Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2019/00452

 

  

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Р.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: А овогт А.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д овогт Г.Г-т холбогдох,

Гэм хорын хохирол 3.500.000 / гурван сая таван зуун мянга / төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Мөрөн сумын 8-р баг, Нэгдсэн эмнэлгийн хажуу асфальтан замд өөрийн эзэшлийн HONDA INSIGHT маркийн суудлын авто машинтайгаа явж байгаад  93-40 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон Г.Г-т мөргүүлж хохирсон юм. Би өөрийн автмашиныг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Япон улсаас дөнгөж орж ирэхэд нь өөрийн хүч хөдөлмөрөөр цуглуулсан хэдэн төгрөгөө урьдчилгаа болгон өгч, бусад төлбөрийг Банк бус санхүүгийн байгууллагаас зээлж өгч худалдан авч байсан юм. Мөргүүлсний улмаас миний автомашины урд хэсэг тэр чигтээ эвдэрч хэмхрэн, мөргүүлсэн талаасаа кузов нь мотор руу шахагдан их бие, бусад эд анги тэр чигтээ гэмтэж эвдэрсэн. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх явцад миний бие Г.Г-той хүн ёсоор учраа олж, хохирол төлбөрөө барагдуулахыг хүссэн боловч “шүүхээрээ яв” гэх мэтээр даапаалж, хохирогч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд үл хүндэтгэсэн тул арга буюу шүүхэд хандаж байна. Г.Г гэгч нь Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Г гэгч эрхмийн хүү байсан ч хууль, шүүхийн өмнө бид адил тэгш эрхтэй гэж үзэж байна. Түүнчлэн Г.Г-ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зөрчил гаргасан болохыг цагдаагийн байгууллага тогтоож, түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлэсэн. Миний HONDA INSIGHT маркийн автомашины сэлбэг хэрэгсэл Хөвсгөл аймагт байдагүй, Улаанбаатар хотод засуулах шаардлагатайн дээр кузов чихэгдэж мотор руу шахагдсанаас шалтгаалан Улаанбаатар хот руу унаж, өөрөөр нь явуулах боломжгүй, ачааны машинд ачиж явах шаардлагатай зэргээс хохирлын асуудал миний амьдралын боломжоос хальж, зээл хууль тавихаас өөр аргагүй байдалд хүрч байна.

Иймд Г.Г-оос миний автомашинд учруулсан хохиролд 3.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч А.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би хурд хэтрүүлж яваагүй. Тээврийн хэрэгсэл өнгөрөөж байж туслах замаар явна гэсэн дүрмээр явж байсан. Энэ талаар ч цагдаагийн дүгнэлт гарсан. Би эхнэрийнхээ цалингийн зээлийг авахуулж машинаа засуулсан. Нийт эвдрэлээ засуулахад 3.500.000 төгрөг болсон. Би Улаанбаатар хотод ачуулж очоод Дарь-Эхэд байдаг засварт өгсөн. Их гэрэл 530.000 төгрөгөөр авсан. Усны помп, усны сав, ерөнхий рам мотор дээр наалдсан байсан учир гажигийг нь гаргуулсан. Цагаан өнгийн копуд буфер авч өнгө ижилсүүлж будсан. Засварын хөлс 700,000 тээврийн зардал 300.000 төгрөг 2.430.000 төгрөгийн сэлбэг авч падаан бичүүлж авсан. Цаг тухайн үед нь үнэлгээ гаргуулсан. Түүн дээр үнийн судалгаа байсан. Энэ хүн үнэ их байна гээд хүлээн зөвшөөрөөгүй. Дүгнэлт дээр амьдрал дээр байгаа үнээс хямдхан гаргадаг юм билээ.  Г.Г-т өөрт нь Улаанбаатар хот руу цуг явах талаар би хэлж байсан. Өөрөө яваагүй таг чиг болсон. Тэгсэн бол ийм маргаан болохгүй байсан гэв.

 

Хариуцагч Г.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  А.Г тухайн үед буюу  орой цагаар харанхуйд гэрлээ асаагаагүй замаар хурдтай өгсөж явсныг би хараагүй. Машин байхгүй байсан тул зам руу ороод замын голын цагаан зураас өнгөрсөн байхад дагаж дарж ороод миний машины зүүн хойд дугуй руу мөргөж, миний машин үсрээд зам дээр байсан машин замаас гарч замын хажууд байдаг машины зогсоол дээр баруун тийш явж байсан машин чиглэлээ өөрчлөөд урагшаа харж зогссон. Хэргийн газрын зураг, үзлэгт тодорхой байгаа. Гэрэлгүй, харагдах боломжгүй нөхцөлд маш хурдтай явсан машин болохоор миний машинаас жижиг машин мөртлөө тийм хол үсэртэл мөргөсөн байхад цагдаа гэрэлтүүлэгтэй гудамж гэж намайг буруутгасан. Гэрлээ асаасан, хурд бага байсан бол А.Г нь зогсох боломж байсан. Би ч харах байсан. Цагдааг ирэхэд энэ байдлыг хэлэхэд намайг туслах замаас ирсэн гэж буруутгасан. Гадаа харанхуй, гэрэлгүй байсан. Тэгээдхар өнгийн машин өндөр хурдтай ирсэн. Өвөл зам хөлдүү, гэрэлтүүлэг муу байсан зэргийг А.Г тооцож яваагүй. Замын цагдаа ч байдлыг харгалзаж үзээгүй намайг буруутгасныг би хүлээн зөвшөөрч өөр ямар нэгэн өөрийгөө өмөөрсөн, маргасан зүйлгүй уг осол болсон цагаас эхлээд хоёулаа эвээр хэлэлцээд, эвдэрсэн эд зүйл засварын хөлсийг төлөөд хохиролгүй болгох талаар хүсэхэд А.Г 13.500.000 төгрөг, дараа нь 5 000.000 төгрөг гэх мэтээр зах зээлийн үнээс хэт өндөр үнэ нэхэж, энэ үнээр төлүүлнэ гээд тохирохгүй болохоор нь зохих газраар нь шийдүүлье гээд би үнэлгээний хүнээр үнэлүүлэхээр болоод үнэлгээчин үнэлэхэээр болж бид хоёрыг байхад гэрэл 1 ширхэг, гутер 1 ширхэг, ослын дэр 2 ширхэгийг солино, бусдыг засвараар гарах юм байна, гэмтлийн хувь хүрэхгүй юм байна гэсэн. Үнэлгээний хариу гараагүй байхад А.Г үнэлгээчний утсыг надаас дугаарыг нь өг гээд авсан. Энэ хүн муу үнэллээ гэж байсан. Энэ хүнтэй чинь ярина гэсэн. Гэтэл үнэлгээ гараад ирсэн чинь дөрвөн төрлийн эд анги солих юм байна гэснийг больж 13 нэр төрлийн юм шинээр худалдаж авч тавихаар болсон, засварын хөлс ороод 2.365.000 төгрөгний хохирол гарсан байсан. Яасан гэсэн чинь үнэлгээчнийг А.Г миний машиныг буруу үнэллээ гэж элдвээр хэлж дайрсан гэсэн. Үнэлгээчинд ажлаа хийхэд нь дарамталж бодит үнэ гарахад нөлөөлсөн. Гарсан 2.365.000 төгрөгийн хохирлыг А.Г зөвшөөрөхгүй гэсэн. Би үнэлгээчний үнэлсэн үнэ 2.365.000 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвөөрч байна. Түүнээс дахин энэ асуудалд оролцоогүй, ямар ч хамааралгүй эцгийг маань хамааруулж, гүтгэж намайг дарамталвал би гомдолтой. Би нас биед хүрсэн, эхнэр хүүхэдтэй өөрийн болон эхнэрийн олсон цалин орлогоор адилхан л амьдралаа зохицуулаад, дутуугаа банкны зээлээр болгоод амьдарч байгаа хүн. Эцэг эхдээ гай болохгүй өөрийгөө болгоод л яваа гэжээ.

Хариуцагч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Би шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна Би тухайн үед нь Монбэтэд гээд авто сэлбэгийн төвд купер 400.000 төгрөг, урд их гэрэл 300.000 төгрөг гэж байсан. Үнийн дүнг нэг нугалаад бичсэн байдаг. Эвдэрсэн эд зүйлийг нь сольж тавьсан гэж байгаа учраас би эвдэрснийг нь буцааж авмаар байна гэв.

 

       Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Г.Г-т холбогдуулан автомашинд учруулсан гэм хорын хохирол 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч А.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.

Хэрэгт: Нэхэмжлэгчээс “Нано Капитал ББСБ” Хязгаарлагдмал хариуцлагатай компаний албан бичгийн эх хувь, Х аймаг дахь Цагдаагийн газрын “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн” материал 17 хуудас хуулбар хувь, мөн уг баримтын Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар “Хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарагдсан хуулбар хувь 17 хуудас, байгууллагын нэр ACAXY “МОТОРС” гэсэн зарлагын баримт эх хувь 1 хуудас, 2019 оны  02 дугаар сарын 12-ны өдрийн А.Г, Э.А нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний эх хувь 2 хуудас, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын эх хувь 1 хуудас, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээний эх хувь 2 хуудас, Зээлийн гэрээ, барьцааны гэрээний эх хувь 5 хуудас, 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Ачаа тээвэрлэлтийн гэрээ”  эх хувь 2 хуудас, Авто машин худалдан авах зээл 2 хуудас, 1185 УНЧ улсын дугаартай авто машины эвдрэлийг засаж байгаа байдал болон эвдэрсэн эд зүйл, түүнийг сольж тавьсан байдлыг харуулсан фото зураг 8 хуудас зэрэг баримтыг нотлох баримтаар,

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.А-ын гаргасан “шинжээч томилж дүнгэлт гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг  шүүх хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг бүрэн гүйцэд тогтоох зорилгоор Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээч нарын бүрэлдэхүүн дүгнэлтийг гаргаж тус тус ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт 1185 УНЧ, 9340 ХӨҮ авто машинууд мөргөлдөж зам тээврийн осол гарч    11-85 УНЧ улсын дугаартай авто машинд эвдрэл үүссэн, нэхэмжлэгч нь автомашинаа өөрийн мөнгөөр засварлуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байх ба талууд дээрхи үйл баримтанд маргаагүй.

Харин хариуцагч Г.Г нь зөрчил гарахад нөлөөлсөн талуудын гэм буруугийн талаар: Нэхэмжлэгч нь өөрөө маш хурдтай, гэрэлгүй явсан учир энэ хүний машинд илүү эвдрэл үүссэн гэж,

Хохирлын хэмжээний талаар: Улаанбаатар хотын засварын газраас лавлахад ийм их үнэтэй байгаагүй, хохирлын хэмжээ их байна, зарим зүйлийг шинээр авч тавих шаардлагагүй байсан,  шинээр авч тавьсан гэх копуд, гупер зэргийн эвдэрснийг нь би буцааж авмаар байна. Учир нь засаад янзлахад үнийнхээ 70 хувиар зарагддаг юм гэж маргаж  нэхэмжлэлийн шаардлагаас 1.600.000 төгрөгийг  төлөхийг зөвшөөрчээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Учир нь 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 19 цагийн үед нэгдсэн эмнэлэгийн зүүн талын уулзварын замд Соната-6 маркын 9340 ХӨҮ, H/lnsight маркийн 11-85 УНЧ дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдөж зам тээврийн осол гарсанд хариуцагч Г.Г-ийн гэм буруутай болох нь:

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан: “ 1. ... Г.Ганзориг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15 зүйлийн 15.9-д  Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Тухайлбал: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16-д “Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжүүлэхгүй байх үйлдлийг тодорхойлсон....

3. “... жолооч А.Г нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлд хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. ...” гэсэн заалтыг давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцож явсан тул зөрчсөн гэж үзэхгүй байна. Харин Соната-6 маркийн 93-40 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Г МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15-р зүйлийн 15.12-д “Дарааллын тэмдэггүй уулварыг нэвтрэхийн өмнө жолооч уг уулзварт нийлсэн зорчих хэсгүүдийн гадаргуугийн ялгааг тодорхойлох боломжгүйгээс /харанхуй, манантай, цас орсон, бохирдсон зэргээс/ нэвтрэх дараалал тогтооход хүрдрэлтэй байвал өөрийгөө туслах замаар яваад тооцно” гэсэн заалтыг зөрчсөн байх боломжтой.

4. Соната-6 маркийн 93-40 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16-д “Зам тавьж өгөх” гэх замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө  эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг зөрчсөн тул H/lnsight маркийн 11-85 УНЧ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Г МУ-ын ЗХД-ийн 12.3-т заасан заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтээр нотлогдож байна.

Хариуцагч Г.Г нь гэм буруугийн талаар маргасан нь дээрхи дүгнэлтээр няцаагдаж байх бөгөөд 3100049190001210 дугаартай “Шийтгэлийн хуудсанд” ... Та энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12, 7.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу гомдол гаргах эрхтэй гэж дурдсан байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй болно.

Түүнчлэн хариуцагч Г.Г нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргээ,

Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан “ ... Хариуцагч ... сөрөг нэхэмжлэл гаргах эрхээ” хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч тухайн сэлбэгийн үнийн талаар маргасан боловч ямар нэгэн баримтыг ирүүлээгүй,

Нэхэмжлэгч А.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан ... би хамт хот руу явах талаар хэлсэн. Өөрөө хамт яваагүй... эвдэрсэн сэлбэгүүдийг авна гэсэн бол би авчирч болох байсан энэ талаар надад хэлээгүй... гэх тайлбар, хариуцагчийн... би тухайн үед хамт явах боломжгүй байсан... гэх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч А.Г-т учруулсан хохирлыг хариуцагч Г.Г нь тухайн үедээ өмнө байсан байдалд оруулах, машиныг засаж гэм хорыг хариуцан арилгах үүргээ бодит байдлаар хэрэгжүүлэх боломжтой байсан байна.

Нэхэмжлэгч А.Г нь  машиныхаа эвдэрсэн эд ангиудын сэлбэгийг 2.430.000 төгрөгөөр авсан, сэлбэг хэрэгслүүдээ 700.000 төгрөгийг суурилуулж будуулахад ажлын хөлсөнд төлсөн, машинаа Мөрөнгөөс Улаанбаатар руу 300.000 төгрөгөөр ачуулсан учир нийтдээ 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан ACAXY “МОТОRS” гэсэн зарлагын баримтанд 2.430.000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг худалдан авсан талаар сэлбэг хэрэгслийн нэр, үнийг жагсаан бичсэн боловч хүлээлгэн өгсөн эд хариуцагч Г гэсэн нь нэхэмжлэгч А.Г-ийг тухайн сэлбэг хэрэгслийг худалдан авсан гэж үзэх боломжгүй, мөн уг сэлбэг хэрэгслээс авах шаардлагагүй зүйлс байна гэж хариуцагч тал маргасан боловч нэхэмжлэгч А.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан ... би гарын үсгээ зур гэхээр нь андуураад эд хариуцагч гэдэг дээр зурсан байна лээ гэх тайлбар, тухайн сэлбэг хэрэгслүүдийг суурилуулж буй фото зураг зэргээс дээрхи нотлох баримтыг үнэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Г “Ажил гүйцэтгэх гэрээ”-г, ажил гүйцэтгэгч  Э.А-ийн дансанд 700.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын эх хувиудыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн байх ба авто машиныг засварлаж байгаа фото зураг зэргээс   авто машины сэлбэг хэрэгслийг суурилуулах, будуулах зэрэг ажлыг 700.000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр  тээвэрлэгч Мөнхбаяртай “Ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулж авто машинаа өөрөө явах боломжгүй байсан учир Мөрөнгөөс Улаанбаатар руу ачуулсан гэж тайлбарлан гэрээг эх хувиар хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байх боловч гэрээнд “Батдоржийн Дашпунцаг” гэж хүний иргэний үнэмлэхийг хуулбарлан хавсаргасан нь ойлгомжгүй, мөн 300.000 төгрөгийг гэрээний үүрэгт төлсөн талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учир үүнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн нэхэмжлэгч А.Г нь дээрхи баримтуудаас гадна илүү нэхэмжилсэн 70.000 төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй ба энэ талаар тодорхой тайлбарыг гаргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Иймд зам тээврийн осол гарсан зөрчилд хариуцагч Г.Г гэм буруутай байх тул нэхэмжлэгч А.Г-ийн авто машинаа засварлаад дуусчихсан байдал, мөн засварлахад авсан сэлбэг хэрэгслийн зарлагын баримт, засварлуулахад байгуулсан гэрээ, засварчинд шилжүүлсэн мөнгөний баримт зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр  хариуцагч Г.Г-оос  3.130.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Г-т олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэлийн шаардлагаас 370.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь өөрийн машиныг зээлээр авч байсан, мөн машиныг засуулахад эхнэрийнхээ нэр дээр банкнаас 3.500.000 төгрөгийн зээл авсан гэж холбогдох зээлийн гэрээнүүдийг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ гэж заасан байх ба нэхэмжлэгчийн дээрхи баримтууд хэргийн үйл баримт, гэм буруу, хохиролтой хамааралтай, ач холбогдолтой баримт гэж үзэх үндэслэлгүй  тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэдийн төлөөлөгч Ш.Мягмарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна гэж заажээ.

  Шүүх хуралдаанд зохигчид иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх талаар зөвшөөрсөн байх тул иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д  тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 3.130.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65.030 төгрөгийг хариуцагч Г.Г-оос гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510 дугаар  зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Г.Г-оос 3.130.000 /гурван сая нэг зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж А.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 370.000 /гурван зуун дал/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан дүн 3.130.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 65.030 /жаран таван мянга гуч/ төгрөгийг хариуцагч Г.Г-оос гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай. 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХТУЯА

                          ШҮҮГЧ                                         Б.ОТГОНБЯМБА

                                                                          Р.САРАНТУЯА