Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0749

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг О.Оюунгэрэл даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Ш ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, О.М,

Гомдлын шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000000дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЧХЖ /ChHJ/, Г.Н, хариуцагч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Ш ХХК гомдлын шаардлагадаа: ...Манай компани 2007 онд үүсгэн байгуулагдан барилгын материал худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг ба Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын тухай хуулиудын дагуу үйл ажиллагааны орлого, зарлагаа цаг тухай бүрд нь тогтмол бүртгэн, санхүү болон татварын тайланд тусган хуулийн хугацаанд татварын албанд тайлагнаж, татвараа тухай бүр нь төлдөг бөгөөд 2008 оноос хойш байнга татварын илүү төлөлттэй явж ирсэн бөгөөд татварын улсын байцаагч шалгалт хийн 2016 оны эцсийн байдлаар 1 407 411.9 төгрөгийн татварын буцаан авалттай байсан ба одоогийн байдлаар мөн татварын илүү төлөлттэй байгаа билээ.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчид нь Ш ХХК-д татварын хяналт шалгалт хийж, 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсаар Ш ХХК-ийг М ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй падаануудаар 134,127,271 төгрөгийн, НӨАТ-ын төлбөрийн баримтуудаар 31427271 төгрөгийн, Д ХХК-иас НӨАТ-ын төлбөрийн баримтуудаар 36,636,363 төгрөгийн нийт 202,190,908.54 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй худалдан авалт хийж Татварын ерөнхий хууль, НӨАТ-ын тухай хуулиудын холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэж дүгнэн Ш ХХК-д 20,219,090.82 төгрөгийн нөхөн татвар, 6,065,727.26 төгрөгийн торгууль, 4,043818.17 төгрөгийн алданги нийт 30,328,636.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь Ш ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар ноцтой зөрчиж байна.

Ш ХХК нь барилгын материал бэлтгэн нийлүүлэгч болох М ХХК-тай грунт эмульс, хар замаск худалдан авах гэрээг 3 удаа Д ХХК-тай 1 удаа тус тус гэрээ байгуулж, бараагаа зээлээр аваад төлбөрөө төлж дууссаны дараа НӨАТ-ын падаанаа авахаар тохиролцсон ба бараа авах бүртээ нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болох зарлагын падаан авч, мөнгө төлсөн үедээ бэлэн мөнгөний зарлагын баримт бичиж, тус компанийн бэлэн мөнгөний орлогын баримтын 1 хувийг авч нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг бүртгэж, өглөг авлагаа тооцож, тооцоо нийлсэн акт үйлдэн санхүү, татварын тайландаа тусгасан нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудаар дэмжигдэн бүрэн нотлогдож байхад үндсэн баримтуудыг үнэлээгүй, харин баримтгүй, төлбөр төлөөгүй гэж үзэж төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь татвар төлөгч бидний эрхийг зөрчиж байна.

Мөн дээрх 2 компаниас худалдан авсан грунт хар замаска, эмульсийг манай захиалагч компаниуд болох МюХХК, ТСДХХК, ТӨ ХХК, ӨХ ХХК-иудад борлуулсан нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтуудаар бүрэн нотлогдоно.

Борлуулалтын орлого нь Ш ХХК-ийн Голомт банкны 0000000000 тоот дансаар бэлэн бусаар орж ирсэн байгааг онцгойлон анхаарч үзэлгүй төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулсан татварын улсын байцаагч нарт гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000000тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: Энэ шийтгэлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй гэсний дагуу хий бичилттэй падаанаар худалдан авалт хийсэн гэж үзсэн. Хий бичилт гэсэн ойлголт Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд байдаггүй. Мөн бусад баримтад тусгагдаагүй гэсэн байдаг. Гэтэл Б.Н, О.М байцаагч нар нь манай компанид шалгалт хийхдээ татварын баримтуудыг хүлээн авсан тухай жагсаалтаар худалдан авалтын гэрээ 4 хуудас, тооцоо нийлсэн акт 5 хуудас, М ХХК-ийн зарлагын баримт 8 хуудас гэх мэтчилэн баримтуудыг хүлээн авсан.

Татварын ерөнхий хуулийн 18.1.3-т анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэсэн үүргийнхээ дагуу манай компани тогтмол санхүү болон татварын тайлангаа гаргаж өгсөн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд анхан шатны баримт, журнал гэж юу болох тухай зохицуулсан байдаг. Манай шалгалтын материалд анхан шатны материалыг нотлох 35 ширхэг баримт байдаг. Үүнд: гэрээ 5 ширхэг, нэхэмжлэх 5 ширхэг, төлбөр төлсөн баримт, бэлэн мөнгөний орлого зарлагын баримт 22 ширхэг, бараа материалын зарлагын баримт 9 ширхэг, бусад зүйлсийг нотлох барилгын материалын сорилт шинжилгээний дүн 2 ширхэг, тооцоо нийлсэн акт зэрэг баримтууд байгаа.

Мөн дээрх компаниудаас худалдан авсан хий бичилттэй гэсэн падааны барааны борлуулалтын орлого нь манай Голомт банк дахь дансаар бэлэн бусаар орж ирсэн байгаа. Бодитой үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлох ТСД ХХК, ӨХ ХХК-тай хийсэн борлуулалтын гэрээнүүд байгаа. Манай байгууллага 2015 оны 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл 4 падааны баримт авсан байгаа. 2016 онд гаалиар бараа орж ирээгүй. Барилгын үйл ажиллагаа өөрөө улирлын чанартай байдаг учраас 2015 онд орж ирсэн барааны үлдэгдлийг 2016 оны 05 дугаар сард зарсан байх магадлалтай.

Татварын ерөнхий газрын даргын тушаалд тухайн падаан зөрчилтэй талаар хууль хяналтын байгууллага нотолсон, падааныг тайлан тооцоондоо тусгаагүй, падааны зарцуулалтын мэдээлэл нь зөрүүтэй бол зөрүүг арилгах хүртэлх хугацаанд падааны зөрчилд хамаарна гэсэн байдаг. Гэтэл манай компанид эдгээрийн аль нь ч байхгүй байгаа. Хууль хяналтын байгууллага шалгаагүй, тайландаа тусгачихсан байдаг. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000000тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүсэж байна... гэв.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ЧХЖ: ...М ХХК, Д ХХК хоёр нь 1 захиралтай компаниуд байсан. Тэр компани ачааны машинтай бараагаа хүргэж өгдөг байсан. Тэр компани нь Багшийн дээд сургуулийн урд UBH центерт байрладаг байсан. Анх нэг охин компаниа танилцуулж явж байсан. Тэгэхэд нь сонирхоод, дээжийг нь авч шинжилгээнд өгөөд чанар нь дажгүй юм байна гээд хамтарч ажиллахаар болсон. Худалдан авахдаа чанарыг нь үзэхийн тулд шинжилгээнд өгч байсан. Чанар нь сайн байсан. Мөн давуу талтай зүйл нь манайд зээлээр өгдөг байсан. Бид нар бараагаа борлуулчхаад мөнгийг нь бэлнээр хэсэгчлэн өгдөг байсан. Р.Б гэдэг хүнтэй гэрээ байгуулах үедээ нэг удаа уулзаж байсан. Гэрээнд гарын үсэг зурсан. Манай Ш ХХК-д нөхөн татвар тавьж чадахгүй байгаа учраас М ХХК, Д ХХК хоёрыг татвараа нөхөн төл гэж байгаа санагдсан. Манай компани акт тавиулаад, актаа нөхөн төлчихвөл нэмэгдсэн өртгийн албан татварыг давхар төлсөн болно. Цагдаагийн газарт шалгуулахад би хамт байсан ба байцаагчтай нь уулзахад татвар дээр очиж сайн тайлбарла. Энэ худалдан авалт хуурамч гэдэг нь яг баталгаатай биш байна гэж байсан... гэв.

Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Татвар төлөгчийн 5129044 дугаартай Ш ХХК-ийн 2015-2016 онд М ХХК, Д ХХК-тай хийгдсэн худалдан авалтын дагуу бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны татварын ногдуулалт. төлөлтийн байдалд "Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, чиглэлийн дагуу татварын улсын байцаагч Б.Н, О.М нар иж бүрэн шалгалт хийж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 000000000тоот шийтгэлийн хуудас бичсэн.

Татварын хяналт шалгалтаар Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д: /Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1 ./татвар ногдох зүйл. татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;/ 18.1.3./анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны гайлан тэнцэл гаргах;/ 18.1.14./хууль тогтоомжид заасан бусад үүрэг/ гэж заасныг үндэслэн 0000000 тоот регистрийн дугаартай "М" ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0000000001 тоот падаанаар 38,272,727.00 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0000000002 тоот падаанаар 20,909,090.91 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 000000003 тоот падаанаар 52,272.727.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0000000004 тоот падаанаар 22,672,727.27 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 00000009 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 17,518,181.82 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00000010 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 13,909,090.91 төгрөгийн, 0000000 регистрийн дугаартай Д ХХК-иас 2016 оны 09 сарын 21-ний өдрийн 000000005 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 11,181,818.18 төгрөгийн, 2016 оны 08 сарын 12-ны өдрийн 000000006 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 25,454,545.45 төгрөгийн нийт 202,190.908.54 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан гэж үзэн энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 /Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй./, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд: /Нягтлан бодох бүртгэлийн зарчим. 5.1.4.үнэн зөв байх/, 8.4./Аж ахуйн нэгж. байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж. тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна./ гэж заасныг зөрчсөн гэж үзэн шийтгэлийн хуудас бичсэн... гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: ...О.М байцаагч бид хоёр Эрүүгийн цагдаагийн албаны мэдээллийн дагуу шалгалт явуулж зөрчилд нь шийтгэлийн хуудас бичсэн. Энэ шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүд нэлээн бий. Үүний дотор Ш ХХК-ийн зөрчил, мэдээллийн цуг ирсэн. Шийдвэр гаргах явцад баримт хүссэн жагсаалтын дагуу баримтаа авчирч өгсөн ч манай байгууллагын зүгээс баримтыг хуурамч гэж үзсэн. Хяналт шалгалтын явцад эдгээр баримтуудыг бодитой гүйлгээний үйл ажиллагаанд тулгуурлаж гаргаагүй гэж үзсэн тул үнэлээгүй.

Д ХХК-ийн борлуулалтын бүртгэлд Ш ХХК-д бичсэн 2 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бүртгэсэн байдаг, мөн М ХХК борлуулалтдаа бүртгэсэн. Татварын ерөнхий хуульд борлуулалтын орлогоо нуусан, огт татварын орлогоо тайлагнаагүй тохиолдолд хариуцлага ногдуулах заалттай учраас тэдгээр компаниудад хариуцлага ногдуулаагүй. Тараагч компаниуд орлогоо тайлагнаад, Ш ХХК худалдан авалт буюу зарлагаа тайлагнаж бичигдсэн падааныг албан ёсны болгон харагдуулж байна гэж үзсэн. Тараагч компаниудын хувьд эрүүгийн хэргээр шийдэгдэж байгаагаас татварын албанаас илтгэх хуудас бичигдээгүй. Учир нь Татварын ерөнхий хуулийг тараагч компаниуд зөрчөөгүй, орлогоо мэдүүлсэн гэж үзэж байгаа юм. Татварын улсын байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 000000007 тоот дүгнэлтийг Д ХХК-ийг Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар бичсэн.

Ш ХХК нь огт үйл ажиллагаа явуулаагүй биш хасагдсан дүнгийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байж гэж үзэхээр байна. Процессын хувьд дүгнэлт Цагдаагийн газарт очоод Прокурорын тогтоол гардаг. Дараа нь манай байгууллагад ирдэг ба татварын албанаас нэг бол илтгэх хуудас, нэг бол шийтгэлийн хуудас үйлддэг юм. 2016 онд манай байгууллагад мэдээлэл ирэнгүүт худалдан авалт хийсэн компаниудад тайландаа залруулга, засалт хийж байна гэж мэдэгдсэн. Зарим компаниуд өөрсдөө сайн дураараа ирээд залруулгаа хийсэн. Ш ХХК-д утасдаж хэлсэн. Гэтэл манай компани өөрсдийн тайландаа итгэлтэй байна гээд залруулга хийгээгүй.

Татварын ерөнхий хуульд зааснаар орлогоо тайлагнасан тохиолдолд тэрхүү орлогод нь дахин татвар ногдуулах боломжгүй байдаг. Д ХХК, Ш ХХК-ийн худалдан авалтын борлуулалтыг үгүйсгэж байж татвар төлөх үүрэг үүсэх гээд байгаа. Татварын ерөнхий хуульд зааснаар худалдан авалт тал нь үгүйсгэгдэж байж татвар төлөх үүрэг үүсэхээр байдаг.

Д ХХК борлуулалтын орлогоо тайлагнасан. Одоо дахин татвар ногдуулбал 1 орлого дээр 2 татвар ногдуулсан харагдана. Тайландаа орлогоо тайлагнаж байна гэдэг бол татвар төлөгч нь хуулийн дагуу ногдуулалтаа хийж байна гэсэн үг. Шинжээч дүгнэлт гаргаад дахиад борлуулалтын орлогод нь татвар ногдуулбал борлуулалтын орлогод нь давхар татвар ногдуулалт болно. Худалдан авагч талд ахин зөрчил үүсгээд акт тавих нь гуравдах татварын нөхцөлийг үүсгэхээр байгаа юм. Тэгээд шинжээчийн Д ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татварыг нь тэглэдэг нь орлогыг бодитой гэж үзэж байгаа үндэслэл, татварын тайлагналыг зөвшөөрч байна гэсэн үг.

Тараагч компаниудын хувьд манай байгууллагаас дүгнэлт бичиж цагдаад өгөхгүй бол татварын хувьд татвараа тайлагнасан байдаг. Татварын хуулийн дагуу үүргээ биелүүлсэн байдаг. Тиймээс татвар дээр зөрчил гарахгүй байдаг, гэтэл мэдээлэл нь хуурамч байгаад байдаг. Тэр зөрчил нь татварын хуулиар шийтгэхээр зөрчил биш байдаг. Тиймээс Цагдаагийн байгууллагад өгөхөөр Цагдаагийн газраас эрүүгийн гэмт хэргийн шинж чанаргүй гэж хариу өгөхөөр биднээс зөвхөн илтгэх хуудас л бичдэг. М ХХК, Д ХХК-иудын хувьд орлогын талаасаа Цагдаагийн газар шалгагдаж байгаа юу, эсхүл худалдан авалт талаасаа шалгагдаж байгаа гэдгээс хамаарна.

Ш ХХК-ийн худалдан авалтыг бодитой байж магадгүй гэж Шүүхийн шинжилгээ хийлгэх зорилгоор Цагдаагийн газарт дүгнэлтийг хүргүүлсэн. Энэ баримтыг бодитой эсэхийг тогтоохын тулд манай байгууллагаас Цагдаагийн газарт дүгнэлт бичсэн. Эрүүгийн хуулийн заалтаар Ш ХХК-д холбогдуулж Цагдаагийн байгууллага руу дүгнэлт бичих хэмжээ хүрч байсан. Тухайн үед Эрүүгийн хуульд өөрчлөлт ороогүй байсан учир Зөрчлийн тухай хуулиар шийдэж байгаатай холбогдуулж их хэмжээний хохирол гэж үзэж 50.0000 мянган нэгжээр торгохоор байсан. Бидний зүгээс удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу баримт сэлтийг хуурамч гэж үзнэ гэсэн байгаа.

Эрүүгийн Цагдаагийн газраас акт тавь гэсэн болохоор акт тавьсан. Баримтыг үзээд падаан худалдаж авсан байгууллагуудтай ярилцлага хийдэг. Ш ХХК-ийн хувьд харилцахаар орсон бодит орлогыг нь бодитой бус байсан гэж үзсэн учир О.М байцаагч бид хоёр Цагдаагийн газарт өгчихвөл Ш ХХК дээр шинжээчийн дүгнэлт гарчих юм болов уу гэж бодож өгсөн. Гэтэл Цагдаагаас тийм дүгнэлт гаргаагүй учир шууд шийтгэлийн хуудас бичиж нөхөн татвар, торгууль, алданги тавьсан.

Шинжээчийн дүгнэлтээс харахад Д ХХК-ийн падаануудын зөрчилтэй аж ахуйн нэгжийн жагсаалтад Ш ХХК-ийн нэр нь байхгүй байна л гэж ойлгож байна. М ХХК-д хяналт шалгалт хийсэн байцаагчаас асуулаа. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш дахин шалгалт хийгээгүй. Падаан бичигдсэн аж ахуйн нэгжүүдийн асуудал шийдэгдэж дуусахаар акт тавигдаагүй хэсэгт нь шалгаж акт тавина гэж байна. Одоогоор ямар нэгэн шийдвэр гараагүй, падаан бичигдсэн компаниудын татварын асуудлыг хүлээж байгаа гэж байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэдийн төлөөлөгч Г.Д шүүх хуралдааны товийг шүүхээс мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж заасны дагуу хэргийн оролцогчдоос саналыг нь авч иргэдийн төлөөлөгчийг заавал байлцуулах шаардлагагүй хурлаа хийлгэх боломжтой гэсний дагуу хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

1.1 Анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 00 дүгээр тогтоолд дурдсан ажиллагаануудыг хийсний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.2 Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, О.М нар нь Ш ХХК-ийн 2015-2016 онд М ХХК, Д ХХК-тай хийгдсэн худалдан авалтын дагуу бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, чиглэлийн дагуу иж бүрэн шалгалт хийж 54377024 тоот регистрийн дугаартай М ХХК-иас НӨАТ-ын хий бичилттэй 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0000000001 тоот падаанаар 38,272,727.00 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0000000002 тоот падаанаар 20,909,090.91 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 000000003 тоот падаанаар 52,272,727.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0000000004тоот падаанаар 22,672,727,27 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 00000009 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 17,518,181.82 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00000010 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 13,909,090.91 төгрөгийн, 5437024 регистрийн дугаартай Д ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 000000005 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 11,181,818.18 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 000000006 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 25,454,545.45 төгрөгийн нийт 202,190.908.54 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж үзсэн байна.

1.3 Ш ХХК-ийн гаргасан дээрх зөрчилд Татварын улсын байцаагч нар шийтгэл ногдуулахдаа Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3-т заасан татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүргээ зөрчсөн гэж мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар 20,219,090.82 төгрөгийн нөхөн татвар, 6,065,727.26 төгрөгийн торгууль, 4,043.818.17 төгрөгийн алданги, нийт 30,328,636.28 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

1.4 Учир нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ/, 18.1.1/татвар ногдох зүйл, татварын үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх.../, 18.1.3 анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах, гэдгийг гомдол гаргагч зөрчсөн болох нь 5437024 тоот регистрийн дугаартай Монгол гранд эйнжил инвест ХХК-иас 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0000000001 тоот падаанаар 38,272,727.00 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0000000002 тоот падаан 20,909,090.91 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 000000003 тоот падаанаар 52,272,727.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0000000004тоот падаанаар 22,672,727.27 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 00000009 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 17,518,181.82 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 00000010 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 13,909.090.91 төгрөгийн, 0000000 регистрийн дугаартай Дайшиншил ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 000000005 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 11,181,818.18 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 000000006 тоот НӨАТ-ын төлбөрийн баримтаар 25,454,545.45 төгрөгийн нийт 202,190,908.54 төгрөгийн НӨАТ-ын хий бичилттэй худалдан авалт бэлэн мөнгөөр хийж нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ хэсэгт тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаар шинжээчийн дүгнэлт болон гомдол гаргагчийн бид худалдан авсан барилгын материалын үнийг буюу худалдан авч байгаа барааныхаа төлбөрийг дандаа бэлнээр өгдөг байсан гэх мэдүүлэг, хариуцагчийн хий бичилттэй падаан гэдэг нь бодитой худалдан авалт хийгээгүй мөртлөө нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр бичилт хийж улсад төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараа хасалт хийсэн үйлдлийг татварын албаны зүгээс хий бичилттэй падаанаар борлуулалтын худалдан авалт хийсэн гомдол гаргагчийн өгсөн баримтуудыг хуурамч гэж үзсэн... гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд дээрх 2 компаниас барилгын материал авахдаа нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтыг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

1.6 Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох-оор, 14 дүгээр зүйлийн 14.5-д албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй гэж тус тус заажээ. Уг хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд өөрийн эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах зориулалтаар бусдаас худалдан авсан барааны хувьд түүнийг худалдан авахдаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн этгээдийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор, харин худалдан авагч нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь падаан, холбогдох санхүүгийн баримтуудаар тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай байна.

1.7 Гэтэл Ш ХХК-ийн хувьд М ХХК, Д ХХК-иудаас барилгын материал худалдан авсан гэх нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаас өөр баримт байхгүй байгаагаас үзвэл Ш ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна.

1.8 Мөн Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн үед ...бид Голомт банкаар гүйлгээ хийсэн үүгээр нотлогдоно.. гэж тайлбарладаг ч бодит байдлыг авч үзвэл барилгын материалыг худалдан авахдаа "М" ХХК, Д ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

1.9 Түүнчлэн Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэйн дээр төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх эрхтэй, харин ийнхүү худалдан авалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохоо буюу худалдан авалтаа бодитойгоор хийгдсэн болохоо санхүүгийн анхан шатны баримтуудаар нотлох үүрэгтэй энэ үүргээ Ш ХХК нь хангалттай биелүүлээгүй байна гэж үзэхээр байна.

1.10 Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар тогтоолд М ХХК, Д ХХК-иудын компаниудын захирал Р.Батсуурьд холбогдуулан эрүүгийн 000000000000 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 00 дугаар тогтоолоор Р.Батсуурь нь М ХХК-ийн нэрээр 2012 он, 2015-2016 онуудад 640 аж ахуйн нэгжид 184,217,012,097 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 545,127,788.17 төгрөгийн бараа худалдан аваагүй атлаа авсан мэтээр тайлагнасан, мөн 183,928,375,910.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн, мөн Д ХХК-ийн нэрээр 2016 онд 255 аж ахуйн нэгжид 50,130,099,617 төгрөгийн бараа худалдан борлуулсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын цахим шивэлт хийсэн, 30,842,698,205.00 төгрөгийн бараа худалдан авч төлбөр төлөөгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авсан мэтээр тайлагнасан, 8,853,419,389.00 төгрөгийн бараа импортлоогүй атлаа импортолсон мэтээр тайлагнаж татвар ногдуулах орлогыг бууруулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон.

1.11 М ХХК-иас цахим шивэлт хийсэн дээрх 640 аж ахуйн нэгжээс 156 аж ахуйн нэгж татварын тайландаа засвар оруулж 5,334,388,792.7 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсад төлж барагдуулахаа илэрхийлсэн, үлдсэн 13,087,312,417.21 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 484 аж ахуйн нэгж төлөхөөр дээрх дүгнэлтэд тусгагдсан, Д ХХК-иас цахим шивэлт хийсэн аж ахуйн нэгжээс 96 аж ахуйн нэгж татварын тайландаа засвар оруулж 3,364,943,294.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг улсад төлж барагдуулахаа илэрхийлсэн, үлдсэн 1,648,066,667.52 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг 159 аж ахуйн нэгж төлөхөөр дээрх дүгнэлтэд тусгагдсан, татварын тайландаа залруулга хийгээгүй аж ахуйн нэгжүүдийн үйлдэл эс үйлдэхүй Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй зөрчлийн шинжтэй тул татварын хуулийн дагуу арга хэмжээ авхуулахаар аж ахуйн нэгжийн нэрсийг татварын байгууллагад хүргүүлсэн, харин худалдан авалтын буцаалтаа тайлагнаагүй 39 аж ахуйн нэгжийн үйлдэл, эс үйлдэхүй нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан ... гэж дүгнээд хэргийг хаажээ.

1.11 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 000 дугаартай дүгнэлтээр Д ХХК-ийн борлуулалтын зөрчлийн тооцоонд[15] Ш ХХК-д бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 000000006 тоот төлбөрийн баримтаар 25,454,545.45 төгрөгийн, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11,181,818.18 төгрөгийн төлбөрийн баримтаар борлуулалтыг хий бичилттэй зөрчил гэж үзсэн ч уг зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг Д ХХК-д ногдуулаагүй, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000000011 дугаартай дүгнэлт бичигдсэн гэж, мөн М ХХК-ийн борлуулалтын зөрчлийн тооцоонд Ш ХХК-д бичигдсэн нэмэгдсэн өртгийн албан татварын 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 38,272,727.00 төгрөгийн, 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20,909,090.91 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 52,272.727.00 төгрөгийн, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22,672,727.27 төгрөгийн, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17,518,181.82 төгрөгийн, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 13,909,090.91 төгрөгийн борлуулалтыг хий бичилттэй гэж үзсэн ч уг зөрчилд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг мөн л М ХХК-д ногдуулаагүй, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 000000011 дугаартай дүгнэлт бичигдсэн гэж Ш ХХК-д татварын улсын байцаагчийн бичсэн дүгнэлтийг тус тус тусгасан байна.

1.12 Дээрхээс дүгнэвэл хэдийгээр Д ХХК, М ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх хэдий ч Ш ХХК болон М ХХК, Д ХХК-иуд хооронд нэмэгдсэн өртгийн албан татвартай худалдан авалтыг бодитоор хийгээгүй гэж үзэж Ш ХХК-д татварын хариуцлага хүлээлгэж шийтгэлийн хуудас ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд гомдол гаргагч Ш ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000000тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх заалтыг баримтлан Ш ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 000000000дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ