Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/42

 

 

 

 

 

                   2023/ШЦТ/42  

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: А.Амарсанаа      

Шүүгдэгч: Л.Б    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цорос овогт Лын Бт холбогдох эрүүгийн 2312000000003 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа  малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сум ............н суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн хэсгийн ардын 1-р шүүхийн 1985 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 765-р зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хариуцах чадвартай, Цорос овогт Лын Б/РД:АА............/

 

                             Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Цорос ургийн овгийн Лын Б нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Наран гэх ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 10-аас 17-ны өдрүүдэд иргэн Л.Б нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.7432 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 344,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2312000000003 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч С.Мын өгсөн:  

“...Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул баг, Наран гэх газраас иргэн Л.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 17-ны өдрүүдэд хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ. Хохирол мөнгө төлсөн тохиолдолд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/

 

          *Гэрч Н.Нын өгсөн:

          “...Хэзээ бэлтгэсэн талаар нь мэдэхгүй. Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу БОХУБ ..., хэсгийн төлөөлөгч ..б нарын хамт Батцэнгэл сумын Баян-Уул багийн Наран гэх газар Л.Бынд очиход малын байрныхаа ар талд 4 метрийн урттай ширхэгийг нь сайн санахгүй байна 60-д шинэс төрлийн мод байсан. Тэгээд хэзээ хаанаас бэлтгэсэн талаар нь асуухад 2022 оны 09 дүгээр сард Наран гэх газраас бэлтгэсэн гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэхэд 2020 онд нэг авч байсан тэр мод бэлтгэх эрхийн бичгээрээ модоо авч чадаагүй сая авчихлаа гэж байсан. Тухайн Наран гэх газар нь мод бэлтгэх талбай тусгаарлалт 2022 онд хийгдээгүй. Батцэнгэл сумын Цац багийн Хүнхээлт, Улаан чулуу багийн Чингэлт гэх газруудад талбай тусгаарлалт хийгдсэн. Жил дамнаж мод бэлтгэж болохгүй. Тухайн мод бэлтгэх эрхийн бичгээ хугацаанд нь сунгуулаагүй тухайн ондоо багтаж бэлтгэн тээвэрлээгүй бол тухайн мод бэлтгэх эрхийн бичиг хүчингүй болсон гэсэн үг юм. Хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн онд л багтааж сунгаж өгдөг юм.  С.М гэж хүн байгаа давхар Батцэнгэл сумын Дэл багийг хариуцдаг юм. Хуурай унанги мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9 дүгээр тал/

 

         *Гэрч Ч.Дгийн өгсөн:

         “...Манай нөхөр 2022 оны 09-р сарын 10-ны өдрөөс эхлэн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Наран гэх газраас гэрийн ойролцоо мод бэлтгэж малын байраа сэлбэж янзална гээд өдөрт морьтойгоо гар хөрөөгөө аваад явчихдаг байсан. Тэгээд орой гэртээ ирдэг. Нэлээн хэд хоног ингэж явж байгаад 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр хүү Б.Бг дагуулаад бэлтгэсэн модоо ачиж ирнэ гээд 26-38 АРА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр явсан. Модоо ачаад ирэхэд нь харахад зарим нь унанги зарим нь өмхөрчихсөн моднууд харагдаж байсан. 2020 онд нэг хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваад хэрэглээгүй байсан болохоор тэрэн дээр болно гэж бодоод бэлтгэсэн. 2022 онд галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан харин энэ онд хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/

 

         *Гэрч Б.Бгийн өгсөн:

         “...Манайх Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багт оршин суудаг. Манай аав Л.Б нь өдөр болгон хонинд явдаг харин би адуундаа явдаг. Манай аав Л.Б нь 2022 оны 09 дүгээр сарын дундуур яг хэдэнд гэдийг нь сайн мэдэхгүй байна би Наранд хэдэн мод бэлдчихлээ авчираад байраа сэлбээд барьчихъя гэхээр нь 26-38 ара улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр аав бид хоёр хамт яваад аавын бэлтгэсэн модыг ачаад өвөлжөөнийхөө байрны ар талд буулгасан. Ойролцоогоор 30-40 ширхэг 4 метр гаран урттай мод бэлтгэсэн байсан. Би тухайн үед тоолоогүй. Мод бэлтгэх эрхийн бичиг авсан юм уу гэж асуутал өмнөх онд авч байсан гоожин байгаа тэр гоожингоороо мод аваагүй юм чинь болох байх гэж ярьж байсан. Тэгэхээр нь би болдог юм байна гэж бодсон. Манай аав Л.Б нь өдөрт хонинд явахдаа ганц нэгээр нь бэлдсэн гэж ярьж байсан. Ганцаараа мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-50 дугаар тал/

 

         *Яллагдагч Л.Бын өгсөн:

         “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гөлгөө овогтой Батмөнх гэх хүний нэр дээр байдаг машин. Тухайн хүн нь одоогоос 7-8 жилийн өмнө нас барсан. Миний төрсөн дүү байсан. Ар гэрийнх нь бүгд хот руу шилжээд явсан. Тухайн машиныг би 12-13 сая төгрөгөнд худалдаж авч байсан. Одоо төлбөр тооцооны асуудал байхгүй. Миний эзэмшлийн машин байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 59-60 дугаар тал/

 

         *Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн”...1.7432 метр куб шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11-р сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /шинэс хуурай/ шууд үр ашгийн 48.098₮, шууд бус үр ашгийн-61.662₮, нийт 109760₮ мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 344.400₮-өөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 40-41 дүгээр тал/

          

                *Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн АА22-108 дугаартай:

            “...2004 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд Монгол улсад орж ирсэн 26-38 АРХ улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 3.030.487/гурван сая гучин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 72-75 дугаар тал/

 

            *Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн АЦ22-164 дугаартай:

            “...Төмөр хөрөөний үнэ 21.000/хорин нэгэн мянга/ төгрөг, 1.7432 метр куб модны үнэ 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 78-80 дугаар тал/

 

            *Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 28-32 дугаар тал/

            *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 21-27 дугаар тал/

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 10-аас 17-ны өдрүүдэд Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул багийн нутаг Наран гэх ойгоос шүүгдэгч Л.Б нь зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 1.7432 метр куб шоо метр хэмжээтэй мод бэлтгэж ойн санд 344,400 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.Б үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч С.Мын”...Архангай аймгийн Батцэнгэл сумын Баян-Уул баг, Наран гэх газраас иргэн Л.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 10-наас 17-ны өдрүүдэд хууль бусаар мод бэлтгэсэн асуудалд иргэний нэхэмжлэгчээр төрийг төлөөлж оролцож байна. Би ойн санд учруулсан мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, гэрч Н.Нын”...Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу БОХУБ Холбообаатар, хэсгийн төлөөлөгч Бэхбат нарын хамт Батцэнгэл сумын Баян-Уул багийн Наран гэх газар Л.Бынд очиход малын байрныхаа ар талд 4 метрийн урттай ширхэгийг нь сайн санахгүй байна 60-д шинэс төрлийн мод байсан. Тэгээд хэзээ хаанаас бэлтгэсэн талаар нь асуухад 2022 оны 09 дүгээр сард Наран гэх газраас бэлтгэсэн гэхээр нь мод бэлтгэх эрхийн бичиг байна уу гэхэд 2020 онд нэг авч байсан тэр мод бэлтгэх эрхийн бичгээрээ модоо авч чадаагүй сая авчихлаа гэж байсан. Тухайн Наран гэх газар нь мод бэлтгэх талбай тусгаарлалт 2022 онд хийгдээгүй...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Дгийн”...Манай нөхөр 2022 оны 09-р сарын 10-ны өдрөөс эхлэн Батцэнгэл сумын Баян-Уул багийн Наран гэх газраас гэрийн ойролцоо мод бэлтгэж малын байраа сэлбэж янзална гээд өдөрт морьтойгоо гар хөрөөгөө аваад явчихдаг байсан. Тэгээд орой гэртээ ирдэг. Нэлээн хэд хоног ингэж явж байгаад 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр хүү Б.Бг дагуулаад бэлтгэсэн модоо ачиж ирнэ гээд 26-38 АРА улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр явсан. Модоо ачаад ирэхэд нь харахад зарим нь унанги зарим нь өмхөрчихсөн моднууд харагдаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн”...Манай аав Л.Б нь 2022 оны 09 дүгээр сарын дундуур яг хэдэнд гэдийг нь сайн мэдэхгүй байна би Наранд хэдэн мод бэлдчихлээ авчираад байраа сэлбээд барьчихъя гэхээр нь 26-38 ара улсын дугаартай Пронтер маркийн тээврийн хэрэгслээр аав бид хоёр хамт яваад аавын бэлтгэсэн модыг ачаад өвөлжөөнийхөө байрны ар талд буулгасан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас байгаль орчинд 344.400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн инженер Д.Мөнхнарангийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.Бын хууль бусаар ойгоос босоо мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Л.Быг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 344.400 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /344.400*3=1,033,200/нэг сая гучин гурван мянга хоёр зуу/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1,033,200/нэг сая гучин гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос хэргийг ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Бын хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн портер маркийн автомашиныг хэрэглэсэн байна.  Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.030.487/гурван сая гучин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийн үнэлгээ бүхий 26-38 АРХ улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,033,200/нэг сая гучин гурван мянга хоёр зуу/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,997,287/нэг сая есөн зуун ерэн долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1.7432 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.000/хорин нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий төмөр хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Цорос овогт Лын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Быг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч Л.Баас 1,033,200/нэг сая гучин гурван мянга хоёр зуу/  төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.030.487/гурван сая гучин мянга дөрвөн зуун наян долоо/ төгрөгийн үнэлгээ бүхий 26-38 АРХ улсын дугаартай Пронтер маркийн автомашиныг хураан, түүний үнээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1,033,200/нэг сая гучин гурван мянга хоёр зуу/  төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,997,287/нэг сая есөн зуун ерэн долоон мянга хоёр зуун наян долоо/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 120.000/нэг зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий 1.7432 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21.000/хорин нэгэн мянга/ төгрөгийн үнэ бүхий төмөр хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР