| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/25 |
| Огноо | 2023-01-06 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/25
2023/ШЦТ/25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Ю.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Югийн Эт холбогдох эрүүгийн 2212000000418 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын ............ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цорос овогт Югийн Э/РД:АЕ........./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ю.Э нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг Сансар хороололд байх “Уран дөш” дэлгүүрийн гадна талд В.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож баруун нүдний агуулагдахууныг авах, хиймэл нүд суулгах, баруун нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт хуйханд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2212000000418 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч В.Бын өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт Бодонт багийн Нарийн гүвээ, үзүүр гэх газраас Өлзийт сумын төв рүү 10 цагийн үед мотоциклоороо ирээд шатахуун авчихаад Уран дөш гэх дэлгүүрээс Хараа нэртэй архи 0,5 литрийн савлагаатай архинаас нь нэгийг аваад уг архийг уугаад үүдний сандал дээр сууж байгаад би тасарчихсан байсан юм шиг байна лээ. Нэг мэдэхэд сумын төвийн Эрүүл мэндийн төвд ирчихсэн баруун талын нүд харахгүй байхаар нь нүдний ойр орчмоор тэмтрэхэд цус гоожсон хатчихсан гарт мэдрэгдсэн, нөгөө талынхаа нүдээр ч харсан. Би тэр үед өөрийгөө сохорсон байна гэж бодсон. Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу замын унаанд суугаад явсан. Улаанбаатар хотод очиход миний төрсөн дүү Д.А намайг тосож аваад улсын нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь үзээд наадах чинь анхны цохилтоор хагарсан харагдаж байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд түүний маргааш нь буюу 05 дугаар сарын 07-ны өглөө эрт 06 цагийн үед хагалгаанд ороод наадах чинь бохирдсон байна, нүд чинь сохорсон байна нүдийг чинь авах шаардлагатай байна авхуулна гэвэл гомдолгүй байна нарын үсэг зур гэсэн. Тиймээс би нэгэнт харанхуй болсон юм чинь нүдээ авахуулна гэж гарын үсэг зураад хагалгаанд орж харахгүй болсон баруун талынхаа нүдээ авхуулсан. Эмнэлэгтээ 3 хоног хэвтэж байгаад гарсан. Эмнэлэгт хэвтэж байх үед Ю.Эын охин Э.Насанжаргал, Э.Тэгшжаргал нар очоод яваад байсан. Надтай уулзаагүй. Тэрүүгээр эмч нартай болон манай дүү Д.Атай уулзсан. Тэр үед би юу болсон болохоо санахгүй мэдэхийг ч хүсэхгүй байсан юм. Сохорсондоо итгэж өгөхгүй байсан. 1 сарын дараа Уран дөш дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шалгуулахад намайг сандал дээр сууж байхад Ю.Э гэх хүн татаж унагаагаад миний толгой, нүд хэсэг рүү өшиглөөд, салгах гэж ирсэн хүнийг чулуу шидэж хөөгөөд байсан. Энэ бичлэгийг би цагдаагийн байгууллагад гаргаж өгнө. Миний нүдийг Ю.Э гэх хүн сохолсон болохыг мэдэж авсан. 2022 оны 05 дугаар сарын 05-нд Өлзийт суманд цагдаа байхгүй байсан. Би тэгээд Ю.Э гэх хүнийг надад эмчилгээний зардал өгөх байх гэж бодоод өрөвдөөд байсан юм. 2022 оны 07 дугаар сард ирэхэд хэсгийн төлөөлөгч байхгүй үед нь ирээд байсан. Тэр өдөр Отгонзаяа билүү Отгонжаргал гэх эмэгтэй худалдагч байсан байх. Би энэ талаар мэдэхгүй байна. Асрагч Алтанзагас байсан энэ хүн мэдэх байх. Миний нүд хэвийн харж байсан. Зодуулснаас болж сохорсон. Энэ талаар миний ээж Д.Эг, дүү Зл, Д.А нар мэднэ. Мөн нутгийн хүмүүс мэднэ. Дэлгүүрийн худалдагчаас би архи аваад сандал дээр сууж байхад миний нүд зөв зүгээр байсан. Би Ю.Э ахад зодуулснаас хойш миний толгой өвддөг болсон. Баруун нүдээ сохлуулсан. Би ээжээс 1 сая төгрөг зээлээд замын зардал өмсөж зүүх хувцас, хоол унданд зарцуулсан. Хиймэл нүдийг нь би ээжээс мөнгө аваад хиймэл нүд хийлгэсэн. Зардалтай холбоотой асуудлыг ээж мэдэж байгаа. Би маш их гомдолтой байна. Хиймэл нүд хийгээд байхаар малаа бүтэн харахаа больсон, нөгөө нүдний хараа муудаад байх шиг байгаа, би нүдтэй байсан бол миний хөдөлмөрлөх чадвар өөр байх байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-7 дугаар тал/
*Гэрч Д.Эгийн өгсөн:
“…2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Тахилт гэх газарт хонио хотлуулаад байж байтал гаднаас Орхоо гэх Төрийн банканд ажилдаг залуу орж ирээд таны хүүхэд В.Бын баруун нүд сонин болчихлоо эмнэлэгт хэвтэж байгаа гэж хэлсэн. Би сумын төвийн эмнэлэг ороод өөрийн хүү болох В.Бтай уулзахад нүднээс нь ойр ойрхон цус гараад, нүд нь хавдсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад миний төрсөн дүү болох Ю.Э миний хүүхдийг Урандөш гэх дэлгүүрийн гадаа сууж байгаад зодож, баруун талын нүдийг нь ийм болгочихлоо гэж хэлсэн. Сувилагч надад таны хүүхдийг 05 дугаар сарын 05-ны өдөр л Улаанбаатар хот руу авч яваад эмнэлэгт үзүүл гэж хэлсэн, одоо хүртэл яваагүй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр миний хүү В.Б ганцаараа замын унаатай ганцаараа Улаанбаатар хот руу явсан. Эмнэлэг дээр байхад В.Э нэг ч удаа ирээгүй. Тархи толгойн өвддөг болсон. Баруун нүд нь сохлуулсан. Би хот явахад нь В.Бд 1.000.000 төгрөг өгсөн, очоод хоол унд авч идээрэй гэж өгсөн. Улаанбаатар хотод очоод Улсын 1 дүгээр эмнэлэгт 3 хоног хэвтсэн гэсэн. Эмч хэлэхдээ тархины эмчилгээ хавар намар хийлгүүлэхгүй бол унадаг өвчтэй болно гэж хэлсэн. Зардлын баримт байхгүй. 2.500.000 төгрөг өгсөн гэсэн би сайн мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өлзийт суманд цагдаа байхгүй байсан. Ю.Э эмчилгээний зардал өгнө байх гэж бодсон. Ю.Э миний төрсөн дүү байгаа юм. Тэгээд эмчилгээний зардал мөнгийг нь гаргаад өгчихнө гэж бодож байсан. Маш их гомдож байна. Миний хүүгийн Улаанбаатар хот явсан зардал хиймэл нүд хийлгэсэн зардал 400.000 төгрөг орсон тэр зүйлийг нэхэмжилмээр байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-12 дугаар тал/
*Гэрч Д.Аын өгсөн:
“...Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотод ажил дээрээ байхад гар утас дугарч миний төрсөн эгч болох Зл залгаж Ю.Э, В.Б ахыг зодоод хөдөө гараад зугтаачихлаа гэж хэлсэн. Маргааш нь буюу 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед В.Б ах Архангай аймгаас Улаанбаатар хотод ирсэн юм. Би В.Б ахыг тосож аваад Улсын 01 дүгээр эмнэлэг үзүүлэхэд нүд нь их бохирлогдсон нүдний цөцгий хагарч, урссан, гадаад дотоод яваад ямар ч нэмэргүй юм байна гэж хэлсэн. Хагалгаанд орж баруун нүдийг авахгүй бол зүүн нүдний хараанд нөлөөлнө гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн орой Ю.Эын охин болох Э.Н, Э.Тэгшжаргал нар эмнэлэг дээр ирээд хагалгааны төлбөр өгсөн байх. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 07-ны өглөө нүдний хагалгаанд орж баруун нүдийг авсан байсан. Өс хонзонтой болоод зодсон гэж бодож байна. Манай гэр бүлийнхнийг таарах болгондоо зодоод байсан учир өс хонзонтой байх гэж бодож байна. Миний ээжийг удаа дараа зодсон байсан. Их дээрэлхүү хүн байгаа юм. Ширүүн догшин зан авиртай. 2005 онд манай ээжийг зодож байсан. Манай ээжийг удаа дараа зодож байсан. Манай ах В.Быг сумын төвд таарах болгондоо архи тамхи нэхэж зоддог. Зодуулсны улмаас баруун нүд хараагүй болсон. Тархи толгой өвддөг болсон. Улсын 1 дүгээр эмнэлэгт 3 хоног, Асралт мед эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн, эмчилгээний зардал нь 2.500.000 төгрөг болсон. Зардлын баримт байхгүй. 2.500.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Би тэр талаар сайн мэдэхгүй. Суманд таарах болгондоо зодолддог байсан. Маш их гомдож байна. Миний ахын нүдийг эрүүл хараатай болгож өг...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/
*Гэрч Э.Нын өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед өөрийн ажил болох Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуулиас гараад Урандөш дэлгүүр орж хүнсний зүйл авах гээд явж байх үед Уран дөш дэлгүүрийн гадаа манай аавын эгчийн хүүхэд В.Б хэвтэж байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн унтаж байна даа гэж харж байсан. Тухайн үедээ юм бодоогүй дэлгүүр орчхоод гэртээ харьсан. 30 минутын дараа төрөл садан байна даа очоод авъя даа гэж очиход О сувилагч ирсэн байсан. В.Быг аваад эмнэлэг аваад явсан эмнэлэг дээр очоод сувилагч Сумьяа, О бид 3 нийлээд В.Б ахыг цэвэрлээд угаагаад, анхны тусламж үзүүлсэн. В.Б ахын нүүр нь цус болчихсон, хувцас нь шороо болчихсон байсан. В.Б бол манай аав болох Ю.Эын төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. В.Б ээжтэйгээ хоёулаа байдаг. Ямаа самнах үеэр байсан юм. В.Бын ээж Д.Эг эгч аав руу гар утсаар яриад В.Б архи согтууруулах ундаа хэрэглээд намайг хаяад яваад өглөө гэж аавд хэлсэн. Аав Урандөш дэлгүүрийн үүдэнд таараад ээжийгээ хаяж явлаа гэж зодсон байх. Даруухан төрлийн хүн дотогшоо, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хааяа үглээ болчихдог бусдаар бол тайван хүн. В.Бын баруун нүд нь хараагүй болсон...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч Г.Тийн өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Холбоо гэх газар гэрийнхээ ажлыг хийж байх үед гар утас дуугарч манай охин Э.Н залгаж аав В.Быг зодсон байна нүүр нь цус болсон байна гэж хэлсэн. Тухайн үед Ю.Э архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир би чи В.Быг зодсон юм уу гэж асуугаагүй, эрүүл болохоор нь хэлье гэж бодсон. В.Б нь архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг. Хүн амьтнаас гуйлга гуйгаад, хоолны шавхруу нэхэж идээд, ээжийгээ зовоогоод хаяад явчихдаг. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай нөхөр болох Ю.Э руу В.Бын ээж болох Д.Эг утсаар залгаж В.Б намайг орхиод архи уугаад явчихсан, манайх ямаагаа самнаагүй байгаа гээд хэлсэн. Тухайн үед гар утсаа чанга яригч дээр тавьчихсан Ю.Э бид 2 Д.Эгийн яриаг цуг сонсож байсан. Д.Эг бол манай нөхрийн төрсөн эгч нь байгаа юм тийм болохоор эгчийг минь зовоолоо гээд уурлаад байсан. Бензин масло аваад В.Быг олж уулзаж, гэрт нь хүргэж өгнө гэж явсан. Даруу төлөв зантай, ажилсаг хөдөлмөрч хүн, хүмүүстэй харилцахад ямар ч асуудал гардаггүй, найз нөхөд ихтэй тийм л хүндээ. Архи дарс хааяа нэг уучихдаг. Архи хайгаад яваад байдаг хүн биш, хааяа нэг хүн авчирвал уудаг. Ю.Э В.Быг хөлөөрөө өшиглөж хүн нь хараагүй болсон. Хот явах шаардлагатай гэхээр нь замын зардал гээд 30.000 төгрөг өгсөн. Очоод эмчилгээний зардал хэд болж байна хэлээрэй мөнгө шилжүүлье гэж хэлсэн. Хотод очсоны дараа В.Б руу залгахад гар утсаа авахгүй, холбогдохгүй байсан. В.Бын ээж болох Эрдэнэчимэг рүү залгахад ч утсаа авахгүй байсан. В.Быг хотод эмчилгээ хийлгэж байхад манай том охин болох Э.Насанжаргал нь 3.500.000 төгрөг шилжүүлсэн гэсэн би сайн тоог нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/
*Гэрч П.Угийн өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хорооллын 08 дугаар гудамжны 809 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн 33-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариад Уран дөш дэлгүүрийн хажуугаар явж байх үед Ю.Э гэх хүн нэг залууг хөөгөөд чулуу шидээд миний машины урдуур ороод ирсэн. Миний машины салхины шилийг чулуугаар хагалчих байх гээд машинтайгаа зогсож байгаад хажуугаар нь тойроод гарсан. Ю.Э архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай харагдаж байсан. Тухайн үед Э, Быг хүнээс өмөөрч байгаа юм шиг санагдсан. Нэг сарын дараа Уран дөш дэлгүүрт В.Бтай таараад Ю.Эт зодуулаад баруун нүд нь сохорсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-58 дугаар тал/
*Гэрч Г.Нийн өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз болох Даваагийн гэрээс гараад Уран дөш дэлгүүр орох гээд алхаж байх үед Уран дөш дэлгүүрийн гадаа Ю.Э, В.Быг хөлөөрөө өшиглөж, зодоод байсан. Би Ю.Эт хандаж зодохоо боль гэж хэлэхэд Ю.Э ална шүү эндээс яв гэж хэлсэн. Би Ю.Эаас айгаад дэлгүүр орохгүй яваад өгсөн. В.Б зодуулж байхдаа ямар нэгэн юм хэлэхгүй зодуулж байсан. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-63 дугаар тал/
*Яллагдагч Ю.Эын өгсөн:
“...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 442 дугаартай “...В.Бын биед баруун нүдний агуулагдахууныг авах, хиймэл нүд суулгах хагалгааны дараах байдал, баруун нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Баруун нүдний агуулагдахуун гоожиж нүд хараагүй болсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Дөрөв. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн Долоо. Харааны эрхтэн тогтолцоо хүснэгтийн 31.1- д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65%-аар тогтонги алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт хуйханд цус хуралт гэмтэл тус бүр нь 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. В.Б нь баруун чамархайн дэлбэнгийн өмнөд хэсэг, зүүн дагзны дэлбэнгийн гадарт тархины эд зөөлрөлийн хуучин голомт, хоёр нүдний ухархайн дотор ханын хуучин цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хуучин муруйлт гэмтэлтэй байна...” дүгнэлт /хх-ийн 72-74 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг Сансар хороололд байх “Уран дөш” дэлгүүрийн гадна В.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ю.Э нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутаг Сансар хороололд байх “Уран дөш” дэлгүүрийн гадна талд В.Быг архи ууж, эхийгээ орхиж явлаа гэх шалтгааны улмаас зодож баруун нүдний агуулагдахуун гоожиж нүд хараагүй болсон бөгөөд хөдөлмөрийн чадварыг 65%-иар алдагдуулсан хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч В.Бын“...Нэг мэдэхэд сумын төвийн Эрүүл мэндийн төвд ирчихсэн баруун талын нүд харахгүй байхаар нь нүдний ойр орчмоор тэмтрэхэд цус гоожсон хатчихсан гарт мэдрэгдсэн, нөгөө талынхаа нүдээр ч харсан. Би тэр үед өөрийгөө сохорсон байна гэж бодсон. Би 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хот руу замын унаанд суугаад явсан. Улаанбаатар хотод очиход миний төрсөн дүү Д.А намайг тосож аваад улсын нэгдүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нь үзээд наадах чинь анхны цохилтоор хагарсан харагдаж байна. Яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж хэлээд түүний маргааш нь буюу 05 дугаар сарын 07-ны өглөө эрт 06 цагийн үед хагалгаанд ороод наадах чинь бохирдсон байна, нүд чинь сохорсон байна нүдийг чинь авах шаардлагатай байна авхуулна гэвэл гомдолгүй байна нарын үсэг зур гэсэн. Тиймээс би нэгэнт харанхуй болсон юм чинь нүдээ авахуулна гэж гарын үсэг зураад хагалгаанд орж харахгүй болсон баруун талынхаа нүдээ авхуулсан. Эмнэлэгтээ 3 хоног хэвтэж байгаад гарсан. Эмнэлэгт хэвтэж байх үед Ю.Эын охин Э.Насанжаргал, Э.Тэгшжаргал нар очоод яваад байсан. Надтай уулзаагүй. Тэрүүгээр эмч нартай болон манай дүү Д.Атай уулзсан. Тэр үед би юу болсон болохоо санахгүй мэдэхийг ч хүсэхгүй байсан юм. Сохорсондоо итгэж өгөхгүй байсан. 1 сарын дараа Уран дөш дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шалгуулахад намайг сандал дээр сууж байхад Ю.Э гэх хүн татаж унагаагаад миний толгой, нүд хэсэг рүү өшиглөөд, салгах гэж ирсэн хүнийг чулуу шидэж хөөгөөд байсан. Энэ бичлэгийг би цагдаагийн байгууллагад гаргаж өгнө...” гэх мэдүүлэг, гэрч Д.Эгийн”...Би сумын төвийн эмнэлэг ороод өөрийн хүү болох В.Бтай уулзахад нүднээс нь ойр ойрхон цус гараад, нүд нь хавдсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад миний төрсөн дүү болох Ю.Э миний хүүхдийг Урандөш гэх дэлгүүрийн гадаа сууж байгаад зодож, баруун талын нүдийг нь ийм болгочихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аын”...Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотод ажил дээрээ байхад гар утас дугарч миний төрсөн эгч болох Зл залгаж Ю.Э, В.Б ахыг зодоод хөдөө гараад зугтаачихлаа гэж хэлсэн. Маргааш нь буюу 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цагийн үед В.Б ах Архангай аймгаас Улаанбаатар хотод ирсэн юм. Би В.Б ахыг тосож аваад Улсын 01 дүгээр эмнэлэг үзүүлэхэд нүд нь их бохирлогдсон нүдний цөцгий хагарч, урссан, гадаад дотоод яваад ямар ч нэмэргүй юм байна гэж хэлсэн. Хагалгаанд орж баруун нүдийг авахгүй бол зүүн нүдний хараанд нөлөөлнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Нын”...В.Быг аваад эмнэлэг аваад явсан эмнэлэг дээр очоод сувилагч Сумьяа, О бид 3 нийлээд В.Б ахыг цэвэрлээд угаагаад, анхны тусламж үзүүлсэн. В.Б ахын нүүр нь цус болчихсон, хувцас нь шороо болчихсон байсан. В.Б бол манай аав болох Ю.Эын төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. В.Б ээжтэйгээ хоёулаа байдаг. Ямаа самнах үеэр байсан юм. В.Бын ээж Д.Эг эгч аав руу гар утсаар яриад В.Б архи согтууруулах ундаа хэрэглээд намайг хаяад яваад өглөө гэж аавд хэлсэн. Аав Урандөш дэлгүүрийн үүдэнд таараад ээжийгээ хаяж явлаа гэж зодсон байх...” гэх мэдүүлэг, гэрч Г.Тийн”...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 22 цагийн үед өөрийн гэр болох Архангай аймгийн Батцэнгэл сумын Холбоо гэх газар гэрийнхээ ажлыг хийж байх үед гар утас дуугарч манай охин Э.Н залгаж аав В.Быг зодсон байна нүүр нь цус болсон байна гэж хэлсэн. Ю.Э В.Быг хөлөөрөө өшиглөж хүн нь хараагүй болсон...” гэх мэдүүлэг, гэрч П.Угийн”...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Шинэ хорооллын 08 дугаар гудамжны 809 тоот гэрээсээ өөрийн эзэмшлийн 33-67 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ бариад Уран дөш дэлгүүрийн хажуугаар явж байх үед Ю.Э гэх хүн нэг залууг хөөгөөд чулуу шидээд миний машины урдуур ороод ирсэн. Миний машины салхины шилийг чулуугаар хагалчих байх гээд машинтайгаа зогсож байгаад хажуугаар нь тойроод гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Нийн”...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз болох Даваагийн гэрээс гараад Уран дөш дэлгүүр орох гээд алхаж байх үед Уран дөш дэлгүүрийн гадаа Ю.Э, В.Быг хөлөөрөө өшиглөж, зодоод байсан. Би Ю.Эт хандаж зодохоо боль гэж хэлэхэд Ю.Э ална шүү эндээс яв гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Ю.Эын мэдүүлэг, хохирогчийн биед хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 442 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Ю.Эын хохирогч В.Быг нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь баруун нүдний агуулагдахуун гоожиж нүд хараагүй болсон буюу хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Ю.Э нь хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний агуулагдахууныг авах, хиймэл нүд суулгах хагалгааны дараах байдал, баруун нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт хуйханд цус хуралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ю.Эын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ю.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч В.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд гомдолтой байгаа талаар мэдүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дөрвөн сая төгрөг авсан, цаашид гарах эмчилгээний зардлыг авахаар шүүгдэгчтэй тохиолцсон болохоо илэрхийлсэн, тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ю.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ю.Эт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч В.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цорос овогт Югийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Эыг 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч Ю.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч В.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ю.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР