Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

 

 

                     2023/ШЦТ/50  

 

 

                                                                                         

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал

Шүүгдэгч: Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Хоньт овогт Бийн Цт холбогдох эрүүгийн 2212000000336 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд механизмын операторчин мэргэжилтэй, БМНС ХХК-д операторчин ажилтай, ам бүл 3 ээж, ахын хамт Архангай аймгийн Цэнхэр .......... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Хоньт овогт Бийн Ц/РД:АО......./

 

                               Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Бийн Ц нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хороололд 2022 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө С.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, зүүн хацар ял, зүүн нүдний ухархайн дотор, дотор хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

 *Эрүүгийн 2212000000336 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

 *Хохирогч С.Сын өгсөн:

“...Миний бие 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр наадам баяр тохиолдуулан.өөрийн төрсөн нутаг Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очсон. Тэгээд тэнд аялж зугаалах санаатай амраад очсон. Тэгээд тухайн өдөр би өөрийн найзууд болох О.Б, Г.У нартай уулзаж агаар салхинд гарч байсан. Тэгтэл манай ажлын газрын ах Амгаланболд нь бид хэдийн ойролцоо байгаа талаар мэдэгдэж холбоо барьсан ба тухайн үед би 2 найзын хамтаар Амгаланболд ах болон түүний гэр бүлийн гишүүдтэй уулзсан. Тухайн үед би найзуудтайгаа ууж идээд, наргиж цэнгээд явж байсан. Тэгээд Амгаланболд О.Б болон миний бие нэг шил виски хувааж уугаад юм яриад сууж байсан. Тэгээд тэндээ сууж байгаад шөнийн 03 цагийн орчимд буцаж явж байсан ба О.Бгийн ажиллуулдаг амралтын газрын үүдэнд миний машинд бид нар шар айраг уугаад сууж байсан. Тэгээд би түүнээс хойш юу ч санахгүй байгаа нэг мэдсэн эмнэлгийн байгууллагад сэрсэн ба миний нүдний доод хэсэгт оёдол тавьсан байсан. Тэгээд маргааш нь манай найзууд ирээд манай найз Г.У нь хэлэхдээ чамайг Б.Ц гэх хүн цохичихсон. Тэгээд эмнэлэгт хүргэж ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/

 

*Хохирогч С.Сын дахин өгсөн:

“...Би Б.Цт зодуулсны дараа эрүү, нүүр, нүдний хагалгаанд орсон. Одоогоор нүд эдгээгүй, юмыг 2 болгож харж байна, нүдний ухархайгаар болон толгой өвдөж байна. Нүд гайгүй болохгүй бол дахин нүдний булчин суулгах хагалгаанд орохоор төлөвлөж байгаа. Би эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. Энэ хугацаандаа ажилгүй байсан. Би Тэди төвд гар утасны засварын лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд сард 500.000 төгрөгөөр түрээс төлдөг, энэ түрээсийг хамт ажилладаг ах төлсөн. Ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилнэ. Би түрээсээ төлөөд сард 4 сая төгрөг олдог. 3 сар ажилгүй байсан хугацааны мөнгө 12 сая төгрөг нэмж нэхэмжилж байна. Нийт 18.824.290 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 67-68 дугаар тал/

 

*Гэрч О.Бгийн өгсөн:

"...Зун 2022 оны 07 дугаар сард 10-ны өдөр С.С, Г.У гээд манай хоёр найз ирээд надтай уулзсан. Тэр оройноо бид гурав Цэнхэр сумын гүүрний доохон талд С.Сын ажлын газрын хүнийг тосож аваад тэндээ нэг шил виски ууцгаасан. Тухайн үед Г.У, С.Сын машиныг барьж яваа, жолоо барьж байгаа гээд архи уугаагүй. Уг вискиг С.С, ажлынх нь ах бид гурав хувааж уугаад С.С бид хоёр нэлээд согтсон. Юмаа ууж дуусаад цагийг нь санахгүй байна шөнө аймгийн төв рүү орж ирээд манай гэр буудлын гадаа С.Сын машинд байсан том пивыг С.С бид хоёр хувааж уугаад бид хоёр нэлээн согтсон. Тэгээд би согтоод, унтаад нэг сэрсэн чинь Г.Уын хашааны гадаа, С.Сын машинд сэрсэн. Сэрээд машинаас буусан чинь Г.Уын хашаанд хүмүүс нь ороод харсан чинь орилолдоод чимээ гараад байсан. Тэгэхээр нь хашаа руу С.С газар уначихсан, очоод үзтэл зүүн талын нүднээс нь цус гарсан байдалтай, 3-4 морьтой залуучууд тойрчихсон, манай найз Г.Утай маргалдаад байж байсан. Тэгсэн чинь Г.Уын ээж гэрээсээ гараад ирсэн тэгтэл нөгөө морьтой залуучууд хашаанаас нь гараад явцгаасан. Тэгээд би тэр хоёроор гэртээ хүргүүлсэн. Намайг Уын хашаа руу ороход С.С газар хэвтэж байсан. Очоод үзэхэд зүүн нүднээс нь цус гарсан, хүнд цохиулаад унасан байдалтай байсан. Г.Уын хашаанд байсан морьтой хүмүүсийг явсны дараа би Г.Уаас С.Сыг хэнд цохиулсан талаар асуухад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан ус гэдэг газар байдаг Пуунаа хочтой Б.Ц гэдэг залуу цохисон гэж хэлсэн. Тухайн үед би өөрөө С.Сыг яг хэнд цохиулсныг нь нүдээрээ хараагүй Г.Уын машинд унтаж байгаад сэрсэн чинь ийм зүйл болсон байсан. Би сайн мэдэхгүй байна манай найз Г.Уын зүс таньдаг хүн нь гэж байсан...” гэх мэдүүлэг/хх 18-19 тал/

 

*Гэрч Б.Нын өгсөн:

“...Намайг 2022 оны 08 дугаар сард хөдөө гэртээ байхад над руу нэг хүн утсаар залгаад танай дүү Б.Цт зодуулсан хүн байна, би наадмын үеэр аймгийн төвд танай дүүтэй муудалцаад салцгаасан. Тухайн үед миний нүдний доод яс гэмтсэн юм. Тэгсэн чинь одоо зүгээр болдоггүй эмчлүүлэх шаардлагатай болчихоод байна гэж хэлсэн. Тэгээд би дүү Б.Цаас юу болсон талаар асуухад наадмын үеэр бид нарыг шөнө аймгийн төвд морьтой явж байхад машинтай хэдэн залуу таараад бид нартай муудалцсан юм. Би тухайн үед Д.Птой маргалдаад байсан залууг нь нэг удаа цохисон юм. Тэгээд бид нар салаад явцгаасан өөр зүйл болоогүй гэж хэлсэн. Надад хэлэхдээ Птой маргалдаад байсан залууг би нэг удаа цохисон гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Архангай аймгийн төвийн Д.П, Цэнгэл гэдэг хоёр залуутай хамт явсан гэсэн. Өөр бас нэг хүн хамт явсан гэсэн тэр хүний нэрийг нь мэдэхгүй. Надад хэлэхдээ Д.Птой маргалдаад байсан залууг би нэг удаа цохисон гэж хэлсэн. Манай дүү одоо Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт уурхайд ажиллаж байгаа. Одоогоор холбоо барих боломжгүй байгаа, учир нь Цэнхэр сумын Орхон багт сүлжээ барьдаггүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар тал/,

 

*Гэрч Г.Уын өгсөн:

"...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр найз С.Сын хамт Улаанбаатар хотоос баяр, амралтын өдрүүд гээд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ирсэн. Тэгээд тухайн өдрөө 10 жилийн найз болон О.Б мөн, С.Сын ажлын газрын ахыг тосож аваад уулзацгаасан. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сумын гүүрний доор С.С, О.Б, С.Сын ажлын газрын ах 3 гурав виски уусан. Би жолоо бариад виски уугаагүй. Тухайн үед цаг орой болоод харанхуй болсон байсан. Цаг ойролцоогоор 04 цаг болчихсон байсан. Тэгээд Цэнхэр сумын гүүрнээс аймгийн төвд О.Бгийн амралтын газар ирсэн. С.Сын ажлын газрын хүн тэндээ үлдсэн. Тэгээд О.Бгийн амралтын газар ирж С.С, О.Б нар нэг том пиво уусан. Би өдөр нь машин барьсан учир машиндаа унтаж байгаад 2 найзыгаа пиво ууж дууссаны дараа гэр рүү нь хүргэж өгөх гэрийнхээ гадаа зогссон чинь манай гудмаар морьтой хэдэн залуус явж байсан, Энэ үед Б машины хаалга онгойлгож бөөлжсөн чинь тухайн морьтой залуус хүрч О.Бтэй юм яриад байсан. О.Б, С.С нар нэлээд согтсон байсан. Тэгсэн О.Б бөөлжихөөр тухайн морьтой залуус ууж чадахгүй байж яах гэж уудаг юм, энэ тэр гээд ям яриад байсан. Тэгсэн С.Сыг нэг морьтой залуу машинаас буулгаад хашаа руу дагуулж орж харагдсан. Би Б.Цтай машины нөгөө талд юм яриад зогсож байсан юм. Тэгсэн Б.Ц машины араас морьтойгоо давхиад орохоор нь араас очиход хашаан дотор Б.Ц нь С.Сыг доош унагачихсан толгой хэсэг рүү 3-4 удаа цохиод тэгэхээр нь би очиж салгаад босгож харахад С.Сын зүүн нүд, хацар хэсгээс цус гойжиж байсан нүд тагларсан байсан. Тэгээд Б.Цт чи яагаад хүн зодож байгаа юм гэхэд зүгээр л байна шүү дээ гэж хэлээд тухайн залуус явцгаасан. Тэгээд эмнэлэг рүү явж оёо тавиулж, гэрт нь хүргэж өгсөн. С.Сын биед Б.Ц гэх залуу гараараа толгой нүд орчимд 2-3 удаа цохисон. Өөр хүмүүс биед нь халдаагүй. С.С нь Б.Цийн биед халдаагүй. Нэлээн согтуу, хүн зодох тэнхэлгүй байсан. Тухайн залуусаас зодоон хийсэн зүйл байгаагүй. Б.Ц гэх залууг бага байхад хөдөө айл саахалт байсан учир багийн төрхөөр нь таньсан. Уулзаагүй олон жил болсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн  27-28 дугаар тал/

 

*Гэрч Б.Бийн өгсөн:

"...2022 оны 07 дугаар сард наадмын үеэр Пуунаа буюу Б.Ц, П бид гурав аймгиин төвөөс Доной руу морьтой явж байгаад Бор толгой хорооллоор даваад Наранбулаг хороолол руу орж яваад машинтай 3 залуутай таарсан. Тэр 3 залуугийн хажуугаар гараад явсан чинь бид нарыг араас дуудсан. Бид 3 тэр залуучууд дээр очоод байж байтал нэг махлаг залуу нь Д.Птой муудалцаад дайраад байсан. Тэгээд тэр хоёр айлын хашаа руу орсон тэгээд намайг араас нь орсон чинь нөгөө махлаг залуу Д.Пийн дээр нь гарчихсан барилцаад авсан муудалцаж байсан. Тэгээд бид нар очоод тэр хоёрыг салгаад байж байсан чинь Б.Ц гэнэт хажуунаас орж ирээд Д.Птой муудалцсан залууг нэг цохисон. Тэгэхээр нь бид нар хоёр тийшээ салгаад хоорондоо эвээ олоод салцгаасан. Шөнө харанхуй байсан болохоор тэр залуугийн хаана нь цохисныг нь сайн хараагүй. Ямартай ч Б.Ц тэр залууг нэг удаа л цохисон. Тухайн үед шөнө харанхуй байсан болохоор би сайн хараагүй. Тухайн үед Ц тэр залууг нэг цохисон өөр зүйл болоогүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 дугаар тал/

 

*Гэрч Д.Пийн өгсөн:

"...Би 2022 оны 07 дугаар сард аймгийн наадмын үеэр Пуунаа буюу Б.Ц, Б.Б нарын хамт аймгийн төвөөс Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Доной руу Б.Бийн ахын хашаанд очихоор морьтой явж байгаад Наранбулаг хороолол руу орж яваад машинтай танихгүй гурван залуутай таарсан. Бид нар тэр гурван залуугийн хажуугаар гараад явсан чинь бид нарыг араас дуудсан. Бид нар тэр залуучууд дээр очоод уулзаад байж байтал нэг махлаг залуу нь над руу томроод, дайраад байсан. Тэгээд тэр залуу намайг хажуу талын айлын хашаа руу орж уулзъя гэсэн. Тэгээд би дагаад хашаа руу орсон чинь намайг шууд заамдаж аваад нэг мөргөөд, хавсарч газар унагаагаад дээр гараад бид хоёр заамдалцсан. Тэгтэл нөгөө хэд араас ирээд бид хоёрыг салгаж болиулаад байж байтал Пуунаа буюу Б.Ц надтай муудалцсан махлаг залууг намайг өмөөрөөд нэг цохисон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад удалгүй хоорондоо эвлэрээд салцгаасан. Б.Ц тэр залууг хаана нь цохисоныг нь би хараагүй. Дараа нь эвлэрээд юм яриад зогсож байхад Б.Цт цохиулсан махлаг залуу нь Б.Цийг аймар цохидог залуу байна гэж ярьж байсан. Тэгээд тэр залуу сүүлдээ миний буруу гээд бид нараас уучлалт гуйсан. Шөнө байсан болохоор би сайн хараагүй. Тухайн үед миний уруул дотроо язарсан байсан. Одоо зүгээр болоод арилчихсан. Өөр гэмтэл учраагүй. Б.Б бид хоёр тэр залууд огар хүрээгүй. Тэр залуу анх намайг мөргөж, газар унагаасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/

 

 *Яллагдагч Б.Цийн өгсөн:

  “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буюу улсын баяр наадам үзэхээр Архангай аймгийн Цэнхэр сумаас Аймгийн төв рүү Б.Б, Д.П нартай орж ирсэн. Тэгээд өдөр нь наадам үзээд орой архи ууцгаасан. Тэгээд аймгийн төвөөс гарч яваад хар харрер унасан хүмүүстэй таараад хамт явсан хүмүүстэй маргалдаад байсан. Тэгээд би найзыгаа өмөөрөөд С.Сын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон. Тэгээд хэсэг хугацаанд маргалдаж байгаад явцгаасан. Би С.С гэх хүнд хохирол төлбөр барагдуулаагүй. Хохирол төлбөр барагдуулна. Одоогоор уулзалдаагүй байна. Би тухайн үед архи нэлээн уучихсан байсан учир согтуурхаад, найзыгаа өмөөрөөд С.Сыг зодсон юм. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. С.С гэх хүн миний биед халдаагүй. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй учраас надад хуулийн хөнгөн хариуцлага оногдуулж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 61-62 дугаар тал/

 

*Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12267 дугаартай“...С.Сын биед зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Г.Энхбаатар, М.Золжаргал, Г.Ханхүү нарын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 73 дугаартай:

“...ШШҮХ-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12267 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. С.Сын биед учирсан зүүн хоншоор ясны өмнөд дотор болон хажуу хана, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн дотор, хажуу, доод ханын нийлмэл хугарал гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хохирогч С.Сын биед зүүн хоншоор ясны өмнөд дотор болон хажуу хана, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн дотор, хажуу, доод ханын нийлмэл хугарал, зүүн нүдний алимны суулт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Цт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулаг хороололд иргэн С.С нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ц үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Сын”...Тэгээд тэндээ сууж байгаад шөнийн 03 цагийн орчимд буцаж явж байсан ба О.Бгийн ажиллуулдаг амралтын газрын үүдэнд миний машинд бид нар шар айраг уугаад сууж байсан. Тэгээд би түүнээс хойш юу ч санахгүй байгаа нэг мэдсэн эмнэлгийн байгууллагад сэрсэн ба миний нүдний доод хэсэгт оёдол тавьсан байсан. Тэгээд маргааш нь манай найзууд ирээд манай найз Г.У нь хэлэхдээ чамайг Б.Ц гэх хүн цохичихсон. Тэгээд эмнэлэгт хүргэж ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Бгийн”...Тэгээд би согтоод, унтаад нэг сэрсэн чинь Г.Уын хашааны гадаа, С.Сын машинд сэрсэн. Сэрээд машинаас буусан чинь Г.Уын хашаанд хүмүүс нь ороод харсан чинь орилолдоод чимээ гараад байсан. Тэгэхээр нь хашаа руу С.С газар уначихсан, очоод үзтэл зүүн талын нүднээс нь цус гарсан байдалтай, 3-4 морьтой залуучууд тойрчихсон, манай найз Г.Утай маргалдаад байж байсан. Тэгсэн чинь Г.Уын ээж гэрээсээ гараад ирсэн тэгтэл нөгөө морьтой залуучууд хашаанаас нь гараад явцгаасан. Тэгээд би тэр хоёроор гэртээ хүргүүлсэн. Намайг Уын хашаа руу ороход С.С газар хэвтэж байсан. Очоод үзэхэд зүүн нүднээс нь цус гарсан, хүнд цохиулаад унасан байдалтай байсан. Г.Уын хашаанд байсан морьтой хүмүүсийг явсны дараа би Г.Уаас С.Сыг хэнд цохиулсан талаар асуухад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан ус гэдэг газар байдаг Пуунаа хочтой Б.Ц гэдэг залуу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Нын”...Намайг 2022 оны 08 дугаар сард хөдөө гэртээ байхад над руу нэг хүн утсаар залгаад танай дүү Б.Цт зодуулсан хүн байна, би наадмын үеэр аймгийн төвд танай дүүтэй муудалцаад салцгаасан. Тухайн үед миний нүдний доод яс гэмтсэн юм. Тэгсэн чинь одоо зүгээр болдоггүй эмчлүүлэх шаардлагатай болчихоод байна гэж хэлсэн. Тэгээд би дүү Б.Цаас юу болсон талаар асуухад наадмын үеэр бид нарыг шөнө аймгийн төвд морьтой явж байхад машинтай хэдэн залуу таараад бид нартай муудалцсан юм. Би тухайн үед Д.Птой маргалдаад байсан залууг нь нэг удаа цохисон юм. Тэгээд бид нар салаад явцгаасан өөр зүйл болоогүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Уын”...Тэгсэн Б.Ц машины араас морьтойгоо давхиад орохоор нь араас очиход хашаан дотор Б.Ц нь С.Сыг доош унагачихсан толгой хэсэг рүү 3-4 удаа цохиод тэгэхээр нь би очиж салгаад босгож харахад С.Сын зүүн нүд, хацар хэсгээс цус гойжиж байсан нүд тагларсан байсан. Тэгээд Б.Цт чи яагаад хүн зодож байгаа юм гэхэд зүгээр л байна шүү дээ гэж хэлээд тухайн залуус явцгаасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...Б.Ц гэнэт хажуунаас орж ирээд Д.Птой муудалцсан залууг нэг цохисон. Тэгэхээр нь бид нар хоёр тийшээ салгаад хоорондоо эвээ олоод салцгаасан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Пийн”...Тэгтэл нөгөө хэд араас ирээд бид хоёрыг салгаж болиулаад байж байтал Пуунаа буюу Б.Ц надтай муудалцсан махлаг залууг намайг өмөөрөөд нэг цохисон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад удалгүй хоорондоо эвлэрээд салцгаасан...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Цийн мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 12267 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Ц нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ. Түүний бусдын эрүүл мэндэд биед зүүн хоншоор ясны өмнөд дотор болон хажуу хана, зүүн хацар ясны нум, зүүн нүдний ухархайн дотор, хажуу, доод ханын нийлмэл хугарал, зүүн нүдний алимны суулт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж  шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

              Хохирол хор уршгийн талаар

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Сын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрт 18.824.290 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт нэхэмжилж байгаа хохиролтой холбогдуулан 4 хуудас 16 ширхэг баримтыг ирүүлсэн байна. Уг баримтуудаас 10.000 төгрөгийн үнийн дүнтэй ХААн банкны баримт нь юу авсан тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай хамааралгүй, бусад 6.950.290 төгрөгийн баримтуудын хувьд энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршигтай хамааралтай, нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэв.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч С.Ст 5.000.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон тул үүнийг хасч 1.950.290 төгрөгийг шүүгдэгч Б.Цаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг шүүгдэгч шүүх хуралдаанаас завсарлага авч төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Б.Цийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв. Харин хохирогч С.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч баримтаар нэхэмжилж байгаа хохирлыг гаргуулж, бусад хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санал гаргасан болно.

 

  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн ба хуульд заасан хугацаанд хэргийг шийдвэрлэх боломжгүй байсан тул ердийн журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Цт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.С нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой Сиди 2 ширхэг, иргэний эрүүл мэндийн дэвтэр рентген зураг зэргийг хохирогч С.Ст буцаан олгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч Хоньт овогт Бийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.С нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой Сиди 2 ширхэг, иргэний эрүүл мэндийн дэвтэр рентген зураг зэргийг хохирогч С.Ст буцаан олгосугай.  

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР