| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 118/2024/0045/З |
| Дугаар | 221/МА2025/0156 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0156
П.Б*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: П.Б*******
Хариуцагч: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.Т*******
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/66, А/67 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118/ШШ2024/0062 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Б*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э*******
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 118/2024/0045/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.Б*******оос Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/66, А/67 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118/ШШ2024/0062 дугаар шийдвэрээр:
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгож, Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/67 дугаар захирамжийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Анхан шатны шүүхийн шийдвэрт “...гуравдагч этгээд болох Д.Т******* нь Хаан банкны Завхан салбарын Их-Уул дахь тооцооны төвийн ашиглаж байсан 30,4 мкв хэмжээтэй хуучин барилгыг 1450000 төгрөгөөр худалдан авсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0019213 дугаар гэрчилгээ, 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн мөнгө шилжүүлсэн баримт, Хаан банкны 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн санамж бичиг, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичгээр тус тус тогтоогдож байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д "Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан ба 85 дугаар зүйлийн 85.2-д “түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж тодорхойлсон. Иймд гуравдагч этгээд Д.Т*******ын худалдан авсан байшин нь газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх эд хөрөнгө байх ба маргаан бүхий газар хийсэн үзлэгээр 7.28*4.85 метр буюу 35,3 мкв талбай бүхий байшин болох нь тогтоогдсон. ...Бодит байдал дээр нэхэмжлэгчийн хашаан дотор гуравдагч этгээдийн дуудлага худалдаагаар авсан байшин байрлаж байгаа нь үзлэгээр тогтоогдсон” гэжээ.
Гэтэл ...Их-Уул сумын Засаг даргын 2023 оны А/67 дугаар захирамжийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, захиргааны байгууллагаас ямар нэгэн шийдвэр гаргаагүй тохиолдолд хүчингүй болгохыг дурьдаж шийдвэрлэсэн болон Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь гуравдагч этгээд дуудлага худалдаагаар уг барилгыг худалдаж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх үүрэгтэй болно.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118/ШШ2024/0062 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Шийдвэрт дараах үндэслэлээр маргаан бүхий захирамжуудыг бүхэлд нь дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн өөрчлөлт оруулав.
1.Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2020 оны А/122 дугаар захирамжаар сумын Засаг даргын 2009 оны А/23 дугаар захирамжаар Я.С*******д анх өмчлүүлсэн газрын талбайн хэмжээ зөрүүтэй байгааг залруулж ******* тоотод 563 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар түүнд өмчлүүлсэн боловч маргаан бүхий 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/66 дугаар захирамжаар дээрх 563 мкв газрын 162 мкв газар нь Хаан банкны өмчлөлийн дуудлага худалдаагаар худалдсан газартай давхацсан гэсэн үндэслэлээр А/122 дугаар захирамжийг хүчингүй болгож, улмаар мөн өдрийн маргаан бүхий А/67 дугаар захирамжаар 162 мкв газрыг гуравдагч этгээд Д.Т*******д өмчлүүлсэн, харин нэхэмжлэгч П.Б*******ийн тухайд Я.С*******тэй 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу түүний өмчлөлийн 563 мкв газар болон уг газарт баригдсан 80 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр мөн оны 10 дугаар сарын 13-ны өдөр тус тус бүртгэгджээ.
Хэрэгт авагдсан Хаан банкны Завхан аймгийн салбарын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 5495/0219 дүгээр албан бичигт “…тус аймгийн Их-Уул тооцооны төвийн үйл ажиллагаа явуулж байсан 30.4 мкв талбай бүхий конторын зориулалттай барилгыг 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Санамж бичгийн дагуу иргэн Д.Т*******д худалдах зөвшөөрлийг олгосон. …аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас тус барилгын газар эзэмших эрхийн талаар тодруулахад Хаан банкны нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй…” гэснээс гадна дурдсан Санамж бичигт Их-Уул тооцооны төвийн хуучин барилгыг иргэн Д.Т*******д 1.450.000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч, 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн н.Н*******гаас дээрх төлбөрийг “барилгын үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар Хаан банкинд шилжүүлсэн талаарх үйл баримтын талаар шийдвэрт “…гуравдагч этгээд болох Д.Т******* энэхүү хуучин барилгыг худалдан авсан болох нь тогтоогдож байна…, бодит байдалд нэхэмжлэгчийн хашаан дотор гуравдагч этгээдийн дуудлага худалдаагаар авсан байшин байрлаж байгаа нь үзлэгээр тогтоогдсон…” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, мөн шийдвэрийн энэхүү дүгнэлтийг эс зөвшөөрч нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болно.
Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Э*******аас “...н.Н******* гэдэг хүний мөнгө тушаачихсан баримт байдаг, тэрийгээ газрыг дуудлага худалдаагаар авсан гэж ярьдаг. …Хаан банк маргаад явах байх, …мөн 35 мкв газар Т*******ынх биш, Хаан банкны баланст байдаг ба улсын бүртгэлийн гэрчилгээ авагдчихсан. …үнийн дүн тохироогүй юм шиг байна лээ…” гэх зэргээр дээрх үйл баримтын талаар өөр байр суурь илэрхийлсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн үзлэгээр хийсэн хэмжилтээр маргаан бүхий байршилд бодитоор хашаалсан 655 мкв газраас нэхэмжлэгч 448 мкв-ыг, гуравдагч этгээд 207 мкв-ыг тус тус хашаалан эзэмшиж байгаа болох нь тогтоогдсон энэ тохиолдолд чухам ямар үндэслэлээр зөвхөн Хаан банкны тооцооны төвийн ашиглалтгүй болсон хуучин барилгыг худалдаж авсан гуравдагч этгээдэд А/67 дугаар захирамжаар 162 мкв газрыг өмчлүүлэх болсныг, яагаад бодит байдалд гуравдагч этгээд үүнээсээ илүү газрыг хашаалсаныг, мөн 2020 оны А/122 дугаар захирамжаар Я.С*******д өмчлүүлсэн 563 мкв газарт яагаад Хаан банкны эзэмшлийн ашиглалтгүй болсон байшинг оруулан анх өмчлүүлэх болсоныг, одоогийн нөхцөл байдалд гуравдагч этгээдийн худалдаж авсан байшинг хасч 563 мкв газрыг нэхэмжлэгчид үргэлжлүүлэн өмчлүүлэх боломж байгаа эсэхийг бодит нөхцөл байдалд үндэслэн дахин шийдвэрлэх шаардлагатай байна.
Түүнээс шийдвэрт дүгнэсэнчилэн нэхэмжлэгчид хамаарах 2020 оны А/122 дугаар захирамжийг хүчингүй болгосон 2023 оны А/66 дугаар захирамжийг хамтад нь бус зөвхөн уг захирамжаар хүчингүй болгосон 162 мкв газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлсэн мөн оны А/67 дугаар захирамжийг дангаар нь дахин шинээр захиргааны акт гаргатал түдгэлзүүлэх тохиолдолд хариуцагчаас энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болох үр дагавар үүснэ.
Учир нь нэхэмжлэгчийн өмчилсөн газарт гуравдагч этгээдийн худалдан авсан байшин байгаа гэх бодит үйл баримтыг шүүхээс үгүйсгээгүй, баталсан, энэ нь ч хэргийн 126 дугаар талд авагдсан П.Б*******ийн өмчлөлийн нэгж талбарын 8101002036 дугаар бүхий 563 мкв газрын кадастрын зургаар нотлогдох тул нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг энэхүү үндэслэлээр хүчингүй болгосныг шууд хууль бус гэж дүгнэж, хүчингүй болгох нь худалдаж авсан байшингийнх нь доорх болон орц, гарцаар ашиглах газрыг гуравдагч этгээдэд өмчлүүлэх шийдвэр гаргахад зөрчилдөх, шийдвэр биелэгдэхгүй байх магадлалтай.
Иймд маргаан бүхий 2 захирамжийг хамтад нь түдгэлзүүлж, улмаар хариуцагчаас нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөх газрын эрхийг тус тус хангасан захирамжийг дахин шинээр гаргах тохиолдолд газрын бодит хэмжээ, нэхэмжлэгч П.Б*******ийн иргэн Я.С*******гээс 563 мкв газрын өмчлөх эрхийг худалдаж авсан шударга өмчлөгч болохыг, гуравдагч этгээд Д.Т*******ын Хаан банкны тооцооны төвийн ашиглалтгүй болсон хуучин барилгыг л худалдаж авсан болохыг, мөн тус банкны эзэмшилд уг барилгын орчны газрыг эзэмших эрх анхнаасаа үүсээгүй байсныг тус тус харгалзан үзэж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын аль алины эрх ашгийг зөрчихгүйгээр, өмчлөх газрын орц, гарцын асуудлыг нэр мөр шийдвэрлэх боломж бүрдэнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 118/ШШ2024/0062 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 21 дүгээр зүйл, 24 дүгээр зүйлийн 24.2, 27 дугаар зүйлийн 27.2,1-д заасныг баримтлан Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/66, мөн өдрийн “Газар өмчлүүлэх тухай” А/67 дугаар захирамжийг тус тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй”, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт хариуцагчаас гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захирамжууд хүчингүй болохыг дурдсугай”, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН