Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

 

 

                                   2023/ШЦТ/33  

 

 

                                                                                                        

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав   

Шүүгдэгч: Г.Ууганбилэг, Д.Нямзоригт

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Ганхуягийн Ууганбилэг, Цогт овогт Дорждамбын Нямзоригт нарт холбогдох эрүүгийн 2212002010013 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1027-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цогт овогт Дорждамбын Нямзоригт/РД:ИЙ87110812/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, 37-1923 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганхуягийн Ууганбилэг/РД:ЗА83041910/

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Д.Нямзоригт, Г.Ууганбилэг нар нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулгын сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Төв эмийн сангийн ертөнцийн зүгээр баруун талд барилгын ажил хийж гүйцэтгэж байх явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус талбайд барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан хохирогч Ж.Отгонбаатар нь барилгын 1 давхраас унасны улмаас түүний биед баруун шаант ясны доод 1/3 хэсэг, шагайн үе дайрсан далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2212002010013 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

                       *Хохирогч Ж.Отгонбаатарын өгсөн:

“...Би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төв эмийн сангийн баруун талд баригдаж буй Нямцогт гэх хүний хариуцсан 2 давхар барилга дээр барилгын туслах хийж байгаад тухайн үедээ нэрийг нь сайн санахгүй байна хотоос ирээд удаагүй байсан 2 залууд дам нуруу /паниар/ авч өгөх гэж байгаад барилгын 2 давхраас хэт доош тонгойж толгойгоо даалгүй унаж 2 хөлөө гэмтээж улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт зургийг нь авахуулаад тэр өдрөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлж 2 хөлдөө эмчилгээ хийлгэж, хадаас тавиулж гипсдүүлсэн. Тухайн үедээ би өөрийн болгоомжгүй байдлаас болж барилгаас унасан, мөн 2 хөл өвдөө байсан болохоор цагдаа сэргийлэх гэхгүйгээр өөрийгөө эмчлүүлж хурдан эдгэж тэнхрэхээ бодсон. Би тухайн барилгад 2022 оны 06 дугаар сарын 24, 25-ны үед барилгын туслах ажилтнаар орсон. Манай бригадыг ахалж байсан Ууганаа гэх залуу хариуцаж байсан. Бидэнд зааварчилгаа өгч баталгаа авч баримтан дээр гарын үсэг зуруулж байсан хүн байхгүй, шууд ирээд ажлаа хийдэг байсан. Миний баруун хөлийн яс 2-3 цууралттай, хугаралттай, зүүн хөлийн өсгий үүрсэн байсан. Би эрүүл байсан. Уг барилга дээр надтай нийлээд 10 гаруй хүн ажиллаж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-23 дугаар тал/

 

*Гэрч Н.Гэрэлмаагийн өгсөн:

“...Манай нөхөр цагдаагийн газрын урд баригдаж байгаа барилга дээр 2022 оны 06 дугаар сарын 18-ны үед туслах ажилтнаас ажилд орсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би нөхрийгөө 14 цаг буюу цайны цаг өнгөрөөгөөд ажил дээр нь хүргэж өгөөд буцаад гэртээ ирээд байж байтал манай нөхөр над руу залгаад ханиа би барилгаас уначихлаа эмнэлэг дээр байна хүрээд гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь хоёр хөл хавдсан байдалтай ярьж чадахгүй рентген зураг авахуулах гээд байж байсан зураг авахуулаад эмчид уншуулсан чинь баруун хөлийн шилбэ гурав хугарсан байна, зүүн хөлийн өсгий үүрсэн байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэж хэлсэн тухайн үед барилга дээр хамт ажиллаж байсан инженер Зоригоо, бригад ахалсан дарга Ууганаа, туслах ажилтан гээд нэг танихгүй залуу гурав байсан би юу болсон талаар асуухад дам нуруу гэсэн байх би сайн санахгүй байна нэг зүйл авах гэж байгаад 2 давхраас уначихлаа гэж хэлсэн. Тэгээд Ууганаа гэж дарга нь бид нар өөрсдийнхөө унаагаар Улаанбаатар хот руу дагуулаад аваад явчихъя эмчилгээнийх нь зардал мөнгийг өгнө гэж хэлээд бид нар тухайн өдрөө Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэг дээр очоод манай нөхөр 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хагалгаанд ороод 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эмнэлгээс гараад гадуур эмчилгээтэй боолт хийлгэж байгаад 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд Ууганаа гэдэг бригад ахалсан даргатай уулзаад бид хоёрт тэргэнцэр хэрэгтэй байна гэж хэлсэн чинь одоогоор байхгүй байна. Тухайн барилга бариулж байгаа Сайнаа эгчид хэлчихсэн байгаа гэхээр нь Сайнаа гэх хүн рүү залгаад би танай барилга дээр ажиллаж байгаад унаж бэртсэн хүн байна тэргэнцэр авах гэсэн юм гэж хэлсэн чинь тэр асуудал чинь манай компанид хамаагүй Ууганаа гэх хариуцах ёстой манайхтай гэрээ байгуулчихсан тусдаа асуудал гэж хэлсэн, болсон асуудал бол ийм байгаа. Ямар нэгэн гэрээ байгуулсан зүйл байхгүй, барилгын туслах хийх.гэж орсон юм. Манай нөхөр хувиараа таксинд явдаг юм тэгээд үйлчлүүлсэн хүнээрээ дамжуулан тухайн барилга дээр очоод нэг өдөр ажилласан нэг өдрийн цалин гээд 70.000 төгрөг өгсөн байсан тухайн өдрийн ажил дуусаад явахад нь маргааш дахин ирж ажиллах юм уу гээд дахин маргааш өдөр нь ирж ажиллаад үүнээс хойш ажиллаад 10 гаруй хонож байгаад унаж бэртсэн юм. Манай нөхрийг барилгаас унаснаас хойш зуруулж байгаа гэж сонссон. Ажлын зориулалтын хувцас өмсөж явдаггүй, гэрийнхээ ажлын хувцастай ажилладаг байсан. Ямар ч сургалтад хамрагдсан зүйл байхгүй. Эхлээд 1 хоног ажиллахдаа 70 мянган төгрөгийн цалин авсан, барилгаас унахын өмнө 510 билүү 520 мянган төгрөг авсан гэж надад өгч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-17 дугаар тал/

 

*Гэрч Э.Батсүхийн өгсөн:

“...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Ц.Сайнжаргал гэх хүний барилга дээр манаач хийдэг ажилтай. Тухайн барилгыг баригдаж эхэлснээс хойш манаач хийж байгаа. 2022 оны 05 дугаар сараас эхэлж одоог хүртэл ажиллаж байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар 2022 оны 07 дугаар сарын 03-ний өдөр тус аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын 2 дугаар давхраас унасан гэж дуулсан. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. Би оройн цагаар тухайн барилгын манаач хийдэг өдрийн цагаар байдаггүй юм. Өдрийн цагаар Ц.Сайнжаргал эгч өөрөө байдаг. Би яг хэзээ хэрхэн ямар ажил үүрэг гүйцэтгэхээр орсон талаар би мэдэхгүй байна. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр орсон байх гэж санаж байна. Доороос хүн дээш өгч байсан юмыг авах гэж доош тонгойж байгаад унасан гэж дуулсан. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-16 дугаар тал/

 

*Гэрч Ц.Сайнжаргалын өгсөн:

“...Би Г.Ууганбилэг гэх хүнийг танина. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж орон сууц барих үед тухайн барилгын цутгалтын ажиллагааг дуустал хийхээр Ууганбилэгтэй гэрээ байгуулж байсан гэдгээр танина. Түүнээс төрөл садан найз нөхдийн холбоо хамааралгүй. Харин Ж.Отгонбаатар гэх хүнийг танихгүй ямар нэгэн төрөл садан найз нөхдийн холбоо хамааралгүй. Тухайн газрыг 2018 онд яг хэдэн сарын хэдний өдөр худалдан авснаа санахгүй байна. Нандинцэцэг гэх хүнээс худалдан авсан. Худалдан аваад би өөрийн нэр дээр шилжүүлэн авч. Тухайн газар орон сууц 2022 оны 06 дугаар сарын 05, 06-ны  үед барихаар газар шорооны ажил эхэлсэн. Газар шорооны ажлыг дуусгаад орон сууц цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр Улаанбаатар хотоос ямар нэгэн кампанигүй иргэн Г.Ууганбилэг гэх хүнтэй цутгалтын ажлыг дуустал хийж гүйцэтгэхээр ажил эхэлсэн. Тухайн газрын гэрчилгээний орон сууцны зориулалтаар миний нэр дээр гарсан. Би тухайн өдөр эзгүй буй Архангай аймгийн төвөөс гараад хөдөө гарсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тухайн барилга дээр ирэхэд Г.Ууганбилэг надад зоорины давхрын дээд талын давхар буюу 1 дүгээр давхраас хүн унасан гэж надад хэлсэн. Түүнээс надад өөр мэдэх зүйл байхгүй. Ямар байсан нөгөө хүнийг Улаанбаатар хот руу авч явсан гэж хэлсэн. Ж.Отгонбаатар гэх хүнийг хэн тухайн барилга дээр хэдэн сарын хэдний өдөр ажиллуулахаар авсан талаар би мэдэхгүй харин тэр талаар Г.Ууганбилэг мэдэж байгаа. Г.Ууганбилэг нь өөрөө бригад ажилчидтай ирнэ гэж надтай тохирч гэрээ байгуулсан. Туүнээс би хүн ажиллах, ажиллуулах талаар мэдэхгүй. Харин миний чиг үүрэг барилгад хэрэгтэй материалыг гаргаж өгдөг. Мөн гүйцэтгэлийг хянаж цалин хөлсийг олгодог. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хүн Г.Ууганбилэг байгаа юм. Яагаад Г.Ууганбилэг гэж байгаа вэ гэхээр гэрээ байгуулсан тухайн гэрээ дээр Г.Ууганбилэгийг заасан байгаа. Мөн өөрөө тохирсон. Байгуулсан гэрээн дээр он, сар, өдөр байгаа байх, 2022 оны 06 дугаар сарын 04, 05-ны үеэр байгуулсан байх...” гэх мэдүүлэг/хх-ийн 77-79 дүгээр тал/

 

*Яллагдагч Д.Нямзоригтын өгсөн:

  “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 128-129 дүгээр тал/

 

*Яллагдагч Г.Ууганбилэгийн өгсөн:

  “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэх мэдүүлэг/хх-ийн 140-141 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 350 дугаартай“...Ж.Отгонбаатарын биед баруун шаант ясны доод 1/3 хэсэг, шагайн үе дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147, 148 дугаар тал/

* Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 67-70 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.Нямзоригт, Г.Ууганбилэг нар нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулгын сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Төв эмийн сангийн ертөнцийн зүгээр баруун талд барилгын ажил хийж гүйцэтгэж байх явцдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тус талбайд барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан хохирогч Ж.Отгонбаатар нь барилгын 1 давхраас унасны улмаас түүний биед баруун шаант ясны доод 1/3 хэсэг, шагайн үе дайрсан далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нар гэм буруутай болох нь хохирогч Ж.Отгонбаатарын”...Би 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр төв эмийн сангийн баруун талд баригдаж буй Нямцогт гэх хүний хариуцсан 2 давхар барилга дээр барилгын туслах хийж байгаад тухайн үедээ нэрийг нь сайн санахгүй байна хотоос ирээд удаагүй байсан 2 залууд дам нуруу /паниар/ авч өгөх гэж байгаад барилгын 2 давхраас хэт доош тонгойж толгойгоо даалгүй унаж 2 хөлөө гэмтээж улмаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт зургийг нь авахуулаад тэр өдрөө Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлж 2 хөлдөө эмчилгээ хийлгэж, хадаас тавиулж гипсдүүлсэн. Тухайн үедээ би өөрийн болгоомжгүй байдлаас болж барилгаас унасан, мөн 2 хөл өвдөө байсан болохоор цагдаа сэргийлэх гэхгүйгээр өөрийгөө эмчлүүлж хурдан эдгэж тэнхрэхээ бодсон. Би тухайн барилгад 2022 оны 06 дугаар сарын 24, 25-ны үед барилгын туслах ажилтнаар орсон. Манай бригадыг ахалж байсан Ууганаа гэх залуу хариуцаж байсан. Бидэнд зааварчилгаа өгч баталгаа авч баримтан дээр гарын үсэг зуруулж байсан хүн байхгүй, шууд ирээд ажлаа хийдэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Гэрэлмаагийн”...Манай нөхөр цагдаагийн газрын урд баригдаж байгаа барилга дээр 2022 оны 06 дугаар сарын 18-ны үед туслах ажилтнаас ажилд орсон. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би нөхрийгөө 14 цаг буюу цайны цаг өнгөрөөгөөд ажил дээр нь хүргэж өгөөд буцаад гэртээ ирээд байж байтал манай нөхөр над руу залгаад ханиа би барилгаас уначихлаа эмнэлэг дээр байна хүрээд гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь хоёр хөл хавдсан байдалтай ярьж чадахгүй рентген зураг авхуулах гээд байж байсан зураг авхуулаад эмчид уншуулсан чинь баруун хөлийн шилбэ гурав хугарсан байна, зүүн хөлийн өсгий үүрсэн байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхрийг Улаанбаатар хот руу явах шаардлагатай гэж хэлсэн тухайн үед барилга дээр хамт ажиллаж байсан инженер Зоригоо, бригад ахалсан дарга Ууганаа, туслах ажилтан гээд нэг танихгүй залуу гурав байсан би юу болсон талаар асуухад дам нуруу гэсэн байх би сайн санахгүй байна нэг зүйл авах гэж байгаад 2 давхраас уначихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Батсүхийн”...2022 оны 07 дугаар сарын 03-ний өдөр тус аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын 2 дугаар давхраас унасан гэж дуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Сайнжаргалын”...Би Г.Ууганбилэг гэх хүнийг танина. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж орон сууц барих үед тухайн барилгын цутгалтын ажиллагааг дуустал хийхээр Ууганбилэгтэй гэрээ байгуулж байсан гэдгээр танина. Түүнээс төрөл садан найз нөхдийн холбоо хамааралгүй. Харин Ж.Отгонбаатар гэх хүнийг танихгүй ямар нэгэн төрөл садан найз нөхдийн холбоо хамааралгүй. Тухайн газрыг 2018 онд яг хэдэн сарын хэдний өдөр худалдан авснаа санахгүй байна. Нандинцэцэг гэх хүнээс худалдан авсан. Худалдан аваад би өөрийн нэр дээр шилжүүлэн авч. Тухайн газар орон сууц 2022 оны 06 дугаар сарын 05, 06-ны  үед барихаар газар шорооны ажил эхэлсэн. Газар шорооны ажлыг дуусгаад орон сууц цутгалтын ажлыг хийж гүйцэтгэхээр Улаанбаатар хотоос ямар нэгэн кампанигүй иргэн Г.Ууганбилэг гэх хүнтэй цутгалтын ажлыг дуустал хийж гүйцэтгэхээр ажил эхэлсэн. Тухайн газрын гэрчилгээний орон сууцны зориулалтаар миний нэр дээр гарсан. Би тухайн өдөр эзгүй буй Архангай аймгийн төвөөс гараад хөдөө гарсан байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тухайн барилга дээр ирэхэд Г.Ууганбилэг надад зоорины давхрын дээд талын давхар буюу 1 дүгээр давхраас хүн унасан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нарын мэдүүлэг, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 350 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулах гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нарын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.

 

   Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Отгонбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс гомдол саналгүй, хохирол төлбөрөө бүрэн авсан гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулна гэж заасан тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлыг иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхтэй талаар дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч  нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзориг нар нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд, шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нар нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нарын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

          1.  Шүүгдэгч Боржигон овогт Ганхуягийн Ууганбилэг, Цогт овогт Дорждамбын Нямзоригт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нарыг  тус бүр 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нар нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

            5. Шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тус дурдсугай.  

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ууганбилэг, Д.Нямзоригт нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР