсан байна. 1.600.000 төгрөг авч явсан ба 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн үед тухайн зээлээ 1.680.200 төгрөгөөр хааж, гар утсыг авч явсан байна ... Зээлдэгч нарын хувийн мэдээлэл, зургийг шивж цахим хэлбэрт оруулдаг ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-89 дүгээр тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ЧД1-22-1260 дугаартай дүгнэлтэнд “...Орос цагаан хаш чулуун, их гарын хөөрөг 8.800.000 төгрөг, Орос цагаан хаш чулуун дунд гарын хөөрөг 7.700.000 төгрөг нийт 16.500.000 төгрөг ...” гэжээ /хавтаст хэргийн 28-31 дүгээр тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ЧД1-22-1222 дугаартай дүгнэлтэнд: “...Iphone 13 pro гар утас үнэлгээний дүнгээр 2.500.000 төгрөг ...” гэжээ /хавтаст хэргийн 99-100 дугаар тал/,

Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 05, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн биечилсэн сурвалжлага хийсэн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 34-35, 107-108 дугаар тал/,

Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 37-39 дүгээр тал/,

Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эд зүйл хүлээн авсан хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-9, 67-68 дугаар тал/,

Юнител ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 05-01/10518 дугаартай “...2022 оны 11 сарын 26-ны өдөр 86620827 дугаартай Баттулга Амарболд ашигласан ...” албан бичиг /хавтаст хэргийн 112 дугаар тал/,

Мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Баримт бичиг хүлээн авсан тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 143 дугаар тал/,

Мөрдөгчийн 2023 оны 01 сарын 22-ны өдрийн “Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай” тэмдэглэл /хавтаст хэргийн 150-152 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Аын “...2022 оны 11 сарын 26-ны өдөр ганцаараа Теди худалдааны төв орж явтал гар утас худалдааны дэлгүүр замын нөгөө талд харагдсан. Тэгээд би тэр дэлгүүр рүү ороод лангуун дотор байгаа утсуудыг нь харж байгаад Айфони 13 про загварын утсыг нь үзье гэж хэлээд худалдагч эмэгтэйгээр авахуулаад үзэж байгаад тэр чигт нь аваад гараад зугтчихсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гарсан байсан болохоор ийм үйлдэл хийсэн. Тухайн утсаа өөртөө байлгаж байгаад Теди худалдааны төв дээр утас авна гэж байсан нэг танихгүй эрэгтэй хүнд 1.800.000 төгрөгөөр худалдсан. Би тухайн мөнгөөр өрөө дарсан. Би хохирлын мөнгийг нь 2023 оны 01 сарын 21-ний өдөр эгч Маралмаагийн Хаан банкны 5070114066 дугаартай дансаас хохирогчийн данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ утаснаас гадна 7 хоногийн өмнө Урт цагаан дээр үнэт эдлэлийн дэлгүүр ороод цагаан өнгийн хаш хөөрөг үзэж байгаад аваад зугтаачихсан. Түүнийгээ хүнд 2.500.000 төгрөгөөр зарах гээд хүнд өгчихсөн байж байгаад цагдаад баригдаад хөөргийг нь хүнд нь буцааж өгсөн. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй. Энэ эд зүйлийг авч зугтахдаа ганцаараа явдаг. Хүнтэй хамтардаггүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо төлсөн. Өмнө нь энэ хэргээрээ зорчих эрх хязгаарлах ял авсан байгаа. Би 3 удаа бусдын эд зүйл авч зугтаасан бөгөөд нэг хэрэг дээрээ ял авахдаа нөгөө хоёроо мэдэгдэхгүй байх гэж бодсон юм. Би ийм үйлдлүүд хийсэндээ маш их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 163 дугаар тал/,

Шүүгдэгч Б.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 120 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 122 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 128-135 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Баттулгын Амарболд нь 2022 оны 11 сарын 05-ны өдрийн 14:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Агар завъяа” нэртэй дэлгүүрт хохирогч Д.Баатарсүрэнгийн зарж байсан Орос цагаан хаш чулуун их гарын хөөрөг 1 ширхэг, дунд гарын хөөрөг 1 ширхэг нийт 2 ширхэг хөөргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2022 оны 11 сарын 26-ны өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Клоуди фони” нэртэй дэлгүүрт хохирогч Г.Отгонсүрэнгийн зарж байсан Айфоне 13 загварын гар утас 1 ширхэгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуульд зааснаар дээрэмдэх гэмт хэргийг тодорхойлохдоо бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтсан шинжтэй байдаг бөгөөд шүүгдэгч Б.Аын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, илээр, хүч хэрэглэхгүйгээр авч хүч хэрэглээгүй дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд,  мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад ...учруулсан хохирлыг төлсөнгэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж буй. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 268 хоногийн үлдэгдэл ялтай байна. Тус үлдэгдэл ял нь 8 сар 27 хоног буюу нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 8 /найм/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар тогтоох саналыг оруулж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ...”  гэсэн дүгнэлт, санал гаргасан.

Харин шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “... Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар анхнаас үнэн зөв мэдүүлэг өгсөн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ямар нэгэн саад учруулж байгаагүй, бусдад төлөх хохирол төлбөр байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгаа талаар прокурор үзэж байна, мөн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго бий. Манай үйлчлүүлэгч өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй аав ээжийгээ асарч хамгаалдаг, ганц тусалж дэмждэг амьдрал ахуйг тэтгэдэг. Өөрийн болчимгүй үйлдлээс болж 2 удаа гэмт хэрэг үйлдсэнээ шударгаар хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх болон чөлөөлж болно гэсэн зүйлийг удирдлага болгон хувийн байдал гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэсэн саналтай байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчил дутагдалгүйгээр биелүүлэх бүрэн боломжтой. 97 хоногийн хугацаанд зөрчил дутагдал гаргахгүй зорчих эрхийг хязгаарлалтад тус ялыг эдэлж байсан байдаг. Иймд хорихоос өөр төрлийг ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ...” гэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Б.Аыг гэм буруутайг тогтоосон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, хохирлыг  төлсөн, гэм буруугаа хүлээж буй байдал болон урьд энэ төрлийн гэмт хэргээр  шүүхээр шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд;

Шүүгдэгч Б.А нь урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1246 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар тооцоход нийт 365 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биеэр 97 хоногийг эдэлсэн ба үлдэгдэл 268 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Аод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1246 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 268 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногоор тооцож 8 сар 27 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Аын нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

             Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус хуулчилсан байх тул; 

шүүгдэгч Б.Аод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1246 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 268 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногоор тооцож 8 сар 27 хоногийг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Отгонсүрэнгээс: “... гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын мөнгө болох 2.500.000 төгрөгийг 5034367577 Хаан банкны өөрийн нэр дээрх дансаар хүлээн авсан ...” /хх 165/, мөн хохирогч Д.Баатарсүрэнгээс: “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хоёр хөөргөө бодитоор нь биетээр хүлээн авсан байгаа ..” /хх 166/ гэх хүсэлтүүдийг тус тус гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт БАыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч нийт 19.000.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Аод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1246 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 268 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг хоногоор тооцож 8 сар 27 хоногийг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Аын нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аод оногдуулсан 1 жил 2 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Аод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.РЕНЧЕНХОРОЛ