| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
2023/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ
Шүүгдэгч: Ж.Бь
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Жгийн Бьт холбогдох эрүүгийн 2212000000396 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Жгийн Бь/РД:АГ............/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Бь нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Бугат баг Бор бургас Зангуут гэх газраас зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 3.016 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 331.036.16 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000396 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Б.Цийн өгсөн:
“...Экологи эдийн засагт 331.036/гурван зуун гучин нэгэн мянга гучин зургаа/ төгрөгийн хохирол учирсан байна. Байгальд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 33-34 дүгээр тал/
*Гэрч А.Бын өгсөн:
“...Би Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн байгаль хамгаалагч ажлыг Их тамир сумын Бугат багт гурван сар хийж байна. Ж.Бь нь мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай яриагүй. Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн Бор бургас гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа. Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй. Мод бэлтгэх эрхийн бичгээ эхэлж тухайн газрынхаа байгаль хамгаалагчаас аваад дараа нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас унанги мод бэлтгэнэ. Мод бэлтгэх эрхийн бичгээ бичиж өгөөд мод бэлтгэх газарт хойноос нь очиж хяналт тавьдаг...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-20 дугаар тал/
*Гэрч Ж.Бын өгсөн:
“...67-88 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Манай дүү эзэмшдэг, надад тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 87-88 дугаар тал/
*Яллагдагч Ж.Бийн өгсөн:
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61 дүгээр тал/
*Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай”...3.016 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /бүх төрлийн хуурай/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ/хуурай/ мод 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 331.036₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 26-27 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн АА22-87 дугаартай:
“...2008 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд Монгол улсад орж ирсэн 67-88 АРХ улсын дугаартай Портер-2 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 5.172.860/таван сая нэг зуун далан хоёр мянга найман зуун жар/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 45-48 дугаар тал/
*Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн АЦ22-131 дугаартай:
“...БНХАУ-д үйлдвэрлэгдсэн хөрөөний үнэ 72.000/далан хоёр мянга/ төгрөг, 2.90 өргөн 1.60 см буюу 3.016 метр куб модны үнэ 301.600/гурван зуун нэг мянга зургаан зуу/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 40-42 дугаар тал/
*Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 2-6 дугаар тал/
*Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаартай албан бичиг/хх-ийн 82 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Их тамир сумын Бугат баг Бор бургас Зангуут гэх газраас шүүгдэгч Ж.Бь нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 3.016 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 331.036.16 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Бь үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цийн”...Экологи эдийн засагт 331.036/гурван зуун гучин нэгэн мянга гучин зургаа/ төгрөгийн хохирол учирсан байна. Байгальд учирсан хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...Ж.Бь нь мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай яриагүй. Архангай аймгийн Их тамир сумын Бугат багийн Бор бургас гэх газарт талбай тусгаарлалт хийгдээгүй газар байгаа. Улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бын”...67-88 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг. Манай дүү эзэмшдэг, надад тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 331.036 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Даваахүүгийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ж.Бийн хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Бийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Ж.Бийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 331.036 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /331.036*3=993,108/есөн зуун ерэн гурван мянга нэг зуун найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 993,108/есөн зуун ерэн гурван мянга нэг зуун найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ж.Бь нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Ж.Бь нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Бийн хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5.172.860/таван сая нэг зуун далан хоёр мянга найман зуун жар/ төгрөгийн үнэлгээ бүхий 67-88 АРХ улсын дугаартай Портер-2 маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 993,108/есөн зуун ерэн гурван мянга нэг зуун найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4,179,752/дөрвөн сая нэг зуун далан есөн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 301.600/гурван зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ бүхий 3.016 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72.000/далан хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бь нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бь нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Биас 993,108/есөн зуун ерэн гурван мянга нэг зуун найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч шүүгдэгч Ж.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5.172.860/таван сая нэг зуун далан хоёр мянга найман зуун жар/ төгрөгийн үнэлгээ бүхий 67-88 АРХ улсын дугаартай Портер-2 маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 993,108/есөн зуун ерэн гурван мянга нэг зуун найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 4,179,752/дөрвөн сая нэг зуун далан есөн мянга долоон зуун тавин хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 301.600/гурван зуун нэг мянга зургаан зуу/ төгрөгийн үнэ бүхий 3.016 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 72.000/далан хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Ж.Бь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Бьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР