Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2017/ШЦТ/5

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, шүүгдэгч Д.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000243 дугаартай, шүүгдэгч Лувжаа овогт Дэмбэрэлийн Цэрэндуламд холбогдох  153/2016/0005/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, Лувжаа овогт Дэмбэрэлийн Цэрэндулам, 1977 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт  Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багт оршин суух, ПЖ77020800 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар /

Шүүгдэгч Д.Цэрэндулам нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Булангийн овоо гэх газар бусдын өмчлөлийн 36-25 ЗАН улсын дугаартай Киа Фронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2 тооны адуу мөргөж хохирогч З.Лувсанд 3500000 төгрөгний, Б.Ганзоригт 4500000 төгрөгний, иргэн Х.Нарантуяагийн эд хөрөнгөнд 320000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Цэрэндулам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгаас Чандмань сум руу явж байхдаа зам тээврийн осол гаргасан нь миний буруу, гэхдээ миний хувьд осол гарсан газрыг санаатай орхиж зугтаагүй. Тухайн үед би айж сандраад яахаа мэдэхгүй, манай хүүхэд уйлаад хэцүү  байсан.Манай нөхөр Д.Чинбат Х.Нарантуяа руу утасдаж хэлсэн.Яг юу гэж ярьсныг би анзаараагүй.Тэгээд аймаг руу эргээд явж байтал  урдаас Х.Нарантуяа, Ариунжаргал, Ариука гэх хүргэнтэйгээ ирсэн. Тэгээд манай нөхөр, Х.Нарантуяа нар дайрагдсан 2 адууг замаас гаргачихаад бид нар Ховд аймаг руу явсан.Тухайн үед харанхуй болсон байсан гэв.

Хохирогч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цагийн орчим Манхан сум орчихоод буцаад явж байтал манай адуу “Булангийн овоо” гэх газар зам хөндлөн гараад нуур чиглээд явж байсан. Тухайн үед манай адуучин Энх-Амгалан надтай хамт явж байсан тул машинаас бууж адуугаа бүртгээд цааш Энх-Амгалангийн гэрт очиж хоол идчихээд 20 цагийн үед би аймаг явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед Энх-Амгалан над руу залгаад “таны од хээр, З.Лувсангийн хул морь хоёр тээврийн хэрэгсэлд дайрагдсан байна” гэхээр нь би Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний морь хээр зүсмийн, 4 настай, одтой саран тамгатай морь байсан гэжээ. /хх-22-р хуудас/

Хохирогч З.Лувсан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Улаанбаатар хотод байхад манай уяач Энх-Амгалан над руу залгаад Булангийн овооны ойролцоо засмал зам дээр таны хул хязаалан, Б.Ганзоригийн од хээр 2 тээврийн хэрэгсэлд дайрагдсан байна гэсэн. Миний хул зүсмийн азарга хязаалан буюу 4 настай, крилл “Д” үсгэн тамгатай байсан гэжээ./хх -25-р хуудас/

Гэрч Х.Нарантуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Ховд аймгаас авга эгч Д.Цэрэндулам, түүний нөхөр Х.Чинбат, 6 настай Ч.Болор-Эрдэнэ нар миний эзэмшлийн 36-25 ЗАН улсын дугаартай фронтер  маркийн тээврийн хэрэгслээр Чандмань сум руу гарсан. Би машинаа унаж Бичигтийн постоор гаргаж өгөөд цааш Д.Цэрэндулам бариад явсан. Тэгтэл орой 22 цагийн үед Х.Чинбат ах над руу яриад Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Булангийн овоо гэх газар засмал зам дээр адуу дайрчихлаа. Д.Цэрэндулам машин барьж явж чадахгүй юм шиг байна, чи ирэхгүй бол болохгүй байх гэхээр нь би эгч Ариунжаргал түүний хүргэн Ариука нарын хамт Ариунжаргал эгчийн X-Trial машинтай аймгаас гарч очсон.Бид нар очиж дайрагдсан 2 адууг замаас гаргаж, би Ариукатай фронтер машинаар, бусад нь Ариунжаргал эгчийн машинаар Ховд аймагт ирсэн. Тухайн фронтер машиныг 2015 оны 09 сард Завхан аймгийн харьяат хүнээс худалдаж авч байсан гэжээ. /хх-30-р хуудас/

Гэрч М.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Манхан сум орчихоод 18 цагийн орчим буцаад явж байхдаа Булангийн овоо гэх газар манай адуу усанд орох гээд нуур чиглээд явж байхаар нь Б.Ганзориг бид хоёр бүртгэчихээд явсан. Тэндээс манайд очиж хоол идээд Б.Ганзориг орой 20 цагийн үед аймаг руу буцсан.Би маргааш өглөө нь уул руу малдаа явж байтал замд Б.Ганзоригийн хээр, З.Лувсангийн хул адуу хоёр тээврийн хэрэгсэлд дайрагдсан байхаар нь Б.Ганзориг, З.Лувсан хоёр луу утсаар залгаж хэлсэн гэжээ. /хх-32-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-16-17-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-38-р хуудас/

Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, эвдэрсэн эд ангиудын жагсаалт / хх-42-43-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт / хх-49-50-р хуудас/

Морь үнэлсэн тухай тайланд: хээр зүсмийн 4 настай морь-4.500.000 төгрөг, хул зүсмийн 4 настай азарга-3.500.000 төгрөг.Үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцооз гэжээ. /хх-51-52-р хуудас/

Замын цагдаагийн тасгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: жолооч Д.Цэрэндулам нь 36-25 ЗАН улсын дугаартай Фронтер маркийн тээврийн хэрэгсэл  жолоодож замын хөдөлгөөнд  оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д: тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы тэмдгийг Замын хөдөлгөөний дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон  осолд холбогдол бүхий  эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,В-д: зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага / ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг  хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтыг, мөн дүрмийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Жолооч Д.Цэрэндулам нь Фронтер маркийн 36-25 ЗАН улсын дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөнд аюул саад, бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж ,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан гэж үзэв. Дүгнэлт гаргасан: цагдаагийн ахмад М.Алтангэрэл гэжээ. /хх 57-р хуудас /

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-63-р хуудас/

Автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /64-65-р хуудас/

Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-93-94-р хуудас/

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хх-96-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-101-р хуудас/

Автомашин үнэлсэн тухай тайлан /хх-102-103-р хуудас/

Шүүгдэгч Д.Цэрэндулам мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:...2016 оны 10 дугаар сарын 02-ны орой 19 цагийн үед Ховд аймгаас нөхөр Чинбат, 6 настай охин Болор-Эрдэнэ нарын хамт  дүү Х.Нарантуяагийн  эзэмшлийн 36-25 ЗАН улсын дугаартай фронтер маркийн тээврийн хэрэгслээр Чандмань сумын чиглэлд явсан. Х.Нарантуяа машинаа унаж Бичигтийн постоор гаргаж өгөөд буцаж явсан. Би цааш унаж явсан. Тэгтэл Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг Булангийн овоо гэх газар засмал зам дээр явж байтал 21.30 цагийн үед гэнэт замын зүүн талаас 10-аад тооны адуу гарч ирээд би эхэнд явсан 2 морийг мөргөөд зогссон.Манай нөхөр Чинбат дүү Х.Нарантуяа руу утасдаж дуудсан. Тэгээд би буцаад Ховд руу явж байтал урдаас дүү Х.Нарантуяа,эгч Ариунжаргал, хүргэн нарынхаа хамт ирсэн. Бид нар буцаж осол болсон газар очоод дайрагдсан 2 адууг замаас гаргаад би Ариунжаргал эгчийн машинтай нөхөр хүүхдүүдийн хамт, Х.Нарантуяа, Ариука нар фронтер маркийн машинаараа араас Ховдод ирсэн. Тухайн үед айж сандраад зам тээврийн осол гарсан талаар цагдаад мэдэгдэлгүй орхиж явсан гэжээ. /хх-89-90-р хуудас/ зэрэг хэрэгт  цугларсан болон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж , бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Цэрэндулам нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Булангийн овоо гэх газар бусдын өмчлөлийн 36-25 ЗАН улсын дугаартай Киа Фронтер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 2 тооны адуу мөргөж хохирогч З.Лувсанд 3500000 төгрөгний, Б.Ганзоригт 4500000 төгрөгний, иргэн Х.Нарантуяагийн эд хөрөнгөнд 320000 төгрөгний хохирол тус тус учруулсан учруулсан үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Цэрэндулам нь зам тээврийн осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Ганзориг, З.Лувсан нарын мэдүүлэг, гэрч М.Энх-Амгалан, Х.Нарантуяа,Б.Ариунболд нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт анхан болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 3-8, 93-94/,эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-16-17/,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-38/,авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, эвдэрсэн эд ангиудын жагсаалт / хх-42-43/,эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримт / хх-49-50/,морь үнэлсэн тухай тайлан,Замын цагдаагийн тасгийн 53 тоот шинжээчийн дүгнэлт /хх-57/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-63/, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, автомашин, техникийн эвдрэл хохирлын үнэлгээ /64-65/, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт / хх-96/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хх-101/,автомашин үнэлсэн тухай тайлан /102-103/, шүүгдэгч Д.Цэрэндуламын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Цэрэндулам нь хоёр адуу дайрсан  үйлдлээ нуух, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг санаатайгаар орхиж явсан, мөн ослын талаар зохих байгууллагад мэдэгдээгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.Цэрэндулам нь дахин осол гаргахгүй байх талаар дайрагдсан хоёр адууг замаас гаргасан, миний бие муудаад сандарсан байсан гэж мэдүүлдэг боловч Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн гэмт хэргийн гол шинж болох жолоочийн үүргээ биелүүлээгүй болно.

Иймд шүүгдэгч Д.Цэрэндулам нь зам тээврийн осол болсон газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Цэрэндулам нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” тухай  тэмдэглэл бүхий ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-107/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Цэрэндулам  нь хохирогч нарын хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд хохирогч нараас бичгээр ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-д зааснаар шүүгдэгч нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан  түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг анхааруурах нь зүйтэй.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэндуламын жолоодож явсан 36-25 ЗАН улсын дугаартай,Киа Фронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Киа Фронтер маркийн тээврийн хэрэгслийн урд талын гэрлэн дохио-1 ширхэг, урд талын салхины шил арчигч – 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284 ,286, 290, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Лувжаа овогт Дэмбэрэлийн Цэрэндуламыг  зам тээврийн осол гарсан  газрыг санаатайгаар орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-д зааснаар шүүгдэгч Дэмбэрэлийн Цэрэндуламыг  01 / нэг/ жил 06 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэндуламд оногдуулсан 01 /нэг/ жил  06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4..Шүүгдэгч Д.Цэрэндулам нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ганзориг,З.Лувсан, иргэний нэхэмжлэгч Х.Цэрэндулам нар нь нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэснийг дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэндуламд оногдуулсан 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэндуламын засрал хүмүүжилд  хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлж болохыг дурдсугай.

            9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Д.Цэрэндуламын жолоодож явсан Киа Фронтер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн  2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Киа Фронтер маркийн тээврийн хэрэгслийн урд талын гэрлэн дохио-1 ширхэг, урд талын салхины шил арчигч – 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг комисст даалгасугай.

            10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Цэрэндуламд  авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.ГАНТӨГС