Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2019/00661

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;  

Нэхэмжлэгч: Ш овогт Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө  овогт Н.Н-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б би Н.Н-тай 2014 онд танилцаж, 2015 онд гэр бүл болж, 2016 оны 01 сарын 08-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Бид 1 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд хүү Н.Б одоо 2 настай, миний асрамжинд амьдарч байна. Бид 2 жил гаруй хугацаанд хамт амьдарсан боловч Нанжид нь байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, маш их хартай, эрүү согтуу ямар ч үед үл ялих шалтгаанаар намайг элдвээр харааж зүхэн, сүүлдээ харгис хэрцгий байдлаар зодож дарамтлах болсон. Тэрээр миний толгой руу байнга цохиж, үснээс зулгааж зоддог байсны улмаас одоо миний толгой байнга өвддөг болсон, үс халцарч унасан, шингэрч цайсан байдалтай байнгын айдас түгшүүртэй байдалд байх болсон. Нанжид гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэж намайг байнга алахыг завддаг бөгөөд тэрээр би чамайг ална, алж чадахгүй бол гэр бүлийхнийг чинь ална гэж байнга айлган сүрдүүлж заналхийлдэг байдлаас болж миний эцэг эх, би болон хүүхэд минь амгалан тайван амьдарч чадахгүй байнгын айдас түгшүүртэй байх болж сүүлдээ нойргүй болж сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамтанд байна. Хүү маань хүртэл ааваасаа айгаад аавдаа очихгүй зугтааж, уйлахаар чи миний хүүхдийг надаас хөндийрүүллээ гэж мөн л намайг зодож хүчирхийлдэг. 2019 оны 6 сарын 10-ны өдөр Н нь манай аавынд ирж намайг зодож, гэр орныг эвдэн сүйтгэж бүгдийг чинь ална гэж айлган сүрдүүлсэн. Тэрээр энэ мэт байдлаар байнга намайг зодож тарчлаан зовоож байна. 2017 онд Н нь намайг хэвтэрт ортол зодсоны улмаас би эмнэлэгт хүргэгдэж эмчлүүлсэн бөгөөд би Н-аас салж хүүхдийнхээ хамт эцэг эхийнхээ гэрт амьдарч байхад Н нь байнга ирж биднийг айлган сүрдүүлж, зодож хүчирхийлдэг. Би түүний энэ үйлдлээс болж зугтааж эцэг эхийн гэрт очдог боловч тэрээр дахин чамайг зодож айлгахгүй гэж удаа дараа гуйж уучлал гуйхаар нь би хүүгийнхээ хамт гэртээ харьж хамт амьдарч байтал Н-ийн намайг зодож хүчирхийлэх байдал байнга үргэлжилсээр байсан бөгөөд 2018 оны хавар эцэг эх маань манайд ирж намайг хүүтэй минь авч явсан. Түүний байнгын хүчирхийлэл дарамтаас болж би эрүүл мэндээрээ маш их хохирч, ой санамж хүртэл алдагдаж байна. Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгааг цагдаагийн байгууллагад мэдэгдэж өргөдөл гомдол удаа дараа өгдөг боловч түүнийг сануулаад, торгоод л явуулчихдаг байсан. Х аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 25-ны өдрийн 2019/ЗШ/177 тоот шийтгэврээр Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болохыг шалган тогтоож, 8 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн. Намайг Н-аас салж тусдаа амьдарч байгаа боловч тэрээр байнга манай эцэг эхийн гэрт ирж биднийг хүчирхийлэх байдал үргэлжилсээр улам даамжирсаар байгаа бөгөөд эцэстээ бидний эрүүл мэнд амь нас ч аюултай байдал ороод байна. Мөн Н нь цагдаагийн байгууллагад шалгагдаж, шүүх хуралд орох хүртэлээ намайг харцаараа /таарах болгондоо заналхийлсэн харцаар харж, хөмхийгөө зуух байдлаар/ үйл хөдлөлөөрөө заналхийлж байна. Түүний энэ байдал миний 3 настай хүүгийн сэтгэл зүйд ч маш хүнд дарамт болж байна. Хүү маань аавыгаа харахаараа айж, нуугдаж, хаашаа ч хамаагүй зугтааж уйлдаг болсон. Тэрээр өөрөө хүү бид хоёртой харгис хэрцгий харьцаж, зодож айлган сүрдүүлж биднийг түүнтэй хамт амьдрах ямар ч боломжгүй болгочихоод эцэстээ намайг өөр хүнтэй явдагаас болдог, намайг алгадсан гэж огт үндэслэлгүй зүйл зөрчлийн хэрэг шийдвэрлэх шүүх хуралдаанд мэдүүлж тайлбарлаж байгаагаас үзэхэд ч гэсэн Н нь өөрийн гэм бурууг огт ойлгоогүй, гэмшээгүй байгаа бөгөөд хоригдож гарч ирээд шууд намайг ална гэж мөн л заналхийлж байгаагаас болж хүү бид хоёрын амь нас ямар ч баталгаагүй эрсдэлтэй байдалд орж байгаад би маш их айж, бас харамсч байна.

Иймд би цаашид Н-тай хамтдаа амьдрах ямар ч боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр цуцлаж өгнө үү гэж нэхэмжпэл гаргаж байна. Би 3 настай хүү Н.Б-г өөрийн асрамжиндаа авна, эцгээс нь тэтгэмж нэхэмжлэхгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж оролцож байна. Н нь байнга хүчирхийлэл үйлдэж намайг зоддог. Сүүлдээ гэр орны минь хүмүүсийг хүртэл айлгаж агсам согтуу тавьдаг болсон. Би салмаар байна. Хүүхдээ би өөрийнхөө асрамжинд авна. Эцгээс нь тэтгэлэг авахгүй гэв.

            Хариуцагч Н.Нанжид шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Миний бие Н.Н нь Б.Б-ийн нэхэмжлэлтэй, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь Б.Б-тай 2014 онд танилцан үерхэж байгаад 2015 онд албан ёсоор гэр бүл болж  улмаар бидний дундаас хүү Н.Б нь 2016 оны 9 дүгээр сарын 26-нд төрсөн. Хамт амьдрах хугацаанд хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас болоод хэрэлдэх, маргалдах зүйл гарсаар өнөөдрийг хүрсэн. Миний хувьд Б.Б-тай хамтын амьдралаа цаашид үргэлжүүлэх хүсэлгүй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй.

        Иймд би хүү Н.Б-г эх Б.Б-ийн асрамжид үлдээж, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Н.Н нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Н.Б  төрсөн болох нь;

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн” Ө овогт Н.Н, Ш овогт Б.Б нарын 2015 оны 7 дугаар сарын 21-нд гэр бүл болсныг Х аймгийн А сумын 6704000001-рт  2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов. “гэх 115/003585 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн” Ө овогт Н.Н, Ш овогт Б.Б нарын гэр бүлд 2016 оны 9 дүгээр сарын 26-нд төрүүлсэн хүү Н.Б-г 2016 оны 10 дугаар сарын 13-нд Х аймгийн А сумын 6704005800-рт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа тул лавлагаа олгов.” гэх 115/003116 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

        Хэрэгт нэхэмжлэгч Б.Б-ийн Х аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл 1 хуудас баримт,

        2018 оны 7 дугаар сарын 15-ны орчимд Н-д зодуулснаас үс халзарч ургахгүй болсон гэх тайлбартай фото зураг,

Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 177 дугаартай “Н.Н-д шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр 2 хуудас баримтууд авагдсан байна.

  

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл, учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заажээ.

        Дээрхи баримтаар Н.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Б-д халдсан учир Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан, мөн нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн фото зурагнаас түүний эрх чөлөөнд 2018 онд мөн халдаж байсан байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Гэрлэгчид нь  хүүхдийн асрамж, тэтгэлэгийн асуудал, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөн дээр маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Б.Б, Н.Н нарын гэрлэлтийг цуцлаж хүү Н.Б-г эхийн асрамжинд үлдээж  шийдвэрлэлээ.

Хариуцагч Н.Н-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй, өөрийг нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн боловч хүрэлцэн ирж чадахгүй хүндэтгэн үзэх шалтгаантай талаараа нотлох баримтыг ирүүлээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасан байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т тус тус зааснаар хүүхдийн эцэг тогтоолгож,  тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд нэхэмжлэгч Б.Баярмаагийн төлсөн 70.200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг хариуцагч Н.Н-аас  гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Ө  овогт Н.Н, Ш овог Б.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 26-нд төрүүлсэн хүү Ө овогт Н.Б-г  эх Ш овог Б.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-аас  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Батхишиг-т даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХТУЯА