Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 00181

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Д.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У хотын С дүүргийн .. дугаар хороонд тоотод оршин суух, Х овогт А.Н-д холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.О, хариуцагч А.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.О нь А.Н-тэй 2011 онд танилцаж, үерхээд 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр охин Ү-г төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарцгааж байгаад 2016 оны 12 дугаар сараас салцгааж охин Үүрийнтуяа надтай хамт амьдарч байгаа. А.Н нь 2017 оны 02 дугаар сараас хойш охинтойгоо уулзаагүй, 4 удаа 50.000 төгрөг явуулсан.

Иймд А.Н-ээс охин Н.Ү-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хариуцагч А.Н-тэй 2011 онд танилцаж 2014 онд охин А.Үүрийнтуяаг төрүүлсэн.

Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Одоо бид хоёр тус тусдаа амьдралтай болсон. Охин А.Ү нь одоо 5 настай, эрүүл бойжиж байгаа. Энэ жил цэцэрлэгт явуулахаар бүртгүүлсэн байгаа. Одоо эцэг А.Н-ээс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэгийг төлүүлэх хүсэлтэй байна. Хариуцагч нь охиндоо жилд ганц, хоёр удаа мөнгө явуулдаг. Тэр мөнгийг нь намайг идэж уудаг гэж ойлгоод байгаа юм. Тийм зүйл байхгүй. Би өгсөн мөнгөөр нь хэрэгтэй зүйлийг нь авч өгдөг. Би А.Н-д охинд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр урдаас доромжлоод байдаг учраас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэгийг гаргуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. А.Н нь намайг нөхөртэй болсон гэж хэлээд байх юм Энэ өөрөө ч гэсэн эхнэртэй болсон байгаа. Би 2015 оны 7 дугаар сард нэг хувийн компанид ажиллаж байсан. Хариуцагчийн яриад байгаа зээлийг би хамт төлөлцөж байсан. Бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа гэрийн эд хогшлыг тал талаасаа мөнгө гаргаж авч байсан. Би өөрийнхөө хувиарт эд хөрөнгөө авч гараагүй. Өмсөж очсон хувцасаа буцаагаад л гэрээс нь аваад явсан. Өөр юу ч аваагүй. Энэ удаа хүүхдийн тэтгэлэгийн асуудал ярина. Энэ асуудал шийдэгдсэний дараа хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах болно. Би хариуцагч А.Н-г хүүхэдтэйгээ яриулдаг. Харин өөрөө утсаа авдаггүй юм гэв.

 

 

Хариуцагч А.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: А овогтой Н миний бие анх 2011 онд Д.О-тэй танилцаж 2014 оны 05 дугаар сарын 09-нд охин Н.Ү төрсөн. Миний хувьд салах сонирхолгүй байсан ба өөрөө өөр хүнтэй сууж хүүхэд төрүүлсэн. Хүүхдээ хойд эцгийн гар харуулж амьдрах сонирхолгүй байна. Гэр бүлтэйгээ эргэж амьдрах хүсэлтэй байна. Одоо миний хувьд татвар төлөх боломжгүй байна. 2016 онд банкны зээлтэй орхиод явсан, одоогоор зээлээ төлж дуусгаагүй, мөн байр түрээслэн амьдардаг, татвар төлөх боломжгүй гэжээ.

Хариуцагч А.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүхэддээ тэтгэмж өгнө. Би хадгаламжийн дэвтэр нээж хүүхэддээ мөнгө өгөх болно. Би хүүхэдтэйгээ Мөрөнд ирэхээрээ уулздаг.

 Бид хоёр хамт амьдрах боломжгүй болоод салсан. Би өөрийн гэсэн ажил хийж байгаа учраас хадгаламж нээж мөнгийг нь хийнэ. Нэхэмжлэгч нь 2017 онд намайг банкинд зээлтэй байхад орхиод явсан. Би сард 450.000 төгрөг төлдөг. Бид хоёр 5 жил хамт амьдарсан. Би сэтгэлээ тайвширтал хэдэн зүйлийг хэлэх гэсэн юм. Би энэ тэтгэлэгийн мөнгийг өгөхөд миний охинд зориулж байгааг нь яаж мэдэх билээ гэж бодогдож байна. Д.О-ийн шинэ нөхөр нь танай эхнэр, охин хоёрыг хайрлаж чадна гээд надаас гуйгаад байхаар нь би дуугай орхисон. Би Улаанбаатар хот яваад 2 сар болоод ирэхэд нэг гэртээ орсон байсан. Өчигдөр Улаанбаатар хотоос наашаа унаанд суугаад гарах гэж байхад над руу зурвас бичиж байсан. Чи үхээд өг гээд л дарамталж байсан.

Бид хоёрын хэрүүл дуусахгүй юм байна лээ. Надтай утсаар ч ярьдаггүй хүн байгаа юм. Тиймээс би хүүхдийнхээ талаар ямар ч мэдээлэл авах боломжгүй байгаа юм. Би хүүхэдтэйгээ утсаар ч ярих боломжгүй байна. Нэхэмжлэгч Д.О нь нөхрийнхөө хажууд миний утсыг авдаггүй юм гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч А.Н-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.О, хариуцагч А.Н нар нь гэрлэлтээ батлуулаагүй ба тэд үерхэж, хамтран амьдарч байх хугацаанд нэхэмжлэгч Д.О нь жирэмсэлж тэдний дундаас охин Н.Ү төрсөн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр төрсөн Х овогт Н-ийн Ү-ын 6734000058 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Х аймгийн М сумын Д өрхийн эрүүл мэндийн төвийн эмч н.Нандинцэцэгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Н овогтой Ү нь 4 настай, эмэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов. Гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр төрсөн Х овогт Н-ийн Ү-д эцэг Х овогт А-ийн Н-ээс хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлд 30.844 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 төгрөгийг хариуцагч А.Н-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 40.1.1, 40.1.2-д зааснаар 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр төрсөн Х овогт Н-ийн Ү-д 11-н настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Х овогт А-ийн Н-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.О-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 / гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н-ээс нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.844 / гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчанхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА