Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 1132

 

 

 

 

 

 

 

    2019         11            12                                            2019/ДШМ/1132     

         № 546                                  \\

МАЛАЛЦ.О-гт холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Отгонтөгс,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дашдамба,

шүүгдэгч Ц.О-г, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Л.Баатар, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.О-г, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг, Б.Оюунгэрэл нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.О-гт холбогдох эрүүгийн 1908001260022 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц-О-нь 2019 оны 1 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 35б байрны 1 давхрын 1 тоотод С.Лхагвадоржийг “архи авчраагүй, архи хороолоо” гэх шалтгааны улмаас хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж цээжин тус газар нь 2 удаа хутгалж алсан  гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Т.Отгонцэцэгийн үйлдлийг Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-гт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасан гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ц.О-гийг хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-гийг 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Ц.О-гт оногдуулсан  10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О-гийн цагдан хоригдсон 98 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.О-гээс 3.481.500 төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Э.Хүнбишид олгож, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цэнхэр ягаан өнгийн хутга 1 ширхэгийг устгаж, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг кампакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, дрожны 3 ширхэг хэсэг, “cold relief balm” гэсэн бичигтэй эмийн  шахмал хайрцаг 1 ширхэг, “shim vodka” архины шил 1 ширхэг, 5 ширхэг гялгар уутанд хийсэн хөвөн бамбар, уруулын будагны сав 1 ширхэг, нэр бүхий хүний гарын арчдас, хумсны дээжийг тус тус зохих журмын дагуу устгаж, амь хохирогчийн өмсөж явсан цайвар шар өнгийн малгай, улбар шар өнгийн хүрэм, бор өнгийн цамц, цагаан өнгийн фудволк, улаан хүрэн өнгийн өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн дотуур өмд, улаан өнгийн дотоож, хар өнгийн бүс, хүрэн өнгийн тэлээ,хар өнгийн бээлий, улаан эрээн өнгийн оймс, саарал өнгийн оймс, 1 хос хар гутал зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Хүнбишид олгож, шүүгдэгч Ц.О-гийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Ц.О-гийн  өмгөөлөгч  Б.Оюунгэрэл,  Ш.Эрдэнэцэцэг  нар  хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.О-гийн гэм бурууг хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаагүй, хэргийн байдлыг шүүх тогтоож чадаагүй Ц.О-гийг гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад ял оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх тус хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтайгаас гадна шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж үнэлэхэд тус хэргийн нотлох баримтуудыг хууль бусаар цуглуулсан бэхжүүлсэн, хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан, мэдүүлсэн гэж үзэх үндэслэл нотолгоо тогтоогдсонгүй гэж үзсэн нь учир дутагдалтай болсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гэрчээр Баясгалан, шинжээч эмч Б.Ундармаа нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн аваагүй. Ц-О-энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэж байгаа. Энэ хэрэгт шалгавал зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрч Н.Батхуягийн “... О-танихгүй өндөр туранхай залуу 2 өрөөний хойд хэсэгт байрлах матрасан дээр зэрэгцэж суугаад би матрасны өмнө  байрлах ширээний урд талд сууж байтал О-танихгүй өндөр туранхай залууг “чи архи авчраагүй” гээд тэр 2 архи дарс яриад маргалдахад О-гэнэт, танихгүй өндөр залуугийн цээж рүү гараараа цохих шиг болоод гараа татахаар нь хартал Отгонцэцэгийн гарт хутга харагдсан. Тэр үед нөгөөх танихгүй өндөр туранхай залуу ёо гэж дуугарснаа босоод гараад явчихаар нь би мөн дараа нь гараад явсан гэж мэдүүлдэг. Гэтэл цогцост хийсэн шүүх эмнэлгийн №228 дугаартай дүгнэлтээр “... С.Лхагвадоржийн цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвтэрч гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх болон зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх/ цээжний хөндий рүү нэвтрээгүй/ гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ. Гэрч Н.Батхуяг нь “... Ц.О-гийг гэнэт танихгүй өндөр залуугийн цээж рүү гараараа цохих шиг болоод ... тэр үед нөгөөх танихгүй өндөр туранхай залуу ёо гэж дуугарснаа гараад явчихаар нь би мөн гараад явсан гэх мэдүүлгээс харахад Ц.О-гийг танихгүй өндөр туранхай залуугийн цээж рүү цохих шиг болоод тэгээд тэр залуу гараад явсан байдал харагдаад байгаа юм. Тэгвэл зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/ гэмтлийг хэн учруулсан болох нь тодорхойгүй үлдсэн. Амь хохирогч, эмэгтэй хүнд удаа дараа хутгалуулаад байх уу гэдэгт эргэлзээтэй байдаг. Мөн Ц-О-/эмэгтэй хүн/ суугаагаараа бусдыг хутгалах боломжтой юу, яаж ямар байрлалтай, аль гараараа хутгалсан талаар огт шалгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр ... зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, хавсан байдалтай, цээжний хөндийд нэвтрээгүй байх ба цээжний урд дунд буюу зүүн хөхний хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, өвчүүний зүүн урд хэсгээс цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэгийн урд хана болон зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт хатгаж гэмтээсэн байна гэсэн дүгнэлтээс харахад гэмт этгээд амь хохирогчийг /аль талаас/ хутгалахдаа босоо байрлалаас хутгалсан уу, суугаа байрлалаас хутгалсан эсэхийг шалгаагүй. Мөн хоёр удаагийн хутгалсан гэмтлийн дарааллыг тогтоогоогүй. Шинжээч эмч Б.Ундармаагийн “... Амь хохирогч үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэл хугацаанд амьд явах боломжтой. Ер нь 5-10 минутаас хэтрэхгүй. 1, 2 минут ч байж болно гэж мэдүүлсэн. Гэрч Ч.Баясгалангийн “... энэ хэрэг гарснаас хойш 7-10 орчим л хонож байсан байх. Отгонбаяр, Болор, Батхуяг, Батцэцэг бид хэд Отгонбаярын орцны шатан дээр сууж байтал Отгонцэцэгийн хүү Замилан нэг найзтайгаа шатаар буугаад ирсэн тэгтэл Батхуяг нилээн согтсон байсан бөгөөд “би талийгаачийг хусчихсан юмаа” гэж хэлсэн. ... Батхуяг талийгаачийг “чи ер нь хэн бэ” гэх зэргээр хэлээд маргалдсан. Тэгтэл Ц-О-хэвтэж байснаа өнгийснөө ”чи ер нь хүний архи хороогоод хэн бэ, зайлаач гэж хэлсэн. Тэгвэл талийгаач босоод куртикээ өмсөөд гараад явсан. Батхуяг талийгаачийн араас бараг зэрэг шахуу гараад явсан гэж мэдүүлдэг. Гэрч Ч.Баясгалан нь Отгондоржийг гэрт нь хүргэж өгөөд Отгонбаярын гэрт ирсэн, бусдыгаа бодвол бага зэргийн согтолттой харсан үзсэнээ үнэн зөв мэдүүлсэн гэрч юм. Гэрч О.Замилангийн “... 2019 оны 1 сарын үед энэ хэрэг гараад нэг их удаагүй байсан юм. Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 35А байрны орцонд хүнтэй уулзах гээд орсон чинь Болор, Баясгалан, Батцэцэг нар орцонд сууж байсан. Тэгэхэд Болор нь надад хандан “ахын дүү ээж нь талийгаачийг алаагүй. Батхуяг алчихсан юм байна лээ” ... Чи одоо байцаагчтай нь очиж уулз гэж хэлэхээр нь “би байцаагчтай нь очиж уулзаад яахав дээ, та нар мэдэж байгаа бол байцаагчид нь хэлэх ёстой шүү дээ” гэж хариулсан гэсэн мэдүүлэг. Мөн гэрч Н.Батхуяг “... Ц-О-нь амь хохирогчийн цээж хэсэгт хальт цохих шиг болсон тэгээд талийгаач босоод гараад явсан. Би дараа нь араас нь гараад явсан ...тэр залуу хойшоо чиглэлтэй, би урагшаа 16 айл руу явсан...” гэж мэдүүлдэг. Дээрх мэдүүлгүүдээс харахад гадаа гарсан хойноо талийгаач үхэлд хүргэх гэмтлийг авсан байх магадлалтай байна. Тиймээс Ц-О-бусдын амь насыг хохироосон гэж үзэх нөхцөл байдал эргэлзээгүй, хөдөлшгүй нотлох баримтаар бүрэн дүүрэн тогтоогдоогүй үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх”-ээр заасны дагуу Ц.О-гийг бусдын амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэм буруугүйд тооцож өгнө үү. ...гэв.

Шүүгдэгч Ц-О-давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд энэ хэргийг хийсэн гэж үндэслэлгүйгээр намайг яллаж байна гэж үзэж байна. Цуг хамт ууж ирсэн хүмүүсийн мэдүүлэгт үндэслэсэн гэсэн. Би энэ зүйл анги болон энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад 10 жилийн ял оноосонд маш их гомдолтой байна. Би энэ хэргийг хийгээгүй, хүний аминд хүрээгүй, гомдолтой байна. Энэ хэрэгт холбогдогч Баясгалан, Батхуяг, Батцэцэг, Отгондорж нараас дахин мэдүүлэг авч өгнө үү гэж маш олон удаа хүссэн. Батхуягийн мэдүүлэгт их эргэлзэж байгаа. Батхуяг мэдүүлэхдээ О-амь хохирогчийг баруун гараараа цээж рүү нь 2 удаа цохисон. Гараа татаад авахад гарт нь төмөр хутга байсан. Батхуяг өөрөө амь хохирогч бид хоёрын эгц өөдөөс хараад эрүүл сууж байсан гэдэг. Гэтэл эрүүл байсан хүн тэр хутгыг харсан юм бол амь хохирогчийн цусыг яагаад хараагүй байдаг юм. Хэргийн газрын үзлэг дээр байцаагч Цэнгэл, Ууганбаяр нар мөрдлөг явуулсан байгаа. Тэгэхэд Ц.О-гийн зүүн талын өмдний халааснаас цэнхэр өнгийн хутга гарсан гэдэг. Тэгтэл Ууганбаяр нь ягаан өнгийн хутга байсан гэдэг. Би баруун гараараа хохирогчийг хутгалж аминд нь хүрсэн юм бол яагаад миний зүүн талын халаасанд хутга байсан юм бэ. Үүний би ойлгохгүй байгаа. Мөн шинжээчийн дүгнэлтэд миний гар хурууны хээ байх ёстой. Шинжээч Ундармаагийн дүгнэлтэд ягаан өнгийн хуванцар бариултай хутга гэж бичигдсэн байсан. Эдгээр хүмүүсийн дүгнэлтээс харахад надаас олон хутга гарч ирээд байгаа нь ойлгомжгүй юм. Надад хутга байх ямар ч үндэслэл байхгүй. Энэ хүмүүсийн мэдүүлэг дүгнэлт бүгд зөрүүтэй байгаа. Гэрч Баясгалан мэдүүлэхдээ би амь хохирогчийг Батхуягтай маргалдаж байхад нь орж ирсэн. Тэгэхэд амь хохирогч куртикээ том өрөөний газраас аваад гарахад Батхуяг гаргаж өгөх гээд хамт гарсан гэдэг. Тэгвэл яагаад амь хохирогчийн биенээс гарсан цус байсаар байхад тэр хоёр хүн хоёулаа хараагүй байдаг юм. Яагаад эгц өөдөөс нь харж сууж байж, хүн хутгалахыг харсан атлаа тусламж дуудаагүй байдаг юм. Цагдаа,  жижүүр болон тэр гэрт дотор унтаж байсан 4-5 хүнийг сэрээгээд хэлж болох байсан. Би маш их гомдолтой байна. Тэгээд намайг 461 дүгээр хорих ангид 3 сар хоригдож байх хугацаанд энэ хүмүүс хоорондоо үгсэн хуйвалдаж, үгээ нийлүүлсэн байна гэж үзэж байгаа. Мэдүүлгүүд бие биетэйгээ ярилцсан, хоорондоо үгсэн зөвлөлдсөн, бүгд намайг гэсэн үндэслэлтэйгээр мэдүүлгээ өгцгөөсөн байдаг. Талийгаачийн аав Санжмятав гуайн мэдүүлэхдээ “миний хүү  хэр баргийн хүнд дээрэлхүүлэхээргүй хүн биш, энэ хэргийн холбогдогч нарыг дахин шалгаж өгнө үү” гэсэн байгаа юм. Би энэ хэргийг хийгээгүй, ганцхан надаас хутга гарсан дээр үндэслээд прокурор Т.Отгонтөгс, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Амартайван нар ингэж дүгнэсэн. Анх Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн байцаагч Амартайван дэслэгч надад үг хэлэх боломж өгөөгүй, ямар нэгэн тайлбар хэлээгүй шууд эрүүлжүүлэхэд хорьж байгаад өглөө нь гаргахдаа эрэгтэй хүний  зураг үзүүлээд “энэ хүнийг таних уу” гэхэд би “танихгүй” гэсэн тэгэхэд “энэ хүн өнгөрсөн байна, чи алсан байна”  гээд намайг шууд гүтгэсэн. Би үүнд маш их гомдолтой байна. Энэ хэргийг буцаагаад гэрчүүдийг адилхан цуг шалгаж өгнө үү гэж прокурор Т.Отгонтөгст маш олон удаа хүсэлт тавьсан. Тэгэхэд миний хүсэлтийг авч хэлэлцээгүй. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Дашдамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний зүгээс давж заалдах гомдолтой холбогдуулан гарах санал хүсэлт байхгүй. Хэргийг бодит үнэнээр шийдвэрлэж, бидэнд учирсан хохирлыг нөхүүлж өгөх хүсэлттэй байна. Өөр тайлбаргүй. ...” гэв

Прокурор Т.Отгонтөгс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.О-гт холбогдсон хэрэгт хэргийн зүйлчлэл хангагдсан гэж үзэж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байгаа. Мөн цээжний хөндий нэвтэрсэн шархны улмаас нас барсан болох нь тогтоогдсон. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр хэвтээ болон суугаа байдалд үүсэх боломжтой. Ялангуяа суугаа байдлаар үүсэх боломжтой. Энэ хэрэгт гэрч Батхуяг, Отгонбаяр, Баясгалан, Онолбаатар, Батцэцэг, хэргийн газрын үзлэгээр очсон цагдаагийн мөрдөгч Батцэнгэл, Ууганбаярын мэдүүлгээр үйлдсэн хэргийг нотолж тогтоогдсон. Тухайн байрны орцны жижүүр хийдэг Хишигдолгорыг энэ хэрэгт асуусан. Орцонд ямар нэгэн асуудал гараагүй. Тухайн айлыг архидаж байсныг мэдэж байсан боловч шагайж хараагүй гэдэг. Тэр орцонд Батцэцэг, Баясгалан, Болор, Батхуяг, Отгонбаяр гэх хүмүүс уулзсан байдаг. Уулзахдаа Отгонбаярын яриагаар “О-манайд 2, 3 хоносон. Уг нь бол би гэрийнхээ хутгыг нуудаг. Ц.О-гээс өөр хүн манай хутгыг мэдэхгүй” гэдэг. Гэрч Батхуяг мэдүүлэхдээ “Ц-О-талийгаачийг хутгалахыг би харсан” гэх утгатай зүйл ярьсан. Тэгж ярихад нь Баясгалан “Чи хамт гарсан биз дээ, чи хутгалцан юм биш биз дээ” гэж асуутал Батхуяг “тэгээд яах гээд байгаа юм намайг хамт гарсан болохоор нь алсан гэх гээд байгаа юм уу. Тэгвэл би алсан, яасан” гэсэн яриа өрнөсөн байдаг. Тэгэхээр ийм яриа, үйл гарснаар Батхуяг энэ хэргийг хийсэн гэх үндэслэл байхгүй. Энэ хэрэгт Батхуягийг алсан гэх ямар нэг нотолгоо, нотлох баримт байхгүй. Мөн энэ хэрэгт Дөл камерын бичлэгийн үзлэг байгаа. Энэ бичлэгт талийгаач тухайн айлын гэрээс гарангуутаа хойшоогоо унаж байгаа бичлэг байгаа. Хэргийн газрын үзлэгээр Отгонцэцэгийн зүүн халааснаас цустай хутга гарч ирсэн тэр хутган дээрх цус ДНК шинжилгээ хийхэд тохирсон байгаа.  Мөн хивсэн дээрх цус нь талийгаачийн цус гэдэг нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий гэрч Батхуяг, Баясгалан, Онолбаатар нарыг хэд хэдэн удаа асуусан. Батхуягийг 3 удаа асуусан. Мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч болон прокурор оролцсон. Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдсэн байгаа. Хэрэг гарах үед эрэгтэй, эмэгтэй хүн хоорондоо маргалдсан байдаг. Эрэгтэй хүн талийгаач, эмэгтэй хүн нь Ц-О-гэдэг нь тогтоогдсон.  Гэрч Онолбаатарын мэдүүлгээр “би яг хараагүй ч гэсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдсан. Эрэгтэй нь залуу хүний хоолой байсан. Хоорондоо маргалдаж байгаад эрэгтэй хүн нь гараад явсан, хаалга сонсогдсон. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаа нар ирсэн” гэж мэдүүлдэг. Мөрдөн байцаалтын шатанд Ц.О-гээс байнга гомдол ирж байсан. Долоо хоногт бараг 2 удаа ирж байсан. Энэ гомдолдоо Болор, Отгондорж , Батцэцэг нарыг шалгаж өгнө үү гэж гомдол ирж байсан. Энэ хэрэгт гомдлыг нь хавсаргасан байгаа. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа нотлох,  хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй гэж заасан байгаа. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байгаа. Ийм учраас О-гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдсон. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх санал гаргаж байна. ...” гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Ц-О-нь 2019 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 35б байрны 1 давхрын 1 тоотод С.Лхагвадоржийг “архи авчраагүй, архи хороолоо” гэх шалтгааны улмаас цээжин тус газар нь 2 удаа хутгалж алсан болох нь:

гэрч О.Номин-Эрдэнийн “...талийгаач 2019 оны 1 дүгээр сарын 03-ны орой 21-22 цагийн үед санаж байна танихгүй мобикомын дугаараас залгаад чи хаана байгаа юм бэ гэхээр нь би гэртээ байна гэсэн. Тэгээд би 3 хоног архи уучихлаа, уучлаарай гэхээр нь би тэр чигтээ архиа уугаад явахгүй юу гээд би утсаа тасалчихсан. Тэгээд холбоо бариагүй байж байгаад ийм асуудал болсон талаар мэдсэн...” /1хх 127-129/,

гэрч Б.Баярмаагийн “...Би 2019 оны 1 дүгээр сарын 04-ний шөнийн 01 цагийн үед дүү Мөнхцэцэгийн хамт АТМ орж мөнгө авахаар гэрээсээ гараад явж байхад 35А байрны урд талын зам дээр эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан бас амьсгалаад байсан. ...Би урьд өмнө харж байгаагүй хүн байсан ба согтуу хүн байхаар нь ойртоод ирэхэд гэдсэн дээр нь цус болсон байсан. ...” /1хх 123-124/,

гэрч Т.Гоомаралын “...Би 2019 оны 1 дүгээр сарын 4-ний шөнө 01 цагийн үед ах Хатантөмөрийн машиныг 35б байрны урд байрлуулаад зогсож байхад танихгүй 2 эмэгтэй ирээд түргэн тусламж дуудаад өгөөч энд хүн цус алдаад хэвтэж байна гэхээр нь машинаас буугаад харахад зам дээр танихгүй эрэгтэй хүн дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би түргэн тусламж дуудсан, хажуугаар явж байсан машинтай хүн цагдаа руу залгасан. Намайг ирэх үед ойр хавьд хүн харагдаагүй...” /1хх 125-126/,

гэрч Н.Батхуягийн “...2019 оны 1 дүгээр сарын 03-ны өглөө 10 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35б байрны 1 давхарт байдаг Отгонбаярынд очихоор явж байгаад Мах импексийн 16-н айлын сууцны гадаа Эрдэнэбаатар ахтай таараад хамт Отгонбаярынд очъё гээд би дэлгүүрээс 1 шил “Шим” нэртэй 0,75 литрийн шилтэй архи аваад Отгонбаярынд ороход тэднийд Баясгалан ах, Эрхээ буюу Баатар ах, Батцэцэг, О-болон танихгүй махлаг залуу, өндөр туранхай залуу нар архи уугаад сууцгааж байсан ба намайг орж ирээд байхад Одгэрэл ах орж ирсэн. ...Архи дуусахад Одгэрэл ах, Эрдэнэбаатар ах нар гэр рүүгээ явлаа гээд яваад өгөхөөр нь би үлдээд байж байтал махлаг танихгүй залуу намайг хамт манайх руу ороод бараашиг аваад ирье гэхээр нь дагаж гараад хажуу талынх нь байранд байх гэр рүү нь орж 60 литрийн цэнхэр өнгийн хуванцар савтай бараашиг байсныг өргөөд Отгонбаярынх руу орсон. Тэгээд 60 л савтай бараашигнаас бүгдээрээ хутгаж ууцгаагаад нилээд согтоцгоогоод Отгонбаяр өрөөний баруун талын хана хэсэгт шалан дээр согтоод тасраад уначихсан, Баясгалан ах зүүн буланд суугаараа согтоод тасарчихсан, Баатар ах зүүн хойд буланд шалан дээр согтоод тасраад уначихсан, Отгонцэцэг, танихгүй өндөр туранхай залуу 2 өрөөний хойд хэсэгт байрлах матрасан дээр зэрэгцэж суугаад би матрасны өмнө байрлах ширээний урд талд сууж байтал О-танихгүй өндөр туранхай залууг “чи архи авчраагүй” гээд тэр 2 архи дарс яриад маргалдаад тэгэхэд О-гэнэт танихгүй өндөр залуугийн цээж рүү гараараа цохих шиг болоод гараа татахаар нь хартал Отгонцэцэгийн гарт нь хутга харагдсан. Тэр үед нөгөөх танихгүй өндөр туранхай залуу ёо гэж дуугарснаа босоод гараад явчихаар нь би мөн дараа нь гараад явсан. Өрөөний хойд хэсэгт байрлах матрасан дээр О-зүүн гар талд нь танихгүй өндөр туранхай залуу баруун гар талд нь суугаад өөд өөдөөсөө хэрэлдээд маргалдаад байсан. Харин би матрасны өмнө тавьсан ширээний ард өөдөөс нь хараад сууж байсан юм. ...Тэгэхэд О-талийгаач залууг “чи юун хүн бэ, архи уугаад, өөрөө архиа авахад яадаг юм бэ?” гэх утгатай зүйл хэлээд талийгаачийн цээж рүү нь гараараа чичиж хатгах шиг болсон. Тэгэхэд Отгонцэцэгийн гарт нь хутга шиг зүйл гялалзсан юм. Тэгтэл талийгаач залуу босоод ар талд шалан дээр байсан куртикээ бариад хаалгаар гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гараад явсан. Талийгаач орцноос гараад ертөнцийн зүгээр хойшоо эргээд явсан. ...” /1хх 130-138/,

гэрч А.Онолбаатарын “...Тэгээд би архи уугаад тасарсан. Тэгээд тасраад унтаж байхад эмэгтэй, эрэгтэй 2 хүн маргалдаж байх шиг чимээ сонссон. Тэгээд би харж чадаагүй. Тэгээд хэвтэж байхад “та намайг арай дэндүүлчихлээ” гэж эрэгтэй хүний хоолой хэлж байгааг сонсоод удалгүй хаалга дуугарсан. ...Намайг унтаж байхад эмэгтэй, эрэгтэй 2 хүн маргасан. Би хэн гэдгийг нь мэдэхгүй. Миний бодлоор эмэгтэй Отгоо болов уу гэж бодож байна. Харин эрэгтэй хүн та намайг арай дэндүүлчихлээ гэж хэлээд хаалганы чимээ гарсан. Уг эрэгтэй хүний хоолой нь залуухан хүн шиг сонсогдож байсан. Би хэн гэдгийг мэдэхгүй. Би согтуу байсан болохоор харж чадаагүй. Харин хэлж байгаа үгийг нь сонссон. ...Нилээн орой болсон хойно Отгонбаярын гэрийн том өрөөнд нь байдаг матрасан дээр би унтах гээд хэвтэж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдах шиг болоод эрэгтэй нь “намайг арай хэтрүүлчихлээ” гэх утгатай зүйл хэлээд хаалга хаагдах чимээ гараад, чимээгүй болсон. ...Би хэвтээд удалгүй унтчихсан байсан бөгөөд унтах гэж байхад л эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдаад байсан. Би нүдээ нээж хараагүй. Би бол эрэгтэй, эмэгтэй 2 хүн маргалдахыг баттай сонссон...” /1хх 139, 141/,

гэрч Т.Отгонбаярын “...Одоо яригдаж байгаа хутгалуулж нас барсан гэх залууг О-дагуулж манай гэрт 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 14 цагийн орчимд орж ирээд манай гэрт архи уусан санагдаж байна. Би тухайн өдөр бараашиг уугаад нилээн согтчихсон байсан болохоор амархан согтчихсон. Ямар ч байсан О-болон түүний дагуулж ирсэн эрэгтэй хүнтэй хамт 2 шил архи хувааж ууснаа санаж байна. ...Би энэ хутгыг том өрөөний цонхны тавцангийн баруун талд байдаг даллаганы уутны ард нууж хийсэн байсан. Миний нуусан хутгыг хүн хараад олчих боломжтой. Уг хутгыг хэн яах гэж ямар зорилгоор авсан талаар надад мэдэх зүйл байхгүй. ...Онолбаатар, Баатар, О-3 том өрөөний матрасан дээр зэрэгцээд хэвтэж байсан. Талийгаач Лхагвадорж харин матрасны булан дэрлээд хэвтэж байсан шиг санагдаж байна. Батхуяг харин өрөөнд матрасны эсрэг талын хана налаад сууж байсан. Би тэгээд өрөөнд байсан цаасан хайрцган дээр хэвтээд өгсөн юм. Тэгээд байж байтал Батхуяг талийгаачийг “чи ер нь хэн юм бэ” гэх зэргээр хэлээд маргалдсан. Тэгтэл О-хэвтэж байснаа өнгийснөө “чи ер нь хүний архи хороогоод хэн бэ, босооч зайлаач” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач босоод куртикээ өмсөөд гараад явсан. Тэгээд л би унтаад өгсөн. ... Батхуяг талийгаачийг “чи хэн бэ” гэх зэргээр хэлээд байхаар нь би тэр хоёрыг маргалдсан юм байна гэж ойлгосон юм. ...Ямар ч байсан О-“чи архи хороолоо зайлаач” гэж хэлээд өнгийж байх шиг байсан. Талийгаач куртикээ дэвсээд хэвтэж байсан юм. Тэгээд босоод куртикээ өмсөөд л гараад явсан. …” /1хх 143-145/,

Гэрч Ч.Баясгалангийн “…Лхагвааг эмэгтэй Отгоо буюу О-“чи ер нь архи хороогоод байна” гэж хэлээд хэрэлдээд эхэлсэн харин дундуур нь Хууз Хуягаа орж ирээд Лхагваа гэх залууг аваад гаргаж өгсөн шиг санагдаж байсан. Тухайн үед би бас л их уучихсан байдалтай байсан бөгөөд бараг тасарчихсан байсан юм. ...Эмэгтэй Отгоо буюу О-талийгаачийг “Архи дарс уугаад байна, битгий архи хороогоод бай” гэх шалтгаанаар хөөгөөд маргалдсан юм. Тухайн үед Лхагваа нэг их зүйл дуугараагүй бараг чимээгүй байсан. Харин Отгоо бол хэрүүл хийгээд хөөгөөд байсан юм. Маргааны дараагаар Хууз Хуягаа Лхагвааг гаргаж өгсөн юм. Тэрийг бол би яг санаж байна. ...Онолбаатар, Баатар, О-3 том өрөөний матрасан дээр зэрэгцээд хэвтэж байсан. Талийгаач Лхагвадорж харин матрасны булан дэрлээд хэвтэж байсан шиг санагдаж байна. Батхуяг харин өрөөнд матрасны эсрэг талын хана налаад сууж байсан. Би тэгээд өрөөнд байсан цаасан хайрцган дээр хэвтээд өгсөн юм. Тэгээд байж байтал Батхуяг талийгаачийг “чи ер нь хэн юм бэ” гэх зэргээр хэлээд маргалдсан. Тэгтэл О-хэвтэж байснаа өнгийснөө “чи ер нь хүний архи хороогоод хэн бэ, босооч зайлаач” гэж хэлсэн. Тэгтэл талийгаач босоод куртикээ өмсөөд гараад явсан. Тэгээд л би унтаад өгсөн. ...Батхуяг талийгаачийг “чи хэн бэ” гэх зэргээр хэлээд байхаар нь би тэр хоёрыг маргалдсан юм байна гэж ойлгосон юм. ...Ямар ч байсан О-“чи архи хороолоо зайлаач” гэж хэлээд өнгийж байх шиг байсан. Талийгаач куртикээ дэвсээд хэвтэж байсан юм. Тэгээд босоод куртикээ өмсөөд л гараад явсан. ...” /1хх 150, 151-155/,

гэрч Г.Отгондоржийн “...Би Отгонбаярынд нэг их удаагүй бөгөөд Баясгалангаар гэртээ хүргүүлээд унтсан. ...Отгонбаярынд ер нь эд хогшил гээд байх юм байхгүй, хов хоосон байр л байдаг. ...О-ер нь их айхтар хүүхэн, хамт архи уусан хүмүүсийнхээ гар утсыг хулгайлдаг, яриад өгье гээд аваад явдаг гэх мэт зүйл сонсогдож байдаг. Ааш зан нь ер нь агсам талдаа. Байнга хүмүүстэй хэрэлдэж маргалдаад явж байдаг юм. ...” /1хх 160-162/,

гэрч С.Болорын “...Би 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр гэртээ унтаж байгаад 12 цагийн орчим босоод...Орилоо хочит Отгоогийн гэрт ирсэн. ...Намайг гэртээ харихад 17 цаг болж байсан. Батцэцэг тэр өдөр өөрийн 2 настай хүүхэдтэйгээ байсан. ...эмэгтэй Отгоо бид 2 бол огт таардаггүй жаахан юман дээрээс болоод маргалддаг. Бид нарын гар утас болон жижиг сажиг зүйлсийг байнга хулгай хийдэг. Хэрцгий догшин араншинтай хүнийг дандаа доош нь хийж шоглож явдаг, хүмүүсийн дунд яс хаяж хэрүүл маргаан үүсгэдэг. ...Миний сүүлд сонссоноор тэр өдрийн урд өдөр нь талийгаач Орчлон хороолол хавиар Отгонцэцэгтэй уусан гэж байсан. Отгонбаярын хэлснээр 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө Отгонцэцэгтэй уусан гэж байсан. О-талийгаачийг дагуулж орж ирсэн юм шиг байна лээ. ...” /1хх 170-173, 175/,

гэрч Б.Батцэцэгийн “...2019 оны 1 дүгээр сарын 3-ны өглөө би 1 нас 8 сартай охиноо аваад Орилоо хочит Отгонбаярын гэрт очсон. Намайг Отгонбаярын гэрт ороход Отгонбаяр, Онон, Отгонцэцэг, нас барсан гэх хүмүүс байсан. ...Гаднаас Баясах, хууз Хуягаа гэх 2 хүн орж ирсэн... архиа ууцгааж байхад гаднаас Болор ирсэн. ...архийг Отгонбаярынд байсан алимны бараашиктай хольж ууцгаасан. Тэгээд ойролцоогоор 15-16 цаг болж байхад би хүүхдийн мөнгөнөөс үлдсэн мөнгөөр дэлгүүр орж 0,75 л архийг Отгонбаярын хажуу талын дэлгүүрээс аваад буцаж ороод бүгд архиа хувааж ууцгаасан. Тэгээд нилээн согтоод 23 цаг 30 минутын үед гэртээ орж ирсэн гэж манай нөхөр надад хэлсэн. ...Би нас барсан хүнийг 2019 он гарсны дараахан 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр санагдаж байна намайг Отгонбаярынд ороод архи уугаад сууж байхад Орших гэдэг 30 орчим насны залуу нас барсан залуугийн хамт орж ирж байсан. Тэгэхэд тэр залууг анх харж байсан, өөрийгөө Архангай аймгийнх, наян хэдэн онд төрсөн хүн гэж байсан. ...2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр тааралдахад өмсөж явсан куртиктэйгээ л явж байх шиг байсан. Отгонбаярын яриагаар О-өглөө талийгаачийг дагуулж гэрт нь орж ирсэн гэж байсан. Орилоо хочит Отгонбаяр нь тэгэхэд “би уг нь хутгаа нуудаг даа, миний хутга хаана байдгийг Отгонцэцэгээс өөр хүн мэдэхгүй дээ, О-манайд 2, 3 хоносон” гэж хэлж байсан. Батхуяг тэгэхэд О-талийгаачийг хутгалахыг би харсан гэх утгатай юм ярьсан юм. Баясгалан тэгтэл Батхуягт чи талийгаачтай хамт гараа биз дээ гэхэд Батхуяг “тэгсэн юм тэгээд яахын тэгвэл би алчихсан юм” гэж хэлсэн. Батхуяг ямар учиртай тэгж ярьсныг би мэдэхгүй байна...” /1хх 181-188/,

гэрч Д.Батцэнгэлийн “...Тухайн өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 4-ний шөнийн 01 цагийн үед гэртээ амарч байхад манай эрүүгийн ахлах мөрдөгч Ч.Нямбаяр над руу залгаад Дөл хүнсний дэлгүүрийн орчим нас барсан хүн байна. Яаралтай очиж шалгаадах би одоо очиж байна, танайх ойрхон учир түрүүлээд очоод нөхцөл байдлыг хянаж бай гэсний дагуу би 5 минутын дараа гэрээсээ гарч тухайн нас барсан хүн буюу хэргийн газар дээр ирсэн. Намайг ирэх үед шаргал өнгийн богино куртиктэй өмд цамц нь цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай эрэгтэй хүний цогцос байсан ба жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авсан байсан. Амь хохирогч хутганы шархтай байсан учраас холоос ирж чадаагүй байх гэж бодоод ойр орчимд биечилсэн сурвалжлага хийж....35а байрны жижүүр Хишгээ гэх хүнтэй уулзаж хохирогчийн зургийг үзүүлэхэд сүүлийн 2 хоног манай энэ хавиар архи уугаад явж байсан хүн мөн байна ...” гэж хэлсэн. Тэгээд хаана бөөгнөрөл үүсгэж хүмүүс архидан согтуурч байна вэ гэж асуухад “орилоо хочтой Отгоо гэгчийнд сүүлийн 3-4 хоног шувтан архидаж байна гэж хэлсэн. ...Отгоогийн буюу 35б байрны 01 тоот хаалганы үүдэн дээр ирсэн. Тэгээд хаалгыг нь тогшиход Баясгалан гэх манай хорооны субъектын судалгаанд байдаг архи уудаг хүн хаалгыг нь тайлсан. Ингээд дотогш ороход гал тогооны өрөөнд Баатар ганцаараа доошоо хараад унтаж байсан. Том өрөө рүү ороход хоймор хэсэгт нь болон гол дунд хэсэг, үүдний хэсгүүд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, дотор нь Орилоо Отгоо, Отгонцэцэг, Онолбаатар 3 саарал өнгийн матрас дээр унтаж байсан. Тэгээд гэрлийг нь асаагаад унтаж байсан хүмүүсийг юу болов яав гээд сэрээх гээд татах үед О-гэх эмэгтэйн өмдний зүүн талын урд халааснаас хутганы бариул хэсэг нь цухуйж байхаар нь бээлийгээр үзүүрээс нь барьж байгаад ягаан өнгийн хуйнаас нь сугалж үзэхэд хутганы иш дээр цусны толботой байсан. Ингээд тэнд байсан хүмүүсийг хэлтэс дээр авчирч ирээд төвийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийж үлдсэн. ...” /1хх 196-201/,

гэрч Л.Ууганбаярын “...Орилоо Отгоод амь хохирогчийн иргэний үнэмлэхний гэрэл зургийг үзүүлэхэд “наад залуу чинь өнөөдөр манайд бид хэдтэй архи уусан залуу мөн байна” гэж хэлсэн. Тэгээд О-рүү гэрэл тусгаад хартал өмднийх нь зүүн талын халааснаас цэнхэр өнгийн зүйл цухуйж байсан. Тэгсэн мөрдөгч Д.Батцэнгэл бээлийгээ өмсөөд тухайн цэнхэр өнгийн зүйлийн үзүүрээс бариад дээш өргөсөн чинь цэнхэр гэртэй цэнхэр иштэй хутга байсан. Хутганы үзүүр рүү гэрэл тусгаад хартал үзүүр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. ...” /1хх 199-201/,

гэрч Б.Хишигдолгорын “...шөнө Батцэнгэл цагдаа ирээд нэг хүний иргэний үнэмлэх үзүүлээд энэ хүнийг таних уу гээд асууж явсан. Тэгээд хаана хүмүүс цуглаж архи дарс ууж цугласан бэ гэхээр нь Отгонбаярынд гэж хэлсэн. Би Отгонцэцэгийг бол таньж мэднэ. Намайг энд ирж байхад хадам ээж Догоо гээд хөгшин надтай хамт орцны жижүүр хийдэг байсан. О-нь манай энэ хавиар л архи дарс ууж явдаг. Сүүлийн үед жоохон догширсон юм уу гэж харагдсан. Эгч хааяа бухимдахаараа ингэх юм аа гэж байсан. ...” /1хх 216-218/,

гэрч Г.Дашсүрэнгийн “...манай дэлгүүрийн цонхыг хүн тогшоод хартал цагдаа нар байсан. Танай дэлгүүрийн гадна хүн нас барсан байна, хяналтын камерыг шүүж үзэх шаардлагатай байна гээд орж ирсэн ба бичлэгийг үзүүлтэл манай гадаа талын камерт шөнө 01 цаг өнгөрч байхад 1 залуу урдаас хойд чиглэлтэй явж байгаад машин зам дээр унаж байгаа дүрс байсан. Үүнээс өөр мэдэх зүйл байхгүй. ...” /1хх 240-241/,

гэрч Б.Оршихын “..Би амь хохирогч Лхагвадоржийг дагуулж Орилоо хочит Отгонбаярын гэрт орсон. Хэдний өдөр, хэдэн цаг гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан ороход Орилоогийн гэрт 60 л савтай бараашик, хатсан алим тавьчихсан баахан хүмүүс архи ууж байсан. ...Тэгээд амь хохирогч бид 2 гарч яваад автобусны буудал дээрээс салаад би гэртээ харьсан. Амь хохирогч хаачсаныг мэдэхгүй. Үүнээс хойш дахиж уулзаагүй. Нас барсан гэдгийг хэд хоногийн дараа мэдсэн. ...” /1хх 248-249/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн “...Дээрх 2 шарх гэмтэл нь талийгаачийг ямар ч байрлалд байх үед үүсэх боломжтой, дээрх байрлалд энэ шарх үүсэх боломжтой, мөн үүн дээр суугаа байрлалд байх үед талийгаачид дээрх гэмтэл учрах илүү магадлалтай. Учир нь шарх гүн учирсан, ...амь хохирогч үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэл хугацаанд амьд явах боломжтой. Ер нь 5-10 минутаас хэтрэхгүй. Үүнд: 1 минут ч, 2 минут ч байж болно. Биеэ хамгаалах чадвар, өөрийгөө удирдан жолоодох чадвар маш бага байсан, биед нь эсэргүүцсэн тэмцэлдсэн гэх ул мөр илрээгүй учир биеэ хамгаалах чадвар сул байсан байх боломжтой байна. ...Богино хугацаанд алхах зэрэг идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. ...дагзны шарх гэмтэл нь унах үед өөрөөр хэлбэл талийгаач гэмтэл авсны дараа ойчих үед үүсэх боломжтой юм. Дээрх шарх гэмтэл нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн хавж орсон цээжний шарх нь дангаараа хөнгөн, зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Талийгаач богино хугацаанд амьд байх боломжтой бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэгээр /42 метр зай/ тогтоосон зайд алхаж явах боломжтой. ...” /2хх 8-13/ гэсэн мэдүүлгүүд,

Эд зүйлд үзлэг хийсэн “...ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсэг 9,5 см, нийт 19,5 см урттай, мөрний зузаан 0,2 см, ажлын хэсгийн өргөн нь 2,3 см урагш нарийссан ягаан өнгийн хуванцар бариултай, ягаан өнгийн хуванцар хуйтай хутга байв. ...” /1хх 101/ тэмдэглэл,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №228 дугаартай “...С.Лхагвадоржийн цогцост цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний шарх орчим болон үнхэлцгийн урд ханын шарх орчмын цус хуралт, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, дагзны язарсан шарх, зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/, зүүн гарын сарвууны зулгаралт, зүүн гарын 2-р хурууны хуучивтар зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх болон зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/ гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, хавсан байдалтай, цээжний хөндийд нэвтрээгүй байх ба цээжний урд дунд буюу зүүн хөхний хажуу хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь урдаас арагш, баруун дээрээс зүүн доош чиглэлтэй, өвчүүний зүүн урд хэсгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцгийн урд хана болон зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт хатгаж гэмтээсэн байна. Амь хохирогчийн биед учирсан цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн гэмтэл, зүүн эгэмний доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх /цээжний хөндий рүү нэвтрээгүй/ болон шарх орчмын булчингийн цус хуралт, дагзны язарсан шарх болон дагзны хуйхны цус хуралт гэмтэл нь тус тусдаа хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Амь хохирогч С.Лхагвадорж дээрх үхэлд хүргэсэн гэмтлийг аваад маш богино хугацаанд /цөөн минут/ тухайлбал үнхэлцэгт цус хуралдаж, зүрх чихэлдэх хүртэлх хугацаанд амьд явах боломжтой. ...Талийгаач нь 2019 оны 1 дүгээр сарын 3-ны 23.00 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 4-ний 01.00 цагийн хооронд нас барсан байх боломжтой. ...Амь хохирогчийн биед эсэргүүцсэн тэмцэлдсэн ул мөр гэх гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 3,9%, ходоодны шингэнд 5,9%, шээсэнд 5,1 %, цөсөнд 2,7% спиртийн агууламж илэрсэн, шээсэнд мансууруулах бодис илрээгүй ба хүнд зэргийн согтолттой байжээ. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй болно. Талийгаач 0/1/ бүлгийн цустай байна. ...” /2хх 3-5/,

Шинжээчийн №343 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй” /2хх 21/,

Шинжээчийн №777 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтцоороо 598 дугаартай биологийн шинжилгээний объект болох С.Лхагвадоржийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /2хх 25/,

Шинжээчиин №850 дугаартай /хх-н 48-р хуудас, 2 хавтас/ “...Шинжилгээнд ирүүлсэн бор цамцанд гарсан 14мм, 16мм, цагаан футболканд гарсан 12 мм, 13 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Дээрх бор цамцанд гарсан 14 мм, цагаан футболканд гарсан 12 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр, бор цамцанд гарсан 16 мм, цагаан футболканд гарсан 13 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан байж болно...",

Шинжээчийн №438 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хохирогчийн гэх саарал ноосон өмд, ноосон малгай, оймснууд дээр цус илрээгүй. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр 01 бүлгийн харъяалалтай хүний цус байна” /2хх 42/,

Шинжээчийн №774 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №8 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартай биологийн шинжилгээний объект болох С.Лхагвадоржийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. /2хх 91-92/,

Шинжээчийн №773 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №9 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартай биологийн шинжилгээний объект болох С.Лхагвадоржийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” /2хх 95-96/,

Шинжээчийн №775 дугаартай /хх-н 99-100-р хуудас, 2 хавтас/ “Шинжилгээнд ирүүлсэн №10 гэж дугаарласан дрожны хэсэг дээр илэрсэн цус нь эрэгтэй хүний цус байна. Уг цус нь ДНХ-ийн тогтоцоороо 598 дугаартахй биологийн шинжилгээний объект болох С.Лхагвадоржийн гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлтүүд,

“Дөл” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 69-77/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 25-28/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-45/, 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 цаг 35 минутад “Цэрэнгалсангийн О-нь драгераар үлээлгэхэд 0.78%-тай гарсан учраас эрүүлжүүлсэн талаарх бүртгэлийн дэвтэрийн хуулбар /3хх 44/, хэргийн газрын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 106/, “Баянбулаг” ломбардын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 111/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1хх 79-83/, гар утасны дугаарын лавлагааны хуудсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 84-91/, Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх илтгэх хуудас /3хх 243-245/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Ц.О-гийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж  заасантай нийцжээ.

Үүнээс гадна хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг гэмт этгээд хохирогч бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлдэг. 

Хэрэгт авагдсан гэрч Н.Батхуягийн “...талийгаачийн цээж рүү нь гараараа чичиж хатгах шиг болсон. ...Тэгтэл талийгаач залуу босоод ар талд шалан дээр байсан куртикээ бариад хаалгаар гараад явсан. ...Талийгаач орцноос гараад ертөнцийн зүгээр хойшоо эргээд явсан. ...” гэрч А.Онолбаатарын “...эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдах шиг болоод эрэгтэй нь “намайг арай хэтрүүлчихлээ” гэх утгатай зүйл хэлээд хаалга хаагдах чимээ гараад, чимээгүй болсон...” гэсэн мэдүүлэг, хэрэг болсон цаг хугацаанд хоорондоо маргалдсан, амь хохирогч хутгалуулсны дараа хэргийн газраас явсан зэрэг байдлаас үзэхэд түүнийг биеэ хамгаалж чадахгүй байдалд байсан гэж үзэхгүй.

Мөн шүүгдэгч Ц.О-гийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг ухамсарлаж, мэдсээр байж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байна.       

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимд нийцсэн байна.

 Шүүгдэгч Ц.О-гийн “...энэ хэргийг хийсэн гэж үндэслэлгүйгээр намайг яллаж байна. Цуг хамт ууж ирсэн хүмүүсийн мэдүүлэгт үндэслэсэн гэсэн. Би энэ зүйл анги болон энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. ...”, түүний өмгөөлөгч нарын “...Ц-О-энэ гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй, шалгавал зохих ажиллагааг хийгээгүй. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Ц-О-нь хохирогчийн цээжин тус газар нь 2 удаа хутгалж, хохирогч нь цээжний урд дунд хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрч өвчүүний зүүн урд хэсгээр үнхэлцэг ба зүрхний баруун ховдлын урд ханыг нэвт гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн хэрэгт шүүгдэгч Ц.О-гээс өөр хүн амь хохирогчид гэмтэл учруулсан, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Гэрч Т.Отгонбаярын “...тэгэхэд Батхуяг “би талийгаачийг араас нь хутгалчихсан юм” гэж хэлсэн. ...Батхуяг яагаад тэгэж хэлснийг мэдэхгүй байна. Дараа нь хоёр гурав хоногийн дараа таарахад Батхуяг би тэгж хэлснээ санахгүй байна гээд байсан...” /1хх 148/,

Гэрч Ч.Баясгалангийн “...тэгтэл Батхуяг нилээн согтсон байсан бөгөөд би талийгаачийг хусчихсан юм гэж хэлсэн. ...маргааш нь Батхуягийг эрүүл болсон байхад нь бид нар чи өчигдөр талийгаачийг алсан гэж ярьсан гэхэд би тийм юм яриагүй гэж байсан...” /1хх 154/,   

Гэрч С.Болорын “...Тэгэхэд бид хоорондоо талийгаачийг хэн хутгалчихваа, О-юунаас болоод хутгалчив гэж ярьсан юм. Тэгэхэд Баясгалан, Отгонбаяр хоёрын нэг нь Батхуягийг чи талийгаачийн араас гарсан биз дээ гэхэд Батхуяг уурлаад тэгээд юу гэх гээд байгаа юм, намайг араас нь гараад шаачихсан гэх гээд байгаа юм уу, тэгвэл би шаачихсан юм гэж хэлсэн. ...Отгонбаяр нь Замиланд хандан энэ хүн талийгаачийг шаасан гэж яриад байна ш дээ гэж Батхуягийг зааж хэлсэн. ... Батхуягийг эрүүл болсон байхад нь бид нарт чи өчигдөр талийгаачийг алсан гэж ярьсан гэхэд би тийм юм яриагүй гэж байсан...” /1хх 175, 177/,

Гэрч Б.Батцэцэгийн “...Батхуяг тэгэхэд О-талийгаачийг хутгалахыг би харсан гэх утгатай юм ярьсан юм. Баясгалан тэгтэл Батхуягт чи талийгаачтай хамт гараа биз дээ гэхэд Батхуяг “тэгсэн юм тэгээд яахын тэгвэл би алчихсан юм” гэж хэлсэн. Батхуяг ямар учиртай тэгж ярьсныг би мэдэхгүй байна...” /1хх 189/,

Гэрч О.Замилангийн “...Болор нь надад хандан ахын дүү ээж чинь талийгаачийг алаагүй. Батхуяг алчихсан юм байна лээ гэж хэлсэн...” /1хх 222/ гэсэн мэдүүлгүүдийн утга агуулгаас үзвэл хэрэгт хамааралтай, Н.Батхуягийн тухайн үед ярьсан зүйл үнэн зөв, хэрэг болсон гэх Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 35б байрны 1 давхрын 1 тоотоос С.Лхагвадорж гарсан хойноо бусдад хутгуулсан гэх баримт хэрэгт алга.

Дээрх нэр бүхий гэрч нарын бусад мэдүүлгүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Ц-О-С.Лхагвадоржийг цээжин тус газар нь 2 удаа хутгалж алсан болох нь хөтөлбөргүй тогтоогдсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.Баясгалан, шинжээч эмч Б.Ундармаа нарын мэдүүлгийг үнэлсэн нь шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-г, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.О-г, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                Ц.ОЧ

 

 

                                    ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ