Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/41

 

 

 

 

                                   2023/ШЦТ/41  

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: Б.Нямжав

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

              Шүүгдэгч: Б.Э

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бын Эад холбогдох эрүүгийн 2212000000415 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн ............... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Бын Э/РД:АК........../

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Б.Эын хариуцан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох “Гурван түшээ” супермаркетад хаалгыг нь онгойлгон нэвтэрч бусдын эд зүйлийг буюу 1 ширхэг 0.5 литрийн Ерөөл архи, 1 ширхэг 0 5 литрийн Панта ундаа, 1 ширхэг хар эссэ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 14.700 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Дэнж хорооллын 10-14 тоотод байрлах монгол гэрийн цоожийг эвдэлж хохирогч О.Оын байнга амьдрах, орон байранд нэвтэрч 334,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.Нын өмчлөлийн “Хүннү” зоогийн газарт нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 303.830 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

              *Эрүүгийн 2212000000415 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

*Хохирогч Ж.Эын өгсөн:

“...Би Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Үйлчилгээний 01-01 тоотод үйл ажиллагаа явуулдаг“Аавын хөөрөг” ХХК-ын “Гурван түшээ” супер маркетыг ажиллуулдаг. 2022 оны 10-р сарын 29-30-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орж тухайн үедээ цагдаад тэмдэглүүлсэн юм. Би 2022 оны 10-р сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутанд дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийн урд үүд онгорхой байсан. Тэгээд хяналтын камераа шалгаж үзтэл тухайн шөнө буюу 2022 оны 10-р сарын 30-ны өглөө үүрээр 05 цаг 40 минутын орчимд манай дэлгүүрт монгол дээл бүстэй, монгол гуталтай, толгойдоо хар бараан багтай 2 өөр бээлий өмссөн 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн архины лангуунаас 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи, ундааны лангуунаас 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай Панта ундаа, тамхины тавиур дээрээс 1 хайрцаг хар эссэ тамхи аваад гарч яваа бичлэг байсан. Тухайн үед хэн болохыг нь би мэдээгүй. Манай дэлгүүрийн урд үүд нууц цоожтой ба тухайн шөнө би өөрөө үүдээ түгжсэн мөн тухайн үед манай дэлгүүрийн дохиоллын зай дууссан байсан тул бид тэр шөнө өө мэдээгүй өглөө мэдсэн. Өглөө намайг цоожоо харахад цоожны гол түгжигдсэн хэвээрээ хаалганы дээд түгжээ хүчтэй татагдсаны улмаас буцаж онгойсон өөр ямар нэгэн эвдрэлгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би дээрх эд зүйлсийг дэлгүүрт зарагддаг үнээрээ буюу 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг 10,000 /арван мянган/ төгрөг, 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай Панта ундааг 2000 /хоёр мянга/ төгрөг, 1 хайрцаг хар эссэг 4,200 /дөрвөн мянга хоёр зуу/ төгрөгөөр тус тус үнэлнэ. Би дээрх камерын бичлэгт байгаа хүн хэн болохыг тогтоолгомоор байна. Алдагдсан эд зүйлсийг төлүүлнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/,

 

*Хохирогч Ж.Эын дахин өгсөн:

“...Тухайн үед манай Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Аавын хөөрөг” ХХК-ын “Гурван түшээ” супер маркетад хулгай орсон ба сүүлд Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн иргэн Б.Э нь надтай уулзахдаа би тун буруу юм хийсэн байна таны хохирлыг барагдуулж өгье гэж хэлээд тухайн үед манай дэлгүүрээс хулгайд алдагдсан 1 шил 0,5 литрийн ерөөл архи, 1 сав 0,5 литрийн Панта ундаа, 1 хайрцаг хар эссэ тамхины үнэ болох 16,200 /арван зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг өгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйгаад явсан. Одоо надад ямар нэгэн санал хүсэлт гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15 дугаар тал/

 

*Хохирогч О.Оын өгсөн:

“...Би 2022 оны 10-р сарын 28-ны орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Дэнж хорооллын 10-14 тоотод байх гэрээ цоожлоод Хайрхан сумын Могой багийн нутаг Хоёр уушиг гэх газарт байх хөдөө өөрийн төрсөн аавындаа очиж 2 хоноод байж байтал сумын төвөөс манай хажуу айлын ах болох С.Б утсаар хэлэхдээ урьд шөнө танай гэрийн цоожийг эвдээд хулгайч орсон бололтой байна ирж юмаа бүртгэж үзээрэй гэж хэлэхээр нь 2022 оны 10-р сарын 30-ны өдөр 13 цагийн орчимд гэртээ ирээд орох гэтэл манай гэрийн цоожийг хөшиж эвдээд онгойлгож хулгайч манай гэрт орсон байсан тэгээд би гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзтэл манай гэрт байсан. 2020 оны хавар 4-р сард шинээр нь 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан шинэ зуун гэсэн нэртэй, хуурай цэнэгтэй, саарал өнгийн 12V, 120-той аккумлъяатор 1 ширхэг хулгайд алдагдсан байсан. Тухайн аккумлъяатороор манайх гэрлээ асаадаг байсан ба гэрлээ асаах гэтэл байхгүй болсон байсан өөр ямар нэгэн зүйл алдагдаагүй. Надад ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй. Би өөрийн шинэ зуун гэсэн нэртэй, хуурай цэнэгтэй, саарал өнгийн 12\/-ын 120-той аккумлъяатороо шинээр нь аваад 2 жил гаран хугацаа өнгөрч байгаа боловч их гамтай хэрэглэсэн чанар нь сайн тул тухайн үед авч байсан үнээрээ буюу 550,000/таван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлнэ. Надад одоо гомдолтой байна. Аккумлъятор болон эвдэрсэн цоожоо буруутай этгээдээр төлүүлмээр байна...’’гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 дүгээр тал/,

 

*Хохирогч Б.Нын өгсөн:

“...Би Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг. Хүннү зоогийн газрыг хариуцан ажиллуулдаг юм. Тухайн Зоогийн газарт 2022 оны 10-р сарын 24-25-нд шилжих шөнө хулгайч орж эд зүйл алдсан байсан. Үүнийг би сүүлд нь камер шүүж үзээд мэдсэн тухайн үед манай зоогийн газраас 0,5 литрийн Нийслэл нэртэй лаазтай пиво 6 ширхэг, 0,75 литрийн Эдэн архи 1 ширхэг, бэлэн мөнгө 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, хаквишн маркийн камерын дуран 1 ширхэг тус тус хулгайд алдагдаж буудлын өрөөнөөс зоогийн газарт ордог модон хаалганы цоож эвдэрсэн байсан. Сүүлд би камер шүүж үзэхэд манай Хайрхан сумын Жарантай багийн иргэн Б.Этай төстэй 1 эрэгтэй хүний бичлэг байсан. Би камерын бичлэгт бичигдсэн хүн нь Б.Этай төсөөтэй байсан тул тухайн хүнийг сэжиглэж байна. Мөн тухайн үед алдагдсан 0,5 литрийн Нийслэл нэртэй лаазтай 6 ширхэг пивыг 1 тус бүрийг нь 4.000/дөрвөн мянга/ төгрөгөөр 0,75 литрийн 1 ширхэг Эдэн архийг 38,000 /гучин найман мянга/ төгрөгөөр, бэлэн мөнгө 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг тухайн ханшаар нь, хаквишн маркийн камерын 1 ширхэг дуранг 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр, эвдэрсэн хаалганы цоож, түүний засварын үнэлгээг 60,000 /жаран мянга/ төгрөгөөр тус тус үнэлнэ. Надад одоо гомдолтой байна. Дээрх  алдагдсан эд зүйлсийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/

 

*Хохирогч Б.Нын дахин өгсөн:

“...Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутагт уйл ажиллагаа явуулдаг“Хүннү” зоогийн газарт 2022 оны 10-р сарын 24-25-нд шилжих шөнө хулгай орж Нийслэл нэртэй 0,5 литрийн лаазтай пиво 6 ширхэг, 0,75 литрийн Эдэн архи 1 ширхэг, бэлэн мөнгө 150,000 /нэг зуун тавин мянган төгрөг/, хаквишн маркийн камерын дуран 1 ширхэг тус тус хулгайд алдагдаж буудлын өрөөнөөс зоогийн газарт ордог модон хаалганы цоож эвдэрсэн байсан. Тухайн үед хяналтын камерт манай Хайрхан сумын Жарантай багийн иргэн Б.Этай төстэй 1 эрэгтэй хүний бичлэг байсан бөгөөд тухайн бичлэгт гарсан эрэгтэй хүн Б.Э мөн байсан. Б.Э сүүлд нь надтай ирж уулзаад би хийсэн хэрэгтэй гэмшиж байна архинаас боллоо таны хохирлыг барагдуулж өгнө гэж хэлээд маргааш нь дахин ирж миний хариуцан ажиллуулдаг Хүннү зоогийн газраас 2022 оны 10-р сарын 24-25-нд шилжих шөнө хулгайд алдсан эд зүйлсийн үнэ болон хаалганы эвдрэлийн засварын мөнгө зэргийг төлж барагдуулан манай байгууллагын хохиролгүй болгосон. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 84-85 дугаар тал/

 

*Гэрч С.Цэнд-Аюушийн өгсөн:

“...Би 2022 оны 10-р сарын 30-ны өглөө гэртээ байж байтал миний ээж Ж.Э гаднаас орж ирээд дэлгүүрийн хаалга онгорхой хулгай орсон байна гэхээр нь би дэлгүүрийнхээ хяналтын камерыг шалгаж үзтэл тухайн шөнө буюу 2022 оны 10-р сарын 30-ны өглөө үүрээр 05 цаг 40 минутын орчимд манай дэлгүүрт монгол дээл бүстэй, монгол гуталтай, толгойдоо хар бараан багтай 2 өөр бээлий өмссөн 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн дэлгүүрийн архины лангуунаас 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи, ундааны лангуунаас 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай Панта ундаа, тамхины тавиур дээрээс 1 хайрцаг хар эссэ тамхи аваад гарч яваа бичлэг бичигдэж үлдсэн байсан. Би тухайн үедээ хэн болохыг нь мэдээгүй. 2022 оны 10-р сарын 29-ны орой миний ээж дэлгүүрийнхээ урд үүдийг өөрөө түгжсэн гэж байсан. Манай дэлгүүр нууц цоожтой ба уг цоож нь өглөө намайг харахад цоожны гол түгжигдсэн хэвээрээ хаалганы дээд түгжээ хүчтэй татагдсаны улмаас буцаж бууж онгойсон байдалтай өөр хаалганд ямар нэгэн эвдрэлгүй байсан. Тухайн үедээ надад сэжиглэсэн хүн байгаагүй. Цагдаа дээр ирэхэд манай сумын Жарантай багийн иргэн Б.Э гэх хүн ахыгаа уучлаарай согтуу танай дэлгүүрийн хаалгыг онгойлгоод орчихсон байна авсан эд зүйлсээ төлнө гэж байсан. Мөн Б.Э нь тухайн үед манай дэлгүүрийн камерт бичигдсэнтэй ижил хувцастай байсан. Тухайн үед манай дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архийг, 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай Панта ундаа, 1 хайрцаг хар эссэ тамхи зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/

 

*Гэрч Ц.Аын өгсөн:

“...Би тухайн өдөр буюу 2022 оны 10-р сарын 29-ны орой гэртээ Чогдов, Лхамсүрэн гэх хүмүүстэй байж байтал гаднаас манай сумын иргэн Б.Э буюу баавгай гэх залуу С.Бын хамт орж ирсэн энэ үедээ тал шил архитай манайд орж ирсэн тэр архиа бид нар хувааж уугаад Б.Э манайд унтаж, С.Б Чогдов, Лхамсүрэн хоёрыг дагуулж хамт гэр рүүгээ явсан. Тухайн шөнө Б.Э манайд унтаж байгаад шөнө дундын үед сэрээд явлаа гээд гарснаа удалгүй буцаж орж ирээд машины аккумлъятор нь суучихсан асахгүй байна гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би буцаад унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа Б.Э дахин манайд орж ирэх үеэр нь сэртэл гаднаас 1 шил 0,5 литрийн Ерөөл гэсэн нэртэй архи авч орж ирсэн тухайн архийг Баавгай буюу Б.Э бид хоёр хувааж уугаад бид хоёр манайд хамт хоносон. Тэгээд өглөө 10 цагийн үед Б.Э манайхаас гараад явсан. Дараа нь Б.Этай уулзахад цагдаагийн хэсэг дээр байсан. Тэгээд би Б.Эаас юу болсон талаар асуухад манайд хоносон өдөр буюу 2022 оны 10-р сарын 29-30-нд шилжих шөнө үүрээр манайхаас гарч яваад Эын дэлгүүр буюу “Аавын хөөрөг” ХХК- ийн “Гурван түшээ” супер маркетад орж архи, ундаа, тамхи хулгайлсан талаар нь мэдсэн. Тухайн үед Б.Э гадуураа чирнээлэн ягаан өнгийн дээлтэй, үзүүртээ цацагтай шар даавуун бүстэй, монгол гуталтай, толгойдоо хар багтай явсан. Б.Э нь бусадтай нөхөрсөг, хааяа жаахан архи уучихдаг тийм л залуу байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал

 

*Гэрч Ц.Мгийн өгсөн:

“...Би 2022 оны 10-р сарын 24-ний орой гэртээ 22 цагийн орчимд байж байтал манай сумын Жарантай багийн иргэн Баавгай хочтой Б.Э гаднаас согтуу орж ирээд манай нөхөр Батмөнхтэй архи уух гээд байх шиг байхаар нь би гэрт байсан барианы шилтэй монгол архийг гаргаж өгтөл Б.Э манай нөхөртэй хувааж уусан. Тэгээд би Б.Эыг харьж унт гэж хэлтэл гараад явсан. Тэгээд 2022 оны 10-р сарын 25-ны өглөө нь 7-8 цагийн хооронд манайд Б.Э дахин цагаан гялгар тортой юм бариад ороод ирсэн энэ үед нь би Б.Эаас наадах чинь юу юм гэж асуутал Б.Э пиво гэж байсан тэгээд хартал 3-4 ширхэг лаазтай пиво байсан тэгэхээр нь би чи наад пивоо аваад яв гэж хэлээд аашлаад явуулсан. Би тэр үед Б.Эаас пиво хаанаас авсныг нь асуугаагүй. Тухайн үед дэлгүүр онгойгоогүй байсан. Машин дотроосоо юм уу гэрээсээ л авч ирсэн байх гэж бодсон. Сүүлд нь Б.Наас сонсоод Б.Э нь Хайрхан сумын "Хүннү” зоогийн газраас архи пиво хулгайлсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 80-81 дүгээр тал/

 

*Гэрч С.Бын өгсөн:

“...Би тухайн үед буюу 2022 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө миний бэр охин О.Оын гэрээс аккумлятор хулгайлсан хүнийг мэдээгүй. Сүүлд нь Б.Э манайд ирж та хажуу айл буюу О.Оюундулмаасаа уучлалт гуйгаад хэлээд өгөөч би согтуудаа хаалганых нь цоожийг эвдээд аккумляторыг нь аваад цагдаад баригдчихлаа гэхээр нь чи өөрөө цоожийг нь эвдэж хүний юмыг зөвшөөрөлгүй авсан хүн өөрөө уулзахгүй юу гэж хэлсэн энэ үед Б.Э манайхаас гарч явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 137-139 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-145 дугаартай:

“...0.5 литрийн Ерөөл архины үнэ 9.800/есөн мянга найман зуу/ төгрөг, 0.5 литрийн Панда ундааны үнэ 1.600.000/нэг мянга зургаан зуу/ төгрөг, хар эссэ тамхины үнэ 3.300/гурван мянга гурван зуу/ төгрөг, нийт 14.700/арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 36-38 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-143 дугаартай:

“...Шинэ зуун гэсэн нэртэй хуурай цэнэгтэй, 12в 120-той хуучин хэрэглэж байсан аккумляторын үнэ 330.000/гурван зуун гучин мянга/ төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн гэрийн хаалга цоожилдог цоожны үнэ 4.800/дөрвөн мянга найман зуу/ төгрөг, нийт 334.800/гурван зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 143-145 дугаар тал/

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-142 дугаартай:

“...Нийслэл нэртэй 0.5 литрийн лаазтай 6 ширхэг пивоны үнэ 14.700/арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөг, Эдэн нэртэй 0.75 литрийн архины үнэ 31.130/гучин нэгэн мянга нэг зуун гуч/ төгрөг, бэлэн 150.000 төгрөг, Хакьишн маркийн камерын дурангийн үнэ 108.000/нэг зуун найман мянга/ төгрөг, модон хаалганы цоожны үнэ 10.800/арван мянга найман зуу/ төгрөг, нийт 314.630/гурван зуун арван дөрвөн мянга зургаан зуун гуч/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 90-92 дугаар тал/

 

*Яллагдагч Б.Эын өгсөн:

“...Би 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөөнөөс буюу Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багаас сумын төв ороод сумын төвд танил ахындаа ороод архи уусан, тэгээд машинаа асаах гэсэн чинь машин асахгүй байсан гадаа хүйтэн байсан учир аккумлятор зарчихсан байсан. Тэгэхээр нь О.О гэх айлын гадаа очиход гэрийнх гадаа нарны дэлгэж харагдахаар нь хашаанд нь орсон гэр цоожтой, жижиг цагаан цоож зүүчихсэн байхаар хөшиж онгойлгоод нарны толиноос аккумляторыг нь салгаад өөрийнхөө машинд аваачиж тавих гэсэн таарахгүй том байсан болохоор машиныхаа кабинд үлдээсэн. Тэгээд маргааш өдөр нь цагдаад баригдаад аккумлятораа машинаасаа гаргаад хүлээлгэн өгсөн. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 159-160 дугаар тал/  

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 163 дугаар тал/

*Архангай аймгийн Хайрхан сумын Жарантай багийн засаг даргын тодорхойлолт,

*Малын А дансны хуулбар зэргийг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

   Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Б.Эын хариуцан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох “Гурван түшээ” супермаркетаас 1 ширхэг 0.5 литрийн Ерөөл архи, 1 ширхэг 0 5 литрийн панта ундаа, 1 ширхэг хар эссэ зэрэг эд зүйлс алдагдаж, түүнд 14.700 төгрөгийн хохирол учирсан,

2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Дэнж хорооллын 10-14 тоотод байрлах хохирогч О.Оын монгол гэрээс эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 334,800 төгрөгийн хохирол учирсан,

2022 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.Нын өмчлөлийн “Хүннү” зоогийн газраас эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 303.830 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Б.Эын хариуцан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох “Гурван түшээ” супермаркетад хаалгыг нь онгойлгон нэвтэрч бусдын эд зүйлийг буюу 1 ширхэг 0.5 литрийн Ерөөл архи, 1 ширхэг 0 5 литрийн Панта ундаа, 1 ширхэг хар эссэ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 14.700 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг Дэнж хорооллын 10-14 тоотод байрлах монгол гэрийн цоожийг эвдэлж хохирогч О.Оын байнга амьдрах, орон байранд нэвтэрч 334,800 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б.Нын өмчлөлийн “Хүннү” зоогийн газарт нэвтэрч эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 303.830 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай  болох нь хохирогч Ж.Эын”...2022 оны 10-р сарын 29-30-нд шилжих шөнө манай дэлгүүрт хулгай орж тухайн үедээ цагдаад тэмдэглүүлсэн юм. Би 2022 оны 10-р сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутанд дэлгүүрээ онгойлгох гэтэл манай дэлгүүрийн урд үүд онгорхой байсан. Тэгээд хяналтын камераа шалгаж үзтэл тухайн шөнө буюу 2022 оны 10-р сарын 30-ны өглөө үүрээр 05 цаг 40 минутын орчимд манай дэлгүүрт монгол дээл бүстэй, монгол гуталтай, толгойдоо хар бараан багтай 2 өөр бээлий өмссөн 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн архины лангуунаас 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи, ундааны лангуунаас 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай Панта ундаа, тамхины тавиур дээрээс 1 хайрцаг хар эссэ тамхи аваад гарч яваа бичлэг байсан...” гэх мэдүүлэг, хохирогч О.Оын”...Би 2022 оны 10-р сарын 28-ны орой 18 цагийн орчимд Архангай аймгийн Хайрхан сумын Өгөөмөр баг Дэнж хорооллын 10-14 тоотод байх гэрээ цоожлоод Хайрхан сумын Могой багийн нутаг Хоёр уушиг гэх газарт байх хөдөө өөрийн төрсөн аавындаа очиж 2 хоноод байж байтал сумын төвөөс манай хажуу айлын ах болох С.Б утсаар хэлэхдээ урьд шөнө танай гэрийн цоожийг эвдээд хулгайч орсон бололтой байна ирж юмаа бүртгэж үзээрэй гэж хэлэхээр нь 2022 оны 10-р сарын 30-ны өдөр 13 цагийн орчимд гэртээ ирээд орох гэтэл манай гэрийн цоожийг хөшиж эвдээд онгойлгож хулгайч манай гэрт орсон байсан тэгээд би гэртээ орж эд зүйлсээ бүртгэж үзтэл манай гэрт байсан. 2020 оны хавар 4-р сард шинээр нь 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр худалдаж авч байсан шинэ зуун гэсэн нэртэй, хуурай цэнэгтэй, саарал өнгийн 12V, 120-той аккумлъяатор 1 ширхэг хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Нын”...Тухайн Зоогийн газарт 2022 оны 10-р сарын 24-25-нд шилжих шөнө хулгайч орж эд зүйл алдсан байсан. Үүнийг би сүүлд нь камер шүүж үзээд мэдсэн тухайн үед манай зоогийн газраас 0,5 литрийн Нийслэл нэртэй лаазтай пиво 6 ширхэг, 0,75 литрийн Эдэн архи 1 ширхэг, бэлэн мөнгө 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, хаквишн маркийн камерын дуран 1 ширхэг тус тус хулгайд алдагдаж буудлын өрөөнөөс зоогийн газарт ордог модон хаалганы цоож эвдэрсэн байсан. Сүүлд би камер шүүж үзэхэд манай Хайрхан сумын Жарантай багийн иргэн Б.Этай төстэй 1 эрэгтэй хүний бичлэг байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Цэнд-Аюушийн ”...2022 оны 10-р сарын 30-ны өглөө үүрээр 05 цаг 40 минутын орчимд манай дэлгүүрт монгол дээл бүстэй, монгол гуталтай, толгойдоо хар бараан багтай 2 өөр бээлий өмссөн 170 см орчим өндөртэй эрэгтэй хүн дэлгүүрийн архины лангуунаас 1 шил 0,5 литрийн Ерөөл нэртэй архи, ундааны лангуунаас 1 ширхэг 0,5 литрийн савлагаатай Панта ундаа, тамхины тавиур дээрээс 1 хайрцаг хар эссэ тамхи аваад гарч яваа бичлэг бичигдэж үлдсэн байсан. Цагдаа дээр ирэхэд манай сумын Жарантай багийн иргэн Б.Э гэх хүн ахыгаа уучлаарай согтуу танай дэлгүүрийн хаалгыг онгойлгоод орчихсон байна авсан эд зүйлсээ төлнө гэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Аын”...Тухайн шөнө Б.Э манайд унтаж байгаад шөнө дундын үед сэрээд явлаа гээд гарснаа удалгүй буцаж орж ирээд машины аккумлъятор нь суучихсан асахгүй байна гэж хэлээд гараад явсан. Тэгэхээр нь би буцаад унтаад өгсөн. Хэсэг хугацааны дараа Б.Э дахин манайд орж ирэх үеэр нь сэртэл гаднаас 1 шил 0,5 литрийн Ерөөл гэсэн нэртэй архи авч орж ирсэн тухайн архийг Баавгай буюу Б.Э бид хоёр хувааж уугаад бид хоёр манайд хамт хоносон. Тэгээд өглөө 10 цагийн үед Б.Э манайхаас гараад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мгийн”...2022 оны 10-р сарын 25-ны өглөө нь 7-8 цагийн хооронд манайд Б.Э дахин цагаан гялгар тортой юм бариад ороод ирсэн энэ үед нь би Б.Эаас наадах чинь юу юм гэж асуутал Б.Э пиво гэж байсан тэгээд хартал 3-4 ширхэг лаазтай пиво байсан тэгэхээр нь би чи наад пивоо аваад яв гэж хэлээд аашлаад явуулсан. Би тэр үед Б.Эаас пиво хаанаас авсныг нь асуугаагүй...” гэх мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-145 дугаартай,  Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-143 дугаартай, Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн АЦ22-142 дугаартай дүгнэлтүүд зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хүн байнга амьдрах, байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд тус тус хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг авсан буюу эд хөрөнгийн өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Хохирол хор уршгийн талаар:

              Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Эд 14.700 төгрөгийн, О.Од 334.800 төгрөгийн, Б.Нд 303.830 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх бөгөөд хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хохирол төлбөр төлсөн банкны дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

              Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  5. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          П.ГАНДОЛГОР