| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0027/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/30 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/30
2023/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Хохирогчийн өмгөөлөгч: Э.Мөнх-Эрдэнэ
Хохирогч: Д.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал, О.Батцэрэн
Шүүгдэгч: Б.У, Ч.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бгийн У, Боржигон овогт Чын У нарт холбогдох эрүүгийн 2212000000342 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Гурван булаг суманд төрсөн, 43 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ....... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Бгийн У/РД:ГП........./,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ......... газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Боржигон овогт Чын У/РД:.........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.У, Б.У нар нь бүлэглэн Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Дэлүүн-Үзүүр гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд 1 тооны үхрийн тугалыг завшиж хохирогч Д.Хт 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогч Д.Хын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...05 дугаар сарын 20-ны үед манай үнээ тугалаад тугал нь байхгүй болчихсон. Тухайн үед уул тахих ажилтай байсан болохоор тугалаа хайх завгүй байсан. 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Уын ард талын хяр дээр дурандаад байж байтал Б.Уынхаас эрлийз үнээ жижиг тугал дагуулаад явсан. Тэгээд би эрлийз үнээнээс ийм жаахан тугал гарахгүй гэж бодоод гэртээ харьчихаад Б.Уын урд талд болсон бэсрэг наадам дээр очсон. Тэгээд Уыг ирэхээр нь манай гунжны тугал алга болчихлоо танай гадаа байгаа юм биш үү, чи үнээндээ авахуулчихсан байна гэхэд чи юу яриад байгаа юм бэ гээд нүүр нь улайгаад байсан. Тэгээд 11 хоногийн дараа дахиад манай нэг үнээ тугалаад сартай хүрэн тугал гарсан. Би дулаахан байсан болохоор эхтэй нь орхиод явсан. Манай эхнэр эх үрсийн баяраар одон аваад баярыг тэмдэглээд суманд 7 хоноод ирсэн чинь нөгөө тугалыг Б.Уынхаас аваад ирсэн байсан. Тэгээд нөгөө тугал нь харангатайд үхсэн. Одоо Б.У, Ч.У нараас дахин ийм үйлдэл гаргахгүй гэж гарын үсэг зуруулж авмаар байна...” гэх мэдүүлэг
*Эрүүгийн 2212000000342 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Хын өгсөн:
“...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Ихрийн улаан худаг гэх газар худгаас манай Номгон багийн иргэн Б.У нь хонио усалж байхаар нь би явж очоод чи 2022 оны 07 дугаар сарын 05-ны үед Г ахын гүүн зэлний найран дээр тааралдахдаа чи надад манай аавыг зодсон болохоор би танай үхрийн тугалыг хулгай хийсэн юм гээд байсан биз дээ гэтэл Б.У хэсэг дуугай байж байснаа тиймээ би танай үхрийн тугалыг манай үхрийн тугал үхчихлээр нь аваад үхэртээ авхуулсан гэж хэлээд байж байтал манай эхнэр Ж машинтай хүрээд ирэхээр нь эхнэр Жд манай үхрийн тугалыг Б.У хулгайлсан гэнээ өөрөө тэгж байна гэтэл эхнэр Ж яахаараа хүний үхрийн тугал хулгай хийдэг юм бэ? Гэтэл Б.У тугалыг чинь хойтон бяруу болгоод өгье тохирчихъё гээд байсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манайх Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Чигчийн-Өвөр гэх газар өвөлжөөн дээрээ хаваржиж байхад 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд манай үхрээс хязаалан гунжин мухар улаан үнээний 1 тооны сартай улаан тугал бэлчээрээс алга болсон. Би тухайн үед хайгаад олохгүй ойр хавиар дурандаад харж байтал Б.Уын Номгон багийн Дэлийн өвөр гэх байх өвөлжөөний хашаанаас нэг эрлийз их том биетэй үнээ гараад явсан чинь ардаас нь нэг жижиг монгол үхрийн тугал гараад иртэл Б.У гялс туугаад буцаагаад өвөлжөөнийхөө хашаанд хийсэн учир би Б.У манай үнээний тугалыг хулгайлсан юм байна гэж бодож явж байгаад 2022 оны 07 дугаар сарын 05-ны үед Номгон багт болсон Г ахын гүүн зэлний найран дээр Б.Уыг чи манай тугалыг авсан өгөөдөх гэтэл Б.У чи манай аавыг зодсон учраас би танай тугалыг хулгайлсан гэх ухааны юм ярьсан. Би 2021 оны 10 дугаар сарын үед Б.Уын аав Б ах манай өвөлжөөний хажууд хонио бэлчээгээд байхаар нь би Б ахад та өвөлжөөний хажууд малаа бэлчээлээ гэтэл юу яриад байгаа юм гэснээ уурлаад жаран насаар гучин насыг солих уу? гээд дайраад байхаар нь би Б.Уын аав Б ахыг та боль цаашаа бай гээд нэг түлэхэд Б ах газар оочоод босоод яваад өгсөн. Тэрнээс өөр би ерөөсөө Б.Уын аав Б гэх хүнийг цохиж зодоогүй. Харин тэрийг л аавыгаа зодсон гэж ойлгоод яваад байдаг юм шиг байна лээ. Би хулгайд алдсан тугалаа одоо харвал сайн танилгүй яах вэ? өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон баг Бөөрийн дэнж гэх газар Б.Уын үхэрт очиж үзэхэд манай алдсан сартай улаан эр тугал зүсээрээ байсан. Харин манай сартай улаан тугалд зөв чих цуулбар, буруу чих урдаасаа ухам им хийгээд им нь их хуучирсан байсан. Манайх алдсан 1 тооны монгол үхрийн тугалаа зах зээлийн ханшаар 400.000 төгрөгөөр үнэлж байна. Манай алдсан сартай улаан зүсмийн монголын үхрийн тугал бол Монгол улсын Сансарын нисгэгч Гүррагчаа гэх хүний төрсөн дүү баян Батаа гэх хүний махны чиглэлийн үхрийн гаралтай махны чиглэлийн үхрийн сартай улаан эр тугал байгаа юм. Манайх Номгон багийн Чигчийн-Өвөр гэх газар харин Б.Уынх Номгон багийн Дэлийн-өвөр гэх газар нутаглаж байсан. Манай үхэр тухайн үед Номгон багийн Номгон уулын Дунд ам, Дэлийн- Өвөр, Дэлийн-Үзүүр, Чигчийн-Өвөр гэх газраар бэлчдэг байсан. Манай үхэр бэлчээрээр Б.Уын үхэртэй нийлж бэлчих үе байдаг юм. Хаяа гол руу цуг бэлчдэг юм. Манайх нутаглаж байсан Номгон багийн Чигчийн-Өвөр гэх газраас Б.Уын нутаглаж байсан Номгон багийн Дэлийн-Өвөр гэх газар багцаагаар 2 километр зайтай нутаглаж байсан. Манай үхэр заримдаа Б.Уын гадаа, Б.Уын үхэр манай гадуур ойролцоо бэлчдэг. Хохирол төлбөр аваагүй байгаа. Би сартай улаан монголын үхрийн тугалаа авахаар манай үхэрт дасахгүй нэгэнт Б.Уын үхэрт дассан учир манай үхэрт ирээд тогтохгүй учир тугалаа аваагүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгуулах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-11 дүгээр тал/
*Хохирогч Д.Хын дахин өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Дэлийн үзүүрийн ар гэх газар тугалсан. Тэр үед нь би өөрөө очиж үзсэн юм. Тэгсэн маргааш нь буюу 05 дугаар сарын 21-ний өглөө үхэр дээр очиход тухайн тугалын эх нь тугалсан байсан бөгөөд тугал нь байхгүй байсан. Тэгэхээр нь үхэр тугаллахаараа тугалаа 10 хоног нуудаг гэж хүмүүс ярьдаг байсан болохоор тэгсэн юм байх гэж бодоод Б.Уынхаас очиж асуугаагүй гэрийнх хойд талын дэл дээрээс гэр рүү 2, 3 өдөр дурандсан. Дурандахад Б.Уын эрлийз хүрэн алаг зүсмийн үнээ жижигхэн хурга тугал дагуулаад хашаанаас гарсан. Тэгэхээр нь би өөрийн тугал байна гэж бодоод 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Уын гэрийн урд талд нь Б.Утай таараад манай тугал хаана байна танай хашаанд байна гэхэд юу яриад байгаа гээд өөр зүйл ярьж миний өөдөөс ярьж чадахгүй хэл ам нь ээрч муураад, сандраад байсан. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Дэлийн үзүүр гэх газраас хөдөө хээр эхтэйгээ байж байгаад хулгайд алдагдсан. Манай үхэр Б.Уын гэрийн гадаа шуурга цастай үед очдог түүнээс бол өөр очоод байдаггүй. Б.Уын гадаа бол огт туглаагүй би дээрх мэдүүлэхдээ хаана тулгалсныг хэлсэн. Б.Уынх отор нүүдэл хийгээд явдаг. Тэр хойгуур нь би үхрээ тэдний өвөлжөөн дээр аваачиж хонуулдаг. Би тугал алга болсон талаар Б.Уаас асуусан. Асуухдаа 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б.Уын гэрийн урд талд нь Б.Утай таараад манай тугал хаана байна танай хашаанд байна гэхэд юу яриад байгаа гээд өөр зүйл ярьж миний өөдөөс ярьж чадахгүй хэл ам нь ээрч муураад, сандраад байсан. Би тухайн үед яагаад мэдүүлээгүй вэ гэхээр мэдүүлэг өгч байхдаа олон зүйл ярьсан болохоор орхигдуулсан байна. Би Б.Утай ах дүүсийн хүүхдүүд болохоор надад өөрөө тугалыг минь авчраад өгчих байх гэж бодоод тухайн үед нь очиж аваагүй юм. Мөн ойр саахалт олон жил явсан болохоор манай тугалыг таньж байгаа юм чинь авчраад өгөх байх гэж бодсон. Тухайн тугалны эх нь манай үхэр байгаа. Харин тухайн үхэр нь одоо тугалаа хараад танихгүй. Яагаад танихгүй вэ гэхээр эхээсээ хөндийрөөд салаад удсан болохоор огт танихгүй. Би өөрөө харсан. Надаас өөр харсан хүн байхгүй. Харин тугалсан гэдгийг нь эхнэрт хэлсэн. Манай эхнэр очиж бол хараагүй. 2015 онд тухайн махны чиглэлийг бяруу болох гэж байсан тугалан бух авчирсан. Тэр бухны хээлтүүлсэн үнээнүүд тугалсан. Харин миний хулгайд алдсан тугалын эх тухайн бухны үр төл нь байгаа юм. Тэгээд би түүнийг махны чиглэлийн тугал гэж яриад байгаа юм. Манай үхрүүд дийлэнх махны чиглэлийн үхрүүд байгаа юм. Би өөрийн тугалаа авмаар байна. Тугалыг өгчих гомдол саналгүй. Би Ч.У, Б.У нарыг хуулийн дагуу ямар арга хэмжээ авдаг тэрийг нь авхуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 104-106 дугаар тал/,
*Гэрч Н.Чгийн өгсөн:
“...Би цаг хугацааг нь сайн мэдэхгүй юм манай нэг үнээний тугалыг Б.У үнээндээ авхуулсан байна гэж Д.Х надад ярьж байсан. Харин ямар зүсмийн тугал Б.Уынх үнээдээ авхуулсан тухай яриагүй. Надад миний санаж байгаагаар Ч.У манай гадаа нялх улаан тугал ирсэн гэж огт хэлээгүй. Харин зун Д.Х надтай тааралдаад манай үнээний тугалыг үнээндээ авхуулсан байна гэж ярьж байсан. Надад өөр мэдэх зүйл алга би Б.Уынд ямар тугал байсныг мэдэхгүй байна. 2022 оны 05 дугаар сард Д.Хынх Номгон багийн Чигчийн-Өвөр гэх газар нутаглаж байсан. Харин Б.Уынх Номгон багийн Дэлийн-Өвөр гэх газар нутаглаж байсан. Тухайн үед Д.Х, Б.У хоёрын нутаглаж байсан Номгон багийн Чигчийн-Өвөр, Номгон багийн дэлийн-өвөр гэх газрууд хоорондоо хоёроос гурван километр зайтай. Харин Д.Х, Б.У хоёрын мал бэлчээрээр нийлэх боломжтой Д.Хын үхэр Б.Уын хаваржиж байсан Номгон багийн дэлийн-Өвөр, Чигчийн-Өврийн дээд ам, Дэлийн-Үзүүр гэх газруудаар хаяа үхрүүд нь бэлчээрээр нийлж салаад явж байдаг юм. Би цаг хугацааг нь сайн санахгүй байна. Намайг 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Б.Уын гэрээр хонинд явж байгаад ортол эхнэр Ч.У нь гэртээ ганцаараа Б.У гэртээ байхгүй байсан. Харин Ч.У манай нөхөр Б.У байдаггүй адуунд явна гээд явсан чинь ирдэггүй архи уугаад яваа юм шиг байна аа хэд хоног ирсэнгүй гэж ярьж байсан. Харин ямар нэгэн тугал манайд ирсэн гэж яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 30-32 дугаар тал/
*Яллагдагч Б.Уын өгсөн:
“...Тухайн тугал маань ийм учиртай юм байна лээ. Би 2022 оны 05 дугаар сарын сүүлээр өдрийг сайн санахгүй байна. Адуунд 4-өөс 5 хоноод гэртээ ирсэн. Намайг гэрт ирэхэд манай эхнэр Ч.У манай гэрийн гадаа нялх тугал өглөө боссон ирсэн байсан гэсэн. Тэгээд хоёр өдөр болоход тухайн тугалын эх болон тугал хайсан хүн ирээгүй нөгөө тугал нь харангадаж үхэх гээд байхаар өөрийн тугалгүй байсан үхэртэй хөхүүлсэн гэж хэлсэн. Тэгээд нөгөө үхэртэй нөгөө тугалыг хөхүүлээд байсан нөгөө үхэр тугалыг авсан байсан. Тэрнээс хойш 2022 оны 06 дугаар сарын 01-ний хавьцаа манай гэрийн гадаа нялх тугал үхэр дагаад ирсэн. Тэр тугал өдөржингөө манай хаваржааны хажуугаар хэвтээд яваад байсан. Тэгэхлээр нь Д.Хын ээж Сарантуяа руу гар утсаар залгасан чинь Батаа ах аваад Сараа эгч нь утасгүй байгаа Д.Хын гэрийг сахиж байгаа гэсэн. Тэгэхээр нь би Батаа ахад манай гэрийн гадаа эхгүй тугал хүрээд ирчихлээ энийг ирж үзээ танай тугал байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд ирээгүй. Нөгөө тугал манай гэрийн гадаа хоёр хоносон. Тэгэхээр нь нөгөө тугалыг өөрийнхөө хар зүсмийн үнээд хөхүүлсэн. Эхнэр бид хоёрыг найрснаас ирсний өдөр Сараа эгч ирж нөгөө тугалыг авч явсан. Ер нь бол тугалтай холбоотой миний мэдэх зүйл энэ. Манайхаас тухайн үед тугалах хоёр үхэр байсан. Манай хоёр үхэр хоёулаа тугалсан нэг үхрээ тугаллахыг нь харсан гэхдээ тугал нь үхсэн сэг зэмийг нь харсан. Нөгөө үхрийг тугалыг хараагүй тугалсан үгүйг мэдэхгүй. Манай гэрээс 2-3 километр зайтай байдаг. Манай өвөлжөө хаваржаа зэргээр Д.Хын үхэр ирж хонодог. Мөн Д.Х өөрөө манай өвөлжөө хаваржаан дээр хураадаг байх. Манай өвөл хаврын цагт оторт явчихдаг. Би Д.Хт хандаж чи манай аавыг зодоо биз дээ гэж хэлсэн үнэн. Харин тугал хулгай хийсэн гэж огт хэлж яриагүй. Харин тугал хулгай хийсэн юм уу гэж асуухаар нь би танай тугалыг өгөөд явуулсан биз дээ гэж хэлсэн. Намайг адууны эрэлд яваад гэртээ ирэхэд тухайн тугал байсан. Манай хаваржааны байран дотор хүрэн алаг зүсмийн эрлийз үхэрт авхуулчихсан гээд байж байсан. Тухайн тугал улаан зүсмийн дух, эрүү, хөмсөг, нүд, шанаа хэсгээр цагаантай тугал байсан. Тухайн тугал одооч гэсэн манай гэрт байгаа. Манай эхнэр надад хэлэхдээ 3,4 хоночихлоо гэж хэлж байсан. Миний харснаар 5,6 хоносон тугал юм шиг байсан. Би огт тэгж хэлж яриагүй мөн надаас хүн тугал асууж ирээгүй. Надад тэр талаар мэдэх зүйл огт байхгүй. Би үхэр мал руу нээх ойртоод байдаггүй. Би мэдээгүй ямар ч хүний тугал байсныг мэдэхгүй байна. Манайх ч байсан байж магадгүй гэхдээ сайн мэдэхгүй. Хашаат сумын Номгон багийн Ихрийн улаан худаг гэх газар хонь усалж байтал Д.Х ирсэн. Д.Х ирээд сартай улаан тугал хаана байна гэж надаас асуусан. Хариуд нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгтэл чи тугал хулгай хийж эрлийз үхэртэй авхуулаа биз дээ 20-оод жилд мал маллаад эрлийз монголын тугалыг мэднэ шүү гэж надад хэлсэн. Мөн хээр нөгөө тугалыг барьж аваад шинжилгээнд явуулсан, чи хэргээ хүлээхгүй бол цагдаад өгнө шүү гэж намайг сүрдүүлсэн. Тэгэхээр нь би чи тугалаа мөн гэж бодоод байгаа юм бол тугалаа авахгүй юу гэсэн чинь би наад тугалаар чинь яах юм гэхээр нь Д.Хт хандаж наад тугалыг чинь би онд оруулаад бяруу болгоод өгье гэтэл өмнө нь Д.Хын ээж Сараад өгсөн тугалыг үхсэн тэр яах юм гэсэн. Тэгэхээр нь би Д.Хт хандаж тэр хоёр тугалыг нь төлөөд өгье гэж хэлсэн. Би өөрөө хэрүүл маргаан хийж байснаас гэж бодоод салхийн түүс болж төлөөд өгье гэж хэлсэн. Түүнээс би танай тугалыг хулгай хийсэн доогуур тохиръё, гэж огт хэлж яриагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-80 дугаар тал/
*Яллагдагч Ч.Угийн өгсөн:
“...2022 оны 05 дугаар сарын 20-д гарсан байсан яг өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Харин манай нөхөр адуунд явсан байсан. Тэгээд би хонио дагаж явсаар байгаад орой 19 цагийн орчим гэртээ ирээд хонио хотлуулчхаад гэртээ 22 цагийн орчим орж амарсан. Намайг амрах үед манай гэрийн гадаа болон манай үхэрт нялх тугал байгаагүй. Маргааш нь өглөө нь босоход манай гэр болон малын хашаа хоёрын голд дөнгөж эхээсээ гарсан нялх тугал байсан. Ямар үнээний тугал гэдгийг би мэдээгүй. Тэгээд тухайн тугалны эх нь тугал дээрээ ирэх байх гэж бодоод тэр газар нь үлдээгээд хонины араас явсан. Орой гэртээ ирэхэд тухайн нялх тугалын эх огт ирээгүй. Нөгөө тугал эхийнхээ мөөмийг хөхөх гээд мөөрөөд байсан. Тэгэхээр нь би үнээгээ саагаад нөгөө тугалыг угжсан. Тухайн үйл явдал болсноос 3 хоногийн дараа манай нөхөр гэртээ ирсэн. Ирэхээр нь дээрх болсон асуудлын талаар хэлсэн. Чи ойр хавиар тулгалсан үхэр байна уу үгүй юу гэж үзсэн үү гэсэн. Тэгэхээр нь би хайж үзсэн гэж хэлсэн. Ойр хавын үхэр байсан бол тугал дээрээ ирэх байлгүй гэж бид хоёр хоорондоо ярьж байсан. Тухайн тугалыг хайж хүн болон тухайн тугалын эх ирээгүй болохоор нөхөр бид тугалын амийг аврах гэсэн бодолтой өөрийн үхэртэй авхуулсан юм. Манайхаас тухайн үед хоёр үхэр тугалах байсан. Тухайн тугалах байсан хоёр үнээний нэг үхэр нь тугалаагүй нэг үнээ нь ууланд тугалаад тугалыг нь шувуу идчихсэн юм. Манай гэрээс 1-2 километр зайтай байдаг. Манайхыг оторт явсан хойгуур манай өвөлжөө хаваржаа дээр хонуулдаг байсан гэсэн. Харин манайхыг нүүж ирснээс хойш үхэр нь ирж хонож байгаагүй. Би огт хэлж яриагүй Х бид хоёр огт тааралдаагүй. Миний саяны өгсөн мэдүүлэг үнэн зөв гэхдээ миний хоёр өгсөн мэдүүлэг зөрүүтэй юм байхгүй. Би хохирогч Д.Хын үхэр малыг ер нь харвал танина. 2022 оны 10 дугаар сарын 10-дын үеэр Д.Хын тугал гэдгийг өөрийн нөхөр Б.Уаас дуулсан. Манай нөхөрт Д.Х танай эрлийз үнээ яагаад монгол үхрийн тугал хөхүүлдэг юм бэ гэж асуусан байсан. Хариуд нь манай нөхөр эхгүй нялх тугал байхаар нь амыг нь аврах гэж үхэртээ хөхүүлсэн гэж хэлсэн гэсэн. Тэгвэл чи манай тугалыг хулгайлсан юм биш үү чамайг цагдаад хэлнэ гээд яваад өгсөн гэсэн. Би тухайн үед өөрийнхөө үхрийн тугал гэж бодсон. Д.Хын үхрийнх байсан бол хүрээд ирэх байсан. Манай нөхөр 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад 27- нд гэртээ ирсэн гэж би бодож байна. 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болсон үйл явдал. Дэмбэрэлсүрэнгийн Гантөмөр, Мандахын Мөлөө бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Ч, Монголын Гантөмөр, Равжирын Норов нар намайг ганцаараа байсан манай нөхрийг эзгүй байсан зэргийг нотолно. Өөрийн төрсөн дүү Сувдаад өглөө эгч нь боссон чинь нялх тугалтай болсон мөөрөөд байх юм эгч одоо угжаад сууж байна. Чимэд гэдэг хүнтэй өөрийн биеэр таарч хэлсэн. Тэгээд нөхөртэй хэлсэн өөр хэлсэн хүн байхгүй. Тухайн тугалыг Д.Хын тугалаа алдсан үнээнээс манай гэрийн гадаа байсан тугалтай хамт шинжилгээ хийлгэмээр байна. Д.Х гэдэг хүн тухайн үед өөрийн тугалаа гэдгийг мэдэж харсан байж ирээд авчихсан яасан юм. Манай гэрийн гадаа байсан тугал эхийнхээ хөхийг хөхөөгүй дөнгөж эхээсээ гараад 2 хөл дээрээ тэнцээд явж байсан тугал байсан. Тухайн цаг хугацаанд Санжаа гэдэг айлынх 3 тугалаа гээсэн гэж би саяхан сонссон. Тэднийх үхэр манай гэрийн гадаа тулгалчхаад тугалаа гээгээд явцын юм болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 63-66 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай: “...Махны чиглэлийн үхрийн монголын эр тугалын үнэлгээг 2022 оны 05 дугаар сарын байдлаар 400.000/дөрвөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 38 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 85, 86 дугаар тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.У, Ч.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У, Ч.У нар нь бүлэглэн Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Дэлүүн-Үзүүр гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд 1 тооны үхрийн тугалыг завшиж хохирогч Д.Хт 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.У, Ч.У нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хохирогч Д.Хын”...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Ихрийн улаан худаг гэх газар худгаас манай Номгон багийн иргэн Б.У нь хонио усалж байхаар нь би явж очоод чи 2022 оны 07 дугаар сарын 05-ны үед Г ахын гүүн зэлний найран дээр тааралдахдаа чи надад манай аавыг зодсон болохоор би танай үхрийн тугалыг хулгай хийсэн юм гээд байсан биз дээ гэтэл Б.У хэсэг дуугай байж байснаа тиймээ би танай үхрийн тугалыг манай үхрийн тугал үхчихлээр нь аваад үхэртээ авхуулсан гэж хэлээд байж байтал манай эхнэр Ж машинтай хүрээд ирэхээр нь эхнэр Жд манай үхрийн тугалыг Б.У хулгайлсан гэнээ өөрөө тэгж байна гэтэл эхнэр Ж яахаараа хүний үхрийн тугал хулгай хийдэг юм бэ? Гэтэл Б.У тугалыг чинь хойтон бяруу болгоод өгье тохирчихъё гээд байсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Чгийн”...2022 оны 05 дугаар сард Д.Хынх Номгон багийн Чигчийн-Өвөр гэх газар нутаглаж байсан. Харин Б.Уынх Номгон багийн Дэлийн-Өвөр гэх газар нутаглаж байсан. Тухайн үед Д.Х, Б.У хоёрын нутаглаж байсан Номгон багийн Чигчийн-Өвөр, Номгон багийн дэлийн-өвөр гэх газрууд хоорондоо хоёроос гурван километр зайтай. Харин Д.Х, Б.У хоёрын мал бэлчээрээр нийлэх боломжтой Д.Хын үхэр Б.Уын хаваржиж байсан Номгон багийн дэлийн-Өвөр, Чигчийн-Өврийн дээд ам, Дэлийн-Үзүүр гэх газруудаар хаяа үхрүүд нь бэлчээрээр нийлж салаад явж байдаг...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Алдуул мал гэдэг нь гэм буруутай этгээдийн оролцоогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн хүсэл зоригоос шалтгаалахгүй хүчин зүйлийн улмаас ижил сүргээсээ салж, нутаг бэлчээрээсээ холдон, хараа хяналтгүй болсон өмчлөгч эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй байгаа малыг ойлгох бөгөөд алдуул мал завших гэмт хэрэг нь шууд санаатай үйлдэгддэг, гэм буруутай этгээд алдуул малыг өөрийн эзэмшилдээ авах, захиран зарцуулах идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч өөрийн хууль бус өмчлөлд шилжүүлэн завшсанаар гэмт хэргийн шинж хангагдах юм. Шүүгдэгч Б.У, Ч.У нарын алдуул малыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.У, Ч.У нарыг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хт 400.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Д.Х нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нэмж 409766 төгрөгийг нэхэмжилж холбогдох нотлох баримтыг хавсаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Мөн шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой хохирол төлбөрийн талаар эвлэрч, хохирлыг хүлээж авах талаар хоорондоо тохиролцож, хэлцэл байгуулсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.У, Ч.У нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, тэдгээрийг алдуул мал завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.У, Ч.У нарт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бгийн У, Боржигон овогт Чын У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Ч.У нарыг тус бүр 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Ч.У нар нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Ч.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У, Ч.У нараас 409.766/дөрвөн зуун есөн мянга долоон зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хашаат сумын ............. газар оршин суух хаягтай, Боржигон овогт Дагва-Очирын Х/РД:АС.........../-т олгосугай.
6. Шүүгдэгч Б.У, Ч.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх, хүлээн авах талаар харилцан тохиролцож хэлцэл байгуулсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.У, Ч.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР