Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2019/00379

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух, Х овогт Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Т сумын 1 дүгээр багт оршин суух, У овогт Д.Л-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ноогдох хувийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц, хариуцагч Д.Л, хариуцагчийн өмгөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Э нь Д.Л-той 2006 оны 2 дугаар сард гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид хоёрын дундаас том охин Л.Э маань 2006 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн 13 настай, бага охин Л.Э маань 2010 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн, 9 настай, бага хүү Л.Б 2016 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн. З настай. Одоо хоёр охин маань Ерөнхий боловсролын сургуульд, бага хүү маань цэцэрлэгт явж байгаа. Нөхөр Д.Л нь Х аймгийн Т суманд гэртээ амьдарч байхдаа архи ууж согтууран гэр орондоо агсам согтуу тавьж гэрийнхээ эд зүйлийг эвдэж хэмхлээд зогсохгүй намайг зодож хүнд хохирол учруулан уруул, нүүр, нүдэнд гэмтэл учруулан ихээхэн хэмжээний сорви хүртэл тогтоож байсан юм. Одоо энэ хүн өөр хүнтэй болсон. Тэр хүн нь аптект ажилладаг. Тэр хүнээ гэр орондоо хүртэл авчирч орон гэртээ авчирч байсан. Энэ хүнтэй цаашид амьдрах талаар амьдралын итгэл үнэмшил огт байхгүй, айдас хүчирхийлэл дунд дахин амьдрахыг огт хүсэхгүй, түүнчлэн нь хоёр охиндоо анхаарал халамж тавьдаггүй, хүүгээ ч нэг их анхаардаггүй хүн юм. Урьд нь шүүхэд хандаж байсан боловч өөрөө эвлэрье, сайхан амьдарья гэхээр нь нэхэмжлэлээ татаад л хамтран амьдраад мөн 3 хоноод зодуулж би Т сум руу эгч дээрээ очиж байсан. Эд хөрөнгийн тухайд бага таван ханатай гэр, 1.000.000, хашаа байшин Т сумын 3 дугаар гудамж 8 тоот 12/7 байшинтай 20.000.000, төгрөгөөр үнэлж нийт 21.200.000 төгрөгийн эд хөрөнгөнөөс оногдох хувийг гаргуулах хүсэлтэй байна. Бог мал 432 тооны малтай боловч үүнийг нэхэмжлэхгүй, өөрөө хүүхдүүддээ өгнө гэвэл авч болно.

Иймд Ц.Э би Д.Л-оос гэрлэлтээ цуцлуулж, охин Л.Э, Л.Э, хүү Л.Б нарт хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, нийт 21.200.000 төгрөгийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ оногдох хувийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Ц.Э нь хариуцагч Д.Л-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг болон 21.200.000 төгрөгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ. Хариуцагч Д.Л бид дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээсээ охин Л.Э, охин Л.Э нарт хуваах тал дээр харилцан тохиролцсон.

Иймд нэхэмжлэгч Ц.Э миний бие нэхэмжлэлийн шаардлагынхаа 21.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах тухай хэсгээсээ татгалзаж байгааг хүлээн авна уу гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2006 онд айл гэр болсон. Би 2006 онд Т-ээс Т суманд нүүж очсон. 2012 онд том охин маань сургуульд ороод манайх гэрээрээ Т сумын төв дээр нүүж ирсэн. Түүнээс хойш сумын төв дээр амьдарч байгаад 2016 оны намар би ажилд орсон. Өнгөрсөн хавраас эхэлж Л өөр хүнтэй болсон. Тэр хүнтэйгээ хамт хүүхэд багачуудынхаа хажууд ёс зүйгүй үйлдэл гаргасан байсан. Хамт амьдрах хугацаандаа Л архи уудаг байсан. 2014 оноос хойш архины эмчилгээ хийлгээд архи уудаггүй болсон. Архи уухгүй 5 жил болж байна. Би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Миний уруул, нүүр хөрөхөөд маск зүүгээд ажил дээрээ очиж байсан. Манай ажлынхан мэдэж байгаа. Миний толгой хага цохиж байснаа мэдэхгүй гэж байна. Манай хүүхдүүд ч мэдэж байгаа. Удаа дараа миний утсаар цохиж миний утсыг эвдэж байна. Одоо хүртэл айдастай амьдарч байгаа гэв.

Хариуцагч Д.Л шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.Л миний бие тус шүүхэд гаргасан Ц.Э-ийн гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тоггоолгох, тэтгэмж гаргуулах, дундын эд хөрөнгө хуваах иргэний нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2006 онд гэрлэлтээ батлуулж албан ёсоор хамт амьдарсан бөгөөд бидний дундаас том охин Л.Э 2006 онд, охин Л.Э 2010 онд, хүү Л.Б 2016 онд төрсөн. Бид хамт амьдарч байх хугацаанд эв найрамдалтай хамт амьдардаг байсан бөгөөд миний хувьд сүүлийн 5 жил архи дарс огт уугаагүй учир энэ нэхэмжлэл дээр бичсэн шиг зодож нүдээд байдаг зүйл байхгүй. Ийм зүйл болж байсан нь 7-8 жилийн өмнө би архи уудаг байх үедээ ганц нэг удаа агсам тавьдаг байсан ч 2014 онд архины эмчилгээ хийлгэснээс хойш огт архи уугаагүй, гэртээ ийм байдал гаргаагүй өдийг хүрсэн. Харин эхнэр Ц.Э нь маш муухай ааштай, би гэр, орон амьдрал ахуйгаа бодохгүй 2018 оны 11 дүгээр сарын үеэс эхлэн байнга л гэртээ согтуу ирдэг, үргэлж л аймаг руу ажлаар явлаа гээд гэрээсээ хэд хоногоор яваад өгдөг. Уг нь Э байнга аймаг руу ажлаар яваад байхаар тийм ажил эрхэлдэггүй, сургуулийн цэвэрлэгчээр 2015 онд би ярьж өгч оруулсан. Гэтэл өнгөрсөн намар, өвөл байнга л аймаг явдаг болсон. Гэтэл өөр хүнтэй холбоотой болсон юм шиг байсан. Тэр хүнтэйгээ 11 дүгээр сард утсаар ярьж байгаад надад баригдаад түүнээс хойш гэртээ тогтохоо больсон. Цагаан сарын үед хүртэл би цагаан сарынхаа зүйлийг бэлд гээд 600.000 төгрөг өгсөн чинь түүнийгээ аваад огт ирэхгүй байж байгаад хаагуур явсан нь мэдэгдэхгүй явж байгаад цагаан сарын дараа ирсэн. Мөн надад хэлэлгүйгээр өөрийнхөө цалингийн зээлийг миний гарын үсгийг зураад авсан байсан, мөн миний хүнээс ямаа авна гээд мөнгө өгсөн хүнээс мөнгийг нь буцаагаад авсан, хүнээс мөнгө зээлээд түүнийг нь хүмүүс надаас нэхсэн байдалтай сүүлийн хэдэн сарыг өнгөрөөж байна. Хүүхдүүдээ ч тоохгүй орхиод олон хоногоор яваад өгдөг, мөн аймгаас ирлээ гээд шөнөөр согтуу гэртээ ирдэг. Би сүүлийн үед гаргаж байгаа энэ байдлыг нь тэвчихгүй хэрүүл маргаан хийж хүүхдүүдээ бод, амьдарлаа бод гэж зөндөө хэлсэн боловч тоохгүй намайг гэрээсээ хөөж туугаад үргэлж хэрүүл хийгээд байхаар нь 11 дүгээр сараас хойш гэртээ тэр бүр очихгүй хэрүүлээс зугтаж, цагаан сарын дараанаас Улаанбаатар хотруу ээжийнх рүүгээ очоод ажил төрөл хийх санаатай байгаа. Сая би шүүхээс нэхэмжлэл авах гээд Улаанбаатар хотоос ирээд эвлэрэх санаатай гэртээ очтол хэрүүл маргаан хийгээд зайл харахаар нүд хорсоод байна гээд хөөгөөд чи зүгээр л салаад өг, хүүхдийн тэтгэмж ч чамаас нэхэхгүй гээд хөөгөөд байхаар нь арга буюу гэрээсээ гараад ирсэн. Өнгөрсөн хугацаанд 2 том охинд маань намайг муулж ярьсан чиний аав биш гэж хэлж ойлгуулсан, хүүхдүүдээ надаас хөндийрүүлсэн байсан. Би уг нь гэр бүлээ бүтэн байлгах гэсэн боловч Э 3 хүүхдийнхээ ирээдүйг ч бодохгүй салахаа урьтал болгоод байгаа учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Э-ийн салах гээд байгаа зорилго нь өөр хүнтэй суух л байх. Тиймээс л намайг хурдхан шиг салаад өг гэж үргэлж хэл амаар доромжилж дарамталдаг байх гэж бодож байна. Хүүхдүүдийн хувьд нэгэнт өөр хүнтэй суух гээд, гэр бүлээ бутаргах гээд байгаа хүнд хүүхдүүдээ өгч явуулахгүй, үргэлж л хүүхдүүдээ удаан хугацаагаар орхиод явдаг учир цаашид ч хүүхдүүдийг маань хараа хяналтгүй орхиод явахаас айж байна. Би өнгөрсөн хугацаанд хотод байх үед том охин маань л өрх толгойлсон хүн шиг хоёр дүүгээ аваад явдаг, гурвуулахнаа л гэртээ хонодог гэж хүмүүс ярьдаг. Өдөр нь гудмаар тоглож наадаж цагийг өнгөрөөгөөд орой нь гэртээ орж хоёр дүүдээ хоол хийж өгч, бага дүүгээ цэцэрлэгт нь өгөөд ингэж явсаар хар багаасаа том хүний ажил хийх болсон. Цаашид Э-г би хүүхдүүдээ харж хандах тал дээр муухан байх гэж бодож байна. Иймд би бага хүү Л.Б-аа өөрийнхөө асрамжинд авч өөрөө өсгөхийг хүсч байна. Ингэснээр 2 том охин маань ч дүүгээ харах ачаалал нь багасаж, хичээл сурлагадаа илүү их анхаарал хандуулах боломжтой болно. Мөн охин хүүхдүүд учир ээжтэйгээ байвал илүү дээр байх. Харин би ор ганцаараа байхаар голомт залгах хүүгээ өөрөө авна. Ингэснээр бид хэн хэн нь хүүхдүүдээ өсгөх ачааллаа ч хуваагдаж, хүүхдүүд маань ч дутагдах гачигдах зүйл бага байх, цаашилаад том болсон хоёр хүүхдээ авбал Э-ийн хувьд ажил төрөл хийх боломж нь ч бүрдэнэ гэж үзэж байна. Хүүхдийн тэтгэмжийн хувьд би хоёр том охинынхоо тэтгэмжинд хашаа байшин, дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тэтгэмжинд тооцуулж өгөхийг хүсэж байна. Э ч үүнийг зөвшөөрсөн. Би малчин хүн бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, хашаа байшин хамаг эд хөрөнгөө Э болон хоёр охиндоо үлдээж байгаа учир сар бүр хүүхдийн тэтгэмж төлөхөд хүндрэлтэй байна. Иймээс хоёр охиндоо эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг өгөхийг зөвшөөрч байна. Харин би хүү Л.Б-хаа тэтгэмжийг нэхэмжлэхгүй, өөрөө ганц хүүгээ харж хандаад явж болно гэж үзэж байна. Гэхдээ дундын эд хөрөнгөөс хүүдээ ногдох хэсгийг бол би гаргуулж авч хүүдээ өгнө гэж бодож байна. Дундын эд хөрөнгийн хувьд Т сумын төвд 2013 онд 6x7 харьцаатай дүнз, тампур нь 6x4 харьцаатай өвлийн сууц, хашааны хамт барьж авсан. Үүнийгээ 29.000.000 төгрөгөөр үнэлж байна. Үүн дээр гэрийн доторох тавилга 10.000.000 төгрөг болно. Үүнд: Зурагт 1.200.000 төгрөг, стенк 1.000.000 төгрөг / 2018 оны намар авсан/ хөлдөөгч 550.000 төгрөг, диван ор 350.000 төгрөг, хөргөгч босоо 200.000 төгрөг, угаалгын машин 200.000 төгрөг, гал тогооны тавилга 500.000 төгрөг, хивс Зш -1.000.000 төгрөг, ханын шкап 500.000 төгрөг, ширээ сандал 500.000 төгрөг, ахуйн цахилгаан хэрэгсэл / индүү, будаа агшаагч, халуун тогоо, ус буцалгагч, плетка ... гэх мэт/ - 500.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийн эд хөрөнгө байгаа. Би үүнийгээ ч Э болон хоёр охиндоо үлдээнэ. Энэ бүх дундын эд хөрөнгө нийтдээ 35,000,000 төгрөг болно. Би хүү Б-даа ногдох хэсэгт 5.000.000 төгрөгийн эд хөрөнгийн үнийг гаргуулж авна. Харин нэхэмжлэлд дурьдсан 1.200.000 төгрөгийн үнэтэй гэр гэсэн нь манай гэр бүлийн дундын эд хөрөнгө биш манай ээж Д-ийн амьдарч байсан гэр бөгөөд ээж маань өвөлдөө хотод дүү дээр очиж өвөлжөөд зундаа хөдөө гарахдаа барьдаг гэр юм. Энэ гэрийг би хаяа хөдөө гарахдаа барьж байсан болохоос манай гэр биш. Иймд дундын эд хөрөнгөд хамаарахгүй. Малын хувьд 2017 онд манайх 332 толгой малтай байсан бөгөөд малчины зээл авахын тулд 100 тооны мал хий нэмж бичүүлсэн юм. Ингээд малчины зээл авсан байсан бөгөөд 2018 оны хавар бүх малаа зараад 16.000.000 төгрөг болж үүнээсээ малчины зээлээ дараад, манайх хувь хүмүүст бага сага зээлтэй байснаа дараад үлдсэн мөнгөөрөө гэртээ цахилгаан бараа, тавилга хэрэгсэл авч, түлээ, идэш гээд бүх зүйлээ худалдаж авсан. Ингээд гэрийнхээ хэрэгцээнд хэрэглээд дууссан. Иймээс надад болон манай гэр бүлд 432 тооны мал гэж байхгүй, үүнийг Э өөрөө сайн мэдэж байгаа. Иймд дундын эд хөрөнгөд мал байхгүй болно. Эцэст нь шүүхээс хүсэхэд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, охин Л.Э, Л.Э хоёрыгоо ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна, 2 охиндоо хүүхдийн тэтгэмжинд дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг тэтгэмжинд тооцуулан өгөхөөр харилцан тохиролцсон. Хүү Л.Б-ыг би өөрийнхөө асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг ээжээс нь нэхэмжлэхгүй, дундын эд хөрөнгөөс хүүдээ ногдох хэсэг 5.000.000 төгрөгийг гаргуулж, хүүдээ өгөх, дундын эд хөрөнгөөс 1.200.000 төгрөгийн гэр нь ээжийн өмч тул дундын эд хөрөнгөөс хасуулах, 432 тооны мал гэж байхгүй тул эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2006 онд албан ёсоор гэр бүлээ батлуулаад том охин Э, 2008 онд Э, хүү Б төрсөн. Бид өнгөрсөн намраас эхэлж гэр бүлийн асуудалтай болсон. Манай хүн өөрөө өөр хүнтэй ярьж байгаад надад баригдсан. Тэгээд надаас сална, өөр хүнтэй болсон гэдгээ хэлсэн. Би 3 хүүхдээ бодоод эвлэрье гэж байнга гуйдаг. Гэтэл намайг харахгүй харахаар нүд хорсоод байна гэж хөөдөг. Тийм учраас хамт байх сонирхол алга байна. Би 5, 6 сар орох оронгүй гадуур тэнээд явж байна. 3 хүүхдээ хараа хяналтгүй орхиод явчихдаг. Насанд хүрээгүй хүүхдүүдийг тэгж орхиж явж болдог юм уу. Энэ хүн надтай байхад хэцүү байдаг юм бол жаргалаар нь явуулъя гэж бодож байна. Энэ хүн өнгөрсөн жил 600.000 төгрөгөөр цагаан сараа бэлдэх гэж яваад цагаан сарын дараа ирсэн. Энэ мэт байдал гаргаад хамт амьдрахад бэрхшээлтэй байдаг. Шөнө Мөрөнгөөс согтуу ирж байсан. Хэнтэй ирэв гэхээр чамд хамаагүй гэж хүртэл хэлж байсан гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Д.-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагынхаа хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах, мөн охин Л.Э, Л.Э нарт эцэг Д.Л-оос тэтгэлэг гаргуулах хэсгээсээ татгалзсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ц.Э, Д.Л нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас охин Л.Э, Л.Э, хүү Л.Б нар нь төрсөн болох нь:

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн У овогт Д.Л, Х овогт Ц.Э нарын 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлд болсныг Х аймгийн сумын Т сумын 10-рт 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/001064 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн У овогт Д.Л, Х овогт Ц.Э нарын гэр бүлд 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн Л.Б-ыг 2016 оны 02 дугаар сарын 16-нд Х аймгийн Т сумын 6737000019-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/001062 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн У овогт Л.Э-ийг Х аймгийн Т сумын эцэг, эхийн өргөдлөөр 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эцэг тогтоолтын 673700000-рт Д.Л-ыг эцгээр нь тогтоосон тухай бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/001061 дугаартай Эцэг тогтоосон тухай лавлагаа лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн У овогт Л.Э-ийг Х аймгийн Т сумын эцэг, эхийн өргөдлөөр 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр эцэг тогтоолтын 673700000-рт Д.Л-ыг эцгээр нь тогтоосон тухай бүртгэл байгаа тул лавлагаа олгов. гэх 115/001063 дугаартай Эцэг тогтоосон тухай лавлагаа лавлагаа,

Мөн охин Л.Э, охин Л.Э, хүү Л.Б нар нь эрүүл өсөж бойжиж байгаа, мөн тэдний сурах эрхийг хангаж байгаа талаар

Х аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мягмармаагийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Л.Э нь манай сургуулийн 3б ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов. гэх,

Х аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мягмармаагийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Л.Э нь манай сургуулийн 7б ангид суралцдаг нь үнэн болохыг тодорхойлов. гэх,

Х аймгийн Т сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Амаржаргалын 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай Л.Б нь тус цэцэрлэгийн Бага бүлэгт хамрагддаг нь үнэн болно. гэх

Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Мэнджаргалын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Л.Э, охин, 2006 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн ба одоо 13 настай, эсэн мэнд, өсч, бойжиж байгаа нь үнэн болно. гэх,

Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Мэнджаргалын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Л.Э, охин, 2010 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн ба одоо 9 настай, эсэн мэнд, өсч, бойжиж байгаа нь үнэн болно. гэх,

Х аймгийн Т сумын Эрүүл мэндийн төвийн дарга Д.Мэнджаргалын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Л.Б, хүү, 2016 оны 02 дугаар сарын 07-нд төрсөн ба одоо 3 нас, 1 сартай, эсэн мэнд, өсч, бойжиж байгаа нь үнэн болно. гэх,

Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн засаг дарга Б.Батхишигийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Х аймгийн Т сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Э, эмэгтэй, ам бүл 6, 3-8 тоотод оршин суудаг нь үнэн болно. гэх тодорхойлолт, албан бичгүүд,

Мөн нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Д.Л нарын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан Х аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянагдаж байгаа Ц.Э-ийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэмж тогтоолгох, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний маргаанд нэхэмжлэгч Ц.Э хариуцагч Д.Л нар дараах тохиролцоог хийв.

1.Хариуцагч Д.Л нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд охин Л.Э, охин Л.Э, хүү Л.Б нарыг ээж Ц.Э-ийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна.

2.Хүүхдийн тэтгэмжийн хувьд хариуцагч Д.Л нь охин Л.Э, охин Л.Э нарын тэтгэмжинд 9 сая төгрөгийн эд хөрөнгө, мөнгө нэг удаагаар төлхөөр талууд тохиролцож байна. Үүнд: гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Т сумын 1-р баг /сумын төв/-т байрлах 7x6 метр хэмжээтэй дүнзэн өвлийн сууцны байшин, 4x6 метр хэмжээтэй үүдний тамбур, арбаарын хамт, хашаа /газар / гэрийн доторх эд хөрөнгө нийтдээ 25,000,000 төгрөгөөр тооцож үүнээс хариуцагч                       Д.Л-т ногдох хэсэг 5,000,000 төгрөгийг 2 охиндоо тэтгэмжинд тооцон өгөхийг зөвшөөрч байна. Мөн 2 охины хүүхдийн тэтгэмжинд 4 сая төгрөгийг 2019 оны 5-р сарын 9-нд 1,500,000 төгрөг, 2019 оны 8-р сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 11-р сарын 10-нд 1.000.000 төгрөг,                       2019 оны 12-р сарын 20-нд 500,000 төгрөг тус тус өгөхөөр тохиролцов. Хэрэв дээрх хугацаанд хүүхдийн тэтгэмжийн мөнгийг төлөхгүй бол шүүхийн шийдвэрээр албадан биелүүлгүүлэх, эсвэл хүүхдийн тэтгэмжийг тогтоолгоно. Харин хүү Л.Б-д хүүхдийн тэтгэмжийг хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн хадгаламж нээлгэж хийж байхаар тохиролцов. Хүүхдийн хадгаламжийг хүүхдийг 18 нас хүртэл хугацаанд эцэг эхийн хэн нэг нь дур мэдэн захиран зарцуулахгүй байна.

3. Дундын эд хөрөнгийн хувьд Т сумын 1-р баг /сумын төв/-д байрлах 7x6 метр хэмжээтэй дүнзэн өвлийн сууцны байшин, 4x6 метр хэмжээтэй үүдний тамбур, арбаарын хамт, хашаа /газар / гэрийн доторх эд хөрөнгө нийтдээ 25.000.000 төгрөгөөр тооцож үүнийг нэхэмжлэгч Ц.Э, охин Л.Э, охин Л.Э, хүү Л.Б нарын нэр дээр шилжүүлж өгнө. Өөр дундын эд хөрөнгийн талаарх маргаан байхгүй бөгөөд мал байхгүй, гэр Д.Л-ын ээжийн хөрөнгө болохыг зөвшөөрөв. гэх Гэрлэгчдийн хоорондын гэрээ хэрэгт тус тус авагдсан байна.

        Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

Хэдийгээр хэрэгт гэрлэлт цуцлах ноцтой шалтгааны талаар баримт авагдаагүй ч гэрлэгчид нь хамтран амьдарч байх хугацаандаа байнга хэрүүл маргаантай байсан байдал, мөн гэрлэгчид эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэргийг үндэслэн гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Ц.Э, Д.Л нарын гэрлэлтийг цуцлаж охин Л.Э, Л.Э, хүү Л.Б нарыг эхийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүү Л.Б-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 102.729 төгрөгийг төлсөн байх бөгөөд гэр бүл цуцлуулах шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамааран төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг, хүү Л.Б-д эцэг Д.Л-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад 32.529 төгрөгийг, нийт 102.729 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлөх ёстой байсан байна.

Иймд Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-оос 102.729 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д  олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар У овогт Д.Л, Х овогт Ц.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 18-нд төрсөн охин У овогт Л.Э, 2010 оны 02 дугаар сарын 08-нд төрсөн У овогт Л.Э, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн У овогт Л.Б нарыг эх Х овогт Ц.Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар  2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрүүлсэн У овогт Л.Б-д 11 нас хүртэл тухайн бүх нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч У овогт Д.Л-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон охин Л.Э, охин Л.Э нарын тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

5. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.729 / нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л-оос 102.729 / нэг зуун хоёр мянга долоон зуун хорин ес / төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-д  олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА